Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 17

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Х газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “А.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “А.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/26 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярмаа нар оролцов.
                                                            ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь шүүхэд анх Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “А.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дахин хууль бус тушаал гаргасантай холбогдуулан мөн даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “А.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны дарга, жижиг дунд үйлдвэр, хөнгөн, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, мөн хугацааны болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд: Миний бие нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Х газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны даргаар ажилласан бөгөөд 2018 оны ээлжийн амралтаа 2018 оны 07 дугаар сарын 30-аас 2018 оны 8 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд эдэлж дууссан боловч эрүүл мэндийн шалтгаанаар буюу стрессээс үүдэлтэйгээр тархи толгой өвдөх, баруун гарын мэдээ бага зэрэг алдсаны улмаас эмийн эмчилгээ хийлгэх, улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлэх болсны улмаас ажилдаа орох боломжгүй болсон.
Энэ тухайгаа Дорноговь аймгийн Х газрын дарга Ж.Б-д мэдэгдэн, эмнэлгийн магадалгаагаа өгөхөөр очсон боловч Ж.Б дарга ээлжийн амралттай эзгүй байсан тул бичиг хэргийн ажилтан Уранчимэгт утсаар мэдэгдэн, магадалгаагаа биеэ гайгүй болохоор аваачиж өгье гэж хэлсэн. Гэтэл Ж.Б нь намайг эмнэлгийн магадалгаатай байхад мөн өөрөө ээлжийн амралттай байсан хугацаандаа 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “А.Б сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар тушаалыг гарган, үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаал гарсан талаар 2018 оны 08 дугаар сарын 30-ний өдөр нягтлан бодогч Ичинхорлоогоос мэдэж, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөл нь миний гомдлыг хянаад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 49 дүгээр тогтоолыг гаргасан байх ба гомдлыг үндэслэлгүй байна гэж үзсэн.
Хариуцагч Ж.Б 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалдаа намайг “...байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, байгууллагын мэдээллийн цагийг удаа дараа таслан албаны даргын хийх мэдээллийг хийгээгүй, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээг удаа дараа тасалсан, мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, тайланг хянах ажилд хариуцлагагүй хандсан” гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж зааснаас үзвэл /Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг заасан ба шийдвэр гаргах бодит нөхцөл байдалд эдгээр нь хамаарахгүй гэж үзэхээр харагдаж байна/ “...албан үүргээ огт биелүүлээгүй” байхыг шаардсан бөгөөд Улсын дээд шүүхийн тайлбарт удаа дараа гэдгийг “2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байхыг ойлгоно” гэж заасан.
Гэтэл хариуцагч нь шийдвэр гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг “...албан үүргээ удаа дараа хангалтгүй” биелүүлсэн гэж буруу тодорхойлж, үндэслэлгүйгээр төрийн жинхэнэ албан хаагч миний төрийн албанд хөдөлмөрлөх, цалин хөлс авах баталгаа, хуульд заасан эрхэд халдсан гэж үзэж байна.
Мөн хариуцагч нь сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа бол “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд байгууллагад гомдол гаргах журам”-ыг баримтлах учиртай. Гэтэл “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байх”, “зөрчил гаргасан албан хаагчийг уг баримт материалтай танилцуулан, нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчин сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох ажиллагааг хийгээгүй болно.
Мөн түүнчлэн хариуцагчийн гаргасан Б/20 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан бичгээр гаргах захиргааны актын шаардлагыг хангаагүй, үндэслэл бүхий болж чадаагүй нь “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөр тогтоогдож байгаа ба түүнчлэн уг Б/20 дугаар тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч миний хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргаж буй байгууллага, албан тушаалтнаас эрх нь хөндөгдөж байгаа этгээдэд захиргааны актыг батлан гаргахын өмнө тайлбар, санал гаргах боломжийг олгох буюу сонсох ажиллагааг явуулахаар байсан.
Гэтэл хариуцагчийн зүгээс “сонсох ажиллагаа”-г явуулаагүй бөгөөд улмаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажлын байр хадгалагдахаар зохицуулагдсан байхад үүнийг зөрчсөн байх тул хариуцагчийн гаргасан 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагчаас намайг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.3-т “Чөлөө авахдаа байгууллагын даргад хүсэлтээ гарган байгууллагын даргын цалинтай, цалингүй чөлөө олгохыг шийдвэрлэсэн чөлөөний хуудас авч цаг бүртгэж байгаа албан хаагчид өгч цагийн бүртгэлийн ард хавсарган цагийн тооцоо гаргана” гэсэн журмыг зөрчсөн гэх боловч Эмнэлгийн байгууллага, эмчээс олгосон “Эмнэлгийн чөлөө олгох” хуудас авахад энэ журам хамаарахгүй. Өөрөөр хэлбэл эмчлэх эрхийн гэрчилгээ бүхий эмчээс чөлөөний хуудас олгосон байхад дахин байгууллагын даргаас чөлөөний хуудас авах шаардлага байхгүй гэж үзэж байна.
Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагын бичиг хэргийн ажилтан Уранчимэгийн гар утас руу залгаж ‘"Миний бие өвдөөд байна, актаа маргааш, нөгөөдрөөс биеэ гайгүй болохоор аваачаад өгье” гэж хэлэхэд за гэж хэлж байсан. Миний хувьд удаа дараа ор сураггүй алга болж байгаад цалин бодуулах үедээ нөхөж Эмнэлгийн хуудас авч байгаагүй болно. Харин ч эмнэлгийн чөлөөний хуудсаа дуусгалгүй ажлын шаардлагаар ажлаа хийж байсан бөгөөд төрийн албыг цалгардуулж байсан удаагүй.
 Тухайлбал акттай байх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 26-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Сум хөгжүүлэх сангийн нэгдсэн программ суулгахаар Улаанбаатар хотоос гүйцэтгэгч компани ирсэнтэй холбогдуулан 3 хоногийн хугацаанд ажилласан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 03-аас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тасгийн эмчээс чөлөө авч Сайншанд сумын 1-7 дугаар багийн иргэдэд “Төсөл бичих арга зүй” сэдвээр 2 дахь удаагийн давтан сургалтыг зохион байгуулсан.
Ж.Б гэж хүн бүхэл бүтэн байгууллагын дарга хүн атлаа ёс зүйгүй үйлдлүүдийг үргэлж гаргаж байдаг. Тухайлбал утсаар өвчтэй байгаагаа хэлэхэд “хэн чамд акт өгсөн юм, үнэн юмуу худлаа өвдөөд байна уу?, чамаас болж төрийн ажил цалгардаж байна, ажлаа хий” гэж үргэлж хүний эрүүл мэндээ хамгаалах эрхэнд халдаж эмчийг үгүйсгэн хувь хүний нууцад халдаж акт өгсөн эмчрүү ярьж шалгаж мөрддөг, эмнэлгийн чөлөө олгох хуудас дуусаагүй байхад байнга дуудаж ажиллуулдаг зэргээс зүрхшээн сүүлдээ бичиг хэргийн ажилтанд хэлдэг болсон.
Хариуцагч байгууллага нь гарын хурууны хээгээр бүртгэдэг системтэй хэрнээ бичиг хэргийн ажилтан давхар ажлын цаг бүртгэдэг. Мөн гадуур ажлын бүртгэлийн дэвтэр, байгууллагын дотоод журам, дундын сангийн журам гэх мэт байгууллагад шаардлагатай журмууд байдаг гэх боловч эдгээр бүртгэл, журмуудыг гараар барьж нүдээр огт үзэж, танилцаж байгаагүй болно. Намайг 2018 онд 80 цаг тасалсан гэх боловч бичиг хэргийн ажилтан гадуур ажлын бүртгэлийн дэвтрийг хэрхэн бүртгэдэг нь ойлгомжгүй байдаг бөгөөд акттай хэрнээ ажлын бүтэн цагаар ажиллаж байхад өвчтэй гэж бүртгэдэг, ажлын шаардлагын улмаас өөр байгууллага, албан тушаалтантай уулзаж, сургалт зохион байгуулах цаг үеийн асуудал байхад хүртэл тасалсан цагаар бүртгэдэг зэрэг байдал удаа дараа давтагддаг.
Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу цагийн бүртгэлийг гарган тухайн ажилтанд танилцуулан гарын үсэг зуруулж нягтлан бодогч цагийн балансын дагуу цалин бодож холбогдох суутгалыг авах ёстой байтал уг журам нь хариуцагч байгууллагад огт хэрэгждэггүй. Өөрийн ажилласан цаг минутад хяналт тавьж асуух бүрийд чи ажлаа тасалчхаад үргэлж цалин мөнгөний хойноос хэрүүл хийлээ гэж элдэв янзаар загнаж дарамталдаг. Хийсэн ажлын цалин хөлс нь төрийн албан хаагчийн баталгаат байдал бөгөөд энэ бүхэнд ажилтан хяналт тавих эрхтэй хэдий ч байгууллагын даргын журамгүй байдлаас болж олон удаа асууж тодруулахаас төвөгшөөдөг байсан.
Миний хувьд Төрийн албаны хууль тогтоомж, хэм хэмжээ, удирдах удирдуулах ёсны хүрээнд бүхий л шатны асуудлыг байгууллагын даргад танилцуулж, чиглэл заавар өгөхийг хүлээн ирсэн бөгөөд даргын зүгээс нэг ч удаа заавар зөвлөмж огт өгч байгаагүй. Мөн байгууллагад шалгалт ирсний дараа албан өрөөндөө дуудан “...чамтай шалгалтын хүмүүс уулзсан байна, юу асуусан, юу гэж хариулсан” гэх мэтээр шалган тогтоох мөрдөх ажлыг хийдэг бөгөөд аливаа асуудал удирдлагын зүгээс ажил сайжруулахаар бус ховын байдалтай өөрийг хэрэгт төвөгт орчих бий гэсэн байдлаар үргэлж хандаж, “хамт олон чинь ингэж байна, тэгж байна” гэж хүний үг дамжуулдаг хүн шиг хүний үгээр үг хийж удаа дараа намайг дарамтанд оруулж байсан.
Миний хийсэн ажилд удаа дараагийн үйлдлээр шахан гадуурхаж 2018 онд гэхэд миний хийсэн ажил, үг үйлдлийг илтэд үгүйсгэн баримт нотолгоогүйгээр намайг ажлаа өгөхийг 3 удаа шаардсан. Энэ бүхэнд би дургүйцлээ илэрхийлэн шат шатны дарга нарт энэ байдлыг чинь хэлнэ, танд ингэж ховын байдлаар ажил үүргээ урвуулан ашиглах эрх байхгүй гэж гарч явсаныг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хаалга саван гарсан гэж худал тайлбарлаж байна.
Төрийн албаны тухай хуулинд зааснаар байгууллагын удирдлагын зүгээс төрийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг олгоно, албан хаагч ажиллах боломжийг бүрдүүлж өгөх талаар шаардах эрхтэй гэж заасан байдаг.
Удирдлагын зүгээс албан хаагчийн ажиллах нөхцөл байдалд ялгавартай ханддаг бөгөөд ажлын ачааллыг тэгш бусаар зохион байгуулсан. Миний 2017 оны үр дүнгийн гэрээнд нийт 24 заалт байхад надтай ижил ажил үүрэгтэй албан хаагч 6 заалт бүхий гэрээ байгуулах, үр дүнгийн гэрээг дүгнэхдээ миний үр дүнгийн гэрээг надтай ижил үүрэгтэй албан хаагчийнхаас доогуур үнэлсэн зэрэг нь байгууллагын даргын хувийн эрх ашиг, өнгө үзэмжийг илтэд харуулж байна.
Х газарт нээлттэй асуудал нэг ч байдаггүй бөгөөд албаны дарга гэх намайг албан хаагчдынхаа ажил үүргийн явцад үнэлгээ дүгнэлт өгөх, тайлан мэдээг хянах боломж олгох нь битгий хэл албаныхаа албан хаагчдыг хэдэн оноогоор, хэрхэн дүгнэгдсэнийг ч мэдэхгүй нууц байдалд явагддаг.
Хариуцагч нь байгууллагын үйл ажиллагааг төрийн албаны болон бусад хууль тогтоомжид заасан хэлбэрээр зохион байгуулдаггүй зөвхөн бүхий л эрх мэдлийг өөртөө ашигтай байдлаар зохион байгуулах гэж улайран зүтгэдэг бөгөөд аливаа асуудалд дандаа хувийн эрх ашиг, өнгө үзэмжээр ханддаг. Үүний нэг томоохон илрэл нь байгууллага албаны үйл ажиллагаанд хууль журмыг хэрэгжүүлж ажиллах шаардлага тавьдаг, өөрт нь хов зөөдөггүй хүнийг хамт олноос нь салгах ганцаардуулах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг ба албаны бүхий л ажил хэрэг, тайлан мэдээ өгөх, чөлөө олгох, албан тоот явуулах үйл ажиллагаанд албаны даргын эрх үүргийн хүрээнд огт оролцуулахгүй дан ганц өөрөө өөртөө эрх мэдлийг бий болгон албан хаагчидтай намайг байхгүй мэтээр давж харилцдаг.
Албаныхаа албан хаагчдад албан үүргээ хангалттай биелүүлж байгаа талаар шаардлага тавьж даргын өрөөнд 2 удаа дагуулан орсон боловч байгууллагын дарга тус асуудалд албан бус хандаж “зохицож ажил, зааж өг сурга” гэж хэлж, тухайн асуудлаар байгууллагын албан хаагчидтай нийлэн хов яриж надтай дуугарахгүй болгох, ялгаварлан гадуурхах байдлыг давтан гаргадаг байсан.
Байгууллагын дарга Ж.Б нь хамт олон гэх хүмүүстэйгээ нийлэн намайг ганцаардуулах, ялгаварлан гадуурхах бүхий л үйлдлийг гаргаж юу ч хийсэн зөвхөн миний л буруу гэх нөхцөл байдлыг үүсгэж энэ нь байгууллагын хамт олон надтай нэг ч үг дуугарахгүй болох, хэсэг бүлгээр нэг газар цугларан нам дуугаар ярилцах, намайг хараад инээлдэх, дуугүй болох, “Энэ нэг юмыг харахаар уур хүрээд байх юм” гэх мэтээр чанга хэлэх, өөдөөс лаа асааж суух гэх мэт үйлдлүүдийг гаргадаг болсон. Мөн намайг албан хаагчдын тайлан мэдээнд хяналт тавьдаггүй гэх боловч албаны албан хаагчид нь тайлан мэдээг надад хянуулахгүйгээр шууд тайлан мэдээг хариуцаж байгаа мэргэжилтэн рүү явуулдаг бөгөөд тухайн мэргэжилтэн, даргаас тайлан мэдээг албаны даргаар хянуулсан байхыг шаардадгүй байсан болно.
Байгууллага нь 7 хоног бүрийн 1 дэх өдөр мэдээллийн цаг хийдэг бөгөөд тус мэдээллийн цаг нь үр бүтээлгүй, тодорхой асуудал хэлэлцэн шийдвэрлэгдэж, албан хаагчдын үзэл бодол, хийх ажлын талаар сонсож байгаагүй, үргэлж хэн нэгнийг мангар тэнэгээр доромжлон ярьдаг, дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг “Салбар мэдэхгүй хүмүүс ирээд ажил ойлгохгүй юм, шаардаад байгаа зүйлийг нь хийсэн нэр зүү дээ” гэж чиглэл өгдөг нь байж боломгүй асуудал юм. 2018 оны 4 сард тус мэдээллийн цагт би суухгүй, мэдээллийн цаг дээр юуг хэлэлцэн шийдвэрлэх, мэдээлэл тавих боломжийг тэгш болгох, хэрүүл дайралтын шинж чанартай бус хамт олны хурал шиг хийж, албан ёсоор хурлын тэмдэглэл хөтлөн, даргын зүгээс өгч байгаа заавар зөвлөмж, гаргаж байгаа санаа оноог оновчтой бичиж тэмдэглэдэг болсон цагт уг хуралд сууна тэрнээс биш энэ хэрүүл уруулын байдалтай хуралд сууж чадахгүй гэдгээ Ж.Б-ын өрөөнд албан ёсоор хэлсэн. Тус хуралд суугаагүй ч гэсэн албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байсан ч мөн л тухайн хурлын цагийг тасалснаар бүртгэдэг. Мөн албаны даргын мэдээллийг удаа дараа хийгээгүй гэж байгаа нь шударга бус бөгөөд надад албаны даргаар ажиллах нөхцөл боломжийг олгоогүй атал ямар мэдээллийг надаас шаардаад байгаа нь ойлгомжгүй юм.
“Үйлдвэржилт 21-100” хөтөлбөр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон бөгөөд уг хөтөлбөр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр батлагдан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХэлтэсээс тус хөтөлбөрийг аймгийн дэд хөтөлбөр болгон дахин боловсруулах шаардлага байхгүй дээд газраас гаргах үйл ажиллагааны төлөвлөгөөг нь хүлээж харин тус хөтөлбөртэй холбон “Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлье гэдэг чиглэлийг өгсөн байдаг.
Харин "Өрх бүр үйлдвэрлэгч-Иргэн бүр санаачлагч” аймгийн дэд хөтөлбөр нь албаны мэргэжилтэн Б.Н-ийн үр дүнгийн гэрээнд 2017 оноос хойш тусгагдсан бөгөөд тус хөтөлбөрийн төслийг боловсруулахыг түүнээс удаа дараа шаардаж байсан боловч даргад өөрөө боловсруулаад өгчихнө гэх мэтээр үргэлж шалтаг хэлж эцсийн байдлаар боловсруулсан төслийг өгч байгаагүй болно. Энэ талаар Ж.Б даргад удаа дараа танилцуулж байсан.
2018 оны 06 сард Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дотоод аудитын газраас төлөвлөгөөт шалгалт хийгдсэн бөгөөд шалгалтын хүмүүст жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сангийн асуудлаар барьж байгаа бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, цаашид зорьж байгаа зорилтуудаа танилцуулан боломжийн үнэлгээ авч, энэ салбарт ажиллаж байх хугацаандаа тэднээс анх удаа урмын үг авсан. Дүнгийн хурлаар “Тус байгууллага дээр бүтэн 2 өдөр ажиллахад энэ өргөн салбарын мэдээллийг авах гэж 1 ширхэг ч иргэн ирэхгүй байгаа нь сонин санагдлаа, байгууллага нь захирах захирагдах ёс алдагдсан, байгууллагын даргын зүгээс хамт олонруугаа чиглэсэн урамшуулах гэх мэт ажлыг идэвхжүүлэх шаардлагатай, 1 албан тоот дээр гэхэд л 24 алдаа байна, орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх” гэх мэтээр олон асуудлыг дэвшүүлсэн байдаг. Гэтэл Ж.Б дарга энэ мэт алдаа дутагдлаа засаж залруулахын оронд зөвхөн дургүй ганц 2 хүнээсээ болж ийм байдалд хүрлээ гэж нэмж гадуурхаж, бусдыг шүүмжлэхээс бус өөрийнхөө алдаа дутагдлыг олж харахыг хүсдэггүй хүн юм.
Албан үүргээ гүйцэтгэхэд байгууллагын даргаас ямар ч дэмжлэг туслалцаа, зөвлөгөө байдаггүй тул холбогдох агентлагуудтай харьцан мэдээлэл авч хувийн зардлаараа зурагт самбар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийн сангийн нэгдсэн программ хийлгэж байсан.
Ж.Б нь миний албаны даргын бусад үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах боломж, нөхцөлөөр ханган ажиллаагүй. Учир нь албаны ажилчдад чөлөө олгох асуудлыг байгууллагын дотоод журамд заасны дагуу албаны дарга мэдэх ёсгүй боловч намайг мэдээгүй байхад хүмүүст чөлөө өгсөн байдаг. Тэдний үр дүнгийн гэрээг нь дүгнэхэд ч албаны даргын хувьд надаас санал авч байгаагүй.
Миний бие нь өөрийн үр дүнгийн гэрээнд заасан ажлуудыг гүйцэтгэхээс гадна ажлын байрны чиг үүрэг адилхан ажилтан Б.Н-ийн ажлыг байнга давхар хариуцан гүйцэтгэж, албаны даргын эрх үүргийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх гэж оролдсон боловч тусыг эс олсоор ирсэн.
Миний бие тус байгууллагад ажилласан цагаас эхлэн хурлын болон үүрэг даалгаврыг тэмдэглэх, аливаа зохион байгуулалтын ажлыг бүртгэхийг харж байгаагүй бөгөөд хариуцагч Ж.Бын зүгээс гаргаж байгаа тайлбар, нотлох баримт нь илт 1 хүнийг шахаж  гадуурхсан, хувь хүн миний өмнөөс дүгнэлт гаргаж тайлбарлаж бичсэн, уншиж ойлгоход хялбар бус, нэг санааг олон дахин давтан нуршиж бичсэн байгаа нь энэ хүний соёл, ёс зүйн байдлыг харуулахаас гадна тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч надруу чиглүүлэн нөхөж хийсэн байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрх байгууллагад бүх мэдээлэл хаалттай байдаг бөгөөд дараа нь ямар нэгэн асуудал гарахаар өөрсдийн дураар бичиг баримтуудыг бүрдүүлэн, хурлын тэмдэглэл зэргийг дур зоргоороо зохион нөхөн бичиж шүүхийн байгууллагыг үл хүндэтгэн илтэд худал мэдээлэл, тайлбар ирүүлж байгааг анхаарна гэж итгэж байна.
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “А.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны дарга, жижиг дунд үйлдвэр, хөнгөн, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, мөн хугацааны болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд: Дорноговь аймгийн Х газрын даргын “А.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар тус газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, бирж, экстейшний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалаас чөлөөлөгдсөн.
Уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус салбар зөвлөлөөс гомдлыг хянаад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 141 дүгээр шийдвэрээр гомдлыг хангахгүй орхисон.
Х газрын даргын Б/26 дугаар тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаа, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-24.1.5 дахь заалтуудыг үндэслэсэн байх ба тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08, 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарласан байх бөгөөд уг тайлбарт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг “ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, ажилтны сайн дурын үндсэн дээр гаргасан бичгээр гаргасан хүсэлтийг” ойлгоно гэсэн байдаг.
Гэтэл хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуульд заасан “...төрийн албанаас халахгүй байх” баталгааг бүдүүлгээр зөрчин үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлөх тушаал гаргасан. Түүнчлэн миний бие тухайн үед жирэмсэн байсан бөгөөд эмчийн зөвлөснөөр “Эхэс бага зэрэг урагш байрласан, энэ нь ураг амьгүй болох зулбах, дутуу төрөх өндөр магадлалтай, мөн дээрээс нь ургийн тонус ихтэй байгаагаас хэвтрийн дэглэм барих, сэтгэл санаа тайван байх” зэргээс шалтгаалан 2018 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хяналтын эмч, эмч нарын зөвлөгөөний хурлын шийдвэрээр “Эмнэлгээс чөлөө олгох хуудастай”-тай байсан. Цаашид ч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан. Үүнийг Ж.Б дарга сайн мэдэж байсан атлаа мөн л Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар заалтын 100.1-т заасныг зөрчин “Эмнэлгийн  чөлөөтэй” жирэмсэн хүнд ажлаас халах тушаал гаргасан. Энэ нь мөн цаашид эмнэлэгт хэвтэн өвчтэй байх хугацааны тэтгэмжийг авах боломжийг, хуулийн дагуу эмчилгээтэй, өвчтэй байсан хоногийн цалинг ажил олгогч төлөхөөс санаатай зайлсхийж байгаа гэж үзэж байна.
Ж.Б даргад хаяглан гаргасан төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлт нь миний өөрийн хүсэлт биш, сайн дураараа төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл бичихэд хүрээгүй болно. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгууллагын дарга Ж.Б нь намайг өрөөндөө дуудаад дахин сахилгын шийтгэл ногдуулна гэж хэлж байсан. Өмнөх сахилгын шийтгэлийн асуудал намжаагүй байхад дахиад надад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь энэ хүний намайг ажлаас халах эцсийн зорилго гэж ойлгож, тухайн үед нь өргөдлөө үүнийг анхаарч үзээсэй, үүн дээр ямар нэгэн ажиллагаа явуулаасай, өргөдөл бичсэн зүйлүүд үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг шалган тогтоох байх гэдэг үүднээс өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ ямар учраас хүсэлтээ өгч байгаа, удирдлагын зүгээс үзүүлсэн дарамт шахалтын талаар тодорхой бичиж өгсөн тул өөрийн хүсэл зоригийн үүднээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй юм.
Мөн хариуцагчийн зүгээс байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон албаны даргын ажлын байр хасагдсан гэдэг. Гэтэл 2017, 2018 онуудад тус газрын Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний алба нь 4 орон тоотой, тухайн албаны аль нэг мэргэжилтэн нь албаны даргын албан үүргийг давхар хариуцаж явдаг байсан. 2019 оны бүтэц орон тоо баталсан тушаалаас үзэхэд тухайн албаны орон тооноос 1 орон тоо хасагдаж 3 болсон боловч албаны даргын орон тоог хасагдаагүй гэж ойлгож байгаа. Учир нь одоо байгаа 3 мэргэжилтний аль нэг албан тушаалтан нь албаны даргын үүргийг давхар хариуцаж байхаар хэвээр тусгагдсан байсан тул 2019 оны бүтэц орон тоо нь өмнө нь мөрдөгдөж байсан 2017, 2018 оны тушаалаар батлагдсан бүтэц, орон тоотой ижил агуулгатай байна гэж үзэж байгаа.
Нийгмийн даатгалын тухай хуулинд ажилтан 21 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй байсан тохиолдолд ажил олгогчоос цалингийн доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр зохицуулагдсан байдаг юм билээ. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар 29-ний өдрийг хүртэл өвчтэй байсан тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх ёстой юм. 2019 оны 10 дугаар 29-ний өдрөөс хойш эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан бөгөөд энэ талаар жирэмсний хяналтын дэвтэр дээр бичигдсэн байгаа. Миний хувьд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халагдсан гэдгийг мэдээд тухайн хугацааны листийг Хүнд хөдөө аж ахуйн газар дээр бичүүлээгүй.  
Иймд дээрх дурдсан нөхцөл байдлуудын хүрээнд Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/20, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/26 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны дарга, жижиг дунд үйлдвэр, хөнгөн, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, мөн хугацааны болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өнөөдөр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Х газрын даргын Б/20, Б/26 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2018.10.01-ний өдрөөс 2019.10.29-ний өдрийг хүртэл өвчтэй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг цогц байдлаар шүүхэд гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, байр суурьтай танилцлаа. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Х газарт худалдаа, үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан. Энэ хүн Ж.Б даргын дарамтанд ажиллаж байсан гэдэг зүйлийг ярихаас өөр аргагүй байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль болон төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэм, түүнд холбогдох ажил үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон талуудын тайлбараар бүрэн нотлогдож байна. Харин нэхэмжлэгчийг ажлаа хийх боломжоор нь хангахгүй, байгууллагын удирдлагын хүрээнд хувийн байгууллагад ажиллаж байгаа мэтээр хашиж боох, ажиллах нөхцөлөөр нь хангахгүй, тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасны дагуу албан үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Яагаад ингэж үзсэн бэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, төрийн захиргааны албан хаагч А.Бийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, түүний хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, хэсэг бүлэг хүмүүсийн мэдүүлэг, Ж.Бын шүүхэд гаргасан тэмдэглэл, түүнтэй холбоотой бичгийн нотлох баримтуудаас харахад ажил олгогч байгууллага өнөөдөр энэ хүнийг дэмжиж ажиллах байтал хяхаж боож, ажил үүргийг нь хийлгэхгүй байгаа нь харагдаж байна. Ж.Б шүүхэд гаргаж байгаа тайлбараараа, мөн өөрийнхөө доор ажиллаж байгаа албан хаагчдын тэмдэглэлээр болоогүй цаг хугацааг үйл явдлыг бий болгосон мэтээр ирээдүй цаг хугацааг нөхөж бичсэн ийм хуурамч байдал нь харагдаж байна. Мөн тайлбар дээрээ би А.Б-ийг чөлөө зөвшөөрөл аваад явахад нь урьдчилан мэдэх шаардлага байхгүй, алга болсон талаар мэдэх үүрэг байхгүй. Сүүлийн 7 сарын турш зөрчил гаргасан. Байгууллагын даргаас ажил үүргээ гүйцэтгэхэд нь хориглосон асуудал байхгүй гэж тайлбарлаж байна. Үүнээс харахад байгууллагын дарга ажилтны уялдаа холбоо, Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн байгууллагын бүтэц орон тоо, албан хаагчид тулгамдаж байгаа асуудал, мэргэжил арга зүйгээр хангах, тэдгээр эрхийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг Б/26 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хавтаст хэргийн 96-97 хуудсанд нэхэмжлэгчийн хүсэлт байгаа. Би энэ байгууллагад ажиллах нөхцөл бололцоо байхгүй юм байна. Өөрийн нэр төр, эрхэмлэн дээдлэх нэр төрөө уландаа гишгэж чадахгүй, өөрөөр хэлбэл намайг ялгаварлан гадуурхах ийм нөхцөл байдал үүслээ. Ийм учраас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна. Энэ өргөдлийн агуулгыг уншаад үзэх юм бол ямар ч байгууллагын удирдлага чөлөөлөгдөх тушаал гаргахгүй. Яагаад ийм тушаал гаргасан юм бэ, үүнийг шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага байна. Ажиллах нөхцөл байдал юу байна, шаардлагатай нөхцөл байдал юу байна гээд байгууллагын дарга үүн дээр өөрт тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийг зөв хэрэглэж, асуудлыг зөв шийдвэрлэх боломжтой байсан гэж харж байна. Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт өөрийн санаачилгаар ажлаас халагдах хүсэлт гаргасан бол гэж заасан байгаа. Тухайн заалтыг 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор маш тодорхой тайлбарлаж өгсөн байгаа. Ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтнаас өөрийн хүсэлтийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийн дагуу гэсэн байгаа. Үүн дээр хөндлөнгийн оролцоо, нөлөөлөл, шахалт дарамтгүйгээр, А.Б ажлаас чөлөөлөгдөж байгаа бол өнөөдөр өөр хэрэг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт зааснаар ажил үүргээ явуулах хэвийн нөхцөл бололцоогоор хангаж өгөхгүй байна, мөн дээрээс нь ялгаварлан гадуурхах асуудал даамжирлаа, миний эрхийг хөндлөө, би ажиллах боломжгүй боллоо гээд өөрөө хүсэлтээ өгч байна гэдэг маань Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/26 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь бүрэн дүүрэн хууль ёсны байж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Юуг үндэслэж өөрийн хүсэлтээр гэсэн тушаал гаргаж байгаагаа хариуцагч тал нотолж чадахгүй байна. Ийм учраас Б/26 дугаар тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж харж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас гаргасан тайлбар бичгийн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал хавтаст хэргийн 45-46, 105-106 дугаар хуудсанд авагдсан н.Уранчимэгийн тэмдэглэл байна. Мөн хавтаст хэргийн 136-138 хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлгүүдтэй цаг хугацааны хувьд үйл баримтын хувьд зөрүүтэй ийм байдал үүсч байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт бичмэл, цахим баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шаардлагатай гэж үзвэл хуурамч баримт бичгийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно гэсний дагуу шүүх эдгээр баримтыг үнэлэхгүй байх нь зүйтэй болов уу. Эх сурвалжаа буруу заасан. Цаг хугацааны хувьд зөрүүтэй, үйл баримтын хувьд зөрүүтэй ийм үнэлэх боломжгүй нотлох баримтууд хэрэгт байгаа гэдгийг хэлмээр байна гэв.
Энэ хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, хэргийн бусад оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нар бүгдээрээ төрийн захиргааны албан хаагчид. Төрийн алба яаж явдаг уу гэвэл зохих журмынхаа дагуу явагддаг. Хэн нэгэн даргын амбийц, хэн нэгэн даргын үзэл бодол ашиг сонирхлын хүрээнд төрийн албаны ажил явна гэж байхгүй. Би А.Б-ийг төрийн албаны хэм хэмжээг зөрчсөн, удаа дараа үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн, үүний улмаас төрийн үйл ажиллагаа доголдоод, төрийн болон эрх бүхий байгууллагад хохирол учирсан үйл баримт болсон гэж үзэхгүй байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. А.Б ажлаас чөлөөлөгдөөд өнөөдрийг хүртэл эрх ашиг нь маш ноцтойгоор зөрчигдөж байгаа. Ахиж энэ ажилд орох нь тодорхой бус боллоо. Мөн дээрээс нь бие махбод, сэтгэл санаа, олон зүйл дээр хохирч яваа эмэгтэй хүн байгаа. Өнөөдөр энэ хүнийг дэмжиж ажиллах асуудал дээр огтоос эсрэг байр суурьтай байгаа нь Ж.Бын тайлбар, байгаа байдлаас бүрэн дүүрэн харагдаж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
    Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сахилгын шийтгэл оногдуулсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалын үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч А.Бийн ээлжийн амралтын хугацаа 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дуусч 08 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирээгүй бөгөөд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дахь заалтад “Чөлөө авахдаа байгууллагын даргад хүсэлтээ гарган байгууллагын даргын цалинтай, цалингүй чөлөө олгохыг зөвшөөрсөн чөлөөний хуудас авч, цаг бүртгэж байгаа албан хаагчид өгч цагийн бүртгэлийн ард хавсарган цагийн тооцоог гаргана” гэж заасныг зөрчин ямар шалтгааны улмаас ажилдаа ирээгүйгээ байгууллагын даргад болон цаг бүртгэлийн ажилтанд утсаар болон биечлэн ирж мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэгчийг ямар шалтгаанаар алга болсныг урьдчилан мэдэх боломжгүй байсан болно.
А.Б нь байгууллагын Дотоод журамд зааснаар чөлөө зөвшөөрөл авдаггүй, ажил тасалсан, эсхүл өвчтэй байгаа эсэх нь огт мэдэгддэггүй, утсаа ч авдаггүй сураггүй алга болдог бөгөөд хэсэг хугацааны дараа ирэхдээ болон нягтлангаар цалингаа бодуулахын тулд ажилдаа ирээгүй хугацаагаа нөхөж бөглөсөн эмнэлгийн актыг нэхүүлж байж авч ирдэг хүн юм. А.Б-д сахилгын шийтгэл оногдуулах үед цагийн бүртгэл хариуцсан ажилтан Уранчимэгт өвчтэй гэдгээ мэдэгдсэн гэх боловч сахилгын арга хэмжээ авсан тушаал гарснаас хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 27-нд актаа авч ирснийгээ 2018 оны 08 дугаар сарын 20-нд мэдэгдсэн гэж худал тайлбар гаргаж байна.
А.Б нь Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны даргын ажил үүрэгт хамаарах албаны мэргэжилтнүүдийн 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жил, 2018 оны 3-р улирлын тайланг хянах үүргээ огт хэрэгжүүлээгүй, мөн өөрөө мэргэжилтний хувьд хариуцан гаргах 2018 оны эхний хагас жил, 2018 оны 3 дугаар улирлын тайлангаа хийсэн ажил огт байхгүй гээд биелэлтийг нь гаргаж өгөөгүй.
Байгууллагын удирдлагын зүгээс дээр хэлсэн алдаа дутагдлуудыг тухай бүрт нь А.Б-тэй биечлэн уулзаж, сануулан анхааруулж байсан. Тухайлбал 2017 оны ажлын үр дүнг үнэлэх үеэр А.Б-д онцгой анхааруулж, 2018 оны эхний хагас жилд мэргэжилтний буюу албаны даргын хариуцсан үүрэгт ажлаа сайжруулах боломжийг олгож байгаагаа мэдэгдсэн.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 16-30-ны өдрүүдэд хийсэн хяналт шинжилгээний дүнгээр Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний албаны жижиг дунд үйлдвэрлэлд хамааралтай заалтууд хангалтгүй байгаа талаар мөн нэхэмжлэгчийн хариуцан боловсруулах ёстой “Өрх бүр үйлдвэрлэгч хөтөлбөр”, “21:100 дэд хөтөлбөр”-ийг тус тус боловсруулах ажил хийгдэхгүй байгаа талаар анхааруулсны дагуу байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчид хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар биечлэн уулзаж сануулан, цаашид сахилгын арга хэмжээ авч ажиллах талаар хэлэхэд намайг нэг мөсөн ажлаас халчих гэж хэлэн хаалга саван гарч одсон.
Тус байгууллага төрийн албан хаагчдынхаа 2018 оны эхний хагас жилийн ажлыг 07 дугаар сард дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 23-нд ажлын тайлангаа хагас дутуу өгсөн.
Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журамд тайлан, үр дүнгийн гэрээгээ хугацаандаа ирүүлээгүй, заасан хугацаанд гэрээний биелэлтээ тайлагнаагүй нь хариуцлага тооцох үндэслэл болох талаар мөн менежер гэрээний биелэлтийг дүгнэхдээ ирүүлсэн тайлангаас гадна үр дүнг үнэлэхэд шаардлагатай бусад мэдээлэл авч болох талаар тодорхой зохицуулагдсан байдаг тул А.Б-д тайлангаа дахин сайжруулж эцэслэн гаргаж байгууллагын даргад дүгнүүлэх үүрэг өгсөн боловч дахин дүгнүүлэлгүйгээр 07 дугаар сарын 30-нд ээлжийн амралтаа аван сураггүй алга болсон.
Тухайн үед хангалтгүй тайлан гаргасан, удирдлагын зүгээс өгсөн дээр дурдсан олон үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.З-т зааснаар биечлэн уулзан албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авах талаар урьдчилан сануулахад дахин хаалга саван гарч одсон.
Тус байгууллага хийсэн ажлын мэдээллийг 7 хоног бүр гарган аймгийн Тамгын газарт мэдээлдэг ч нэхэмжлэгчид хийсэн ажлын мэдээлэл огт байдаггүй мөн 2018 оны хагас жилийн тайлангаа хийсэн ажил байхгүй гээд гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох ажиллагааг хийгээгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь эзгүйд төрийн ажил яаж цалгардаж тасалдаж байгаа талаар огт санаа зовдоггүй, юу ч болоогүй юм шиг явдаг. Нэхэмжлэгч нь тус байгууллагад 1,8 жил ажиллах хугацаандаа зөвхөн 2018 онд л гэхэд 80 цаг ажил тасалсан, 7 өдөр чөлөөтэй, 34 өдөр өвчтэй байсан. Мөн байгууллагаас сар бүр хийдэг цэвэрлэгээний ажилд нэг ч удаа ирж үзээгүй, олон нийтийн зохион байгуулалтын бусад арга хэмжээнд огт оролцдоггүй, хариуцсан ажлаа 4-5 удаа хариуцлагагүй гүйцэтгэсэн.
Тухайн үед би аймаг байгуулагдсаны ой, Данзанравжаагийн 215 жилийн их ойг тэмдэглэх ажлын хэсэгт орсон, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зэрэг ажлын ачааллын улмаас сахилгын шийтгэл авсан тушаалыг гаргаагүй бөгөөд тушаал гарах 2018 оны 08 дугаар сарын 23-нд нэхэмжлэгч ээлжийн амралт нь дууссан ч хэзээ ирэх нь тодорхойгүй байсан тул байгууллагын даргын зүгээс нэхэмжлэгчид өмнө нь 4-5 удаа биечлэн уулзаж анхааруулан сануулсан мөн хагас жилийн тайлангаа эцэслэн гаргаагүй тэр чигээрээ хаян ээлжийн амралтаа аваад алга болсон зэрэг удаа дараагийн нөхцөл байдлуудын улмаас наадмаас өмнө сахилгын арга хэмжээг авах талаар урьдчилан биеэр уулзан мэдэгдсэн байсан тул тохирох сахилгын арга хэмжээг авсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн үүнээс өмнө А.Б-д даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/13 тоот тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж байсан.
Нэхэмжлэгчид сахилгын зөрчлийг ногдуулахтай холбогдуулан зөрчлийг шалган тогтоож энэ тухай баримт үйлдсэн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс үргэлж би мэдээгүй, би мэдэхгүй, би сонсоогүй гэж мэлздэг зантайг хамт олон нь бүгд мэднэ.
Мөн нэхэмжлэгч нь захиргааны актыг гаргахын өмнө тайлбар, санал гаргах боломжийг олгох буюу сонсох ажиллагааг явуулаагүй гэдэг.
Гэтэл миний зүгээс А.Бийн алдаа дутагдлуудыг тухай бүрт биечлэн уулзан сануулан анхааруулж байсан бөгөөд захиргааны актыг гаргахын өмнө тайлбар, санал гаргах боломжийг олгож 2017 оны 12-р сард, 2018 оны 04-р сард, 2018 оны 07-р сарын 23-нд биечлэн уулзах хэлбэрээр санал гаргах боломжийг олгосон бөгөөд хангалттай хугацаа байсан боловч нэхэмжлэгч ямар нэг хариу өгөөгүй сураггүй алга болсон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т зааснаар сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулсан. Сонсох ажиллагааны явцад үйлдэгдсэн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.
Миний бие ээлжийн амралттай байсан ч цаг үеийн ажлын шаардлагын улмаас өдөр бүр хагас өдөр ажиллан төрийн ажлыг цалгардуулалгүй явуулж байсан бөгөөд сүүлийн 5 жилд ээлжийн амралтаараа долоо хоногоос илүү хугацаагаар амарч үзээгүй болно.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарладаг. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавих шаардлага, албан хэрэг хөтлөлтийн цуврал стандартын дагуу гаргасан.
Нэхэмжлэгч нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч сахилгын шийтгэл ногдуулахад дурдагдсан нөхцөл байдлууд нь холбогдох баримт бичгүүдээр нотлогдож байх тул уг тушаалыг эрх зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгч А.Бийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-нд төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг гарган аль болох түргэн хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Нэхэмжлэгч уг хүсэлтийг хэний ч шахалтгүйгээр өөрөө бичиж өгчихөөд дараа нь хэн нэгний үгээр санаагаа өөрчлөн энэ асуудлаар Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байдаг бөгөөд салбар зөвлөлөөс 2018 оны Б/26 дугаар тушаал нь холбогдох хуулийн дагуу гарсан байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч ажил олгогчийн зүгээс шахан шаардаж, зүй бус нөлөөлөл үзүүлсний улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Энэ нь миний өөрийн хүсэл зориг биш мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчийг дарамтлах, хууль бус шаардлага тавих зэргээр зүй бус ямар ч үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө л чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан болно.
Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар ажлаа хүлээлгэн өг гэж нэг ч удаа дурсаж байгаагүй тул нэхэмжлэгч өөрийн сайн дураар зохиосон эдгээр гүтгэлгээ нотлох шаардлагатай байх.
Харин албаны дарга гэж хариуцлагатай ажил хийж байгаа хүн өөрөө ажлын цагаа баримтлахаас эхлээд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байх талаар удаа дараа анхааруулж байсан.
Гэвч нэхэмжлэгч албаны даргын ажлаа сайжруулан албаны мэргэжилтнүүдийнхээ тайланг хянах нь битгий хэл өөрийнхөө 2018 оны хагас жилийн тайлан, 3 дугаар улирлын тайлан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих ёстой “Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрөө ч боловсруулаагүй би юу ч хийгээгүй гээд ямар ч тайлан өгөлгүй амралтаа аван алга болж мөн ажлаа ч хүлээлгэн өгсөн.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас удаа дараа хийсэн ажлын ажлын тайлан болохгүй байна хариуцсан мэргэжилтэн ажлаа хийхгүй байна арга хэмжээг ав гэсэн чиглэл өгч байсан ч удирдлагын зүгээс хүлээцтэй хандан асуудал гарсан тухай бүрт өөрт нь биечлэн анхааруулж байсан.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь оногдсон ажлаа хийж гүйцэтгээгүй байсантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь “Эмнэлгээс чөлөө олгох хуудас”-тай, жирэмсэн байсан хүнийг мэдэж байсан мөртлөө халах тушаал гаргасан гэдэг. Гэтэл нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, өргөдлөө өгөх үедээ жирэмсэн гэдгээ огт хэлж мэдэгдээгүй, мөн тус байгууллагад өгсөн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгосон эмнэлгийн актанд нь ч нэхэмжлэгчийн онош бичигдээгүй, жирэмсэн гэдэг нь илт илэрхий харагдахуйц байгаагүй юм.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ... энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу 2018 оны Б/26 дугаар тушаалыг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалт хамааралгүй байна.
Нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гаргахаас өмнө бичиг хэргийн ажилтан Е.Уранчимэг 2018 оны 10 дугаар сарын 09-нд нэхэмжлэгчтэй холбогдон таны ажлыг хүлээлцүүлэх комисс бэлэн болсон ирж ажлаа хүлээлгэн өгнө үү гэж мэдэгдэхэд би акттай байгаа миний акт 2018 оны 10 дугаар сарын 14-нд дуусна гэж хэлсэн тул чөлөөлөх тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр гаргасан. Нэхэмжлэгчид тушаал гарчихсан ирж ажлаа хүлээлц, чөлөөлөгдсөн тушаалаа авч ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлд, тушаалыг нь хүргэж өгөх үү, өвчтэй байсан актаа өг гэх мэтээр холбогдох мэргэжилтнүүдээр удаа дараа хэлүүлж байсан боловч өнөө маргааш очно гэж хэлээд хэсэг хугацааг өнгөрөөсний дараа нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгосон актаа 10 дугаар сарын 23-нд тус байгууллагад өгснөөр холбогдох тооцоог хийж дуусгасан.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаал 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр гарсан болохыг мэдсээр байж 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх өвчтэй байсан хугацааны цалинг нөхөн авах талаар нэхэмжилсэн нь хууль бус юм.
Хөдөө аж ахуйн сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/209 тоот тушаалаар тус аймгийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны орон тоо 4 байсныг 3 болгон багасгасан. Энэхүү тушаалд нийцүүлэн 2019 оны бүтэц орон тоог 2019 оны 01 дүгээр сарын 07-ны А/01 дугаар тушаалаар батлахдаа үйлдвэр худалдаа үйлчилгээний албаны орон тоо 4 байсныг 3 болгож, жижиг дунд хариуцсан мэргэжилтэн 2 байсныг 1 болгосон. Одоо уг мэргэжилтний албан тушаалд жирэмсний амралттай байсан Б.Н ажиллаж байгаа. Иймд А.Бийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр нэхэмжлэгч өөрөө ялгаварлан гадуурхагдаад аргагүйн эрхэд өргөдлөө өгөхөөр боллоо гэж хэлээд байгаа. Ялгаварлан гадуурхагдаад байгаа үйл явдлыг хэн хэрхэн яаж тогтоосон юм бэ гэдэг асуудал байна. Өөрөө л ялгаварлан гадуурхагдаад байна гэж үзээд байгаа болохоос биш яг тийм үйл явдал болсон уу гэдэг нь хэргийн материалаас харахад үнэхээр нотлох баримт байдаггүй. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил үүргийн маргаан байсныг үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэгч өөрөө хэлж байна. Гэрээг дүгнэх эрх байхгүй байна гэж байна. Ажлын байрны тодорхойлолтонд албаныхаа бусад албан хаагчдын гэрээг дүгнэнэ гэсэн чиг үүрэг байна. Ажил олгогчид хандаж өргөдөл гаргасан мөртлөө цаад санаа нь ялгаварлан гадуурхаад байна. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүссэн гэдэг. Нэхэмжлэгч өргөдлөө ялгаварлан гадуурхагдаад байна гэж байгууллагадаа хандахаас өмнө Хүний эрхийн комисст хандах бүрэн боломжтой байсан. А.Б гэдэг хүн үнэхээр ажлын байран дээрээ ялгаварлан гадуурхагдаад байна уу, ажил олгогчоос нь тийм нөхцөл байдлыг бий болгоод байна уу шалгах ёстой. Шалгалт явуулсны дараа тийм зүйл байхгүй бол нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл үгүйсгэгдэнэ. Захиргааны хэргийн шүүх ялгаварлан гадуурхсан асуудалд өртсөн гэдгийг шалгах ёстой юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Өөр харьяаллын, өөр чиг үүргийн хувьд тогтоох ёстой. Нэхэмжлэгч өөрөө хууль зүйн арга хэрэгслийн хувьд өөрийнхөө үйлдлийг хамгаалахын тулд буруу байдлаар явчихсан юм биш үү гэж ойлгохоор байна. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичээд өгч байгаа тэр үндэслэлийг нь судлах үүрэг хариуцагчид байхгүй. Өөрийн хүсэлтээр өгч байгаа юм байна гээд хуулийн дагуу шийдвэрийг гаргана. Ажлаас чөлөөлөхгүй гээд хэлэх эрх ч байхгүй. Гаргахаасаа өмнө яагаад бодож үзээгүй юм бэ гэхээр одоо ажилдаа эргэж ороод энэ асуудлыг цэгцэлнэ гэж хэлж байна. Нэхэмжлэгч ажлаа хийдэг үү, чөлөө авсан цагийг харахаар ажил дээрээ ихэнх цагт нь байдаггүй юм билээ. Энэ талаар хэлэхээр үүнийг нэхэмжлэгч ажлын байрны дарамт гэж өөрийнхөөрөө хүлээж авч маргаж байгаа асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Н-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие нь 2016 оноос Дорноговь аймгийн Х газарт сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/209 дүгээр тушаалаар жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог 1 болгон баталсан учир иргэн А.Бийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Х газрын даргад холбогдох захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч А.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:  
Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “А.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар тушаалаар  Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг үндэслэн “Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, байгууллагын мэдээллийн цагийг удаа дараа таслан албаны даргын хийх мэдээллийг хийгээгүй, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээг удаа дараа тасалсан, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, тайланг хянах ажилд хариуцлагагүй хандсан” гэх үндэслэлээр тус газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга А.Б-д үндсэн цалинг 2 сарын 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж,  суутгалыг мөн оны 9 дүгээр сарын цалингаас эхлэн суулган тооцохыг холбогдох этгээдэд зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “эмнэлгийн магадлагаатай байхад ажлын байр хадгалагдах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, ...ээлжийн амралттай байх хугацаандаа тушаал гаргасан, холбогдох журамд заасныг зөрчсөн буюу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох ажиллагааг хийгээгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу гомдол гаргах этгээд, хугацааг заагаагүй” хэмээн голчлон тухайн шийдвэр гаргах ажиллагаатай холбогдуулан маргасан бол хариуцагч нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй үндэслэлийг “...эмнэлгийн магадлагаатай байгаагаа шийдвэр гаргах тухайн үед мэдэгдээгүй, 4-5 удаа биечлэн уулзаж санал гаргах боломж олгон сонсох ажиллагааг явуулсан, албан хэрэг хөтлөлтийн MNS 5140-2:2011, MNS 5140-1:2011, стандартуудыг баримталсан тул гомдол гаргах этгээд, хугацааг заагаагүй улмаар тухайн зөрчлүүдийг удаа дараа гаргасан” хэмээн маргаж байна.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдагдсан зөрчлүүдийг тухай бүрчлэн авч үзвэл:
А. Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийн тухайд:
Хариуцагч нь дээрх зөрчилд, нэхэмжлэгчийг жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтний хувьд хариуцан гаргах 2018 оны хагас жил, 2018 оны 3 дугаар улирлын тайланг хийсэн ажилгүй гээд биелэлтийг  нь гаргаж өгөөгүй,  аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 16-30-ны өдрүүдэд хийгдсэн шалгалтын дүнгээр Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны жижиг дунд үйлдвэрт хамааралтай заалтууд хангалтгүй, тодруулбал нэхэмжлэгчийн боловсруулах ажил хийгдэхгүй байгаа талаар /Өрх бүр үйлдвэрлэгч, 21:100 дэд хөтөлбөр/ чиглэл өгсөн, мөн албаны даргын хувьд гаргах тайлангаа 2018 оны 07 дугаар сарын 23-нд хагас дутуу гаргаж өгсөн тул дахин сайжруулж эцэслэн дүгнүүлэх үүрэг өгөхөд эргэж ирэлгүйгээр ээлжийн амралтаа авч явсан гэх үйл баримтуудыг хамааруулан тайлбарлаж байна.
Хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 48 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн “Байгууллагын мэдээ, тайлангийн хуваарь” ,   04 дүгээр сарын 05-ны өдрийн 122 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар  болон холбогдох бусад нотлох баримтуудаас  үзэхэд нэхэмжлэгчийн нэгтгэн гаргаагүй, хянаагүй, хугацаанд нь гаргаж өгөөгүй гэх 5 нэр төрлийн 2018 оны хагас жилийн тайланг хамгийн сүүлийн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 15-нд аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн, аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Х газарт хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, зөвлөмжид тус газрын ажлыг 1 дүгээр улирлын байдлаар хангалтгүй, үр дүнгүй гэж дүгнэсэн, үүний дотор Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албанд хамааралтай асуудлууд дурдагдсан, улмаар хариуцагчийн зүгээс уг асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авах талаар 2018  оны 05 дугаар сарын 07-нд түүнд биечлэн мэдэгдэж байсан үйл баримтууд тогтоогдож байна.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг зохицуулсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан ба дээрх үйл баримтуудыг хуулийн энэхүү зохицуулалттай холбон авч үзвэл тухайн зөрчлүүдэд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа /зөрчил илрүүлснээс хойш 1 сар.../-аас/ илүү хугацаа өнгөрсөн/  өнгөрсөн байна.
 Тодруулбал, нэхэмжлэгчид хамааруулсан 2018 оны хагас жилийн 5 нэр төрлийн тайланг нэгтгэн гаргаагүй, хянаагүй, хугацаанд нь гаргаагүй гэх зөрчлийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр нэхэмжлэгчийн хариуцаж буй албанд хамааралтай зарим асуудал хангалтгүй дүгнэгдсэн талаарх нөхцөл байдлыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тус тус эрх бүхий албан тушаалтан олж мэдсэн гэж үзэх тул уг хугацаанаас хойш 2 сар гаруйн дараа тухайн зөрчлүүдэд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.
Мөн хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд хариуцагчийн “А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-нд тайлангаа хагас дутуу өгсөн тул дахин сайжруулж эцэслэн дүгнүүлэх үүрэг өгөхөд эргэж ирэлгүйгээр ээлжийн амралтаа авч явсан” гэх тайлбар үндэслэлтэй байх боловч үүнтэй нь холбогдуулан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны  үр дүн, мэргэшлийн түвшинг...зохих журмын  дагуу үнэлж дүгнэх”-ээр, 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг...төрийн албаны төв байгууллага тогтоох”-оор, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.4-т “Менежер нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 6.4.3. 70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “Хангалттай”, 7.1-д “С” буюу “Хангалттай” үнэлгээ авсан тохиолдолд цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны  сургалтад хамруулах”-аар, харин сахилгын шийтгэлийг  “0-60 хүртэл оноо авч “F” буюу “Хангалтгүй” үнэлгээ авсан  тохиолдолд ногдуулах”-аар тус тус зохицуулжээ.
 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд хариуцагч нь, нэхэмжлэгчийн  2018 оны 07 дугаар сарын 23-нд дутуу гаргаж өгсөн гэх тайланг хянаад 71.2 оноо, “С” буюу “Хангалттай” гэсэн үнэлгээг өгч дүнг баталгаажуулсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн  хагас дутуу гаргаж өгсөн /хариуцагч нь “бүрэн гаргасан бол 71.2-оос дээш оноо өгөх боломжтой байсан” гэдэг/ тайланг хариуцагчийн зүгээс хянаж зохих оноо, үнэлгээг өгснөөр түүний үр дагавар нь тухайн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах биш, дээрх журамд зааснаар “цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтад сургалтад хамруулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл болж байна.
Б. Байгууллагын мэдээллийн цагийг удаа дараа таслан албаны даргын хийх мэдээллийг хийгээгүй гэх зөрчлийн тухайд:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тус байгууллага нь Долоо хоногийн Даваа гараг бүрийн 8:00 цагаас “Мэдээллийн цаг” хийдэг, уг мэдээллийн цагаар тухайн долоо хоногт хийгдэх ажлууд болон цаг үеийн асуудлаар байгууллагын болон албадын дарга нараас холбогдох мэдээлэл хийдэг, тус байгууллага 2018 оны 01-06 дугаар сарын байдлаар  нийт 19 удаа “Мэдээллийн цаг”-ийг хийснээс нэхэмжлэгч А.Б 10 удаа тасалсан, үүнээс хамгийн сүүлийн байдлаар 06 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн “Мэдээллийн цаг”-ийг тасалсан, байгууллагын дарга тухайн “Мэдээллийн цаг”-т өөрөө суусан байх ба мөн оны 07, 08 дугаар саруудад ажилтнууд ээлжийн амралттай шалтгаанаар “Мэдээллийн цаг” хийгдээгүй болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь “Байгууллагын мэдээллийн цагийг удаа дараа таслан албаны даргын хийх мэдээллийг хийгээгүй” гэх зөрчлийг хамгийн сүүлийн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан улмаар эрх бүхий этгээд энэ өдрийн “Мэдээллийн цагт”-т сууснаар зөрчлийг тухайн үед нь олж мэдсэн гэж үзэх ба гэтэл уг зөрчилд холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар.../-аас/ илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
В. Байгууллагаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээг удаа дараа тасалсан гэх зөрчлийн тухайд:
Нэхэмжлэгч нь, хариуцагчаас тайлбарынхаа үндэслэлтэй холбогдуулан нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны “Олон нийтийн ажил, хог цэвэрлэгээнд оролцсон ирцийн бүртгэл”-д  тусгагдсан өөрт хамаарах мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй, тухайн ажлуудад оролцож байсан хэмээн маргасан ч үүнийгээ нотлоогүй болно.
Гэвч дээрх баримтад тусгагдсан  мэдээллээс  үзвэл нэхэмжлэгчийг 2018 оны 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 19, 25, 07 дугаар сарын 25, 09 дүгээр сарын 25-нд тус тус хийгдсэн цэвэрлэгээ болон олон нийтийн ажлыг тасалсан гэж тэмдэглэсэн байх ба эдгээрээс 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд хийгдсэн цэвэрлэгээг тус тус тасалсан гэх зөрчлүүдийн тухайд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа /илрүүлснээс хойш 1 сар/ нэгэнт өнгөрсөн, 09 дүгээр сарын 25-нд хийгдсэн байгууллагын орчин тойрны цэвэрлэгээг тасалсан гэх зөрчлийн хувьд уг маргаанд хамааралгүй өөрөөр хэлбэл тухайн асуудал нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан цаг хугацаанаас хойших асуудал байна.
Харин 07 дугаар сарын 25-нд хийгдсэн байгууллагын орчин тойрны цэвэрлэгээг тасалсан гэх үйл баримтын хувьд энэ нь тогтоогдож байх хэдий ч уг зөрчилд  холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах талаарх сонсох ажиллагааг хариуцагчийн зүгээс тухайлан явуулаагүй /хариуцагчаас гаргаж өгсөн сонсох ажиллагаа хийсэн гэх тэмдэглэлүүд нь тухайн зөрчлөөс өмнө хийгдсэн байдаг, хх-ийн 44-45 хуудас/  тодруулбал уг цэвэрлэгээг тасалсан шалтгаан нөхцөлийнх нь талаар нэхэмжлэгчээс тодруулж холбогдох тайлбар гаргах боломжийг олгох болон зөрчлийг шалган тогтоох ажиллагааг тус тус хийгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчид “байгууллагаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээг удаа дараа тасалсан” гэх зөрчилд холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.
Г. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, тайланг хянах ажилд хариуцлагагүй хандсан гэх зөрчлийн тухайд:
Хариуцагч нь дээрх зөрчлийн талаарх дэлгэрэнгүй тайлбартаа  “нэхэмжлэгчийг албаны даргын ажил үүрэгт хамаарах 2017 оны жилийн эцэс, 2018 оны хагас жил, 2018 оны 3 дугаар улирлын тайланг хянах үүргээ огт хэрэгжүүлээгүй хэмээн дурджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд тус байгууллагын  2017 оны жилийн эцсийн  тайлан, мэдээ 2017 оны 12 дугаар 25-ны дотор, 2018 оны хагас жилийн тайлан мэдээ мөн оны 06 дугаар сарын 10-даар гарч холбогдох байгууллагуудад хүргэгдсэн, 2018 оны 3 дугаар улирлын тайлан мэдээг нэгтгэн хянах цаг хугацаа болоогүй /улирлын тайлан мэдээ тухайн улирал бүрийн дараа сарын 10-нд гарч холбогдох байгууллагуудад хүргэгддэг бөгөөд албадын дарга нар тухайн хугацаанаас 14 хоногийн өмнө тайлан мэдээг нэгтгэж хянах үүрэгтэй, үүнээс үзвэл 3 дугаар улирлын тайлан мэдээ 10 дугаар сарын 10-нд хүргэгдэхээр байх ба уг хугацаанаас 14 хоногийн өмнө буюу 09 дүгээр сарын 26-наас өмнө тайланг мэдээг нэгтгэн хянахаар байна/ байгаа болох нь тогтоогдож байна.  
Дээрхээс үзвэл  нэхэмжлэгчийн 2017 оны жилийн эцэс болон 2018 оны хагас жилийн тайлан мэдээг хянаагүй гэх зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа /илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн/  өнгөрсөн,  2018 оны  3 дугаар улирлын тайлан мэдээг нэгтгэн хянаагүй гэх зөрчил нь тухайн маргаанд хамааралгүй буюу сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойших асуудал байх тул нэхэмжлэгчид Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, тайланг хянах ажилд хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн хууль бус байна.
-Нэхэмжлэгч А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 2018 оны ээлжийн амралтаа эдэлсэн  улмаар 08 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох хуваарьтай байсан ч мөн өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан  мөн хугацаанд буюу түүнийг эмнэлгийн чөлөөтэй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогдож байх боловч энэ нь түүний тайлбарт дурдсанчлан ажлын байр хэвээр хадгалагдах Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгалана”, 35.1.3-т “…эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэсэн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж ажлаас халагдсан буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албанаас  халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд хамаарна. Гэтэл энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан, чөлөөлсөн асуудал байхгүй түүнд сахилгын шийтгэл ногдуулсан боловч ажлын байр, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү зохицуулалт уг маргаанд хамааралгүй.
-Мөн хэрэгт авагдсан нотлох баримт  болон хэргийн оролцогчдын тайлбараар маргаан бүхий захиргааны актыг гаргах тухайн үед хариуцагчийн ээлжийн амралттай байх үе таарч байх боловч тэрээр амралтаа бүхэлд нь биечлэн эдлээгүй байгууллагын даргын үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна. Гэвч энэ нь “ээлжийн амралттай байх хугацаанд шийдвэр гаргасан гэж хариуцагчийг буруутгах түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
-Маргаан бүхий захиргааны акт нь төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварт тавигдах шаардлагыг хангасан байхын зэрэгцээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгээр гаргаж буй шийдвэр болохын хувьд захиргааны байгууллагын үйл ажиллагааны нийтлэг журмыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг бүхэлд хангасан байхыг дурдах нь зүйтэй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч А.Б нь маргаан бүхий захиргааны актад дурдагдсан зарим зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байх боловч тухайн зөрчлүүдэд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн болон 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “байгууллагын орчин тойрны цэвэрлэгээг тасалсан” гэх зөрчлийн шалтгаан нөхцөлийг нь шалган тогтоож, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй түүнчлэн зарим зөрчлүүдийн тухайд маргаан бүхий захиргааны актад хамааралгүй буюу тухайн захиргааны акт гарснаас хойших үйл баримтууд байгаа нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
    Иймд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр болох Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Харин маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч А.Бийн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 15 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн ч тухайн суутгал хийгдээгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Нэхэмжлэгч А.Б-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын  тухайд:
Дорноговь аймгийн Х газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “А.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/26 дугаар тушаалаар  Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн тус газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга /Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, экстейшний асуудал хариуцсан мэргэжилтэн/ А.Б-ийг “өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
    Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ “...чөлөөлөгдөх хүсэлт нь миний өөрийн сайн дурын хүсэл зориг биш, би тухайн үед 4 сартай жирэмсэн байсан,...удирдлагын зүгээс ажлаа өгөхийг ямар ч баримт нотолгоогүйгээр 3 удаа шаардаж байсан, байгууллагын удирдлагын зүй бус нөлөөллөөс шалтгаалан тухайн өргөдлийг өгөх болсон” гэж,  хариуцагч нь “жирэмсэн гэдгээ хэлээгүй бөгөөд мэдээгүй, ...удирдлагын зүгээс түүнийг дарамтлах, ажлаа өгөхийг шаардах зэрэг зүй бус ямар ч нөлөөлөл үзүүлээгүй, ...хүсэлтийг хэний ч дарамт шахалтгүйгээр өөрөө л гаргасан, чөлөөлөгдөх хүсэлт нь түүний ажлаа хийгээгүйтэй холбоотой” гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд нэхэмжлэгч А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус газрын дарга Ж.Бод хандан “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай” гэсэн гарчиг бүхий өргөдөл гаргасныг  мөн өдөр нь албан ёсоор бүртгэн авч, 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Дээр дурдсан “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай” өргөдлийг нэхэмжлэгч нь өөрөө биечлэн бичиж холбогдох этгээдэд өгсөн улмаар уг үйл баримттай нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй боловч зөвхөн энэхүү үйл баримтаар “нэхэмжлэгчийг төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна” гэж үзэх нь өрөөсгөл байна. Учир нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т  зааснаар “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” байх нь хэлбэрийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх нэг үндэслэл мөн боловч энэ нь зөвхөн өргөдөл бичиж өгснөөр хязгаарлагдахгүй тухайн этгээд нь уг өргөдлийг зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурынхаа үндсэн дээр гаргасан эсэхийг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн төрийн албан хаагчийн төрийн албанаас чөлөөлөгдөх болсон санаа зорилго нь ажил олгогчийн зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн ямар нэгэн оролцоогүйгээр зөвхөн өөрийнх нь сайн дурын үндсэн дээр үүссэн хүсэл зориг байхыг ойлгох юм.
Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл нь “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай” гэсэн гарчиг бүхий байх боловч доторх агуулгаас нь үзвэл нэхэмжлэгчийг “өөрийн сайн дураар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэл зоригтой байжээ” гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагчийн зүгээс “тухайн өргөдлийг нэхэмжлэгч өөрөө биечлэн бичиж өгсөн бөгөөд уг өргөдөлд дурдагдсан асуудлыг шалган тогтоох эрх хэмжээ ажил олгогчид байхгүй, нэгэнт өөрөө бичиж өгсөн тул шалган тогтоох ч шаардлагагүй” хэмээн тайлбарласан улмаар хариуцагч албан тушаалтны тухайд энэхүү тайлбарт дурдсанчлан тухайн өргөдөлд дурдагдсан өөрт хамааралтай асуудлыг шалган тогтоох эрх хэмжээ байхгүй хэдий ч уг өргөдлийг үндэслэн нэхэмжлэгчийг шууд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь захиргааны үйл ажиллагаанд заавал баримтлавал зохих Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.
Тухайлбал, уг өргөдөлд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр төрийн албанаас чөлөөлөгдөх гэж байгаа талаар дурдаагүй, харин ч тодорхой шалтгааны улмаас буюу тодруулбал төрийн албан хаагчийн хувьд албан тушаалтны шударга бус явдалтай эвлэршгүй байх үүргээ хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллагын удирдлагыг шударга бус ажиллаж байна гэсэн үзэл бодлоосоо хамааралтайгаар төрийн албанаас чөлөөлөгдөх болж байгаагаа өргөдөлд тодорхой дурдсаар байтал  “өөрөө хүсэлтээ бичиж өгсөн” гэх зөвхөн тэр үйлдэлд нь хэлбэр төдий хандаж шууд чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь дээр дурдсанаар “бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчмыг хангаж чадахгүй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь “ажил олгогчийн зүй бус нөлөөлөл, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тийм нөхцөл байдал ч тогтоогдоогүй” хэмээн маргаж байх боловч нэхэмжлэгчийн төрийн албанаас чөлөөлөгдөх болсон санаа зорилго нь түүний сайн дурын хүсэл зоригоор биш харин тодорхой шалтгаануудын улмаас үүссэн нь өргөдөлд дурдагдсанаар буюу  тухайн өргөдлөөс нэгэнт тодорхой харагдаж байх тул уг өргөдөлд дурдагдсан асуудлууд үндэслэлтэй эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагагүй.
Тодруулбал, өргөдөлд дурдагдсан үйл баримтууд үндэслэлтэй эсэхийг дараа нь тогтоохоос үл хамааран нэхэмжлэгчийн төрийн албанаас чөлөөлөгдөх гэсэн  хүсэл зориг тухайн үед түүний өөрийнх нь, сайн дурынх байсан эсэх л энэхүү маргаанд ач холбогдолтой. Иймээс нэхэмжлэгчийн “төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай” өргөдөл бичиж өгснийг нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасны дагуу “өөрийн санаачилгаар” төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан  гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийн “чөлөөлөгдөх хүсэлт нь миний өөрийн сайн дурын хүсэл зориг биш байсан” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд улмаар маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Гурав. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч А.Б, өөрийг нь төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах талаарх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагыг дагалдуулан гаргасан, шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр түүний төрийн алба хаах эрх сэргээгдэх хэдий ч урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг гарах тухайн үед аймгийн Х газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний алба нь бүтэц зохион байгуулалтын хувьд нийт 4 буюу,
- Хүнсний үйлдвэрлэл технологи, худалдаа, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн,
- Газар тариалангийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн,
- Жижиг  дунд  үйлдвэр, сум хөгжүүлэх сан, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
- Жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, экстейшин хариуцсан мэргэжилтэн бөгөөд албаны дарга гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан байх боловч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Аймгуудын Х газрын бүтэц, орон тоо батлах тухай” А-209 дүгээр тушаал /8 дугаар хавсралт/-аар  Дорноговь аймгийн Х газрын бүтэц орон тоо бүгд 19, үүний дотор Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны орон тоо нийт 3 байхаар баталсан ингэхдээ албаны даргын албан тушаал /ажлын байр/-ын орон тоо гэж тусгайлан батлаагүй тухайн нэгжийн аль нэг мэргэжилтний чиг үүрэгт хамаарах асуудлыг давхар хариуцахаар тусгажээ.
Мөн хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”-оор заасан эрхийнхээ дагуу сайдын дээрх тушаалыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар  тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, уг тушаалыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс миний урьд эрхэлж байсан албаны даргын орон тоо хасагдаагүй шинээр батлагдсан бүтцэд байгаа тул урьд эрхэлж байсан албаны дарга бөгөөд шинэ бүтцээр “Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуй үйлчилгээний чиг үүргийг хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй хэмээн маргаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/209 дүгээр тушаалын 8 дугаар хавсралт дахь албан тушаалын нэрийн жагсаалтаас  үзвэл тус албаны бүтцэд “Албаны дарга” гэсэн албан тушаалын нэр байх боловч уг албан тушаалын орон тоо тусгайлан батлагдаагүй зөвхөн 3 төрлийн чиг үүрэг хариуцсан, 3 мэргэжилтний орон тоо батлагдсан байх ба албаны даргын үүргийг эдгээр мэргэжилтний аль нэг нь давхар гүйцэтгэхээр тусгагджээ. Өөрөөр хэлбэл албаны даргын орон тоог шинэ бүтцээр батлагдсан 3 төрлийн чиг үүрэг хариуцсан мэргэжилтний орон тооноос тусад нь авч үзэх боломжгүй, зайлшгүй эдгээр мэргэжилтнүүдийн аль нэг л албаны даргын үүргийг давхар хариуцах боломжтой байна.
    Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь албаны даргаас гадна тус албаны жижиг дунд үйлдвэр,  хоршоо, бирж, экстейшиний асуудлыг хариуцсан мэргэжилтний чиг үүргийг давхар хэрэгжүүлж байсан  хэдий ч түүнийг урьд эрхэлж байсан гэдгээр шинээр бүтцээр “Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуй үйлчилгээний чиг үүрэг” хариуцах болсон мэргэжилтэн бөгөөд албаны даргын албан тушаалд шууд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.
Учир нь тус албаны өмнөх болон 2019 оны байдлаарх бүтэц орон тоог харьцуулан үзэхэд:
Нэхэмжлэгчийн чөлөөлөгдөх үеийн  бүтэц орон тоо: Нийт – 4,    2019 оны байдлаарх бүтэц орон тоо:
Нийт -3,

1. Хүнсний үйлдвэрлэл технологи, худалдаа нийтийн хоолны асуудал хариуцсан мэргэжилтэн - /Ч.Алимаа/


2. Газар тариалангийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн /С.Энх-Амгалан/

 

3. Албаны дарга /Жижиг дунд үйлдвэр,  хоршоо, бирж, экстейшны асуудал хариуцсан мэргэжилтэн-А.Б/

4. Жижиг дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сан, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн /Б.Н/

/Маргаан бүхий захиргааны акт гарах үед Б.Н нь жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан/

    
1. Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн -/Ч.Алимаа/

2.Газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийн асуудал хариуцсан, мэргэжилтэн /С.Энх-Амгалан/

 


3. Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн


 /Энэ үед А.Б чөлөөлөгдсөн байсан бөгөөд Б.Н 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эргэн ажилдаа орох хүсэлт гаргаснаар түүнийг өмнөх албан тушаалд нь томилж  улмаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ бүтцийн дагуу батлагдсан дээрх албан тушаалд томилсон

нэхэмжлэгчийн урьд давхар эрхэлж байсан жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, экстейшиний асуудал хариуцсан мэргэжилтний зарим чиг үүрэг /бирж, экстейшн/ шинэ бүтцээр хасагдаж, үлдсэн чиг үүрэг нь өөр орон тоонд хамаарах /Б.Н-ийн эрхэлж байсан Жижиг дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сан, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн/ “жижиг дунд үйлдвэр, ахуй үйлчилгээн”-ний чиг үүрэгтэй нэгтгэгдэх замаар  буюу өмнө нь хоёр орон тоогоор хэрэгжүүлж байсан чиг үүргүүд шинэ бүтцээр нэг орон тоогоор хэрэгжүүлэхээр болж батлагдсан байх тул нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан “Жижиг дунд үйлдвэр, хоршоо, бирж, экстейшиний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог 2019 оны шинэ бүтцэд хэвээр байгаа гэж үзэх боломжгүй, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоог цөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
    Дээр дурдсан нөхцөл байдлуудаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо цөөрсөн болох нь тогтоогдож байх тул тухайн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”-аар зааснаар жижиг дунд үйлдвэр хариуцсан хоёр мэргэжилтний хэн алиныг шинэ бүтцээр батлагдсан нэг орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулахыг томилох эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр байна. Өөрөөр хэлбэл тус албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдон үүссэн энэхүү нөхцөл байдлыг хэрхэн яаж шийдвэрлэх нь эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн  асуудал тул шүүх нэхэмжлэгчийг шинэ бүтцээр батлагдсан Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний буюу албаны даргын албан тушаалд шууд эгүүлэн тогтоож шийдвэрлэх боломжгүй байна.
-Мөн жижиг дунд үйлдвэр хариуцсан 2 мэргэжилтний “Ажлын байрны  тодорхойлолт”-оос  харахад тухайн чиг үүргийн 50%-ийг А.Б, 20%-ийг Б.Н хийж гүйцэтгэж байсан нөхцөл байдал тогтоогдож байх боловч орон тоо цөөрсөнтэй холбогдуулан авах арга хэмжээ нь нэгэнт эрх бүхий албан тушаалтны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд тухайн албан тушаалтнаас уг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн болон  хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлаар шүүхэд тухайлан нэхэмжлэл гаргасан  нөхцөл байдал байхгүй энэ тохиолдолд шүүх хоёр мэргэжилтний хэн алиныг үргэлжлүүлэн ажиллуулах нь үндэслэлтэй эсэх асуудлаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
    Иймд нэхэмжлэгчийн, тус газрын Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны дарга бөгөөд Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох /2-р хх-ийн 28-р хуудас/ шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дөрөв. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар...зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, .../-ыг/ олгоно” гэж зааснаас үзвэл “ажилгүй байсан хугацааны цалинг” урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд олгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч А.Б-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх боломжгүй байх тул түүнд “ажилгүй байсан хугацааны цалин” гэж олгогдох үндэслэлгүй.
Гэвч А.Б-ийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх сэргээгдэх ба ингэхдээ тус газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр урьд эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болох  буюу /шинэ бүтэц, орон тоо баталсан шийдвэр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн  ч  Б.Н тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан тул цөөрсөн 1 орон тоонд нэхэмжлэгч ажиллаж байх боломжтой бөгөөд харин 2019 оны 02 дугар сарын 01-ний өдөр Б.Н ажилдаа эргэн орсноор  тус албанд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу орон тоо нь цөөрсөн албан тушаалыг эрхэлж буй 2 албан хаагчаас хэн нэгнийг нь сонгон шалгаруулж авах нөхцөл байдал үүснэ/ Б.Нг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар сэргэхээр байх тул нэхэмжлэгч нь энэ хугацааны төрийн албан хаагчийн цалин хөлсийг авах эрхтэй байсан. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын улмаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг авах боломжийг алдаж хохирсон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”  гэж зааснаар  маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлсийг холбогдох байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага тухайн хохирол гаргуулснаар хангагдана гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хохирлыг хэрэгт нотлох баримтаар авагдсан цалингийн жагсаалт, холбогдох бусад баримтуудад  үндэслэн тодорхойлсноор 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын нийт 76 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хохирол 2,216,236.00 төгрөгийг холбогдох байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Тав. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
    Нэхэмжлэгч А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан энэ хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллагаас тус тус авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна.
Өмнө  дурдсанаар маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хохирол учирсан гэж үзэж тухайн хохирлыг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн дээрх шаардлагын тухайд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 сарын 29-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага нь ажил олгогчоос 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хохирлыг гаргуулснаар хамтатган хангагдахаар байх тул уг шаардлагыг тусгайлан хангах шаардлагагүй гэж үзэв.
Харин дээрх шаардлагын үлдэх хэсэг болох 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх шаардлагын тухайд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7/-д зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны шимтгэлийг байгууллагаас төлсөн тохиолдолд уг хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байх боловч “Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, зөвлөмж”-д зааснаар “Даатгуулагч 1 сараас дээш хугацаагаар эмнэлгийн хуудсаар тэтгэмж авсан тохиолдолд уг хугацааны шимтгэлийг ажил олгогчийн төлөх хувиар тооцож санд төлүүлэх”-ээр байх тул уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.
Иймд “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх” шаардлагын зарим хэсэг болох “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх” хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүхээс, маргаан бүхий ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байсан Б.Нг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж  шийдвэрлэсэн болно.
 
Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж 2 хавтас баримт “2017, 2018 оны Хяналт шинжилгээ, үнэлгээний багц тайлан”-ыг аймгийн Х газраас эх хувиар нь гаргуулан авахуулсан боловч тэдгээр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон тухайн маргаанд ямар хамааралтай, ач холбогдолтой болох талаар үндэслэл, тайлбараа гаргаагүй тул тухайн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7,106.3.13-т заасныг удирдлага болгон