Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Онон,

Хохирогч: Б.О-,

Шүүгдэгч: О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн           дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны урд талын зогсоол дээрээс иргэн Б.О-ын эзэмшлийн ... улсын дугаартай цэнхэр өнгийн “Nissan Skyline” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.О- шүүх хуралдаанд: “...Ажил дээрээ байж байгаад зогсоолд тавьсан машинаа харахад машин байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Ажлын камер шүүхэд Б- машин аваад явсан байсан. Тэгээд дуудлагаа буцаасан. Өөртөө нь утсаар яриад машин авчирч өг гэхэд за гэж хэлсэн боловч 3 хоногийн дараа зам дээр орхиод явсан байхад нь очиж авсан. Хохирол төлбөр авсан, гомдол саналгүй” гэв.

Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг 30 минутын үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны хажуу талд ажил дээр байсан ба би тээврийн хэрэгслийг өдрийн 11 цаг 30 минутын үед Худалдаа хөгжлийн банкны урд талын машины ил зогсоол дээр байрлуулсан юм. Тухайн өдөр 23 цагийн үед зүс таних О.Б- нь манай ажлын газар руу орж ирээд мэнд мэдчихээд манай найз М- рүү явлаа гэж хэлээд удалгүй буцаад гараад явсан юм. Тэгээд би шөнө 02 цагийн үед тагтан дээр гараад тамхи татаад зогсож байгаад машинаа харсан чинь алга болсон байсан юм. Тэгэхээр нь би өөрийн ажлын зогсоолын хяналтын камерыг шүүсэн чинь 23 цаг 30 минутын үед О.Б- дахиад хоёр үл таних эрэгтэйн хамтаар миний машинд суугаад асаагаад аваад явсан юм. Миний тээврийн хэрэгсэл түлхүүргүй хаалга онгойдог ба товчлуур дарж түлхүүрийн хэрэггүйгээр асдаг юм. Түлхүүргүй онгойж, асааж явдаг талаар Б- мэддэг юм. ...Миний тээврийн хэрэгсэл нь Ниссан Скай лайн маркийн цэнхэр өнгийн 1998 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би машинаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Оргил гэх залуугаас 7.500.000 төгрөгөөр бэлнээр нь өгч худалдаж  авч байсан юм. Одоо бол нэрээ солиулаагүй байгаа. Учир нь торгуультай нь хамт худалдаж авсан ба одоогоор торгуулийн 500.000 төгрөгийг төлж чадаагүй байгаа ба худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Би одоо тээврийн хэрэгслээ 6.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. ...Надад Б- юу ч хэлэлгүйгээр унаад явсан байсан. ...Манай ажлын камер 3 хоног хадгалаад устдаг учир бичлэг нь байхгүй. Надад миний машиныг буцааж өгөлгүй 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн КТМС-н автобусны буудал дээр перда дискийг нь эвдлээд орхисон байхад нь олсон. Би автомашины засварын хөлс болох 750.000 төгрөгийг Б-ээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15, 17-18/,

Гэрч Ш.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр манай найз Б-, Ц- бид гурав хотын төвд явж байтал 22 цаг өнгөрч байхад манай найз Б- 10 дугаар хороолол орж ахын автомашиныг авъя гэсэн. Тэгээд 10 дугаар хороололд ирэхэд Б- манай ах нэг газар бармен хийдэг би орчоод гараад ирье гэсэн. Тэгээд Ц- бид хоёр гадаа хүлээгээд зогсож байхад Б- нэг ресторан руу ганцаараа орсон. Тэгээд удалгүй буцаад ганцаараа гарч ирээд “за, за явъя” гээд зогсоол дээр байсан цэнхэр өнгийн автомашиныг шууд хаалгыг нь онгойлгоод ороод суугаад кнопоор нь асаагаад бид хоёрыг суулгаад хотын төвөөр явж байгаад шөнө 03 цагийн үед Ц-ийг хороололд гэрт нь хүргэж өгөөд дараа нь намайг 10 дугаар хороололд гэрийн гадаа буулгаад Б- нөгөө машинаа унаад явсан. Тэрнээс хойш Б- тэр машиныг 2 хоног унаж явсан гэж надад хэлсэн. Ажлынх нь гадаа очоод орж ахаасаа зөвшөөрөл авъя гэж хэлээд орсон. Орчхоод гарч ирэхдээ ах зөвшөөрчихлөө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Яллагдагчаар О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр таньдаг ах болох О-ын ажил дээр нь очоод О- ахтай уулзаад мэнд мэдчихээд найз М-тэй уулзлаа гэж хэлээд ажлаас нь гарч яваад О- ахын ажлын гадаа байсан ... улсын дугаартай цэнхэр өнгийн Ниссан Скай лайн маркийн автомашиныг асаагаад унаад явсан. Машиныг нь унаад хотын төв рүү найзуудтайгаа уулзах гээд явсан. Тэгээд машиныг нь унаж гадуур явж байгаад 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр О- ахын автомашины диск нь цөмрөөд эвдрэхээр нь КТМС-н урд талын автобусны буудал дээр орхиод явсан. О- ахын машин нь түлхүүрээр онгойдоггүй шууд онгойчихдог юм. Мөн кнопоор асдаг тул анх авахад түлхүүрний шаардлага надад байгаагүй. Би О-ад машиныг нь хэлэлгүй авч явсан. ...Би машиныг нь жоохон унаж зулгааж байгаад өгье гэж бодоод унаад явж байсан боловч машин нь эвдэрчихээр нь орхиод яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 25-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-49/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны урд талын зогсоол дээрээс иргэн Б.О-ын эзэмшлийн ... улсын дугаартай цэнхэр өнгийн “Nissan Skyline” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О-ын: “...Тухайн өдөр 23 цагийн үед зүс таних О.Б- нь манай ажлын газар руу орж ирээд мэнд мэдчихээд манай найз М- рүү явлаа гэж хэлээд удалгүй буцаад гараад явсан юм. Тэгээд би шөнө 02 цагийн үед тагтан дээр гараад тамхи татаад зогсож байгаад машинаа харсан чинь алга болсон байсан юм. Тэгэхээр нь би өөрийн ажлын зогсоолын хяналтын камерыг шүүсэн чинь 23 цаг 30 минутын үед О.Б- дахиад хоёр үл таних эрэгтэйгийн хамтаар миний машинд суугаад асаагаад аваад явсан юм. Миний тээврийн хэрэгсэл түлхүүргүй хаалга онгойдог ба товчлуур дарж түлхүүрийн хэрэггүйгээр асаадаг юм. Түлхүүргүй онгоож асааж явдаг талаар Б- мэддэг юм. ...Надад Б- юу ч хэлэлгүйгээр унаад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15, 17-18/, гэрч Ш.Б-ий: “...10 дугаар хороололд ирэхэд Б- манай ах нэг газар бармен хийдэг би орчоод гараад ирье гэсэн. Тэгээд Ц- бид хоёр гадаа хүлээгээд зогсож байхад Б- нэг ресторан руу ганцаараа орсон. Тэгээд удалгүй буцаад ганцаараа гарч ирээд “за, за явъя” гээд зогсоол дээр байсан цэнхэр өнгийн автомашиныг шууд хаалгыг нь онгойлгоод ороод суугаад кнопоор нь асаагаад бид хоёрыг суулгаад хотын төвөөр явж байгаад шөнө 03 цагийн үед Ц-ийг хороололд гэрт нь хүргэж өгөөд дараа нь намайг 10 дугаар хороололд гэрийн гадаа буулгаад Б- нөгөө машинаа унаад явсан. Тэрнээс хойш Б- тэр машиныг 2 хоног унаж явсан гэж надад хэлсэн. Ажлынх нь гадаа очоод орж ахаасаа зөвшөөрөл авъя гэж хэлээд орсон. Орчхоод гарч ирэхдээ ах зөвшөөрчихлөө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б- нь хохирогч Б.О-ын автомашиныг зөвшөөрөлгүйгээр хулгайлах, дээрэмдэх зорилгогүйгээр авч явсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б- нь хохирогчийн машиныг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр найз нартайгаа хотоор зугаалах зорилгоор авч явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчаас түүнийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүх хуралдаан шүүгдэгчээс хохирлоо гаргуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой орлогогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Б-ийг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР