Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 13

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч “МГИ ” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “МГИ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Татварын улсын байцаагч, хуулийн мэргэжилтэн Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “МГИ ” ХХК-ийг төлөөлж Д.Б  шүүхэд гаргасан гомдолдоо: “...Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч, Э.Б , Татварын улсын байцаагч Б.М  нар нь “МГИ ” ХХК-ийн 2013-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1102201812 дугаартай шийтгэлийн хуудсаар 307,982,958 төгрөгийн зөрчилд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Татварын улсын байцаагчаас “МГИ ” ХХК-ийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, мөн зүйлийн 4-т заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74.1.3 Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах “Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.1.1 гэсэн заалтын дагуу /74.3 энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр байна” гэсэн заалтын дагуу 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд 9,893,519 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тусгасан зөрчилд 989,351 төгрөгийн нөхөн татвар, 296,805 төгрөгийн торгууль, 494,675 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2014 онд 294,526,738 төгрөгийн татвар ногдох орлогыг дутуу тусган, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 29,452,673 төгрөгийн нөхөн татвар, 14,726,336 төгрөгийн торгууль, 88,358 төгрөгийн хүү ногдуулах шийтгэл, 2013-2016 оны хугацаандаа төлөөгүй хувь хүний орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл 2,868,000 төгрөгийн зөрчилд 1,693,649 төгрөгийн торгууль, 864,619 төгрөгийн алданги нийт 2,558,268 төгрөгийн шийтгэл, 2014 оны хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл 694,701 төгрөгийн зөрчилд 732,214 төгрөгийн торгууль, 347,350 төгрөгийн шийтгэлийг тус тус оногдуулсан.

“МГИ ” ХХК-ийн зүгээс Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч, Э.Б , Татварын улсын байцаагч Б.М  нар “МГИ ” ХХК-ийн 2013-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1102201812 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын холбогдох хуулийг зөв хэрэглээгүй, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3 гэсэн хуулийн заалтуудыг хэрэглэсэн. Мөн хуулийн 75.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл шийтгэл оногдуулахдаа “МГИ ” ХХК-ийн 2013-2016 онд гаргасан зөрчилд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан... Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн мөн зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж шийтгэлийн хуудсандаа тусгасан боловч “Зөрчлийн тухай хууль”-ийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасан “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, мөн хуулийн 1.5 дугаар зүйл “Хөөн хэлэлцэх хугацаа”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан Татварын ерөнхий хуулийн зүйл заалт зэрэг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан заалт болон бусад заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч, Э.Б , Татварын улсын байцаагч Б.М  нарын “МГИ ” ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1102201812 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нөхөн татвар оногдуулаад түүндээ торгууль, алданги тооцоод байгаа хууль хэрэглээ нь зөв юм уу буруу юу гэдгийг тодруулж ярих шаардлагатай гэж бодож байна. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн хэмжээ 30 хувь байсан. 2015 оны 12 дугаар сарын 04-нд хасаад Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр зохицуулсан. Мөн 30 хувь гэсэн байдаг. Гэвч Татварын улсын байцаагч Зөрчлийн хуулийн холбогдох заалтыг эхний буюу 296,805 төгрөгийн торгууль оногдуулахдаа 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 9,893,519 төгрөгийн татвар ногдуулах дутуу тусгасан зөрчилд 989,000 төгрөгийн нөхөн татвар оногдуулдаг. Үүнийхээ торгуулийг 30 хувиар 296,805 төгрөгөөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг бариад шийдвэрлэсэн. Энэ дээр Зөрчлийн хуулийг баримтлах ёстой байсан. Гэхдээ Зөрчлийн хуулийг барьж байгаа юм уу, Татварын ерөнхий хуулийг барьж байна уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Алдангийн хэмжээ 50 хувиар боддог. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулиар буцаан хэрэглэхэд 20 хувь байгаа. Үүнийг баримтлах ёстой байсан. Тооцоон дээр буруу байсан байна гэж би хардаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт 2014 294 сая төгрөгийн орлогыг дутуу тусгасан, үүн дээр 29,452,000 төгрөгийн нөхөн татвар, 14,726,000 төгрөгийн торгууль ногдуулна гээд 50 хувиар бодсон байдаг. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 09-нд торгууль гэдэг заалт байхаа больсон. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой харилцааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  зохицуулалт илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэх учраас 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг баримтлаад торгууль тооцохгүй байх ёстой байж гэж харж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараа хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн үлдэгдэл 694,000 төгрөгийн зөрчилд 732,000 төгрөгийн торгууль оногдуулна. 347,000 төгрөгийн алданги оногдуулна, нийт 1,079,000 төгрөгийн шийтгэл оногдуулсугай гээд заагаад байтал нөхөн татвар гэдэг үг байхгүй байхад торгууль, алданги тооцоод яваад байгаа нь өөрөө хуулийнхаа заалтад нийцдэггүй.

Нөхөн татвар тэдэн хувиар торгууль тооцно, нөхөн татвар тэдэн хувиар алданги тооцно гэж хуулийн томьёолол байдаг. Би эд нарыг яагаад дурдаж байгаа юм бэ гэвэл шийтгэх хуудас өөрөө буруу бичигдэж явдаг юм байна гэдгийг харуулах гэж дурдаад байгаа. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл шийтгэх хуудас буюу татварын актыг хүчингүй болгуулъя, энэ бол процессын хуулийг ноцтой зөрчсөн байна. Д.Б  “МГИ ” ХХК-ийн албан тушаалтан мөн үү, биш үү гэдгийг тодруулах ёстой. Д.Б  “МГИ ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн ажиллагааны дагуу Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар хангалттайгаар нотлогдож байгаа.

Хариуцагч тал нотлох баримт шинжлэн судлуулаад банкнаас Д.Б  мөнгө авч байгаа учраас эрх бүхий албан тушаалтан мөн байна гэдэг агуулгаар өөрсдийн үндэслэлийг тодорхойлоод байна. Банкнаас мөнгө авах итгэмжлэл тусдаа. Компанийн эрх бүхий албан тушаалтан Татварын тухай хуулийн дээр тусдаа зохицуулалттай асуудал. Компанийн мөнгийг авах бол зөвхөн итгэмжлэлээр нягтлан, нярав гээд хэн ч байж болно. Д.Б  Татварын зөрчлийн хэрэгт оролцох эрх бүхий этгээд мөн гэсэн үйл баримт нотлогдохгүй байна. Энэ компани захирал А , түүний итгэмжлэлийн дагуу энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёрдугаарт Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүрэг тайлбарлах, хэргийн оролцогчийн эрхийг хангах ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хийгдээгүй байна. Д.Б  гэж этгээдийг оруулаад байдаг, гэтэл бичиг баримтаар А  гэж хүн байдаг. А т мэддэггүй, оролцуулдаггүй, эрх үүргийг нь тайлбарладаггүй, гомдол гаргах зэрэг эрхийг нь хангах боломжийг олгодоггүй. Зөрчлийн туухай хууль болон Татварын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Зөрчлийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр У , Ам гэсэн хүмүүс оролцуулсан. У  Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн бичиг хэргийн ажилтан. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт зааснаар сонирхлын зөрчилгүй этгээд байх ёстой. Захирах захирагдах харилцаа хамааралгүй байх ёстой. У ийг сонирхлын зөрчилгүй хөндлөнгийн гэрч болохгүй.

Д.Б  гээд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулаад нэхэмжлэгчийн эрхийг нь хязгаарласан. Анхнаасаа үзлэг хийхдээ шийтгэлийн хуудас оногдуулах зэрэг үйл ажиллагаа нь бүгдээрээ хууль зөрчсөн байна. Мөн ажлын ерөнхий болон тусгай удирдамж заавал байх ёстой. Гэтэл 2017 онд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмыг ерөнхий удирдамжийг Монгол Улсын хэмжээнд дагах ёстой гэсэн тайлбар хэлээд байгаа. Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын ерөнхий болон тусгай удирдамж заавал байх ёстой. Тусгай удирдамжгүйгээр журмаа баримталж орж ирээд хяналт шалгалт хийсэн. Томилолтын асуудал дахиж яригдана. Б.М  байцаагч 04 дүгээр сарын 10-нд томилогдсон мөртлөө ажиллагааг 04 дүгээр сарын 06-аас 09-ний өдрийн хооронд томилолтгүй ажил хийгээд байгаа юм шиг байдал харагдаад байгаа. Удирдамж болон томилолттой холбоотой хоёр шаардлагыг хоёуланг нь ноцтой зөрчсөн. Олон хууль тогтоомж зөрчиж байгаад шийтгэх хуудас, тэмдэглэл зэрэг актуудыг үйлдээд гаргасан.

Манайд өгсөн шийтгэлийн хуудсан дээр томилолтгүй Б.М  байцаагч тэмдгээ дарсан, Э.Б  байцаагч нь тэмдгээ дардаггүй. Татварын улсын байцаагч өөрийнхөө хийсэн ажил, актыг баталгаажуулах гэж тэмдэг хэрэглэдэг. Тэмдэггүй бичиг баримтыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Дараагийн ажиллагаа шийтгэх хуудас, тэмдэглэл зэрэг зүйлсээ 2019 оны 04 дүгээр сарын 09-нд Д.Б г ажиллагаанд оролцуулаагүйгээр дараа нь хэлсэн гэж Б.М  байцаагч хэлж байна. Ямар ч бичиг баримт дээр Д.Б гийн гарын үсэг байхгүй. Энэ хүн гарын үсэг зурахаас татгалзав гэж тэмдэглэл хийдэг. Тийм зүйл ч  байхгүй. Д.Б  гарын үсэг зурна уу, зурахгүй байна уу А ийн хувьд ач холбогдолтой зүйл биш. Энэ ажлууд бүгдээрээ хууль зөрчөөд бөөн бантан дунд явж байдаг юм гэдгийг ойлгуулах гэж тайлбарлаж ярьж байна. Эдгээр үндэслэлээр шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах хангалттай үндэслэл байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын Ерөнхий газрын даргын баталсан 2017 оны эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө, 11170400046 дугаар бүхий томилолтоор 2018 оны 04 сарын 09-ний өдөр татварын хяналт шалгалтыг Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.М , Э.Б  нар 3613054 тоот регистрийн дугаартай “МГИ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201812 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

Татвар төлөгч гаргасан гомдолдоо 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:” “74.1.3 Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах гэсэн заалтыг хэрэглэсэн Мөн Хуулийн 75.2 Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байхад татварын улсын байцаагч нар хууль буруу хэрэглэн дээрх шийтгэлийн хуудсыг гаргасан байна гэжээ.

МГИ  ХХК-ний гаргасан зөрчил нь 2014 онд гаргасан зөрчил байх бөгөөд 2014 онд дагаж мөрдөж байсан Татварын Ерөнхий хуулийн 74 дэх заалт нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын санкц нь ижил байгаа тул Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн мөн зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байгаа хэдий ч зөрчил үйлдсэн хугацаа нь 2014 он байгаа тул 2014 онд дагаж мөрдөж байсан Татварын Ерөнхий хуулийн заалтаар татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн.

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1, Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна. 10 дугаар зүйлийн 10.1. Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна. Мөн хуулийн 10.З. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна гэж заасны дагуу МГИ  ХХК-ийн гаргасан захиргааны зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь өршөөлд хамруулах үндэслэлгүй.

Иймд 2018 оны 04 сарын 09-ны өдөр “МГИ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201812 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МГИ ” ХХК нь 2013-2016 оны байдалд татвар ноогдолт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан татварын хяналт шалгалт хийх эрхийн хувьд хяналт шалгалт хийх томилолтын дагуу Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Татварын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хяналт шалгалтыг хийх ажиллагааны журмын хавсралтаар батлагдсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг үндэслээд хяналт шалгалт хийх томилолтыг улсын байцаагчид олгосон, үүнийг дагуу санхүүгийн анхан шатны баримтууд дээр тулгуурлаж хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтыг хийхэд зөрчлүүд илэрдэг. Татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээсэн. Өмгөөлөгчийн зүгээс Татварын албанаас хийсэн шалгалтыг процессын хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах ёстой гэж ярьж байна. Татварын албаны зүгээс Зөрчлийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хяналт шалгалтын процесстой холбоотой зүйлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуульд болон Татварын ерөнхий хуульд заасан процессын дагуу хийж гүйцэтгэсэн. Тэр ажиллагаанууд дээр гүйцэтгэх захирлаас эхлүүлээд хяналт шалгалтын үйл ажиллагааны зорилго, өөрийнхөө удирдамж, томилолт, байцаагчийнхаа үнэмлэх зэргийг үзүүлээд хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлээд зөрчлийг илрүүлж дуусгасан. Энэ дээр ямар нэгэн процессын алдаатай болсон зүйл байхгүй.  Татварын албанд гүйцэтгэх захирлаар Д.Б  гэж хүн бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Татварын хяналт шалгалтад хамрагдах баримт сэлтийг Д.Б  гэж хүн авч ирсэн.

Мөн нотлох баримт шинжлэн судлахад банкны гүйлгээ зэргээр Д.Б  гүйцэтгэх захирал гэсэн чиг үүрэгтэйгээр төлөөлж Татварын албатай харилцаж байсан. Бид нар А  гэж хүнтэй биш Д.Б  гэдэг хүнтэй харилцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бид нарын гол маргааны зүйл захиргааны актын торгууль, алданги, нөхөн татвартай холбоотой зүйлүүд байгаа. Энэ дээр өмгөөлөгчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасангүй. Татварын улсын байцаагчийн зүгээс тооцоололтой холбоотой асуудал дээр тооцооллыг хийх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс манайх ингэж өршөөгдөх хүсэлтэй байна гэдгээ хэлээд тэр мөнгөн дүнгээр тэдэн төгрөгийн торгууль, алданги нь өршөөлөө гэдэг тооцооллыг хийгээгүй учраас энэ дээр шүүх дүгнэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх болов уу гэж үзэж байна. Яагаад гэвэл тооцоолол дээр тусгай мэдлэг шаардагдана гэж үзэж байна. Мөн Татварын улсын байцаагч нар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж шийтгэлийн хуудас оногдуулсан.

Яагаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бэ гэвэл эдгээр зөрчлүүд бүгд өөрсдөө Татварын албанд тогтоосон хугацаанд тайлагнаад, тайлангийнх нь үндсэн дээр татвараа төлөөгүй хугацаанд алдангиуд оногдуулсан. Энэ дээр нөхөн татвар ногдох асуудал байхгүй. Торгууль, алдангийг оногдуулахдаа 20 хувиар, 50 хувиар оногдуулсан гэдэг асуудал ярьж байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилж эхэлсэн. Тэрнээс өмнөх зөрчил дээр 50 хувиар оногдуулдаг Татварын ерөнхий хуулийн зохицуулалт байсан. Хоёр хууль хоорондоо зөрчилдвөл илүү нарийвчилсан хуулийг хэрэглэнэ гээд Татварын ерөнхий хуулиар торгууль оногдуулсан байгаа. Энэ дээр хөнгөрүүлсэн зүйл заалтыг хэрэглэх ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг барьсан.  Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн гээд торгууль, алданги оногдуулдаг хуулийн үндэслэл байгаа. Тэрний дагуу торгууль, алданги оногдуулсан. Татварын улсын байцаагч хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс улсын төсөвт орлого төвлөрүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа. А  болон Д.Б  гэх хүмүүсийг Татварын албанаас дуудах бүх арга хэмжээг авсан. Татварын хяналт шалгалтыг хийх гэхээр татвар төлөгч нар ирдэггүй. Сүүлд нь Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг зөвшөөрөөд гомдол гаргаж байгаа үйл баримт байгаа. А , Д.Б  гэдэг хүмүүсийн хооронд гэрээ хэлцлээр хоорондоо харилцдаг, хуулийн этгээдийн харилцаа байгаа гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Д.Б  гэдэг ямар ч хамааралгүй хүнийг татварын хяналт шалгалтад хамруулаад хуулийн этгээдэд хариуцлага оногдуулсан зүйл байхгүй. Дандаа харилцаа хамаарал бүхий этгээдүүд байгаа.

Энэ шүүх хуралдаанаар “МГИ ” ХХК-ийн хэргийг шүүх хүлээж аваад шийдвэрлэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 94, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэснийг шүүх хүлээж авч шийдвэрлэх ёстой. Энэ хэрэг өнөөдөр шийдвэр гарлаа гэхэд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдах учраас цаг алдахгүй байх үүднээс анхан шатны шүүхээс хэргийг буцаагаад Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлэе. Тэгсний дараа энэ хэргийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “МГИ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул татварын улсын байцаагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нар нь “МГИ ” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсаар 307,982,958 төгрөгийн зөрчилд 49,686,030 төгрөгийн төлбөрийг “МГИ ” ХХК-д ногдуулжээ. Тус компанийг

1. 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайландаа 9,893,519 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тусгасан зөрчилд 989,351 төгрөгийн нөхөн татвар, 296,805 төгрөгийн торгууль, 494,675 төгрөгийн алданги,

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2014 онд 294,526,738 төгрөгийн татвар ногдох орлогыг дутуу тусган, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 29,452,673 төгрөгийн нөхөн татвар, 14,726,336 төгрөгийн торгууль, 88,358 төгрөгийн хүү,

3. 2013-2016 оны хугацаандаа төлөөгүй хувь хүний орлогын албан татварын тайлангаар үлдэгдэл 2,868,000 төгрөгийн зөрчилд 1,693,649 төгрөгийн торгууль, 864,619 төгрөгийн алданги,

4. 2014 оны хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар үлдэгдэл 694,701 төгрөгийн зөрчилд 732,214 төгрөгийн торгууль, 347,350 төгрөгийн алданги /нийт 30,442,024 төгрөгийн нөхөн татвар, 17,449,004 төгрөгийн торгууль, 1,706,644 төгрөгийн алданги, 88,358 төгрөгийн хүү/-ийг тус тус төлүүлэхээр, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг “холбогдогч” гэх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.10-д заасны дагуу “холбогдогч нь” ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, мэдүүлэг өгөх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхийг эдлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор зохицуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 1/548 тоот албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд[1] “...3613054 регистрийн дугаартай, “МГИ ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн нэрийг Аюушийн А  /хн65063006/...” гэж бүртгэгдсэн байх бөгөөд Д.Б д эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан, “МГИ ” ХХК-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох тус хуулийн этгээдийн “хууль ёсны төлөөлөгч”-ийг тогтоож томилоогүй, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гээд мөн хэсгийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

“МГИ ” ХХК-ийн 1111002111 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд[2] “Гүйцэтгэх захирал Д.Б ” гэж бүртгэгдээгүй, 1102201812 дугаартай зөрчлийн хэрэгт тус компанийн гүйцэтгэх удирдлагыг тодорхойлсон болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон бусад баримт бичгийг хавсаргаагүй байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан тул холбогдогчоор татсан гүйцэтгэх захирал /захирал/ гэх Д.Б г, эсхүл компанийн бусад эрх бүхий албан тушаалтнаас хэн нэгнийг “МГИ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохыг эрх бүхий албан тушаалтан /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа байгаа/ нь дээрх хуульд заасан эрхийнхээ дагуу шийдвэрлэх шаардлагатай.

Мөн 1102201812 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас[3] үзэхэд Хяналт шалгалтын тасгийн дарга 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хоёр хоногийн хугацаатай хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчаар Н.Н , Э.Б  нарыг томилсон боловч хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг өөрчилж 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э.Б , Б.М  нарыг томилсон байхад татварын улсын байцаагч Б.М  нь 2018 оны 02 дугаар сарын 26, мөн оны 04 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “МГИ ” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж мөн оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанид төлбөр ногдуулсан, уг шийтгэлийн хуудсанд татварын улсын байцаагч тэмдэг дарж эцэслэн ёсчлоогүй атал татвар төлөгч компанид хүргүүлсэн нь хууль бус болох ба Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 30.1.1-т “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх”, 30.1.3-т “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах...” гэж тус тус заасныг зөрчсөн.

Нөгөөтэйгүүр Зөрчлийн тухай хуулийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдийн гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр зохицуулсан байх ба Татварын ерөнхий хууль /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/-ийн 74 дүгээр зүйлийг өөрчилсөн “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан хууль Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т “Дараах үндэслэлээр аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-т “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж...” гэж заажээ.

Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, татвар төлөгч татварын улсын байцаагч нарын хянан шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, ногдуулж буй шийтгэлийг биелүүлэхээ илэрхийлсэн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1102201812 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулж буй зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийг гаргаагүй гэж маргаж байсан нь тогтоогдож байна.

Татварын улсын байцаагч нар “МГИ  ХХК-ийн татварын зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж, маргаан бүхий актад дурдсан зөрчлүүд аль холбогдогчид хамаарах ямар үйлдэл, эс үйлдэхүйг шалган тогтоож, шийтгэл оногдуулсан, хэрхэн шийдвэрлэсэн зэргийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нэр мөр шийдвэрлэх шаардлагатай тул хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй. Татварын ерөнхий хуулийн 53 дугаар 53.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж заасныг татварын улсын байцаагч нар мөн зөрчин татварын тооцооллын программын татварын өрийн бүртгэл зэрэгт үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль бус болно.

Тиймээс цаашид тодруулах шаардлагатай дээрх нөхцөл байдлуудыг шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудас болох актыг /шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш/ 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж энэ хугацаанд татварын улсын байцаагч нар нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж шинэ акт гаргах шаардлагатай гэж шүүх үзлээ.

Шүүхээс дээрх шийтгэлийн хуудсыг шинэ акт гартал 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “МГИ ” ХХК-ийн гаргасан татварын зөрчил гэх аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд татвар ногдуулах орлогыг дутуу тусгасан, хугацаанд нь төлөөгүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй үйлдэл зэрэг асуудалд дүгнэлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагч Э.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д  нарт 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14:30 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцогчид хэргийг шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд татварын улсын байцаагч нар шинэ акт гаргаагүй тохиолдолд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М  нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11202201812 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М , Э.Б  нараас тус бүр 35100 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч “МГИ ” ХХК-нд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн 41-44 дэх хуудас, хэрэгт авагдсан 1102201812 дугаартай зөрчлийн хэргийн 2-3, 85-88  дахь хуудас

                                                                                                                                                      

[2] Хэргийн 8 дахь хуудас,

[3]Хэргийн 12-13 дахь хуудас, хэрэгт авагдсан 1102201812 дугаартай зөрчлийн хэргийн 1, 4-29, 42-43, 49-51 дэх хуудас