Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

2021            02            04                                     2021/ШЦТ/106

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ю.П- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ч овогт Ю-ын П-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000000022 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ...  дугаар хороо ... дүгээр байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Ю-ын П-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ю.П- нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны 9 тоотод төрсөн хүү болох П.Л-ынг “балконы цонх хаасангүй” гэх шалтгааны улмаас алгадах, цохих зэргээр биед нь тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.П- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ю.П- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч П.Л-ынгийн “Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны .. тоотод байхад манай гэр халуун байсан учраас би балконы цонх онгойлгосон. Гэтэл аав П- нь хүрч ирээд би чамд цонхоо хаа гэж хэлсэн биз дээ гэхээр нь та надад тэгж хэлээгүй ш дээ гэхэд ирээд миний зүүн шанааны хэсэг рүү гараараа 3 удаа алгадсан. Тэгээд би заавал чамд хэлэх ёстой юм уу, чи мэдэж байх ёстой биз дээ гээд миний толгой болон нүүрний хэсэг рүү олон удаа цохиж байхад ээж Б- дундуур орж ирээд болиулахад ээжийг цохих гээд дайраад байхаар нь би аав П-ийг түлхсэн чинь өвчин нь хөдлөөд бүүр уурлаад толгой руу олон удаа цохиод байсан. Тэр хооронд ээж Б- цагдаа дуудаад аав П- намайг зодохоо больсон. Толгой болон баруун зүүн шанаа хацарны хэсэгт гэмтэл учирсан. Одоо бол эдгэрч байгаа.

... Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 22-23 дугаар хуудас/

“...Х эргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13333 дугаартай:

“1. П.Л-ынгийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Шинжээч С.Чулуунсүхийн “Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь алгадах болон цохих үед үүсэх боломжтой. 1 удаагийн алгадах болон цохих үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-29 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Б-ын “... манай нөхөр П- нь хүүдээ хандан цонхоо хаа гэж хэлсэн. Жижиг өрөө халуун байсан учраас миний хүү Л-ын нь цонхоо хаахгүй, юу ч хэлээгүй сууж байхад П- очоод толгой руу нь цохиод хүний үг тоосонгүй, наад хөлдөөсөн төмсөө гаргаж хая гээд цохиод авахаар нь би голоор нь ороод би цонхоо хаачихна, хөлдсөн төмсийг би өөрөө хаячихна гэхэд П-ийг намайг цохих гэж байна гэж бодоод манай хүү Л-ын нь аавыгаа түлхсэн юм. Тэгсэн чинь толгой руу нь хэд хэдэн удаа баруун гараараа зүүн шанааны хэсэг болон нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд намайг салгах гэхэд мангасдаад түлхсэн болохоор би 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн юм.

... Өмнө нь надад болон хүүхдүүддээ гар хүрч байсан ч гэсэн энэ талаар бол цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/

 

Ю.П-ийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хөдөө ногооны ажил хийж байсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд миний хүү П.Л-ын нь цэрэгт явна гэж ярьж байсан боловч яваагүй хасагдсан гэсэн. Тэгээд хичээл нь яасан юу болсон бэ гэхэд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор гэртээ байсан.Тэгээд би 8-9 хоног гэртээ байж өөрөө хоолоо хийж байсан. Тэгээд манай хүү өдөржин унтаад юу ч хийхгүй байсан. Тэгээд гэрт хүнс, ногоо байхгүй болохоор нь би охинтойгоо дэлгүүр орох гээд балкон руу ороход миний намар авчирсан төмсийг хөлдөөчихсөн байсан. Тэгээд би уурлаад балконы цонхоо хаа гэж хэлсэн биз дээ, та нар миний хөдөлмөрлөж талбайгаас түүж ирсэн төмсийг хөлдөөгөөд байхдаа яадаг юм, балконы цонхыг хаагаад дотор цонхоо онгойлгохгүй яасан юм гээд уурласан. Тэгээд хүүтэйгээ барилцаж аваад хүү Л-ынгийн шанаа руу нь алгадсан. Яг хаашаа нь алгадсанаа санахгүй байна. Тэгээд манай эхнэр цагдаа дуудаад цагдаа нар ирсэн юм.

... Энэ үйл явдал болсны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс тус тоотод гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрахгүй байгаа. Би эхнэрээсээ 2019 онд шүүхээр орж албан ёсоор салсан боловч хамт амьдарч байсан юм..

... Надад санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ю.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор заажээ.

Тодруулбал, хохирогч П.Л-ын нь шүүгдэгч Ю.П-ийн төрсөн  хүү нь бөгөөд хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг өөрийн төрсөн хүүхдийнхээ бие махбодод хүч хэрэглэсэн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах явцад хохирогч П.Л-ын “... Надад гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” /хэргийн 44-45 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ю.П- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдтөлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ю.П-ийг баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Ю.П-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Ю-ын П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ю.П-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.П-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.П-ийг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ю.П- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ