Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогч: С.Б-, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул,

Шүүгдэгч: Х.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030670119 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Г-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Х.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн урд байрлах засмал зам дээр ... улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашин жолоодон  явахдаа “эгнээ байраа зөв эзэлсэнгүй, шахаж явлаа” гэх шалтгаанаар иргэн С.Б- жолоодон явсан ... улсын дугаартай “королла аксио” маркийн автомашиныг шахаж зогсон шүлсээ хаях зэргээр зүй бус авир гарган улмаар С.Б- зүүн шанаа руу цохиж, хөл рүү өшиглөн, толгойгоороо хамран тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Г- шүүх хуралдаанд: “...Би эхэлж цохиогүй хохирогч өөрөө эхэлж цохисон. Машины цонхоор намайг цохисон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Б- шүүх хуралдаанд: “...Би И-март дэлгүүрийн замын уулзвар дээр гуравдугаар эгнээ рүү эргэх гээд зогсож байсан чинь араас машин ирэхээр нь дохисон юм. Тэгээд цагаан машин эргэж ирээд зогсоод машин дотроос нулимсан. Тэгээд би яагаад байгаа юм гээд цонхон дээр гарч ирэхэд намайг цохисон. Тэгээд мөргөөд байсан. Яадгийн чамайг яасан ч яадаг юм, алсан ч яадаг юм гэсэн. Яаж байгаа юм гээд барьж авах гэтэл зугтах гээд байсан. Тэгээд ээжийгээ хаячхаад зугтаад явсан. Би одоо найранд явах гээд байна гэж хэлсэн ерөөсөө надаас уучлалт гуйгаагүй. Саяхан 02 дугаар сарын 09-ний өдөр утасдсан “би юу болсон юм” гээд маргааш нь асуутал “төлбөрөө төлье” гэсэн. Би юун төлбөр гэсэн чинь 165.000 төгрөг гэсэн. Би юу яриад байгаа юм чи хүн зодчихоод гэхэд лалар минь чи шүүхээрээ яваарай гэсэн” гэв.

Хохирогч С.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “королла аксио” маркийн автомашинтай шувуун фабрик очиж юм хадах санаатай явж байсан. Хорооллын эцсийн И-март худалдааны төвийн гэрлэн дохионы наад талын уулзвар дээр зогсож байх үед хажууд саарал өнгийн “аллион” маркийн автомашин миний машиныг өнгөрч зогсоод миний машин руу нулимах шиг болсон. Ингээд би буугаад машинаа хартал миний машин руу нулимсан байхаар нь машины жолооч болох 19-20 орчим насны залуу байхаар нь “чи яагаад миний машин руу нулимж байгаа юм бэ” гэхэд “эгнээ байраа зөв эзлээч” гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг заамдахаар нь би гарыг нь буулгах гэхэд миний зүүн шанаа руу гараараа 2, 3 удаа цохихоор нь бид хоёр зууралдсан. Ингээд ээж нь гэх хүн машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгаад хүүгээ боль гэж хэлсэн боловч хүү нь намайг ална гээд дахиж хүрч ирээд ээжийнхээ дээгүүр толгойгоороо миний хамар руу хүчтэй мөргөсөн. Тухайн үед миний толгой эргээд газар суусан. Уг залуу машин руугаа гүйж гадуур хувцсаа тайлаад намайг дахиж зодно, ална гэж хүрч ирэхээр нь ээж нь боль гээд хориглоод байсан, мөн хажуугаар явсан автобусны жолооч уг залууг чи болиоч ээ хөгшин настай хүн зодоод гэж хэлсэн чинь яадгийн алсан ч яадаг юм гэж хэлээд машин руугаа гүйгээд машинаа унаад явах гэхээр нь би араас нь чамайг явуулахгүй гэхэд ээжийгээ орхиод машинаа унаад тэр чигээрээ хурдтай алга болсон. Ингээд хорооллын эцсийн кобонд ээжтэй нь хамт очсон. Миний хамар хонхойж орсон байсан тул яаралтай 1 дүгээр эмнэлэг дээр очиж хамраа үзүүлсэн. Миний нүүр хэсэг рүү гараараа 10-д удаа цохисон. Тэгээд зүүн хөл рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Мөн хамар руу толгойгоороо мөргөсөн. Би зодуулснаас болж миний хамар цөмөрсөн, иймд өөрийнхөө хамрыг янзлуулмаар байна, эмнэлэгт үзүүлж төлсөн төлбөрөө гаргуулж авмаар байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Шинжээчийн 12098 тоот дүгнэлтэд: “...С.Б- биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 17-18/,

Яллагдагчаар Х.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... улсын дугаартай машинаа жолоодоод Гандангаас хорооллын Дүүхээ төв рүү ...хорооллын эцсийн И-мартын буцаж эргэдэг уулзвар дээр явж байхад цагаан өнгийн Аксио маркийн машин миний баруун талаас гэнэт шахаж орж ирсэн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод жолоочид нь хандан “аятайхан яваач ээ” гэж хэлсэн. Тэгэхэд тэр жолооч машинаасаа бууж ирээд миний машины жолооч талын цонхоор шууд миний баруун шанаа хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би бууж очоод 2 удаа зүүн шанаа руу нь баруун гараараа цохисон. Тэгсэн чинь намайг тэр хүн заамдаад миний цамцыг урсан. Тэгээд манай ээж машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салгах үед надтай маргалдаж муудалцсан хүн намайг заамдаад татаад байсан учир би тэр эрчиндээ хамар руу нь мөргөсөн. Тэгээд би түрүүлээд машиндаа суугаад яваад өгсөн. Би өөрийн баруун гараараа зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Мөн заамдалцаад зогсож байх үедээ хамар хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. Би Баттулга гэх хүнд учруулсан хохирлоо төлнө гэдгээ илэрхийлж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

 Хохирогчийн өргөдөл /хх-н 4-6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29-41/, хохирлын баримтууд /хх-н 42-45, 51/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 49-50/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн урд байрлах засмал зам дээр ... улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашин жолоодон  явахдаа “эгнээ байраа зөв эзэлсэнгүй, шахаж явлаа” гэх шалтгаанаар иргэн С.Б- жолоодон явсан ... улсын дугаартай “королла аксио” маркийн автомашиныг шахаж зогсон шүлсээ хаях зэргээр зүй бус авир гарган улмаар С.Б- зүүн шанаа руу цохиж, хөл рүү өшиглөн, толгойгоороо хамран тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Б-: “...чи яагаад миний машин руу нулимж байгаа юм бэ гэхэд эгнээ байраа зөв эзлээч гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг заамдахаар нь би гарыг нь буулгах гэхэд миний зүүн шанаа руу гараараа 2, 3 удаа цохихоор нь бид хоёр зууралдсан. Ингээд ээж нь гэх хүн машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгаад хүүгээ боль гэж хэлсэн боловч хүү нь намайг ална гээд дахиж хүрч ирээд ээжийнхээ дээгүүр толгойгоороо миний хамар руу хүчтэй мөргөсөн. Тухайн үед миний толгой эргээд газар суусан. Уг залуу машин руугаа гүйж гадуур хувцсаа тайлаад намайг дахиж зодно, ална гэж хүрч ирэхээр нь ээж нь боль гээд хориглоод байсан, мөн хажуугаар явсан автобусны жолооч уг залууг чи болиоч ээ хөгшин настай хүн зодоод гэж хэлсэн чинь яадгийн алсан ч яадаг юм гэж хэлээд машин руугаа гүйгээд машинаа унаад явах гэхээр нь би араас нь чамайг явуулахгүй гэхэд ээжийгээ орхиод машинаа унаад тэр чигээрээ хурдтай алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, шинжээчийн 12098 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Г- нь хохирогч С.Б- автомашин жолоодон явахдаа эгнээ байраа буруу эзэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирогчийн томографикт харуулсан 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 10.000 төгрөг, чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг нийт 165.000 төгрөг, хохирогчийн цаашид хамрын хагалгаанд орох 1.500.000 төгрөг, нийт 1.665.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь Сонс болон Синдерелла клиник зэрэг эмнэлгүүдээс хагалгаанд ороход 1.500.000 төгрөгийн төлбөр гарна гэсэн тодорхойлолт шүүхэд авчирч өгсөн мөн Синдерелла Клинк эмнэлэгт хагалгаанд орох өдөр товлогдсон, хохирогчийн дээрх гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирч хагалгаанд орох шаардлагатай тул хохирогчийн нэхэмжилсэн хагалгааны төлбөр 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Г-г анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хувийн байдал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г- нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-гаас 1.665.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР