Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч С.Энхням /томилолтоор/,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Цын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Цын О нь Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-1993 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон;

-1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  Баянзүрх Гачуурт дүүргийн шүүхийн 397 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 6 сар 4 хоногийн хорих ялаас 3 сарын хорих ялыг нэмж, бүгд 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон;

-1996 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 201 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

-1998 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр урьд эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 2 хоногийн хорих ялаас 1 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон;

-2000 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 92 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 952 тоот тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим хэсэг болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 5 жилийн хорих ялаар тогтоож, 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

-2004 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял;

-2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

-2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 944 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн (РД:...). 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдийн хооронд ... тоотод оршин суух иргэн Б.Оийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, үхрийн мах, 15 литр сүү, 15 кг зөөхий, товууд, ямааны арьсан тах, 50 литрийн сав, 20 кг ааруул, халаалтын тен, Харбин загварын буу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 4.595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх дараах бичгийн болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Оийн гэрээс буу, сав, мах зэрэг эд зүйл хулгайлсан нь үнэн. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

            Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад баримтууд: Үүнд:  

            1. Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:

            “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжны 16 тоотод амьдарч байгаад 2015 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны 18 тоотод амьдрах болсон. Тэгээд өвлийн идэш болон хоол хүнсний зүйлээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжны 16 тоот гэртээ 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хоёр бүтэн үхрийн мах, сүү 15 литр, 15 кг зөөхий, машины савтай товууд, ямааны арьсан тах, айраг хийдэг 50 литрийн сав, ааруул хэвд цутгасан 20 кг, халаалтын тен, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн хуучны Харбин буу зэрэг зүйлээ хийсэн байсан. Тэгээд би хөдөө явж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 10 дугаар байрны 18 тоот гэртээ ирэхэд манай эхнэр Ч.Дэчээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжны 16 тоотод байх хашаа байшин руугаа очиж хоол хүнсний зүйлээ чамайг байхгүйд авч ирж чадсангүй гэхээр нь би өөрөө өдрийн 16 цагийн үед Орбитын хашаа байшиндаа очсон чинь манай байшингийн гал зуухны талын гадна цонхыг хагалсан байхаар нь би гайхаад хаалгаа онгойлгоод хартал манай гэрт байсан хүнсний зүйл манай аавын хэрэглэж байсан Харбин буу, ямааны арьсан тах зэрэг зүйл алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд манай гэрт цагдаагийн хүмүүс ирээд үзлэг шалгалт хийгээд явсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манайд цагдаагийн алба хаагч нар ирээд манай гэрийн урд байдаг О гэх хүн танай гэрээс буу болон махыг чинь хулгайлсан байна гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 74 дүгээр гудамжны 16 тоот гэртээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирээд том машины запас дугуй авсан. Би уг гэрээ хажуу айлын Болдоо ахад захиж үлдээгээд явсан. Тухайн үед манай гэрийг харж байсан Болдоо ах мэдээгүй байсан. Хоёр бүтэн үхрийн мах 2.500.000 төгрөг, сүү 15 литр нь 45.000 төгрөг, 15 кг зөөхий 150.000 төгрөг, машины савтай товууд 90.000 төгрөг, ямааны арьсан тах 300.000 төгрөг, айраг хийдэг 50 литрийн сав 100.000 төгрөг, ааруул хэвд цутгасан 20 кг 320.000 төгрөг, халаалтын тень 80.000 төгрөг, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн хуучны Харбин буу 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай талийгаач аав Сүрэн овогтой Батаа гэдэг хүний эзэмшлийн буу байсан. Миний талийгаач эцэг С.Батаа 2016 оны 4 дүгээр сард нас барсан. Би замаг болон гол төмрийн дугаар бичиг баримтыг нь мэдэхгүй байна. Миний эцэг 2016 онд нас барахаасаа өмнө бүртгүүлснийг би мэдэхгүй. Миний гэрт байсан Харбин буу сумгүй байсан. Миний талийгаач эцэг нас барахаасаа өмнө миний гэрт авч ирсэн байсан. Би тэгээд эцгийнхээ бууг ямар хаях байсан юм уу, миний байшинд буу байсныг мэдэж байсан хүн байхгүй. Урьд өмнө миний гэрт огт хулгай орж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

            -2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоор дахин өгсөн           “...төрсөн ах Пүрэв 1 үхрийг нь хүүхдийн өвлийн идэш гэж, нөгөөг нь би өөрийнхөө малаас нядлуулж авч ирсэн. Сумъяабазарын өвлийн идэш гэж манайд өгч байгаа манай мах гэсэн үг. Дээрх хоёр мах хоёулаа манай мах юм. Баянхонгороос уг 2 махыг 64.000 төгрөгөөр бодож авсан. Мах нийлээд 320 кг гэсэн үг юм. ...Өнөөдөр 1 кг мах 12.500 төгрөг гэж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

            -2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

            “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 74-16 тоотод оршин суудаг. Манай урд талын гудамжны Оогийг танина. Би айрагны саваа авсан. ...бусад алдсан эд зүйлсээ авч, хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

            2.  Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:“...Би Ц овогтой О гэх хүнийг танина. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм.  Ц.О манай хашаанд хураалттай байсан модон дунд нуусан гэж сүүлд цагдаа нарт баригдсаныхаа дараа хэлж байсан юм. Ц.О ямар учраас манай хашаанд буу нуусныг мэдэхгүй. Ц.О манай хашаанд буунаас өөр хулгайн эд зүйл нуугаагүй байсан. Цагдаад баригдсаныхаа дараа сүүлд надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

3. Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж, гэмшиж байна. Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73-22А тоотод эхнэр, 5 хүүхдийн хамт ам бүл 7-уулаа оршин суудаг. 2018 оны 12 дугаар сарын эхээр манай гэрийн хойд талд байдаг өмнө нь зүс харж байсан залуугийн улаан тоосгон байшин руу хулгай хийхээр орсон. Тухайн үед би архи их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Уг айлын гараашны хаалгаар дамжиж ороод жижиг өрөөнд тавцан дээр үхрийн бололтой 3 том бондгор хөлдөөсөн мах байхаар нь нэг нэгээр нь зөөгөөд гэр рүүгээ оруулаад хойд өрөө рүү нь ороход нэг тавиур дээр хуучны бололтой урт буу байхаар нь бууг нь авсан. Мөн хашаанд нь 50 литрийн усны сав, ааруул, сүү, зөөхий зэрэг эд зүйлсийг аваад гэрийнхээ ар талд хашаандаа нуусан. Тэгэхэд манай гэрт хүн байгаагүй. Эхнэр хүүхдүүд яармагт хадмынд амьдарч байсан, эхнэр, хүүхдүүдтэйгээ маргалдаад архи ууж гэртээ байсан. Бууг нь Толгойт руу алхаж орж ирээд хашаанд нь хураалттай модон доогуур нуусан. Тэгээд маргаашаас нь эхлээд хулгайлж авсан юмнуудаа нэг нэгээр нь бага багаар зарж архи ууж бараг 1 сар гаруй болсон. Дээрх юмнуудыг авахдаа би бараг 3-4 удаа тэр айлд орсон. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд нэг өдөр хохирогч нь өөрөө орж ирээд намайг аавын буу өгчих гэхээр нь би нуусан буугаа гаргаж өгсөн, бусдыг нь зарж дуусгаснаа хэлсэн. Тэгээд л цагдаад шалгагдах болсон. Би тэр үед өдөр болгон архи уудаг байсан. Тухайн юмнуудыг нь дандаа гудамжинд явж байсан танихгүй хүмүүст зараад мөнгө болгодог байсан. Олсон мөнгөөрөө тэр хавийн архичин хүмүүстэй нийлж архи ууж дуусгасан. Ямар ч байсан буу, мах, сав зэргээ авсныг санахгүй байна. Бусдыг нь дандаа согтуу үедээ ороод л аваад байсан байх. Ер нь өөрийнхөө гэрт орж байгаа юм шиг л юм аваад л зарж үрээд дураараа аашилсан юм шиг байна лээ. Одоо бол архи уухгүй байгаа. Би ганцаараа дээрх гэмт хэргийг үйлдсэн. Хэн нэгэнд хулгай хийсэн талаараа хэлээгүй. Би юмнуудыг нь аваад л өөрийнхөө хашаанд оруулж тавьсан. Гараараа зөөсөн. Надад ашигласан тээврийн хэрэгсэл, багаж зэвсэг гэх зүйл байхгүй. Би нэг ороод гарахдаа цонхоор гарсан. Цонхыг нь гараараа цохиод хагалсан юм шиг байна лээ. Эзэнгүй байхаар нь ороод байсан юм. Буу галт зэвсгийг нь 50 литрийн усны савтай буцааж өгсөн байгаа. Бусад эд зүйлийг нь зараад дууссан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо ажил хийж барагдуулах болно. Би мөнгөтэй болж архи уух зорилготой, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой хулгай хийсэн юм. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би эхнэр бага насны 3 хүүхдийн хамт хоёулаа ажилгүй амьдарч байна. Надад сард олдог тогтмол орлого гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дугаар тал),

 

4. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ц.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-73 дугаар тал),

            5. Хэргийн газар буюу ... тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дүгээр тал),

            6. 102 см урттай, 498 замгийн дугаартай ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой бор шаргал өнгийн галт зэвсэг буюу бууг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 

            7. 102 см урттай, 498 замгийн дугаартай ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой бор шаргал өнгийн галт зэвсэг буюу буу, мөнгөлөг саарал өнгийн 50 литрийн багтаамжтай төмөр савыг Ц.Оээс хураан авч, мөнгөлөг саарал өнгийн 50 литрийн багтаамжтай төмөр савыг хохирогч Б.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

            8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 666 дугаартай “...харбин бууг 1.000.000 төгрөгөөр, 2 бүтэн үхрийн махыг 2.500.000 төгрөгөөр, үхрийн сүү 15 литрийг 45.000 төгрөгөөр, үхрийн зөөхий тос 15 литрийг 150.000 төгрөгөөр, техникийн 15 литрийн товудыг 90.000 төгрөгөөр, ямааны арьсан тахыг 300.000 төгрөгөөр, усны 50 литрийн савыг 100.000 төгрөгөөр, хэвэнд цутгасан ааруулыг 330.000 төгрөгөөр, халаалтын тенийг 80.000 төгрөгөөр, нийт үнийг 4.595.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42 дугаар тал),

            9. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 441 дугаартай “...120х120 см хэмжээтэй вакум цонхны шилний үнийг 140.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 47 дугаар тал),

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 482 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд 1953 оны хуучин ЗХУ-д ан агнах зориулалттай үйлдвэрлэгдсэн, Мосин загварын галт зэвсэг ирүүлжээ. Шинжилж буй Мосин загварын галт зэвсэг нь 8,2х66 мм калибртай. /Шинжээч Б.Батгэрэл/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

 

            11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 745 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн марк дугаар тодорхойгүй замагны 948 дугаартай буугаар буудлага үйлдээгүй байна. /Шинжээч Б.Давааням/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

12. Гэрч Д.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгсөн“...Ц.О нь миний төрсөн ах байгаа юм. Бид эцэг, эхээс наймуулаа, О ах айлын хамгийн том нь бөгөөд доороо 6 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Ах маань эхнэр, 5 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Нарангийн голд айлын хашаа байшинд амьдардаг. Дүү нар нь бүгд тусдаа гарсан. ...Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 65 дугаар сургуульд 8 дугаар анги хүртлээ сурч төгсөөд намайг бага байхад буюу 15-16 настай байхад хэрэгт холбогдоод тэгээд сургуульд ч явж чадаагүй, цэргийн алба хаагаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

13. Шүүгдэгч Ц.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 78 дугаар тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 82-117 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 125 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 128-129 дүгээр тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 142-144 дүгээр тал), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 149 дүгээр тал) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдийн хооронд ... тоотод оршин суух иргэн Б.Оийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 4.595.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

                                                                                                                       

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Оийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдийн хооронд ... тоотод оршин суух иргэн Б.Оийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, үхрийн мах, 15 литр сүү, 15 кг зөөхий, товууд, ямааны арьсан тах, 50 литрийн сав, 20 кг ааруул, халаалтын тен, Харбин загварын буу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 4.595.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь :

            -хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....би өөрөө ...Орбитын хашаа байшиндаа очсон чинь манай байшингийн гал зуухны талын гадна цонхыг хагалсан байхаар нь ...хартал манай гэрт байсан хүнсний зүйл манай аавын хэрэглэж байсан Харбин буу, ямааны арьсан тах зэрэг зүйл алга болсон байсан.  ...манай гэрийн урд байдаг О гэх хүн танай гэрээс буу болон махыг чинь хулгайлсан байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал) болон түүний дахин өгсөн “...Нэг нь нас бие гүйцсэн үнээний мах, нөгөөх нь эр хязаалан үхрийн мах байсан. Баянхонгороос уг 2 махыг 64.000 төгрөгөөр бодож авсан. Тэгэхээр тэр хоёр мах нийлээд 320 кг гэсэн үг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал), мөн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

            -гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн           “...Би Ц овогтой О гэх хүнийг танина. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. ... Ц.О ямар учраас манай хашаанд буу нуусныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  “...уг айлын гараашны хаалгаар дамжиж ороод жижиг өрөөнд тавцан дээр үхрийн бололтой 3 том бондгор хөлдөөсөн мах байхаар нь нэг нэгээр нь зөөгөөд гэр рүүгээ оруулаад хойд өрөө рүү нь ороход тавиур дээр хуучны бололтой урт буу байхаар нь бууг нь авсан. Мөн хашаанд нь 50 литрийн усны сав, ааруул, сүү, зөөхий зэрэг эд зүйлсийг аваад гэрийнхээ ар талд хашаандаа нуусан. ...маргаашаас нь эхлээд хулгайлж авсан юмнуудаа нэг нэгээр нь бага багаар зарж архи ууж бараг 1 сар гаруй болсон. Дээрх юмнуудыг авахдаа би бараг 3-4 удаа тэр айлд орсон.  ...Эзэнгүй байхаар нь ороод байсан юм. Буу галт зэвсгийг нь 50 литрийн усны савтай буцааж өгсөн байгаа. Бусад эд зүйлийг нь зараад дууссан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дугаар тал),

-2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ц.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-73 дугаар тал),

            -Хэргийн газар буюу ... тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дүгээр тал),

            -102 см урттай, 498 замгийн дугаартай ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой бор шаргал өнгийн галт зэвсэг буюу бууг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

            -102 см урттай, 498 замгийн дугаартай ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой бор шаргал өнгийн галт зэвсэг буюу буу, мөнгөлөг саарал өнгийн 50 литрийн багтаамжтай төмөр савыг Ц.Оээс хураан авч, мөнгөлөг саарал өнгийн 50 литрийн багтаамжтай төмөр савыг хохирогч Б.От хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

            -“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 666 дугаартай “хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42 дугаар тал),

            -“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 441 дугаартай  хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 47 дугаар тал),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 482 дугаартай дүгнэлт   (хавтаст хэргийн 51-52 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга, эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулан ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.О нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах монгол гэрт буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогджээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Оийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай анггийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.                    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Тус хэргийн улмаас хохирогч Б.От шууд 4.595.000 төгрөгийн, шууд бус буюу вакум цонхны шилний 140.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Одгэрлээс буу, төмөр сав зэргийг хураан авсан байх бөгөөд хохирогч Б.От 100.000 төгрөгийн үнэ бүхий төмөр савыг хүлээлгэн өгч, харин 1.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн бууг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Иймд үлдэх хохирол болох 3.635.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Оээс гаргуулж хохирогч Б.От олгохоор шийдвэрлэв. 

 

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би дахиж гэмт хэрэг хийхгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

            Шүүгдэгч Ц.О нь урьд эрүүгийн хариулага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, таслан шийдвэрлэх тогтоолыг баталгаажуулсан хуулбар зэргээр найман удаа ял шийтгэгдэж байсан байна.

            Шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Оийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн  хугацаагаар хорих ял  шийтгэж, түүний удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 102 см урттай, 498 замгийн дугаартай, ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой Мосин загварын галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.От буцааж олгож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдав.

 

Тус эрүүгийн хэргийг шүүх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан байх боловч шүүгдэгч Ц.О нь шүүхийн шатанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан ба, түүнийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эрэн сурвалжилж олж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, тус хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Б овогт Цын Оийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Оийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 102 см урттай, 498 замгийн дугаартай, ногоон саарал өнгийн даавуун материалаар хийгдсэн оосортой Мосин загварын галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.От буцааж олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оээс 3.635.000 (гурван сая зургаан зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.От олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар болон улсын яллагч дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА