| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/92 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/92
2021 01 22 2021/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч Т.Отгонтөгс
шүүгдэгч Э.М...................н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Авга Боржигон овогт Э..............дын М...................н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...............................мэргэжлээр 2 дахь жилдээ суралцаж байгаа, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн .............................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .....................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.М...................н нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 627 дугаар худаг дээр хохирогч Б.Б...............нийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв..” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Б.Б...............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 627 дугаар худаг дээр ус авах гээд очирлоод зогсож байхад урдуур нэг банди ирээд шаланк аваад ус хийхээр нь би шаланкыг нь аваад очроороо ус ав гэж хэлээд шаланкыг нь булааж аваад доошоо тонгойгоод усаа саванд хийхэд тэр залуу шууд гараараа миний нүүр рүү буюу зүүн талын хөмсөг рүү 3 удаа хурдан цохиход би зуурч аваад тэр залууг тэврээд авсан. Тэгтэл ус түгээлтийн эгч гарч ирээд салгасан. ...М...................н миний зүүн талын хөмсөг рүү 3 удаа цохиход хөмсөг сэтэрсэн. Өөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
- “...Би эмчилгээ хийлгэсэн 162.500 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...Надад эмчилгээний зардал гаргаж өгвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),
2. Гэрч Г.О..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би УСҮГ-ын харьяа 627-р ус түгээх байранд ус түгээгчээр ажил хийдэг юм. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 627 дугаар худаг дээрээ ажлаа хийгээд ус түгээгээд байж байхад хоёр залуу усны шаланк дээрээс болоод хоорондоо маргалдаж зодолдож юм. Эхлээд намхан залуу буюу М...................н гэдэг залуу усны шаланк авахад өндөр биетэй залуу буюу Б...............н гэдэг залуу шаланкгийг аваад хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж авахад ус авч байсан хүмүүс боль гэж хэлсэн боловч тэр хоёр хоорондоо ноцолдоод нэг нэгийгээ цохиод эхлэхэд би гараад салгасан. ....М...................н гэдэг залуу өндөр биетэй Б...............н гэдэг залууг нэлээн хэдэн удаа бие рүү нь гараараа цохисон. Тэгээд тэр хоёрыг салгахад Б...............н гэдэг залуугийн хөмсөгнөөс нь цус гарсан байсан... Тухайн үед ус оочер дараалал байхгүй байсан. Тэр хоёроос гадна гурван хүн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13178 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд 6х3.5см хөх ягаан цус хуралттай, доод зовхинд 2х0.8см улаан ягаан зулгаралттай, эргэн тойрон бага зэргийн хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний алимны салстад улаан ягаан цус хуралттай, зүүн хацар, шанаагаар овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Бид өөр ил харагдах гэмтэлгүй.
2020.11.17-ны “Натур Эмнэлэг”-ийн толгойн компьютерт томографийн шинжилгээнд: “...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. ...Хамар ясны зүүн хажуу хана ялимгүй бороолсон хуучин хугаралтай. ...Зүүн нүд, шанаа болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай бөгөөд нүд орчмын зөөлөн эдэд +50 нягтралтай бага зэргийн цус хуралттай...ДҮГНЭЛТ
1. Б.Б...............ний биед зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-42),
4. Шүүгдэгч Э.М...................нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 627 дугаар худаг дээр ус авах гээд оочирлоод зогсож байхад миний ард зогсож байсан Б...............н гэх залуу шаланк булааж аваад холд мангар бацаан минь гээд намайг мангастайд түлэхэд нь миний нүдний шил газар унасан. Тэгэхлээр нь би та яаж байгаа юм бэ гээд цээж рүү нь гараараа түлхэхэд Б...............н буцаагаад гэдэс рүү өшиглөхөд би зөрүүлээд доошоо тонгойж байгаад хөлийг нь тэвэрч аваад гараа саваад цохиход зүүн талын дух буюу хөмсгийг нь оноод цус гарсан. Тэгтэл Б...............н миний дээрээс тохойлдоод гэдэс нуруу хэсэгт өвдөглөхөд худгийн эгч болон хажууд байсан хүмүүс боль гээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
5. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн АССАП санд: “...Батболдын Б...............н ...2015-12-18 ...зөрчлийн утга: Бусдыг илтэд үл хүндэтгэсэн. ...2016-01-19 ...зөрчлийн утга: ХУД-ын 11-р хороо ХААИС-ын хажууд бусадтай маргалдсан. ...2016-07-28 ...зөрчлийн утга: Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй ...” гэх баримт (хавтаст хэргийн 07-10), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 41),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45, 46), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 52) хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 47) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.М...................нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.М...................н нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 627 дугаар худагаас ус авахаар дугаарлан зогсож байгаад усаа авах үед Б.Б...............н нь түүний урдуур орж усны цоргыг булаан авч “холд мангар бацаан минь” гэж зүй бус харьцан үйлчилгээний болон дарааллын журам зөрчин хоорондоо маргалдсаны улмаас шүүгдэгч нь хохирогчийн биед халдан эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
- Хохирогч Б.Б...............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 627 дугаар худаг дээр ус авах гээд очирлоод зогсож байхад урдуур нэг банди ирээд шаланк аваад ус хийхээр нь би шаланкыг нь аваад очроороо ус ав гэж хэлээд шаланкыг нь булааж аваад доошоо тонгойгоод усаа саванд хийхэд... М...................н миний зүүн талын хөмсөг рүү 3 удаа цохиход хөмсөг сэтэрсэн. Өөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),
- Гэрч Г.О..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би УСҮГ-ын харъяа 627-р ус түгээх байранд ус түгээгчээр ажил хийдэг юм. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 627 дугаар худаг дээрээ ажлаа хийгээд ус түгээгээд байж байхад ...намхан залуу буюу М...................н гэдэг залуу усны шаланк авахад өндөр биетэй залуу буюу Б...............н гэдэг залуу шаланкгийг аваад хоорондоо маргалдаад ...нэг нэгийгээ цохиод эхлэхэд би гараад салгасан. ....М...................н гэдэг залуу өндөр биетэй Б...............н гэдэг залууг нэлээн хэдэн удаа бие рүү нь гараараа цохисон. ...Тухайн үед ус оочир дараалал байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13178 дугаар дүгнэлт: “1. Б.Б...............ний биед зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-42),
- Шүүгдэгч Э.М...................нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 627 дугаар худаг дээр ус авах гээд оочирлоод зогсож байхад миний ард зогсож байсан Б...............н гэх залуу шаланк булааж аваад холд мангар бацаан минь гээд намайг мангастайд түлэхэд нь миний нүдний шил газар унасан. Тэгэхлээр нь би та яаж байгаа юм бэ гээд цээж рүү нь гараараа түлхэхэд Б...............н буцаагаад гэдэс рүү өшиглөхөд би зөрүүлээд доошоо тонгойж байгаад хөлийг нь тэвэрч аваад гараа саваад цохиход зүүн талын дух буюу хөмсгийг нь оноод цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35)
- Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн АССАП санд: “...Батболдын Б...............н ...2015-12-18 ...зөрчлийн утга: Бусдыг илтэд үл хүндэтгэсэн. ...2016-01-19 ...зөрчлийн утга: ХУД-ын 11-р хороо ХААИС-ын хажууд бусадтай маргалдсан. ...2016-07-28 ...зөрчлийн утга: Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй ...” гэх баримт (хавтаст хэргийн 07-10) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.М...................н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Э.М...................нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б...............н нь баримтаар 162.500 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Э.М...................н төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М...................нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг торгох ял болгож өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М...................н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.М...................нг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суралцдаг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаас үзвэл тэрээр хувиараа худалдаа эрхэлдэг болох нь банкны депозит данс зэргээр тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...ялаас чөлөөлж, ...болно:” гэж мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүгдэгчийн дээрх хувийн болон хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулахаар шийдвэрлэсэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь түүний сурч, хөдөлмөрлөх, нийгэмд өөрийн байр суурийг олох, эрх зүйт ёсыг ухамсарлуулахад ач холбогдолтой гэж үзэж ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2008 0000 001591 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга Боржигон овогт Э..............дын М...................н Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М...................нг 450 (дөрвөн зун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Э.М...................нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7 Шийтгэх тогтоол давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ