Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 434

 

 П.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Анхбаяр,

иргэний нэхэмжлэгч П.Б,

яллагдагч П.Уын өмгөөлөгч С.Э,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 318 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай прокурорын эсэргүүцлээр П.Ут холбогдох 201624000661 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Га овогт  П.У, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “Алтай Зэт” авто засварын газарт туслах ажилтай, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт ................. тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, /РД: ................/;

П.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн баруун замд 35-31 УНУ улсын дугаартай, “Toyota chaser” загварын автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Н.Сын жолоодож явсан 56-02 УНГ улсын дугаартай, “Lexus RX-400” загварын автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Бын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн Прокурорын газар: П.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.У тус шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтдээ: “Хэрэгт хохирол төлбөртэй хамааралтай баримт алга байна. Гэтэл хохирогч Б.Б надаас 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ талаар хохирогчоос тодруулга авах, нөгөө автомашины жолооч Н.С согтуугаар автомашин жолоодож, жолоодох эрхийн үнэмлэхгүй, дээрээс нь хэргийн газрыг орхиж, санаатайгаар зугтааж, энэ хэрэгт оролцоогүй тул миний бие Н.Стой хамт шалгуулах хүсэлтэй байна” гэжээ. Шүүх яллагдагч П.У болон түүний өмгөөлөгч С.Э, хохирогчийн өмгөөлөгч Ж.Э нарын хэргийг прокурорт буцаах хүсэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв.

          Хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Н.Сыг сэжигтнээр тооцох тогтоол үйлдэн, сэжигтнээр байцаасан боловч түүнд холбогдох үйлдлийг хэрхсэн нь тодорхойгүйгээр, П.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

          Н.С  нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан нь хэргийн 128-142 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч П.У, Б.Б, яллагдагч П.У нарын мэдүүлэгээр Н.С нь согтуу байсан, хэргийн газраас зугтсан байна.

          Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харахад П.Уын жолоодож явсан тээврийн хэрэгслийг гарцаар замд нийлсэн байхад Н.С нь хэдийгээр төв зам дагуу хөдөлгөөнд оролцож байсан боловч зам тавьж өнгөрүүлэхгүйгээр хажуу талаас нь буюу жолооч талын хаалганы хэсэгт мөргөсөн харагдаж байна.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуулыг нотлуулахаар хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол П.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Б.Б нь хохирлын баримтаа шүүхийн шатанд гаргаж өгнө гэж мэдүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй ба шүүх дээрх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

          Мөн хэрэгт жолооч Н.Сыг холбогдуулан шалгасан ба хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээч В.Балжиннямын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

          Учир нь гэмт хэрэг гарахад П.Уын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл яллагдагч П.У нь тээврийн хэрэгсэл жолоодон гарцаар замд нийлэхдээ замын хөдөлгөөнд оролцогчдоос хөдөлгөөнөө урьтан гүйцэтгэх, төв зам дагуу хөдөлгөөнд оролцож явсан жолооч Н.Сын жолоодож явсан 56-02 УНГ улсын дугаартай, “Toyota Lexus 400” загварын автомашинд зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүй, зөрчсөний улмаас түүний жолоодож явсан автомашинтай мөргөлдөж осол аваар гарах, шалтгаан нөхцөл болсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах... мөн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол гэж хуульчилсан бөгөөд жолооч Н.Сын дээрх гэмт хэргийн үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

          Тодруулбал: Жолооч Н.С нь жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл, жолоодсон, зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл болно.

          Мөн хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Б, гэрч Ч.Арилтиймаа нарын мэдүүлгүүдээр П.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол аваар гарах хүчин зүйл болсон.

          Өөрөөр хэлбэл яллагдагч П.Уын хайхрамж болгоомжгүй үйлдэлтэй хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хор уршиг нь шууд шалтгаант холбоотой.

          Шүүгчийн захирамжид хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй атлаа захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

          Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгийг шууд зарласан.

          2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Н.Сыг сэжигтнээр тооцсон ба тухайн үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөнөөр түүнийг сэжигтнээр тооцон, гэмт хэрэгт сэжиглэх хууль зүйн үр дагавар нь үгүйсгэгдсэн. Тухайлбал, дээрх 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн мөрдөн байцаагчийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой зайлшгүй шийдвэрт нөлөөлөх нөхцөл байдал болж чадахгүй гэж үзсэн.

          Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 318 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

          Яллагдагч П.Уын өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 318 дугаар шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь тухайн үед П.У нь урьдчилсан хэлэлцүүлэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх,   шүүгдэгч П.У нь энэ хэрэгт Н.С гэх хүнийг шалгуулмаар байна гэдэг хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдэг нотолбол зохих байдал нотлогдоогүй. Анх эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолоос харахад 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 17 цагийн үед “Lexus RX-400” загварын, 56-02 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ундрахбаярыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Lexus RX-400” загварын, 56-02 улсын дугаартай автомашины жолооч ослын газраас санаатай зугтаасан гэж эрүүгийн хэрэг үүсгэж тухайн үед сэжигтнээр шалгаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлтэд Н.Сыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч аюул саадыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэдэг. Гэтэл энэ хэрэгт Н.Сын үйлдлийг шалгахгүйгээр зөвхөн П.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн газрын үзлэг болон тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын фото зургийг харахад Ундрахбаярын машин хажуу талаасаа орсон. Тэгтэл Ундрахбаяр нь туслах замаас орж байгаа ч гэсэн ерөнхийдөө зам руу бүтэн биеэрээ орчихсон байсан нь харагддаг. Гэрч, хохирогч нар нь цаанаас ирж байгаа машин нь зайтай байсан талаар мэдүүлэг өгдөг. Тэгэхээр Ундрахбаяр нь энэ үйлдэлд шинжээчийн дүгнэлтээр зам тавьж өгөх байсан нь эргэлзээтэй байна. Мөн Н.С нь маш их хэмжээний согтолттой, хурдтай ирж мөргөсөн. Энэ байдал нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Улсын яллагч “драгер багажаар үлээлгээгүй юм чинь согтуу байсан эсэх нь тогтоогдохгүй” гэж ярьж байна. Гэтэл Н.С нь хэргийн газраас зугтаасан, нэгэнт зугтаасан хүнийг драгер багажаар үлээлгэх боломжгүй юм. Гэрч нарын мэдүүлгээр Н.С нь хөл дээрээ зогсож чадахгүй, “уучлаарай тохиролцъё” гэдэг зүйл ярьж байгаад зугтаасан байдаг. 2015 оны Эрүүгийн хуулиар хүнд хор уршиг учруулаад, ослын газраас зугтаасан үйлдэл нь гэмт хэрэг гэж үзсэн. Хүнд хор уршиг учруулсан үйлдэлд Н.Сын үйлдэл шалтгаант холбоогүй гэж ярьж байна. Гэтэл энэ үйлдэл нь шууд шалтгаант холбоотой, шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн мөргөлтийн улмаас П.Уын машинд сууж явсан хүнд хор уршиг учирсан. Тэгэхэд үүнийг ямар нэгэн шалтгаант холбоогүй гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Н.Сын үйлдлийг шалгаж тогтоон нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх нь зүйтэй гэдэг талаар ярьсан. Тэгэхээр ямар ч үндэслэлгүйгээр Н.Сын үйлдлийг орхигдуулж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримттай тохирохгүй байна ...” гэв.

          Иргэний нэхэмжлэгч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 8 дугаар сарын эхээр 35-31 УНУ улсын дугаартай, “Toyota Chaser” загварын тээврийн хэрэгслийн төлбөрийг өгөөгүй гэдэг үндэслэлээр П.Уыг шүүхэд өгсөн. Одоо уг автомашиныг нэхэмжилж байгаа ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.Ут холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 318 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд П.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, цагдаагийн ахмад Б.З нь П.Ут холбогдох эрүүгийн хэрэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ.

Замын цагдаагийн албаны шинжээчийн уг дүгнэлтээр жолооч Н.С, П.У нарын хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу “... 56-02 УНГ улсын дугаартай, “Lexus RX-400” загварын тээврийн хэрэгслийн жолооч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг,  

35-31 УНУ улсын дугаартай, “Toyota Chaser” загварын тээврийн хэрэгслийн жолооч П.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэж дүгнэсэн байна.  

Гэтэл прокуророос зөвхөн яллагдагч П.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай.  

  Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн Н.Сд холбогдох үйлдлийг хэрхэн ойлгож, хариуцлага тооцсон нь тодорхойгүй, хэргийн үйл баримт болон гэрч, хохирогчийн мэдүүлэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, зам тээврийн ослын талаар гаргасан техникийн шинжээчийн дүгнэлтийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар дахин шалгаж гэм буруутайд тооцогдвол зохих этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн хамруулж, шүүгчийн захирамжид дурьдсан ажиллагаануудыг хийж, яллах дүгнэлт үйлдсэний эцэст хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь Н.Сын гэм буруугийн хэр хэмжээ, түүний тухайн хэрэгт оролцсон үйлдэл оролцоо болон яллагдагч нарын хариуцах хохирлын хэмжээг зөв тогтооход ач холбогдолтой.   

Иймд прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 318 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 318 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол П.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ  

ШҮҮГЧИД                                                                   Б.ЗОРИГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН