Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

   

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Бын Г нь Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... тоотод хохирогч Б.Хыг “мөнгө авсан” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Хыг зодсон нь үнэн. Тухайн үед тэвчээргүй зан гаргасандаа харамсаж байна...” гэсэн мэдүүлгийг гаргасан.

           

Хоёр. Эрүүгийн ... дугаар хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),

 

2. Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:

“...Би ... тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай нутгийн залуу Г энэ өвөл барилгын ажил хийнэ гээд Архангай аймгаас түр ирээд манай гэрт надтай хамт амьдарч байсан. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ганцаараа байж байхад Г хамт ажилладаг залуутай 0.5 граммын Хараа нэртэй архитай орж ирсэн. Тэгээд бид гурав хувааж уугаад дахиад 2 шил Хараа архи аваад хувааж уугаад гурвуулаа согтоод унтсан. Манайх байшинд байдаг юм. Би ор дээр унтаад тэр хоёр газар унтсан. Унтаж байхад Г миний дээр гарч суугаад учир зүггүй толгой цээж рүү гараараа цохиод бас хөлөөрөө нүүр, цээж рүү өшиглөж цохиод байсан. Тэгээд би нэг хэсэг ухаан балартаад өглөө үүрээр 06 цагийн үед сэрэхэд миний зүүн талын нүд тэр чигтээ хавдаж тагларсан, бие хаа хөндүүр болсон байсан. Гыг унтаж байхаар нь сэрээгээд чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэхэд найзыгаа уучлаарай би согтоод тасарсан, согтуудаа зодчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хэлж эмнэлэгт үзүүлнэ гэхэд Г битгий цагдаад хэл, би эмчилгээг чинь бүрэн даана, чиний зээлийг дарж өгнө гэж хэлсэн. Би Гд итгээд цагдаа, эмнэлэгт хандаагүй. Тэрнээс хойш 3 хоногийн дараа миний зүүн талын нүднээс идээ гоожоод байхаар нь гэмтлийн эмнэлэг дээр очоод цэвэрлэгээ хийлгэж боолт хийлгэсэн. ...Түүнээс хойш дахиад 3-4 хоногийн дараа охин Ад хүнд зодуулсан талаараа хэлэхэд охин ирээд гэмтлийн эмнэлэг рүү дагуулж яваад эмнэлэгт хэвтүүлсэн. Тэрнээс хойш гэмтлийн эмнэлэгт 8 хоног эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Намайг эмнэлэгт хэвтэхэд цагдаа ирээд хаана хэнд зодуулсан талаар асуухад би Гыг бодоод цагдаад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн өргөн гудамжинд явж байгаад үл таних хүмүүст зодуулсан гэж хэлсэн. Түүнээс хойш би өөрөө цагдаагийн байгууллага дээр очоогүй, намайг цагдаагаас хэд хэдэн удаа гар утас руу залгаж дуудсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Г 2 удаа над дээр ирсэн. Би цагдаа надаас мэдүүлэг авсан гэхэд Г цагдаа дээр битгий очоорой, би эмчилгээг чинь бүрэн даана, банкны зээлийг чинь дарна гээд гуйгаад байсан. Би 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасгаас гараад 8 хоногийн дараа Хөвсгөл аймаг руу эхнэр хүүхэд дээрээ очиж эмчилгээ хийлгэхээр болоод Г руу залгаад хөдөө явах гэж байгаа, банкны мөнгө, эмчилгээний мөнгө өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд Хөвсгөл аймаг Мөрөн хотод очоод хувийн эмнэлэгт 20 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Би Хөвсгөл аймагт хувийн эмнэлэгт өдрийн 70.000 төгрөгөөр 20 хоног хэвтсэн. Төлбөр нь 1.400.000 төгрөг болсон. Гд хэлэхэд за одоо мөнгө хийлээ ганц хоёр хоног хүлээчих гэсээр байгаад 20 хоног болсон. Эмнэлэг надаас төлбөрөө нэхээд байхаар нь арга бараад охин Ад үнэнээ хэлээд эмчилгээний төлбөр авсан. Манай охин цалингийн зээл авч надад 1.000.000 төгрөг өгсөн. 400.000 төгрөгийг миний төрсөн ах Б.Найдансүрэн өгсөн. Г миний Хаан банкны 5019706521 тоот данс руу 7-8 удаа 10.000-30.000 төгрөг хийж 300.000 төгрөг өгсөн. Хотод байхдаа 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Ер нь бол Г надад 400.000 төгрөг өгсөн. ...Г Хөвсгөл аймгийн 2 дугаар 10 жилийн нэг сургууль ба манай ангиас хоёр доод анги байсан. Манай нутгийн залуу байгаа юм. Г миний дээр гарч суугаад учир зүггүй толгой, цээж рүү гараараа болон хөлөөрөө цохиж зодсон. Тухайн үед Гтай хамт явж байсан залуу салгах гэсэн боловч Гыг дийлэхгүй байсан. Г намайг зодчихоод манай төрсөн ах СүхБ, эхнэр Өлзийням хоёрт намайг зодсон талаар хэлсэн байсан. СүхБ ах манайх хоёр нэг хашаанд тусдаа байшинд амьдардаг юм. Би Гыг цохиж зодсон зүйл байхгүй. Г ганцаараа намайг цохиж зодсон. Би өглөө Гас чи яагаад намайг цохиж зодож байгаа юм бэ гээд асуухад би согтуу тасарсан байна, чи халаасанд байсан 140.000 төгрөгийг авсан биз дээ гэхээр нь чи манай гэрийг нэгжээд үз, би чамаас мөнгө аваагүй гээд өөрийгөө нэгжүүлээд гэрээ бас нэгжүүлсэн ч мөнгө гарч ирээгүй. Би Гын мөнгө төгрөгийг хараагүй, хэдэн төгрөгтэй байсныг нь ч мэдээгүй. Сүүлд хоёр шил архи авахад хамт ирсэн залуугаа дэлгүүр рүү явуулсан. Би шүүх эмнэлгийн №1205 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг надад Г учруулсан. Миний зүүн талын нүд өвдөнө, зүүн талын шанаагаар хатгаж өвдөнө, үе үе толгой эргэнэ. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг дүүргийн эмнэлгийн нүдний тасагт үзүүлж эмчилгээ хийлгэж байгаа. Би Гэмтлийн эмнэлэгт  гавал тархины тасагт 8 хоног хэвтсэн. Мөн Хөвсгөл аймгийн хувийн эмнэлэгт 20 хоног 1.400.000 төгрөгөөр хэвтсэн. Мөн томографикт  260.000 төгрөгөөр харуулсан. Бас эм тариа авсан баримтуудаа өгнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

-хохирогчоор 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн “...Би Гас эмчилгээний төлбөрт нийт 4 сая төгрөг авсан тул цаашид надад хохирлын тал дээр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байдаг хувийн эмнэлэгт 20 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан. Би эмнэлгээс гарахдаа баримтаа аваагүй бөгөөд буцаж эмнэлгээс баримтаа авах гэсэн боловч Корона гараад Хөвсгөл явж чадаагүй. Г миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол, санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

3. Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сард өгсөн:

  “...Миний төрсөн эцэг Б.Х Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангайн 39-11 тоотод ганцаараа амьдардаг. Миний эцэг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэртээ хүнд зодуулсан. Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр аавыг хүнд зодуулсан талаар над руу утсаар ярьж хэлэхэд мэдсэн. Би тэр даруй 103-т дуудлага өгсөн. 103 очиж үзээд аавыг хүнд гэмтэлтэй байна гээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /цаашид ГССҮТ гэх/ эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед хүлээн авах тасагт эмч Түмэнбаяр хүлээн авч үзээд таны нүд гэмтсэн байна, нүдийг чинь барахгүй гэж хэлээд хүүхдээ дагуулаад 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүл гэж хэлээд явуулсан гэж аав надад хэлсэн. Тухайн үед аав өөрөө төвөгшөөгөөд гэр рүүгээ явсан. Бас Г нь битгий эмнэлэгт үзүүл би эм тариа авч өгнө гээд ятгасан байсан. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүйгээс болж нүд нь халдвар орж хүндэрсэн. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай хамаатан болон аавын хамтран амьдрагч Нэргүй гэх хүн хөдөөнөөс утасдаж хэлсэн. Би гэрт нь очиход аавын нүүр нь тэр чигтээ хавдаж, хөхөрсөн нэлээн хүнд гэмтэлтэй байсан тул яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн гавал тархины тасагт хэвтүүлээд гэмтлийн цагдаад хэлсэн. Би тухайн үед 103-ын дуудлагын машинаар ирсэн, хүнд гэмтэлтэй хүнийг яагаад явуулчихсан юм бэ гэхэд Түмэнбаяр эмч өөрөө зугтаад явсан гэж хэлсэн. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цагдаагаас ирж ааваас болон надаас гэрчээр мэдүүлэг авахад бас танихгүй хүнд зодуулсан гэж мэдүүлэг өгсөн. Тэгж хэлэх болсон учир нь аавыг зодсон гэх Г нь би эмчилгээнийх нь төлбөрийг бүрэн даана, ар гэртээ битгий хэлээрэй гээд  аавтай өдөр болгон эмнэлэгт ирж уулзаад, хоол авч ирж өгөөд зээлийг чинь төлнө гээд явдаг байсан. Тухайн үед би мэдээгүй. Аав 8 хоног хэвтээд гарсан. Тэр залуу цагдаа, шүүхээр битгий яв гэж хэлснээс болж аав мэдүүлэг өгөхөөс татгалзаж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй цагдаа дуудахад очихгүй байсаар байгаад тэр гомдол мэдээлэл хаагдсан. Мөн Г охиндоо битгий хэл гэж удаа дараа хэлсэн. Тэгээд анх бүртгэгдсэн материал нь хугацаа нь дуусаад хаагдсан. Би тухайн үед аавыг зодсон хүн нь олдохгүй юм байна гэж бодоод тоогоогүй аавыг хөдөө Хөвсгөл аймаг руу явуулаад эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд аав надад Хөвсгөлд байхдаа бүх үнэнээ ярьж хэлээд Г намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би прокурорт хаасныг нь сэргээх хүсэлт өгсөн. Би Гтай утсаар ярихад ах нь зодсон нь үнэн битгий цагдаад өгөөрэй, эмчилгээний зардал мөнгийг нь бүрэн даагаад зээлийг нь хааж өгнө гээд гуйгаад байхаар нь та эмчилгээнд гарсан бүх зардал болон надаас гарсан зардлыг төлөөрэй гэж хэлэхэд ойлгосон, би 9 сар хүртэл ажил хийгээд төлнө гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ Г гар утсаа авахаа болиод аавд өдөр болгон архины мөнгө өгөөд аргалаад байсан. Аавын данс руу 5.000-10.000 төгрөгөөр гүйлгээ орж ирсэн байхаар нь ааваасаа энэ ямар учиртай мөнгө орж ирээд байгаа юм бэ гэхэд Гас авсан гэж хэлсэн. Тэгээд би Г руу залгаад та яагаад манай аавд мөнгө өгөөд байгаа юм бэ, эмчилгээний төлбөрөө өг гэхэд өгнө, ахын дүү битгий цагдаад мэдэгдээрэй гээд байсан. Сүүлд манай аав болон хамтран амьдрагч Нэргүй рүү залгаад танайх ямар ядаргаатай юм бэ, би мөнгө өгөхгүй, одоо нөгөө нүдийг чинь очиж ухаж авна гэх зэргээр сүрдүүлдэг байсан. Тэгээд Г руу залгаад та яагаад хүн сүрдүүлж дарамтлаад байгаа юм бэ гэхэд Г яадаг юм, хамаагүй цагдаадаа өргөдлөө гаргаж өг, одоо наад хэрэг чинь хаагдсан, намайг танай аавыг зодсон гэдгийг хэн нотлох юм бэ, би чамайг өөрийг чинь цагдаад надаас мөнгө нэхсэн талаар өргөдөл гаргаж өгнө гээд утсаа салгасан. Тэгээд прокурорт хандсан. Миний эцэг ГССҮТ эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Хөвсгөл аймагт хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ... Би Хын гэрт очихоосоо өмнө хоёр хоног нойргүй ажилтай явсан болохоор бас согтоод унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад сэрэхэд Х гэртээ байхгүй, Алтансүх унтаж байсан. Хэвтэж байхад Х гаднаас орж ирээд хэвтэхэд нь “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ, архи аваад үлдсэн мөнгө хаана байна” гэхэд Х архи аваад уучихсан гэхээр нь “чи яахаараа хүнд хэлэхгүй мөнгө авдаг юм бэ” гээд уур хүрээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж, өшиглөсөн. Тэгээд би гарч яваад маргааш нь буюу 1 хоногийн дараа Хын гэрт ирэхэд Хын нүүр ам нь хавдсан байхаар нь жин тавьж өгөөд хамт 3 хоног хоносон. Би тухайн үед Хыг “эмнэлэг орж үзүүлье” гэхэд “эмнэлэг орвол чамайг цагдаа бариад авна” гээд эмнэлэг яваагүй. ...Х төрсөн охин Б.Ад хэлээд эмнэлэгт очиж хэвтсэн. Би хөдөөнөөс ирээд эмнэлэг дээр Хтай очиж уулзаад эмчилгээний мөнгө бага сагаар өгч байгаад дахиад хөдөө ажлаар явсан. Энэ хойгуур охин нь над руу залгаад эмчилгээний төлбөр нэхэхэд нь би чадахгүй, цагдаад өг гэж хэлсэн. Хын нүүр, толгой руу нь гараараа 2-3 удаа цохиж, бие хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Х миний мөнгөөр архи уугаад намайг унтсан хойгуур бас миний мөнгөөр архи аваад уусан байхаар нь миний уур хүрээд цохиж зодсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Хт учруулсан. Хт эмчилгээний 4 сая төгрөг өгсөн. Одоо бид хоёрын дунд хохирлын тал дээр маргаан байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал),

           

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1205 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: Иргэн Б.Х Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн гудамжинд бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэлд Батдэлгэрийн Х /РД:ПЭ76091970/-ын биед гэмтэл бэртэл учирсан эсэхийг тогтоолгож дүгнэлт гаргуулахад тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээг хийлгэх шаардлагатай гэжээ.

Дүгнэлтэд:

 “...Б.Хын биед зүүн талын 4, 5, 6 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, дух, хоёр талын нүд, хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /Шинжээч эмч О.Оюунбаясгалан/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-55 дугаар тал),

 

            6. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн хариу (хавтаст хэргийн 26-30 дугаар тал),

            -мөн Б.Хын хэвтэн эмчлүүлсэн 24106 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 62-70 дугаар тал),

 

            7. Хохиролд 4.000.000 төгрөг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт болон мөнгөн шилжүүлэг хийсэн тухай банкны баримт (хавтаст хэргийн 129-131 дүгээр тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

8. Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай албан бичиг (хавтаст хэргийн 89 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 100-118 дугаар тал), ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (хавтаст хэргийн 119-128 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... тоотод хохирогч Б.Хыг “мөнгө авсан” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Б.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.Хыг “мөнгө авсан” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, дух, хоёр талын нүд, хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),

-хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...унтаж байхад Г миний дээр гарч суугаад учир зүггүй толгой, цээж рүү гараараа цохиод бас хөлөөрөө нүүр, цээж рүү өшиглөж цохиод байсан. ...миний зүүн талын нүд тэр чигтээ хавдаж тагларсан. ...Гас чи яагаад намайг цохиж зодож байгаа юм бэ гэхэд ...чи халаасанд байсан 140.000 төгрөгийг авсан биз дээ гэсэн, ...чи манай гэрийг нэгжээд үз, би чамаас мөнгө аваагүй гээд өөрийгөө нэгжүүлээд гэрээ бас нэгжүүлсэн ч мөнгө гарч ирээгүй. ... шүүх эмнэлгийн №1205 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, ...дээрх гэмтлийг надад Г учруулсан. ...Би ГССҮТ-ийн гавал тархины тасагт 8 хоног хэвтсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

-гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр аав хүнд зодуулсан талаар над руу утсаар ярьж хэлсэн. ...Тэгээд яаралтай ГССҮТ-ийн гавал тархины тасагт хэвтүүлээд, гэмтлийн цагдаад хэлсэн. ...аав надад Хөвсгөлд байхдаа бүх үнэнээ ярьж хэлээд Г намайг зодсон гэж хэлсэн. ...би Гтай утсаар ярихад ах нь зодсон нь үнэн, битгий цагдаад өгөөрэй. Эмчилгээний зардал мөнгийг нь бүрэн даагаад, зээлийг нь хааж өгнө гээд гуйгаад байсан. ...Миний эцэг ГССҮТ эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

-шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Х гаднаас орж ирээд хэвтэхэд нь “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ, архи аваад үлдсэн мөнгө хаана байна” гэхэд Х архи аваад уучихсан гэхээр нь “чи яахаараа хүнд хэлэхгүй мөнгө авдаг юм бэ” гээд уур хүрээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж, өшиглөсөн. ...Би Хын нүүр, толгой руу нь гараараа 2-3 удаа цохиж бие хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. ...Х миний мөнгөөр архи уугаад намайг унтсан хойгуур бас миний мөнгөөр архи аваад уусан байхаар нь миний уур хүрээд цохиж зодсон. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Хт учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1205 дугаартай “....Б.Хын биед зүүн талын 4, 5, 6 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, дух, хоёр талын нүд, хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /Шинжээч эмч О.Оюунбаясгалан/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-55 дугаар тал), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн хариу (хавтаст хэргийн 26-30 дугаар тал), Б.Хын хэвтэн эмчлүүлсэн 24106 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 62-70 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Б.Гын хохирогч Б.Хын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Хыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх ба хохирогч Б.Х нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Хт 4.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч хүлээн авсан талаар тэдний  бичгээр гаргасан /хх-129/ хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Гтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Г нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаварыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Гд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Гыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Хт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА