Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0700/З |
Дугаар | 221/МА2023/0017 |
Огноо | 2022-12-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2023/0017
|
|
|
“УТ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч:Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Л.Н, Ш.Э нар,
Нэхэмжлэгч: “УТ” ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 736 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Л.Н, Ш.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.Д нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0700/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 736 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “УТ” ХХК-иас Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарт холбогдуулан гаргасан “2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган актаар тогтоосон 673,200,000 төгрөгийн төлбөрийг хэмжээг 354,570,000 төгрөгөөр багасгаж 318,630,000 төгрөгөөр тогтоож ” шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга:
2.1.Захиргааны байгууллага шүүхээс хугацаа олгож түдгэлзүүлсэн захиргааны актаас өөр хэлбэрийн шийдвэр гаргах эрх хэмжээгүй тул ЗЕХ-ын 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт мөн юм.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө "УТ" ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын үйлдсэн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдолтой хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 04650 дугаартай шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасны дагуу гурван сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж заасны дагуу Зөрчлийн эрх бүхий албан тушаалтын хувьд гаргасан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүн гаргасан шийтгэлийн хуудасны биелэлтийг шүүхээс гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд хугацаа тогтоож, түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Тус хугацаанд тухайн ажиллагааг дахин явуулах боломжийг хариуцагч болох зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд "шийтгэлийн хуудас"-ийг дахин гаргах боломжийг олгож байна. Гэтэл хариуцагч дахин акт гарах ажиллагааг явуулахдаа өмнө түдгэлзсэн шийтгэлийн хуудсыг гаргасан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж дахин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2.1.Зөрчил үйлдсэн хүн. хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна" гэж заасан тус хэлбэрийн захиргааны актыг дахин гаргах эрхтэй. Харин Татварын ерөнхий хуулийн 9-р бүлэг заасан татварын хяналт шалгалтын ажиллагааг явуулж татварын улсын байцаагчийн хувьд 6.1.14. нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг гэж заасан нөхөн ногдуулалтын акт гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхээс түдгэлзүүлсэн актаас өөр хэлбэрийн акт гаргах эрх хэмжээ захиргааны байгууллагад байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасан илт хууль бус актын шинжийг аль алийг хангана. Иймд нэхэмжлэгч энэ акттай дахин маргахдаа өмнө явагдаж байсан гомдлоор хянан шийдвэрлэх ажиллагаа" бус шинээр урьд шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэл гаргах байдлаар өөр журмаар дахин маргах болж байна.
2.2.Захиргааны байгууллага газрын төлбөр ногдуулах үүрэгтэй бол нэхэмжлэгч нь ногдуулсан төлбөрийг төлөх үүрэгтэй тухайд:
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ нь төлбөр ногдуулах үүрэгтэй. Бид газар ашиглах хугацаандаа Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай 2013, 2015 онуудад тооцоо нийлж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдэгдэл 6,600,000 төгрөг гэж акт үйлдсэн. Энэ талаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 19/1147 дугаартай албан бичгээр ... газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөр төлж тус албатай 2013 он, 2015 онд тооцоо нийлсэн акт үйлдэж байсан" гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байдаг.
Гэвч дээрх үйл баримтыг анхан шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, "2014.07.22-2014.12.31-ний өдрийн хугацаанд ногдох 52,470,000, 2015 оны 100,550,000 төгрөг" гэж дүгнэснээрээ тухайн үед 6,600,000 төгрөгөөр тооцоо нийлсэн акт үйлдсэнийг анхан шатны шүүхээс үгүйсгээгүй, түүнийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь гэрээ байгуулаагүй тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэсэн боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар газрын төлбөр өөрчлөгдсөн тохиолдолд газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж, 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлэх нь Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага буюу тухайн үед Өмч, газрын харилцааны албаны үүрэг байсан. Үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйн төлөө газар ашиглагчаар нэмэгдүүлсэн төлбөр төлүүлэх нь илт хууль бус, илэрхий алдаатай байна. Нэхэмжлэгч "УТ” ХХК нь газрын төлбөрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ногдуулсан төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд газар ашиглах эрх дуусгавар болсны дараа газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тогтоосон маргаан бүхий улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
2.3.Маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлгүй эрх зүйн хэм хэмжээнд үндэслэж гарсан тухайд:
Татварын улсын байцаагчид нь нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг Хан-Уул дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16/1967 дугаартай албан бичигт үндэслэсэн гэж тайлбарладаг. Тус албан бичигт Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээг түр тогтоох тухай "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 6 дугаар сарын 29-ний 4/21 дүгээр тогтоолоор 2012-2016 онуудын газрын төлбөрийн ногдуулалтыг тооцсон... " байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас ирүүлсэн тайлбар, холбогдох нотлох баримтаар "...нийслэл дэх Төрийн аудитын газрын шалгалтаар зөрчил арилгуулах тухай албан шаардлага ирүүлсэн" гэсэн боловч тухайн шаардлага нь эрх зүйн үйлчлэлгүй байсан. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.
Мөн газрын төлбөрийн итгэлцүүр хэрэглэх, газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг.
Гэвч анхан шатны шүүх ".. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4/21 дүгээр тогтоолоор бүсчлэл батлагдсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 2 дугаар улирал дуусталх хугацааны хувьд ... бүсчлэлийн дагуу төлбөр ногдуулсныг буруутгах боломжгүй" гэж дүгнэсэн. Бид газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг төрийн эрх бүхий байгууллагад удаа дараа гаргаж байсан боловч хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй тул нэхэмжлэгчийг гэрээ байгуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
Газар ашиглагчийн “төлбөл зохих газрын төлбөр"-ийн хэмжээ нь эрх бүхий захиргааны байгууллага болон газар ашиглагчийн хооронд байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр тодорхойлогдохоор байхад хариуцагч татварын улсын байцаагч нар нь газрын төлбөрийн ногдлыг зөв тодорхойлсон эсэхэд хяналт тавьж хариуцлагыг газар ашиглагчид ногдуулсан нь хууль тогтоомжид нийцээгүй. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар холбогдох газрын алба нь газрын төлбөрийн хэмжээг хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр тооцож, гэрээнд тусгуулах үүрэгтэй байхад энэхүү үүргийг газар ашиглагч хүлээх мэтээр тайлбарлах эрх зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар дээрх НИТХ-ын 2005 оны 4/21 тогтоолын эрх зүйн үйлчлэлийг тодруулсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 03/611 дугаартай албан бичгээр "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 6 сарын 29-ний өдрийн "Нийслэлийн нутаг дэвсгэртийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээг түр тогтоох тухай" 4/21 дүгээр тогтоол нь хүчингүй болсон байна" гэж хариу ирүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай" 5/39 тоот тогтоолын 6-д "Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4/21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байдаг. Уг тогтоол нь нэхэмжлэгчийн газар ашиглах хугацаанд хамаардаг. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд "Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "сум, дүүргийн" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж өөрчилсөн" байдаг.
Нэхэмжлэгчийн газар ашиглах хугацаанд хуулийн дээрх өөрчлөлт ороогүй байсан. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд заасан тул маргаан бүхий захиргааны актаар 2012-2016 оны 2 дугаар улирал хүртэлх хугацааны газрын төлбөрийг тооцохдоо НИТХ-ын 2005 оны 4/21 дүгээр тогтоолыг үндэслэсэн нь илэрхий алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар илт хууль бус захиргааны акт байна.
2.4.Нөхөн ногдуулалтын акт үйлдэх хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлгүй тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 04650 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын үйлдсэн 232201790 дугаартай шийтгэлийн хуудасны эрх зүйн үйлчлэлийг гурван сараар түдгэлзүүлж, шинэ акт гаргахыг даалгасан. Ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 232201790 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохоор, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохоор тус тус шийдвэрлэсэн. Маргаан бүхий захиргааны акт нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НА-23210000134 дугаартайгаар үйлдэгдсэн байдаг. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нийтээр амрах амралтын өдрүүд 1-ийг оруулан тооцоход 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө давж заалдах гомдол гаргах эрх нь нэхэмжлэгч болон хариуцагчид байсан. Гэвч хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тул 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 04650 дугаартай шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш шүүхийн шийдвэрт заасан гурван сарын хугацааг тоолоход 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болдог.
Гэвч анхан шатны шүүх дээрх шийдвэрийг хариуцагч нар гардаж авсан өдрөөс хойш хугацааг тоолно гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан, шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг анхаарч үзээгүй. Мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, гардан авна.", 113.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйн гэж заасныг тус тус зөрчиж, зөрчлийн хэрэгт холбогдох шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
2.5.Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан нөхөн татвар нь 2012-2016 оны 2 дугаар улирал дуусталх хугацаанд хамаардаг. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ" гэж заасан. Анхан шатны шүүх төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ ....212,420,000 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох торгууль 63,726,000 төгрөг алданги 42,484,000 төгрөг..." гэж торгууль, алдангийг өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулаагүй. Тодруулбал, 2015 оны өршөөл үзүүлэх хууль нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан тул мөн өдрөөс өмнөх торгууль, алдангийг хасаж тооцох эрх зүйн үндэслэлтэй байсан. Иймд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0736 дугаартай шийдвэрээр тогтоосон 318,630,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1.“УТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0736 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /17 дахь дугаарт/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасны дагуу маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрийг 354,570,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн нь харин ч эсрэгээрээ хэрэгжихээр байна.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана", 42.1. Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ" гэж заасны дагуу татварын улсын байцаагч тус компанийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, зөрчил илэрсэн тохиолдолд нөхөн ногдуулалтын актаар хариуцлага тооцох эрхтэй болохыг хуульчилсан нь тухайн компанийн хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэлгүй гэснийг үгүйсгэж байна. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахыг шаардаагүй, харин илт хууль бусад тооцуулахыг шаардсан, түүнчлэн илт хууль бус үндэслэлээр маргаж байхад хууль бус үндэслэлээр актын төлбөрийг бууруулж байгаа нь маргааны үйл баримттай нийцэхгүй байна.
3.2.Газрын төлбөрийн тухай хууль, 1997 оны Засгийн Газрын 152 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2005 онд 4/21 тоот тогтоолоор нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөр тогтоох хэмжээг тогтоосон байдаг. Энэхүү хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрийг тооцон төлөх, төлүүлэх харилцаа хэрэгжих ёстой. Гэтэл шүүхээс Хан-уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай, газрын хамгаалалтын захиргааны дарга болон “УТ” ХХК-тай байгуулсан 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаартай газар ашиглах гэрээнд төлбөрийн хэмжээг 26,400,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хууль тогтоомжоос давуу байдал бий болгосон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болж байна.
3.3.Хан-уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга болон УТ ХХК-тай байгуулсан 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаартай газар ашиглах гэрээгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1-р зүйлд заасан "Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино." Гэснийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх үүргийг тохиролцсон байх бөгөөд энэхүү гэрээгээр газрын төлбөрийг тохиролцох хуульд зааснаас өөрөөр тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй байна.Өөрөөр хэлбэл уг гэрээ нь хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар газрын төлбөр төлөх харилцааг буюу газрын төлбөрийн үнэлгээг 2 тал тохиролцон төлөх талаар эрхийг олгоогүй байхад улсад төлөх газрын төлбөрийн хэмжээг бууруулан тогтоож гэрээгээр талсан нь татвар төлөгчийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй юм. Татварын ерөнхий хуулийн 4.1.Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй, 7.1. Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ, 7.2.18.газрын төлбөр, 6.1.36. "төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.” гэж зааснаас үзвэл газрын төлбөрийг хууль тогтоомжид зааснаар төлөх эрх зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл Хан-уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга болон УТ ХХК-тай байгуулсан 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаартай газар ашиглах гэрээгээр газрын төлбөрийг тогтоодоггүй болох нь нотлогдож байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч талуудаас давж заалдах гомдол гаргасан тул бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэг.”Шүүхийн шийдвэрт заасан шинэ акт гаргах хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын тухайд:
1.Нэхэмжлэгч “УТ” ХХК-иас “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарт холбогдуулан гаргажээ.
2.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар[1] нэхэмжлэгч “УТ” ХХК-ийн 2021 оноос 2016 оны хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 448,800,000 төгрөгийн нөхөн татвар, 134,640,000 төгрөгийн торгууль, 89,760,000 төгрөгийн алданги, нийт 673,200,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
3.Анх Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дүгээр шийтгэлийн хуудсаар[2] “УТ” ХХК-д 211,200,000 төгрөг, 2013 онд 211,200,000 төгрөг, 2014 онд 230,000,000 төгрөг, 2015 онд 294,644,500 төгрөг, нийт 1,226,158,500 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500 төгрөгийн нөхөн төлбөр, нөхөн төлбөрийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 367,847,550 төгрөгийн торгууль ногдуулжээ.
4.Тус шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч “УТ” ХХК-иас эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 460 дугаар шийдвэрээр[3] хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дүгээр шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
5.Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, харин хариуцагч талаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан[4] бөгөөд хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:”, 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй”, 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.”, 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасан.
7.Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 460 дугаар шийдвэр нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж, ийнхүү хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хариуцагч нараас дахин шинэ актыг буюу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасныг шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүхийн маргаан бүхий актын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэлтэй холбоотой гаргасан дүгнэлт Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4-д заасантай нийцсэн, зөв дүгнэлт байгааг дурдах нь зүйтэй.
8.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүхийн шийдвэрт заасан шинэ акт гаргах хугацааг хэтрүүлсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нөхөн ногдуулалтын акт үйлдэх хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Хоёр.”Шүүхээс шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн байхад хариуцагчаас шинэ акт гаргахдаа нөхөн ногдуулалтын акт гаргах чиг үүрэггүй, нөхөн ногдуулалтын акт илт хууль бус” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын тухайд:
9.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.”,
42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, ... үйлдэх ...”,
79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ... нөхөн ногдуулалтын акт, ... үйлдэн баталгаажуулна.”,
79 дүгээр зүйлийн 79.4-т “Энэ хуулийн 79.1-д заасан баримт бичгийг дараах үндэслэл, журмын дагуу үйлдэнэ:”, 79.4.3-д “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус заасан.
10.Хуулийн эдгээр заалтыг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн томилолтоор нэхэмжлэгч компанийн 2012 оноос 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчлийг илрүүлж, улмаар төлбөр төлүүлэхээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргасныг шүүхийн шийдвэрт зааснаас өөр акт гаргасан бөгөөд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар нөхөн ногдуулалтын акт гаргасан, нэхэмжлэгч компанийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх хуульд заасан үндэслэл байгаагүй гэж хариуцагч улсын байцаагч нарыг шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.
11.Иймээс “шүүхээс түдгэлзүүлсэн актаас өөр хэлбэрийн акт гаргах эрх хэмжээ захиргааны байгууллагад байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, илт хууль бус актын шинжийг аль алийг хангана” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Гурав.”Захиргааны байгууллагаас ногдуулсан газрын төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй, акт нь эрх зүйн үйлчлэлгүй эрх зүйн хэм хэмжээнд үндэслэж гарсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол, мөн “газрын төлбөрийн хэмжээг гэрээгээр бус хуулиар тогтоодог” гэх хариуцагч нарын гомдлын тухайд:
12.Нэхэмжлэгч “УТ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газарт тусгай хамгаалалттай газар нутгийн “Богины ам” нэртэй 30.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ашиглаж байсан[5] бөгөөд түүний газар ашиглах эрх нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болжээ[6].
13.Нэхэмжлэгч компани нь газар ашиглах хугацаандаа Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны дарга нартай 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 797 дугаар гэрээг[7] байгуулж, тус гэрээний 1 дүгээр зүйлийн 6-д газрын төлбөрийн хэмжээг 26,400,000 төгрөгөөр тогтоосон.
Үүний дагуу нэхэмжлэгчээс 2011, 2012, 2013 онуудад тус бүр 26,400,000 төгрөг, 2014 онд 14,750,000 төгрөг, 2015 онд 18,250,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож[8] байна.
14.Үүний дараа нэхэмжлэгч компаниас Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/180 дугаар гэрээг[9] байгуулж, гэрээний 2.4.б-д газрын төлбөр 122,760,000 төгрөг байхаар заажээ.
15.Хариуцагч нараас Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16/1967 албан бичгээр[10] “нэхэмжлэгч компанийн 2012-2016 оны төлөх газрын төлбөрийн тооцоолол”-ыг хариуцагч нарт хүргүүлснийг үндэслэн газрын төлбөрийн тооцооллыг хийж, маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийг тусгай хамгаалалттай газрыг 2012-2016 онд ашиглах хугацаандаа газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчлийг гаргасан гэж үзжээ.
16.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..., дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:” мөн хэсгийн 2-т “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж заасан.
17.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ.”, 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:” 7.2.18.газрын төлбөр”,
Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна.”, 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно.”,
Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.22-т “Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын төлбөр төлөгчийн, газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл, газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн болон газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулалттай холбоотой мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албатай харилцан мэдээлэл солилцоно.” гэж тус тус заажээ.
18.Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна”,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”,
Дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно”,
Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийг Засаг даргатай байгуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан.
19.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь тусгай хамгаалалттай газрыг ашиглах хугацаандаа нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тогтоолоор тогтоосон итгэлцүүр, үнэлгээг гурав дахин өсгөж газрын төлбөрийг тооцож төлөх үүрэгтэй, мөн уг газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тогтоож газар ашиглах гэрээнд тусгахаар заасан, харин хуулиар газрын төлбөр төлөх харилцааг буюу газрын төлбөрийн үнэлгээг газар ашиглуулагч, газар ашиглагч 2 тал тохиролцон гэрээгээр тогтоох, гэрээгээр газрын төлбөрийн хэмжээг бууруулан тогтоож, төлөх талаар эрх хэмжээ олгоогүй.
20.Нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээг хуулийн дагуу газрын төлбөр тогтоох эрхтэй этгээдээс тогтоосон үнэлгээнээс бууруулан тогтоосон хэмжээгээр нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлж байсан зөрчлийг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн талаарх мэдээллийг үндэслэн шалган тогтоосон татварын улсын байцаагч нарын үйлдлийг нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэлээр илт хууль бус гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
21.Тодруулбал, газрын төлбөрийг хуулиар эрх олгосон этгээдээс тогтоосноос бууруулан гэрээгээр тогтоосон үйлдэл нь тухайн асуудлыг хариуцсан газар зохион байгуулагчийн буруутай үйлдэл боловч нэхэмжлэгч компанийг хуулиар тогтоосон хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Цаашлаад тусгай хамгаалалттай газар нутагт газрын төлбөрийг хуулиар тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй бусад газар ашиглагч нараас нэхэмжлэгч компани нь давуу эрхтэйгээр хуулиар тогтоосон хэмжээнээс бууруулан газрын төлбөрийг төлөх эрх эдлэхгүй тул хуулийн дагуу дутуу төлсөн газрын төлбөрийг нөхөн ногдуулж төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч нарын үйлдлийг илт хууль бус, илэрхий алдаатай гэж шүүхээс буруутгах үндэслэлгүй.
Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4/21 тогтоолыг хүчингүй болгосон мөн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн бөгөөд захиргаанаас дахин шинэ акт гараагүй бол уг акт хүчингүй болохоор хуульд заасны уг 5/39 тогтоол хүчингүй болсон байх тул 2005 оны 4/21 тогтоолын үйлчлэл хэвээр гэж үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4/21 тогтоолыг хүчингүй болгосон талаарх лавлагаа нь тус тогтоолыг баталсан этгээдээс аваагүй, ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар дурдаагүй байх тул шүүхээс түүнийг үнэлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
22.Иймээс хариуцагч улсын байцаагч нарын “...шүүхээс ...газар ашиглах гэрээнд төлбөрийн хэмжээг 26,400,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хууль тогтоомжоос давуу байдал бий болгосон, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болж байна,... гэрээгээр газрын төлбөрийг тохиролцох хуульд зааснаас өөрөөр тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй, уг гэрээ нь хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар газрын төлбөр төлөх харилцааг буюу газрын төлбөрийн үнэлгээг 2 тал тохиролцон төлөх талаар эрхийг олгоогүй байхад улсад төлөх газрын төлбөрийн хэмжээг бууруулан тогтоож гэрээгээр төлсөн нь татвар төлөгчийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс уг гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
23.Харин энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж, 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлэх нь газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага буюу тухай үед өмч, газрын харилцааны албаны үүрэг байсан. Үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйн төлөө газар ашиглагчаар нэмэгдүүлсэн төлбөр төлүүлэх нь илт хууль бус, илэрхий алдаатай, ...НИТХ-ын 2005 оны 4/21 тогтоолыг үндэслэсэн нь илэрхий алдаатай, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39 тогтоолын 6-д 4/21-ийг хүчингүй болсонд тооцсон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар илт хууль бус захиргааны акт гэж үзнэ” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
24.Үүний учир анхан шатны шүүхийн шийдвэрээр “...маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрөөс нэхэмжлэгчийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний хугацаа /2009-2014/ буюу 2012.01.01-2014.07.22-ны өдрийн хугацаанд ногдуулсан /2012-92,400,000, 2013-92,400,000, 2014.07.22-51,580,000, нийт 236,380,000 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох торгууль 70,914,000, алданги 47,276,000/ 325,570,000 төгрөгийн төлбөрийг багасгаж” шийдвэрлэсэн нь хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” агуулга бүхий өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
25.Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд тусгай хамгаалалттай газрыг ашиглаж байсан гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг 2012 оноос 2016 оны 2 дугаар улирал хүртэлх хугацааны газрын төлбөрийг дутуу төлсөн гэж үзсэн байх тул газар ашиглах эрх дуусгавар болсны дараах газрын төлбөрийг төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт гарсан гэж үзэхээргүй байна.
26.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч нь газрын төлбөрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ногдуулсан төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд газар ашиглах эрх дуусгавар болсны дараа газрын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тогтоосон маргаан бүхий улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дөрөв.“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэлтэй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын тухайд:
27.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ..., захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заасан.
28.Иймд “...торгууль, алдангийг өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах үндэслэлтэй” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч маргаан бүхий актаар ногдуулсан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд хамаарах торгууль, алдангийг өршөөлд хамруулж, үлдэх төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 736 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.2, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Уолд трэвел” ХХК-иас Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.Э, Л.Н нарын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай НА-23210000134 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Уолд трэвел” ХХК-д ногдуулсан төлбөрөөс 2012-2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх зөрчилд хамаарах торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, мөн шийдвэрийн Тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Ш.Э, Л.Н нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 23-26 дахь тал
[2] Хэргийн 2-р хавтас 106-107 дахь тал
[3] 128/2018/0135/З индекстэй захиргааны хэргийн 2-р хавтас 175-187 дахь тал
[4] 128/2018/0135/З индекстэй захиргааны хэргийн 3-р хавтас 188 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 15-17 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 169 дэх тал
[7] Хэргийн 1-р хавтас 15-21 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 169-171 дэх тал
[9] Хэргийн 2-р хавтас 19-21 дэх тал
[10] Хэргийн 1-р хавтас 169-171 дэх тал