| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/183 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/183
2021 02 10 2021/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,
улсын яллагч У.Анхжаргал /томилолтоор/,
хохирогч Ш.О,
шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Н овогт Нн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н овогт Нн Ж нь Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...” Сууц өмчлөгчдийн холбоонд жижүүрээр ажилладаг гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед ... тоотод хохирогч Ш.Ог “мөнгө хулгайлсан” гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч Н.Жаас: “...Ог орж ирэхээр нь нэг шил архи өгсөн. Тэгээд бид мөнгөний асуудлаас болж маргалдсан...” гэв.
Хохирогч Ш.Огээс: “... О 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө мөнгөнөөс болж Н.Жтай муудалцаад барилцаж авсан, хоолой боосон, нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд хамар мурийсан. Одоо хамар битүүрэлтэй байдаг, мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Хамар мурийсныг янзлуулах мэс ажилбар хийлгэх шаардлагатай ба, Н.Ж чи надад гомдолтой гэвэл би хоригдох гээд байна, эмчилгээний зардлыг хоёр хувааж төлье гэсэн. Эмчилгээний зардлыг өгнө гэсэн учраас гомдол байхгүй. Одоогоор надад өгсөн мөнгө байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
1. Хохирогч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 18 цаг өнгөрч байхад Ц бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 9 дүгээр орцонд байрлах жижүүрийн өрөөнд очсон. Ж тус орцонд жижүүр хийдэг. Ж ахын гэрт очиход 0.33 литрийн архи гаргаж ирэхээр нь тус архийг Ж бид хоёр хувааж уусан. Ц архинаас уугаагүй. Харин пиво уумаар байна гээд Ж ахаас 10.000 төгрөг аваад 3 шил Боргио нэртэй пиво авч ирээд хүний нэг пиво уусан. Ц Жд хандан 100.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн чинь Ж Цд 100.000 төгрөг өгсөн. Тэгээд Ц бид хоёр тэндээс гараад замдаа 2.5 литрийн пиво аваад манайд очиж хоол идчихээд авсан пивоо аваад Ж ахын гэрт очиход миний төрсөн дүү Нямхүү ирчихсэн сууж байсан. Тухайн үед Ж согтсон байсан. Тухайн пивыг бид дөрөв хувааж уусан. Тэгтэл Жагаа ах Цд өгсөн 100.000 төгрөгөө алга болсон гэж бодсон бололтой “та гурав надаас мөнгө хулгайлчихлаа” гэж хэлээд босож ирээд миний энгэрээс бариад авахаар нь би зөрүүлээд энгэрээс нь барьсан. Тэгтэл миний хоолойг боогоод, би амьсгал авч чадахгүй байхаар нь гараас нь хазсан. Тэгсэн чинь миний хоолойноос тавиад нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход дүү Нямхүү салгасан. Тэндээс гараад явах гэж байтал Ж ах гарч ирээд “ална шүү хулгайчуудаа” гээд байхаар нь бид зугтаад манай гэрт очоод би хамраа хартал хавдаад мурийсан байсан. Би дүү Нямхүүг цагдаад дуудлага өг гэсэн. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
-2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би 600.000 төгрөг нэхэмжилж байна. Эмч намайг хамар тэгшлэх мэс ажилбарт ор гэж хэлсэн. Надад баримт байхгүй. Би мөнгөгүй болохоор мэс засал хийлгэж чадаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
2. Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Огийн гэрт байж байхад Ж над руу залгаад хүрээд ир гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүрийн байранд очсон. Тэгтэл Ж 0.33 литрийн архи гаргаж ирээд намайг уух уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн. О, Ж хоёр тухайн архийг уусан. Ж надад 10.000 төгрөг өгөөд пиво аваад ир гэхээр нь би дэлгүүр ороод Боргио нэртэй шилтэй пиво гурвыг авч ирсэн. Би мөнгөний хэрэг байна, эмнэлгээр эмчлүүлж байгаа гэхэд Ж надад бэлэн 100.000 төгрөг өгсөн. О бид хоёр Жы гэрээс гараад Огийн гэрт очиж бууз жигнэж идчихээд дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад Жы гэрт буцаад очиход Огийн дүү Маам байсан. Бид хоёрын авч очсон пивыг бид дөрөв хувааж уусан. Тэгтэл Ж миний мөнгө алга болчихлоо гээд шууд Огийн хоолойг боосон. О нүүр нь улайгаад тавь гээд Жы гараас хазсан. Тавихгүй байхаар нь Огийн дүү Маам тэр хоёрыг салгатал Ж Огийн нүүр тус газар нь гараараа хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
3. Шүүгдэгч Н.Жы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О, Ц нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүрийн байранд 2.5 литрийн Боргио нэртэй пиво 1, лаазтай пиво дөрвийг уусан. Тэгээд О намайг Цтэй хардаад миний энгэрээс бариад авахаар нь би зөрүүлээд энгэрээс нь барихад миний гарыг хазсан. Энгэрээс нь тавиад зогсож байтал миний баруун талын эрүү хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь би нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл О газар унасан. Босож ирээд цагдаа дуудахаар нь би бас цагдаа дуудсан. Би Цэвэлмааг баярын мэнд гээд нэг удаа үнсчихсэн чинь О “чи яахаараа хүн болгоныг үнсэж явдаг юм бэ” гээд маргалдсан. Би Огийн нүүр тус газар нь гараараа нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 520 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу баруун тийш муруй, зүүн талын нөмөрцөг яс дотогш хонхойж тэмтрэгдэнэ. Хамрын нурууны баруун талд 0.8х0.3 см бүдэг ягаан өнгийн цус хуралттай.
2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гавлын 2 байрлалын рентген /CD-1ш/-р: Гавал ясанд гэмтлийн өөрчлөлтгүй. Хамрын яс хугарсан, хэлбэр алдагдсан. /Дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан 2021.01.07/ гэжээ.
Дүгнэлтэд: “...1. Ш.Огийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
5. Шүүгдэгч Н.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр тал), “...” Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт (хавтаст хэргийн 45-46 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Жд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Ж нь хохирогч Ш.Ог “мөнгө хулгайлсан” гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч Н.Жы холбогдсон хэргийн зүйлчлэл, үйл баримтад маргахгүй гэсэн тайлбар хийж, миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт байхгүй. Хохирогч О хохиролд 600.000 төгрөг нэхэмжилнэ гэж амаар хэлдэг болохоос хохирлын баримт байхгүй тул хохирогч Ог хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Жы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед ... тоотод хохирогч Ш.Ог “мөнгө хулгайлсан” гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Ц Жд хандан 100.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн чинь Ж Цд 100.000 төгрөг өгсөн. ...Жагаа ах Цд өгсөн 100.000 төгрөгөө алга болсон гэж бодсон бололтой “та гурав надаас мөнгө хулгайлчихлаа” гэж хэлээд босож ирээд миний энгэрээс бариад авахаар нь би зөрүүлээд энгэрээс нь барьсан. Тэгтэл миний хоолойг боосон. ...миний хоолойноос тавиад нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход дүү Нямхүү салгасан. ...Би хамраа хартал хавдаад мурийсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
-Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Ж надад бэлэн 100.000 төгрөг өгсөн. ...Ж миний мөнгө алга болчихлоо гээд шууд Огийн хоолойг боосон. О нүүр нь улайгаад тавь гээд Жы гараас хазсан. ....Ж Огийн нүүр тус газар нь гараараа хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
-Шүүгдэгч Н.Жы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О намайг Цтэй хардаад миний энгэрээс бариад авахаар нь би зөрүүлээд энгэрээс нь барихад миний гарыг хазсан. Энгэрээс нь тавиад зогсож байтал миний баруун талын эрүү хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь би нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл О газар унасан. ...Би Цэвэлмааг баярын мэнд гээд нэг удаа үнсчихсэн чинь О “чи яахаараа хүн болгоныг үнсэж явдаг юм бэ” гээд маргалдсан. Би Огийн нүүр тус газар нь гараараа нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 520 дугаартай “...Ш.Огийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Ж нь хохирогч Ш.Огийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Жыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Ж нь хохирогч Ш.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх боловч хохирогч Ш.О нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Харин хохирогч нь цаашид хамрын мэс ажилбарт орох шаардлагатай гэж мэдүүлсэн тул уг зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг;
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагаас “...миний үйлчлүүлэгчийг 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү... ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Н.Ж нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Н.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Нн Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Жд энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Ш.Од төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.О нь хамрын мэс ажилбарт орох зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА