Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Н овогт Тн Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Тн Ө нь Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “...” ХХК-д борлуулагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Мыг “хоол түлсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны баруун хэсэг, хөмсөг, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун бугалгын дотор доод хэсэг, гадна доод хэсгээс шууны дээд хэсэг хүрсэн, шууны дотор дээд хэсэг, доод хэсэг, гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Өээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:

1. Хохирогч Э.Мы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би ... тоот гэртээ байж байхад орой 19 цагийн орчимд нөхөр Т.Ө нь согтуу орж ирсэн. Тухайн үед би хоол хийж байсан ба нөхөр Ө “хоол түлсэн байна” гэсэн шалтгаанаар надтай хэрүүл маргаан үүсгэж, харин би хариу хэрэлдэж, маргалдсан. Тэр үед манай нөхөр миний баруун талын хацар руу нэг удаа, дахин зүүн талын хацар руу нэг удаа, дахиад баруун хацар руу нэг удаа нийт 3 удаа алгадсан. Түүний дараа намайг үсдэж газраар чирч, хоолой боосон. Би гэрээсээ гарч зугтаах гэсэн боловч намайг гаргахгүй байсан. Миний хоолойг боож байх үед би орилж, хашхирсан. Тэр үед гараа тавьсан. Улмаар би гэрээсээ гарч зугтаан өөдөөс харсан 202 тоот айлын хаалгыг тогшиж “туслаарай” гэж тусламж гуйж байх үед нөхөр араас шууд гарч ирээд үсдэж чирээд буцааж гэр рүү оруулсан юм. Энэ үед хөрш айл цагдаад дуудлага өгсөн бололтой хэсэг хугацаа өнгөрсний дараа цагдаа нар орж ирээд манай нөхрийг авч яваад надаас мэдүүлэг авсан. Нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Мөн тэлээгээр нуруу руу ороолгож, шавхуурдсан. Цагаан пиавар сандлаар нуруу руу цохисон. Мөн хоолой боосон, үсдэж чирсэн зэрэг үйлдэл хийж гэмтэл учруулсан. Миний баруун нүд, зүүн гарын булчингийн доод хэсэгт хөхрөлт үүссэн. Энэ гэмтэл нь манай нөхөр тэлээгээр шавхуурдаж зодсоноос үүссэн байх гэж бодож байна. Учир нь сандал болон тэлээгээр цохих үед би гараараа толгойгоо хамгаалсан. Харин зодуулсны дараа толгойн үс угааж, савандахад туг тугаараа унаж байсан. Урьд нь намайг зодож байгаагүй.

Миний нөхөр Т.Ө нь 2008 онд Боловсролын их сургуульд “Эрүүл мэндийн биеийн тамирын багш” мэргэжлээр суралцаж 2012 онд сургуулиа төгссөн. Би нөхөртэйгөө 2009 онд танилцаж, 2015 онд хуримаа хийж гэр бүлээ батлуулсан. 2017 онд бид хоёрын дундаас нэг охин төрсөн. ...Улаанбаатар хотод шилжин ирж ажиллаж хөдөлмөрлөж эхэлсэн. Одоо манай нөхөр “...” борлуулалтын компанид түгээлтийн жолоочийн ажил хийдэг. Уусан үедээ агсам зантай, ширүүн болж зан ааш нь өөрчлөгдөж тогтворгүй болдог. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр Т.Ө нь тэр өдрөөс хойш надаас болон манай гэр бүлийнхнээс уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Дахин ийм үйлдэл гаргахгүй талаар баталгаа бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

            -2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:“...Тухайн үед шинжээч эмч миний биед үзлэг хийж байхдаа нуруу болон хоолойд ил харагдах гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Тийм учраас шинжээчийн дүгнэлтээр дээрх хоолой болон нуруу хэсэг газарт гэмтэл учраагүй талаар дурдсан. Харин миний ил харагдах хэсэгт байсан бүх гэмтлийг хэмжилт хийж бичиж тэмдэглэж авсан. Би гэрээсээ яваад өөрийн төрсөн гэртээ очоод гэр бүлийнхэндээ нуруугаа харуулсан. Хоолойг үзэхэд ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал), 

 

            2. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

            “...Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүргэд 112 чиглэлд цагдаагийн ахлагч Б.Ган-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Орой 20 цагийн орчим Бүргэд 10-с ... тоотод нөхөр агсам тавиад, эмэгтэй хүн орилоод авраарай гэсэн дуудлага мэдээллийн дагуу уг тоотод очиж шалгахад жижиг өрөөнд холбогдогч Т.Ө нь тэлээгээ орон дээрээ тайлсан байдалтай сууж байсан. Хохирогч эмэгтэй нь гал тогооны өрөөндөө дух нь хавдсан, хүзүү нь улайж, аль нэг гарын бугалга сарвуу хэсэг газарт хавдсан байдалтай байсан. Ингээд би хохирогчоос мэдүүлэг авч аюулын зэргийн үнэлгээ хийж, холбогдогч Т.Өийг Дуулгат 120 эрүүлжүүлэх, саатуулах  байранд саатуулсан. Согтуурлын зэргийг шалгах гэсэн боловч үлээхээс татгалзсан. Гадна байдлаас харахад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Дуудлага өгсөн гэх айлын хүнтэй уулзаагүй. Гал тогооны өрөөнд саарал өнгөтэй пиавар сандал хагарсан байсан. Гал тогооны ширээн дээр хар өнгийн иштэй хутга, мөн том өрөөний буйдан дээр гартаа ороож зодсон гэх 2 аралтай бор өнгийн тэлээ байсан. Биеийн ил харагдах хэсэг болох нүүр аль нэг нүд хөхөрсөн, дух хавдсан, мөн аль нэг гарын сарвууны хэсэгт хавдсан зэрэг гэмтэл шарх учирсан байсан. Харин биеийн далд хэсэгт ямар гэмтэл шарх учирсныг хараагүй. Т.Өийг гэрээс нь дагуулаад гарах үед гутлаа өмсөөд гарсан. Мөн өөрөө хөл дээрээ тогтоод гэрээсээ алхаад гарч явсан. Тухайн үед хохирогч эмэгтэй хөрш айлын хаалгыг нүдэж тусламж гуйхад араас нь гарч ирээд үсдэж чирээд буцаад гэртээ оруулж, жижиг өрөөнд хоолойг нь багалзуурдаж, амьсгал боогдуулж, яасан их цагдаа дууддаг юм бэ гэж хэлээд тэлээгээ сугалаад гарын шуу, булчин, нуруу хэсэгт шавхуурдсан, мөн уг эмэгтэйг сандлаар зодож цохисон гэж мэдүүлж байна. Мөн хоолны хутга авчихаад чамайг алчихаад өөрийгөө ална гэж айлган сүрдүүлж заналхийлсэн гэж хэлж байсан. Хохирогч эмэгтэй тухайн үед би айж байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж мэдүүлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар тал),  

 

3. Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн“...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 119а байрны 202 тоотод өөрийн эхнэр Б.Янжинлхам, хадам дүү Б.Гүнжинлхам, хүү Билгүүтэй нарын хамт байж байхад гэрийн хаалгыг нэг эмэгтэй хүн “хүн аллаа, туслаарай” гэж хүчтэй нүдсэн. Харин тэр үед би хаалга онгойлгож гадагшаа харахад манай өөдөөс харсан 205 тоот айлын залуу хаалгаа хүчтэй хаагаад буцаад гэр рүүгээ орсон юм. Энэ үед би тухайн айлын хаалгыг 2-3 удаа нүдээд онгойлгож өгөхгүй болохоор нь энэ талаар өөрийн эхнэрийн 99817301 дугаарын утсаар 102 дугаар руу дуудлага өгсөн. Манай хаалгыг нүдсэн хүнийг харж амжаагүй. Харин эмэгтэй хүний хоолойгоор “хүн аллаа, туслаарай” гэдгийг сонсоод гэрийнхээ хаалгыг онгойлгоод гараад ирэхэд өөдөөс харсан айлын залуу хаалгаа хүчтэй хааж байсан юм. Тэгээд би тэр айлын хаалгыг 2-3 удаа нүдсэн боловч онгойлгож өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

4. Гэрч Т.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:“...2020 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 22 цагийн орчимд манай ээж Баян-Өлгий аймгаас над руу утсаар залгаж ярьсан. Тэр үед дүү чинь архи уугаад эхнэртээ гар хүрсэн, цагдаа нар бариад явсан байна гэж хэлсэн. Харин энэ өдрийн маргааш нь би утсаар залгаж өөрийн дүүтэй ярихад надад юм яриагүй. Юу хийснээ мэдэхгүй, санахгүй байгаа талаар хэлсэн.

Миний дүү Т.Ө нь 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд төрсөн. Айлын 5 хүүхдийн 3 дахь хүүхэд нь юм. ...УБИС-ийн “Биеийн тамирын багш, дасгалжуулагч” мэргэжлээр суралцаж 2011 онд төгссөн. Сургуулиа төгссөний дараа Баян-Өлгий аймагт очиж ОХУ руу гарч 2-3 жил наймаа арилжаа хийсэн. Дараа нь 2014-2015 оны орчимд Улаанбаатар хотод ирээд гэр бүлтэй болж одоогийн эхнэр Э.Мтай сууж дундаасаа 1 охин гаргасан. Үүний дараа аймгийн төвд 1 жил гэр бүлийн хамтаар ажиллаж амьдарч байгаад 2016 онд шиг санаж байна, түүнээс хойш “Баясах трейд” ХХК-д борлуулагчаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

 

5. Шүүгдэгч Т.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ял болон холбогдох зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.

2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад ажлын хүмүүстэй ажил дээрээ 5 лааз пиво уусан. Тэгээд манай ажлын хүмүүс үргэлжлүүлэн цааш явна гэхээр нь би гэрийнхээ гадаа бууж үлдээд гэртээ ороход манай эхнэр Э.М хоол хийсэн, гэрээс түлэнхий үнэр үнэртэж байсан. Харин би эхнэрт “юун түлэнхий үнэр вэ” вэ гэж хэлээд эхнэр Э.Мтай хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд буйдан дээр сууж байхдаа нэг удаа алгадсанаа санаж байна. Эхнэр орон дээр сууж байхдаа “чи намайг яагаад зодож байгаа юм бэ” гээд уйлаад сууж байсан бөгөөд удалгүй цагдаа нар гэрт орж ирсэн. Харин цагдаа нар ирэхэд би сэргэсэн. Ингээд харахад гэрт зодоон болсон юм шиг эмх цэгцгүй болсон байсан. Намайг цагдаагийн ажилтнууд гэрээс авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүлжүүлэхээс гарч ирээд цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгөөд байж байхад манай эхнэр Э.М ирэхэд баруун нүдний дээд хэсэгт нь улайсан байсан. Тэр өдрийн орой эхнэр гэртээ хоноогүй, хадам аав Эрболын гэрт очиход манай эхнэрийн зүүн гарын булчингийн дотор хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Энэ асуудлаас болоод эхнэр Э.М өөрийн эцэг Эрболын гэрт хэсэг хугацаанд байсан. Тэр үед би эхнэр болон ар гэрийнхээ хамаатан, садан хүмүүсээс уучлалт гуйж эхнэр Э.Мыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинэ жилээс өмнө гэртээ авч ирсэн. Хоол түлсэн гэх шалтгаанаар хэрүүл маргааныг би эхлүүлсэн. Буйдан дээр сууж байхдаа нэг удаа алгадсан. Мөн цагдаа нар ирэхийн өмнө эхнэр орон дээр миний дэргэд намайг яагаад зодож байгаа юм бэ гээд уйлж байсан. Би эхнэр Э.Мыг биеийн аль хэсэгт зодсоноо санахгүй байгаа. Гэхдээ маргааш нь эрүүл болсны дараа харахад, мөн өөрийг нь яаж зодсоныг хэлэхэд намайг тэлээгээр цохисон, хаана нь цохисныг хэлээгүй. Алгадсан, үсдсэн, чи намайг яалаа гэж ингэж байгаа юм бэ гэж хэлсэн. Ийм үйлдэл хийхийг би хүсээгүй. Архи уусан болохоор ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Би өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй. ...Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Пиавар сандлыг нь маргааш өдөр гэрээ цэвэрлэхдээ хаясан. Харин бор өнгийн тэлээг нь би өөрөө зүүж байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Ийм учраас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 215 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хуйхаар тэмтрэхэд эмзэглэлтэй, духны баруун хэсэг, хөмсөг, баруун нүдний дээд зовхинд 6х5 см хэмжээтэй, хөх ягаан өнгийн бүдэг цус хуралттай, бага зэрэг хавдсан, баруун бугалган дотор доод хэсэгт 9х4 см, 2х2 см, 12х6 см хэмжээтэй, хөх ягаан өнгийн, гадна доод хэсгээс шууны дээд хэсэг хүртэл 18х6 см, шууны дотор дээд хэсэгт 3.5х1.5 см, доод хэсэгт 2.5х1.5 см хэмжээтэй хөх ягаан өнгийн, гадна дунд хэсэгт 1.8х1.3 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн цус хуралттай.

Дүгнэлтэд:

-Э.Мы биед тархины доргилт, духны баруун хэсэг, хөмсөг, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун бугалгын дотор доод хэсэг, гадна доод хэсгээс шууны дээд хэсэг хүрсэн, шууны дотор дээд хэсэг, доод хэсэг, гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. /Шинжээч эмч Ч.Эрдэмболор/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

7. Аюулын зэргийн үнэлгээ /бага/ (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

8. Шүүгдэгч Т.Өийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал), сурагчийн тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 60-64 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Өт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Мыг “хоол түлсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Ө нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Өийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

            Шүүгдэгч Т.Өийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Т.Ө, хохирогч Э.М нар нь 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон гэрлэгчид болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-51/ тогтоогдож байгаа ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Мыг “хоол түлсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны баруун хэсэг, хөмсөг, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун бугалгын дотор доод хэсэг, гадна доод хэсгээс шууны дээд хэсэг хүрсэн, шууны дотор дээд хэсэг, доод хэсэг, гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт нь:

-хохирогч Э.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...нөхөр Т.Ө нь согтуу орж ирсэн. Тухайн үед би хоол хийж байсан ба нөхөр Ө нь “хоол түлсэн байна” гэсэн шалтгаанаар надтай хэрүүл маргаан үүсгэж, харин би хариу хэрэлдэж, маргалдсан. Манай нөхөр миний баруун талын хацар руу нэг удаа, дахин зүүн талын хацар руу нэг удаа, дахиад баруун хацар руу нэг удаа, нийт 3 удаа алгадсан. Түүний дараа намайг үсдэж газраар чирч, хоолой боосон. Тэр үед би гэрээсээ гарч зугтаах гэсэн боловч намайг гаргахгүй байсан. Миний нөхөр миний хоолойг боож байх үед би орилж, хашхирсан. Улмаар би гэрээсээ гарч зугтаан өөдөөс харсан 202 тоот айлын хаалгыг тогшиж “туслаарай” гэж тусламж гуйхад нөхөр араас шууд гарч ирээд үсдэж чирээд буцааж гэр рүү оруулсан юм. Энэ үед хөрш айл цагдаад дуудлага өгсөн бололтой хэсэг хугацаа өнгөрсний дараа цагдаа нар орж ирсэн. ...Нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Мөн тэлээгээр нуруу руу ороолгож, шавхуурдсан. Цагаан пиавар сандлаар нуруу руу цохисон. Мөн хоолой боосон, үсдэж чирсэн зэрэг үйлдэл хийж гэмтэл учруулсан. Миний баруун нүд, зүүн гарын булчингийн доод хэсэгт хөхрөлт үүссэн. Энэ гэмтэл нь манай нөхөр тэлээгээр шавхуурдаж зодсоноос үүссэн байх.  Учир нь сандал болон тэлээгээр цохих үед би гараараа толгойгоо хамгаалсан. Харин зодуулсны дараа толгойн үс угааж, савандахад туг тугаараа унаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 16 дугаар тал), 

            -гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бүргэд 112 чиглэлд цагдаагийн ахлагч Б.Ган-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Орой 20 цагийн орчим Бүргэд 10-с ... тоотод нөхөр агсам тавиад, эмэгтэй хүн орилоод авраарай гэсэн дуудлага мэдээллийн дагуу уг тоотод очсон. ...Хохирогч эмэгтэй нь гал тогооны өрөөндөө дух нь хавдсан, хүзүү нь улайж, аль нэг гарын бугалга сарвуу хэсэг газарт хавдсан байдалтай байсан. ...Гал тогооны өрөөнд саарал өнгөтэй пиавар сандал хагарсан байсан. Гал тогооны ширээн дээр хар өнгийн иштэй хутга, мөн том өрөөний буйдан дээр гартаа ороож зодсон гэх 2 аралтай бор өнгийн тэлээ байсан. Биеийн ил харагдах хэсэг болох нүүр аль нэг нүд хөхөрсөн, дух хавдсан, мөн аль нэг гарын сарвууны хэсэгт хавдсан зэрэг гэмтэл шарх учирсан байсан. ...Тухайн үед хохирогч эмэгтэй хөрш айлын хаалгыг нүдэж тусламж гуйхад араас нь гарч ирээд үсдэж чирээд буцаад гэртээ оруулж, жижиг өрөөнд хоолойг нь багалзуурдаж, амьсгал боогдуулж, яасан их цагдаа дууддаг юм бэ гэж хэлээд тэлээгээ сугалаад гарын шуу, булчин, нуруу хэсэгт шавхуурдсан, мөн уг эмэгтэйг сандлаар зодож цохисон гэж мэдүүлж байсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар тал), 

-гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэрийн хаалгыг нэг эмэгтэй хүн “хүн аллаа, туслаарай” гэж хүчтэй нүдсэн. ...харахад манай өөдөөс харсан 205 тоот айлын залуу хаалгаа хүчтэй хаагаад буцаад гэр рүүгээ орсон юм. Энэ талаар 102 дугаар руу дуудлага өгсөн. ...эмэгтэй хүний хоолойгоор “хүн аллаа, туслаарай” гэдгийг сонсоод гэрийнхээ хаалгыг онгойлгоод гараад ирэхэд өөдөөс харсан айлын залуу хаалгаа хүчтэй хааж байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

-гэрч Т.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 22 цагийн орчимд манай ээж Баян-Өлгий аймгаас над руу утсаар залгаж ... дүү чинь архи уугаад эхнэртээ гар хүрсэн, цагдаа нар бариад явсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-шүүгдэгч Т.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Би сонсгож байгаа ял болон холбогдох зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...эхнэр Э.М хоол хийсэн, гэрээс түлэнхий үнэр үнэртэж байсан. ...би “юун түлэнхий үнэр вэ” вэ гэж хэлээд эхнэр Э.Мтай хэрүүл хийж эхэлсэн. ...нэг удаа алгадсанаа санаж байна. ...манай эхнэр Э.М ирэхэд баруун нүдний дээд хэсэгт нь улайсан байсан. ...зүүн гарын булчингийн дотор хэсэгт хөхрөлт үүссэн байсан. ...Хоол түлсэн гэх шалтгаанаар хэрүүл маргааныг би эхлүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 215 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-Аюулын зэргийн үнэлгээ /бага/ (хавтаст хэргийн 37-38 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Т.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Мы бие махбодид халдаж, зодох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Мы биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Т.Өийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч Э.М нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Т.Ө нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “Бид түрээсийн байранд амьдардаг. Гэр бүлээсээ би ганцаараа ажил хийдэг болохоор хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Т.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Т.Өийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Тн Өийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Өт энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА