| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00101/И/ |
| Дугаар | 159 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 159
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-20 тоотод оршин суух Цогбаярын Банзрагчид /РД: ДК88100817/ холбогдох
Цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 617.864 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Цогбаяр овогтой Банзрагч нь Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Цогбаяр овогтой Банзрагчид мөнгөн төлбөр болох 617.864 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Цогбаяр овогтой Банзрагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албыг биеэр болон дүйцүүлэх хоёр хэлбэрээр хаадаг. Дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэж ангилдаг. Ц.Банзрагч нь 1988 онд төрсөн. 2014 онд цэргийн алба хаах насны дээд хязгаар буюу 26 нас хүрсэн тул Засгийн газрын 2014 оны 73 дугаар тогтоолын дагуу цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах болзлыг хангасан. Ц.Банзрагчийн хувьд их сургуульд суралцаж байсан учраас хувь буюу мөнгөн төлбөр нь 46 хувь болж буурч байгаа. Мөн цэрэг татлагын товчоогоор орж байсан тул мөнгөн төлбөрийг 14 хувиар төлүүлэхээр тогтоосон. Цэргийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлын дагуу иргэн Ц.Банзрагчаас 617.864 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх мөнгийг Ц.Банзрагчаас гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь Ц.Банзрагчид холбогдуулан цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 617.864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь иргэний үндсэн үүрэг байна.
Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байхаар заажээ.
Хариуцагч Ц.Банзрагч нь 1988 онд төрсөн буюу 2014 онд хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул хугацаат цэргийн албыг биеэр хаах боломжгүй байна.
Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана гэж заажээ.
Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь хариуцагч Ц.Банзрагчаас цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална гэж заажээ.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар цэргийн дүйцүүлэх албыг 2014 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4.413.314 төгрөг байхаар тогтоосон байна.
Цэргийн албаны тухай хуулийн 31.6 дахь хэсэгт Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Ц.Банзрагч нь их дээд сургуульд суралцаж байсан, мөн цэрэг татлагын товчоогоор орж байсан тул дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 14 хувиар төлүүлэхээр тогтоосон гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 617.864 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Ц.Банзрагч нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаа болох 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч Ц.Банзрагчаас цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 617.864 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабад олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 617.864 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.186 төгрөгийг хариуцагч Ц.Банзрагчаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31.6 дахь хэсгүүд, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 617.864 төгрөгийг хариуцагч Ц.Банзрагчаас гаргуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 617.864 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.186 төгрөгийг хариуцагч Ц.Банзрагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ