Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 54

 

МАГАДЛАЛ

 

2016.12.26                                                     Дугаар 54                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Сэбоцэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00684 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Уранцэцэгт холбогдох,

 

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа учруулсан хохиролд 8 027 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: П.Уранцэцэг манай компанид 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс худалдагчаар ажилд орсон. 2012 оноос ажлаас гарсан. Манай авто сэлбэгийн худалдаа, сэлбэгийн дэлгүүрийн сэлбэгийн худалдагчаар ажиллаж байхдаа бараа дутаасан. Ямар бараа дутаасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд 8 074 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан хохирол төлнө гэж заасан тул шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Сэбоцэ” ХХК-д худалдагчаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бас байгуулаагүй. Хэрэгт өгсөн байгаа хөдөлмөрийн гэрээг асуудал үүссэний дараа сүүлд нөхөж байгуулсан юм. Сэлбэгийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын захиргааны үүрэг, даалгавраар хөдөө орон нутаг дахь мал аж ахуй, ногоо тарих зэрэг ажлаар олон хоногоор явах, эсхүл хотод айлын гэр цэвэрлэх зэрэг туслах ажилд явдаг байсан ба энэ үедээ ажлаа шууд орхиж явдаг байсан. Хэн нэгэнд тооллого хийж бараагаа хүлээлгэж өгөх ойлголт байхгүй, хажуугийн лангууны худалдагчид итгээд л явдаг байсан. Намайг ажилд орсноос хойш жил гаруйн дараа буюу 2011 оны 11 дүгээр сард тооллого явагдаж, дэлгүүрийн бараа дутаасан гэж намайг буруутгасныг би зөвшөөрөхгүй. Би огт мөнгө авдаггүй тул бэлэн мөнгө идсэн байх үндэслэлгүй. Миний ажилладаг байсан лангуу задгай, хэн дуртай нь орох боломжтой, цоож цуурга байхгүй, манай дэлгүүр 4 талдаа хаалгатай, миний лангууны өөдөөс бараа зөөдөг хаалга хардаг, байнгын онгорхой байдаг байсан. Тэр их барааг хэн авсныг мэдэхгүй, би бараа дутаагаагүй тул төлөх үндэслэлгүй.

Тооллогоор нийт 7 986 400 төгрөгийн бараа дутагдсаныг би хүлээн зөвшөөрнө, түүнд маргахгүй, харин энэ барааг би дутаагаагүй тул төлөхгүй гэж маргаж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан П.Уранцэцэгээс 8 027,400 төгрөг гаргуулах тухай Сэбоцэ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Манай компани үүсгэн байгуулагдсанаасаа xойш олон жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа ийм их хэмжээний өр төлбөр гаргадаг ажилтантай байгаагүй. Шүүх, цагдаагаар ч заргалдаж явж байгаагүй. Ажилчид маань хөдөлмөрийн гэрээний дагуу өөрт оногдсон үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Зах замбараагүй, тооцоо судалгаагүй ажиллаж байсан гэж өрөөсгөл дүгнэж болохгүй. Эд хөрөнгө хариуцсан ажилтантай Бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй л бол тэр ажилчин хэдий хэмжээгээр ч гэсэн идэж, өмч хөрөнгө ашиглаж болох мэтээр хандан шүүхээс нэхэшклэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Огт хариуцаж байгаагүй барааны төлбөрийг түүнээс бид нэхэмжлээгүй. 2012 оноос хойш эрүүгийн хэргээр. 2015 оноос иргэний хэргээр шалгагдаж байхад нь 2 удаа шинжээч томилогдон ажиллаад П.Уранцэцэгийг 7 986 400 төгрөгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж адилхан дүгнэлт гаргасан. Сүүлд 2016 онд ажилласан Шинжээчийн зардалд манай компани 800 000 төгрөг төлсөн. Шүүх, хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоогоод, ёс суртахуунгүй. өмч хөрөнгө идэж ашигладаг хүнээс төлбөрийг минь гаргуулах байх гэж итгэн тэмдэгтийн хураамж хүртэл төлөөд Эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэдхандаж байхад ганцхан "Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ" байгуулаагүй гэдэг үндэслэлээр хохирсон дээр минь давхар хохироож байгаагаа шүүх анхаарсангүй. Манай компанийн Ажилтай байгуулдаг Хөдөлмөрийн гэрээний 3.5-д ...Ажилтан өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар нөхөн төлнө" гэж зааж Ажил олгогч болон ажилтан хоорондоо тохирсон. Ажилтаны буруугаас хохирол учирсан нь тодорхой, учирсан хохирлыг барагдуулах нь бас тодорхой ойлгогдож байгаа. 2013, 2014 2015 онуудад нэхсээр л байсан. Тухайн үед өмгөөлөгч хүртэл аваад өр төлбөрөө хөөцөлдүүлж байхад төлнө гэж байснаа одоо гэнэт төлөхгүй, хэний гаргасан дутагдалыг мэдэхгүй гэж мэлзэж байгаа нь хачирхалтай. Манай компани эд бараа дутаалаа гээгүй, харин зарагдсан барааиы үнийг тушаалгүй, өөртөө ашигласан гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан Эд хөрөнгө хариуцсан худалдагч хүн худалдсан барааныхаа үнийг тушааж. тайлан тооцоондоо тэмдэглэх ёстой атал хариуцсан ня-бо тойгоо хуйвалдан тайлан мэдээгээ буруу өгч байсныыг нь шипээр орсон ня-бо мэдэж илрүүлсэн учраас цагдаад хандан шалгуулсан. Эрүүгийн журмаар хариуцлага хүлээхгүй ч иргэний журмаар хариуцлагаа хүлээж, өр төлбөрөө төлөх нь П.Уранцэцэгийн үүрэг атал компанийг ...ажлын байр хүлээлцэх арга хэмжээ авдаггүй, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөл бүрдүүлээгүй... гэж буруутган, өмч хөрөнгө завшсан хүнийг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн хохирлоос гадна нэхэмжилсэн 41 000 төгрөгийг юуны учир хариуцагчаас нэхэж байгаагаа тайлбарлаж чадаагүй гэж дүгнэсэнийг зөвшөерөхгүй. Иймд шийдвэрийг өөрчилж, П.Уранцэцэгээс хохирлыг минь гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК нь хариуцагч П.Уранцэцэгт холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 8 027 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тооллогоор 8 356 930 төгрөгийн өр төлбөр гаргасан, шинжээчийн дүгнэлтээр П.Уранцэцэг нь 7 986 400 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байгааг тогтоосон...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын захирлын 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 20/2010 тоот тушаалаар хариуцагч П.Уранцэцэгийг тус компанийн төв дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар нөхөн төлөхөөр тохиролцож, 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 76/2015 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.3 дахь заалтыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь хариуцагчид холбогдуулан 2012 онд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ба эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн үйлдэл тогтоогдоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

П.Уранцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш    нэхэмжлэгч нь шүүхэд хандсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1045/14 тоот тушаалаар “байгууллагын өр төлбөртэй холбогдолтой асуудлыг шийдвэрлүүлэх ажлын комисс” томилогдсон боловч П.Уранцэцэгт хамаарах өр төлбөрийн асуудлыг хэрхсэн нь тодорхойгүй, түүнийг эрэн сурвалжилсан баримтгүй байгаа нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд шаардлага гаргаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 144 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

                                  ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

 

                                                                             М.НАРАНЦЭЦЭГ