Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0010

 

 

 

 

 

 

 

 

      Ц.Э нарын нэр бүхий 7 иргэний

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл  

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Э, М.М, Л.Ц, Ц.Б, Л.Н, Т.Н, Ч.Б

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 730 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М, Ц.Б, Ц.Э, Л.Н, Л.Ц, нэхэмжлэгч Ч.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-А, н.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0637/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.М, Ц.Б, Ц.Э, Л.Н, Л.Ц, Т.Н, Ч.Б нараас Баянгол дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 730 дугаар шийдвэрээр: 

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, М.М, Л.Ц, Ц.Б, Т.Н, Ч.Б, Л.Н нараас Баянгол дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны А/207 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн газар албадан чөлөөлөх мэдэгдэх хуудсын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1“...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Газар төрийн хяналт, хамгаалалтад байна”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна гэж тус тус заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх зарчмыг баримталдаг тул дээрх үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Газрын зөрчил арилгах тухай А/269 дүгээр захирамж гарсан болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

3.2.Тус дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/269 дүгээр захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 77 болон 52 дугаар байрны урд байрлах газрын зөвшөөрөлгүй гараажуудыг албадан буулгаж, газрын зөрчил арилгасан байдаг.

Нэхэмжлэгчдийн тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 77 болон 52 дугаар байрны урд байрлах, газрын зөвшөөрөлгүй тоосгон гараажыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, мөн тухайн маргаан бүхий газрыг хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд өмчилсөн, эзэмшүүлсэн, эсхүл ашиглуулсан тухай захирамж, шийдвэр огт гаргуулж байгаагүй тул тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул Дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/269 дүгээр захирамжаар гараажыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн газрын зөрчил арилгасан.

Дараах үндэслэлээр дээрх 77, 52 дугаар байрны урд байрлах зөвшөөрөлгүй гараажуудыг чөлөөлсөн. Үүнд:

-Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зорилготой бөгөөд тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7, 8, 9 дүгээр байрны дахин төлөвлөлтийн ажлын нөлөөлөлд өртсөн. Тухайлбал ашиглалтын шаардлага хангахгүй болсон 7, 8, 9 дүгээр байрны цэвэр усны шугам, түүний хамгаалалтын бүс дээр байрласан нь дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхэд хүндрэл үүсгэсэн. Уг ажил эхлэхгүй удсанаас үүдэн байраа чөлөөлсөн иргэд, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагаас гомдол гарсан, түүнчлэн дээд шатны байгууллагаас дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эрчимжүүлэх шаардлагыг хүргүүлсэн,

-Маргаан бүхий газарт нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 онд орчны тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн,

-Мөн тухайн маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрийн газар бөгөөд нэхэмжлэгч нар нь газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин гараажын зориулалтаар ашиглаж байсан.

3.3.Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтална, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу тэдгээрт газар чөлөөлөх тухай мэдэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өгсөн боловч бодит байдал дээр мэдэгдэлд заасан хугацаанд тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг.

Нэхэмжлэгч Ц.Э болон бусад гарааж эзэмшигчид дээрх сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирж уулзсан бөгөөд албан ёсны гомдол, санал, хүсэлт гаргаагүй, энэ талаар ч маргадаггүй болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс тус дүүргийн Засаг даргын А/207 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарт гардуулаагүй, уг захирамжийг үндэслэж газар чөлөөлөх талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч нар тухайн захирамжийг хэрхэн олж мэдсэн эсэхийг шүүх нотолж тогтоогоогүй. Харин А/207 дугаар захирамж нь тухайн маргаанд огт хамааралгүй болох талаар хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдоно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхийн шийдвэрт дээрх хэрэгт хамааралгүй захирамжийг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3.4.Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны байгууллага нь захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргийнхээ хүрээнд 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс дүүргийн Засаг даргын мөн сарын 4-ний өдрийн А/269 дүгээр захирамжийг мэдэгдсэн.

Дээрх А/269 дүгээр захирамжийг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нар газар чөлөөлөх захирамжийг хүлээн зөвшөөрч бүх гарааж эзэмшигч нар гарааж доторх эд зүйлсээ сулласан, хаалга, үүдээ авч явсан, тухайн гараажуудыг өөрсдөө чөлөөлсөн байдаг.

3.5.Дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ биелүүлсэн, ингэхдээ маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгааг зохих журмын дагуу нягтлан судалсан.

Тухайлбал,

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор маргаан бүхий газар нь Газрын мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, нэгж талбарын хувийн хэрэгтэй эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, газрыг аливаа этгээдэд олгож байсан эсэх, газрын төлбөр тооцоо хийж байсан эсэх, инженерийн шугам сүлжээ болон үер усны ам далан, ундны усны эрүүл ахуй, хамгаалалтын бүс болон хязгаарлалтын бүстэй давхцаж байгаа эсэх, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалтай эсэх, бусдын орц, гарцыг хаасан эсэх зэргийг бүрэн нягталж шалгасан.

Нэхэмжлэгч нар нь газар эзэмших гэрээг үндэслэн эрхийн гэрчилгээ аваагүй, харин хууль зөрчин гараажын зориулалтаар ашиглаж байсан болох нь дараах байдлаар илэрхийлэгдэнэ. Үүнд:

-Нэхэмжлэгч Ц.Э 2009, 2010 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй,

-Нэхэмжлэгч М.М 2009 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй,

-Нэхэмжлэгч Л.Ц 2009 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй,

-Нэхэмжлэгч Ц.Б 2009, 2010 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш төлөөгүй,

-Нэхэмжлэгч Х.Н 2009-2012 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй,

-Нэхэмжлэгч Т.Н 2009, 2010 онд газрын төлбөр төлсөн. Түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй,

-Нэхэмжлэгч Ч.Б нь 2018 онд гарааж худалдан авсан бөгөөд газрын төлбөрийг огт төлж байгаагүй болно.

Тухайн маргаан бүхий газар нь тус дүүргийн 4 дүгээр хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны дахин төлөвлөлт хийгдэж байгаа 7-9 дүгээр байрны цэвэр усны шугам, түүний хамгаалалтын бүс дээр байрласан нь дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Тухайн ажил эхлэхгүй удсанаас үүдэн байраа чөлөөлсөн иргэд, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагаас гомдол гарсан, түүнчлэн дээд шатны захиргааны байгууллагаас нийтийн эрх, ашиг сонирхол хохирч байгаатай холбогдуулан дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эрчимжүүлэх шаардлагыг удаа дараа ирүүлсэн зэрэг нь тухайн газрыг чөлөөлөх үндэслэл болсон.

3.6.Нэхэмжлэгч нар маргаан бүхий тоосгон гараажуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй этгээд болох нь захирамжийн үндэслэл, хэргийн материалд авагдсан тэдгээрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудаар, мөн Баянгол дүүргийн Засаг даргын шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох нотлох баримт, Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/376, мөн оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14/422 дугаар албан бичгээр тус тус тогтоогддог.

Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчин, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

4.Нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Нэхэмжлэгчдээс “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж шаардлагаа тодорхойлсон боловч уг захирамжийн хавсралтаас үзэхэд тус дүүргийн 4 дүгээр хороонд 59, 62 дугаар байрны урд талд 29, 20 дугаар сургуулийн зүүн, баруун талд 22 гараашийг тус тус буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэснээс бус одоогийн маргаан бүхий байршил буюу 77, Замчдын 52 дугаар байрны урд талд байрлах нэр бүхий нэхэмжлэгчдийн эзэмшлийн гарааш огт тусгагдаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэлийн үндэслэлд анхнаасаа энэ талаар дурдсан атлаа дээрх захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн, гэвч хариуцагчдын хариу тайлбарт дээрх бус харин дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/269 дүгээр захирамжийн хүрээнд замчдын 52 дугаар байрны урд байрлах гараажийг буулгаж, газар чөлөөлсөн болохоо илэрхийлсэн, А/269 дүгээр захирамжаар ч “…4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 18 ширхэг тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх”-өөр шийдвэрлэжээ.

2.Гэтэл шүүхийн шийдвэрт “…Засаг даргын 2022 оны А/207 дугаар захирамжийн хавсралтад  дурдсан байршилд нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараажийн газар дурдагдаагүй…” гэж дүгнэсэн атлаа уг захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоосон нь ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн шийдвэрт Засаг даргын 2022 оны А/269 дүгээр захирамжийг ямар учраас “маргаан бүхий захиргааны акт” гэж дүгнэх болсон нь тодорхойгүй, мөн “…дүүргийн Засаг даргын Тамгын газрын бичиг баримтад хийсэн шүүхийн үзлэгээр уг захирамжийн төсөл, төсөлд санал авах хяналтын хуудаснаас өөр баримт байхгүй…” гэсэн нь хэрэгт авагдсан захирамжийг албажаагүй, эсхүл ийм захирамж гараагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

3.Нэгтгэн дүгнэхэд нэр бүхий нэхэмжлэгчдийн эзэмшил гараашийг энэхүү захирамжаар буулгаж, газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болохоо, уг захирамжийн хүрээнд гараашийг албадан буулгасан болохоо хариуцагчдаас тус тус хоёрдмол утгагүйгээр тайлбарласаар байхад, мөн нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд захирамжийн хувийг ирүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийлгүйгээр, энэхүү маргаанд хамааралгүй захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй.

Харин шийдлийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

    ШҮҮГЧ                                            Э.ЛХАГВАСҮРЭН