Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

           Шүүгдэгч: Г.З-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.З-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005014380093 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.З-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.З-нь 2020 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирал хотхон 53/в байр 302 тоотод хохирогч С.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж С.А-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун бугалга, зүүн бугалга, шуу хоёр гуя шилбэн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.З-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М- гэж найзтайгаа М-гийн ах гэх айлд оройн 22 цагийн үед очсон. М-гийн ах нь нэг шил архи болон пиво авсан байсан. Тэгээд М- бид хоёр очоод тэр айлын ах болон эхнэртэй нь хамт архи, пиво уусан. Архи ууж байгаад М- түр унтсан юм, тэгэхээр нь би одоо явъя даа гэсэн. Гэтэл нөгөө ах манай энэ дүүд хоол хийж өг гэж эхнэртээ хэлээд мах гаргаад хоол хийх хооронд чи Солонгос хэлний багш гэлүү гээд надтай Солонгос хэлээр ярьсан. Тэгэхээр нь би “та аялага ихтэй би олгохгүй байна” гэсэн чинь “чи Солонгос хэлний багш байж яагаад ойлгодоггүй юм бэ” гээд шууд миний нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би М-г дуудаад алив бос явъя гэхэд тэр хүн намайг “чи муу янхан, гичий хүний гэрт ирчхээд ингэнэ гэнээ гээд миний толгойноос барьж аваад хана мөргүүлсэн. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Согтоод унтаад байж байхад З- дуудаж сэрээсэн бөгөөд сэрэхэд С.А-, З- нар хоорондоо маргалдсан байдалтай С.А- гэрээс гарсан орцонд зогсож байсан. З- надад хэлэхдээ босоод энийгээ аваад яв гэж хэлсэн. ...С.А-гийн биед учирсан гэмтлийг З- учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл намайг унтаж байхад З- дуудаж сэрээсэн, сэрээд Анхзаяагаас юу болсон талаар асуухад З- зодож гэмтэл учруулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дуудлага өгсөн эмэгтэй хүний нүүр хэсэг хавдсан байдалтай, юу болсон талаар тодруулж асуухад найз залуутайгаа хамт найзынх нь гэрт ирсэн. Бид нар тэгээд хоорондоо маргалдсан, эрэгтэй найзад нь зодуулсан гэж тайлбар өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Шинжээчийн 4478 тоот дүгнэлтэд: “...С.А-гийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, зүүн бугалга, шуу, хоёр гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 42-43/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, компьютер томографийн оношилгоо /хх-н 41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 72-74/, хохирогчийн хүсэлт /хх-н 99/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Г.З-нь 2020 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирал хотхон 53/в байр 302 тоотод хохирогч С.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж С.А-гийн толгой руу цохих зэргээр биед нь халдаж тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун бугалга, зүүн бугалга, шуу хоёр гуя шилбэн дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.А-гийн: “...нөгөө ах манай энэ дүүд хоол хийж өг гэж эхнэртээ хэлээд мах гаргаад хоол хийх хооронд чи Солонгос хэлний багш гэлүү гээд надтай Солонгос хэлээр ярьсан. Тэгэхээр нь би “та аялага ихтэй би олгохгүй байна” гэсэн чинь “чи Солонгос хэлний багш байж яагаад ойлгодоггүй юм бэ” гээд шууд миний нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би М-г дуудаад алив бос явъя гэхэд тэр хүн намайг “чи муу янхан гичий хүний гэрт ирчхээд ингэнэ гэнээ гээд миний толгойноос барьж аваад хана мөргүүлсэн. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч Б.М-ын: “...С.А-гийн биед учирсан гэмтлийг З- учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл намайг унтаж байхад З- дуудаж сэрээсэн, сэрээд Анхзаяагаас юу болсон талаар асуухад З- зодож гэмтэл учруулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч Ч.О-ийн: “...Дуудлага өгсөн эмэгтэй хүний нүүр хэсэг хавдсан байдалтай, юу болсон талаар тодруулж асуухад найз залуутайгаа хамт найзынх нь гэрт ирсэн. Бид нар тэгээд хоорондоо маргалдсан, эрэгтэй найзад нь зодуулсан гэж тайлбар өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 34/, шинжээчийн 4478 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.З-нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 99/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.З-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР