Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 160

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Өнөр хороолол 10 дугаар байранд оршин суух Островскийн Сансарт /РД: ДЭ81091011/ холбогдох 
Цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 950.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Островский овогтой Сансар нь Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Островский овогтой Сансарт мөнгөн төлбөр болох 950.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Островский овогтой Сансараас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.    
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албыг биеэр болон дүйцүүлэх хоёр хэлбэрээр хаадаг. Дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэж ангилдаг. О.Сансар нь 1981 онд төрсөн. 2007 онд цэргийн алба хаах насны дээд хязгаар буюу 26 нас хүрсэн тул Засгийн газрын 2007 оны 74 дүгээр тогтоолын дагуу цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах болзлыг хангасан. Цэргийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлын дагуу иргэн О.Сансараас 950.000 төгрөгийг нэхэмжилж байна. Их дээд сургуульд суралцсан 4 жилд төлөх төлбөрийг чөлөөлөх боломжтой тул дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 46 хувь буюу 437.000 төгрөг төлүүлнэ. Дээрх мөнгийг О.Сансараас гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь О.Сансарт холбогдуулан цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог нь цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 437.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно. 
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь иргэний үндсэн үүрэг байна. 
Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байхаар заажээ. 
Хариуцагч О.Сансар нь 1981 онд төрсөн буюу 2007 онд хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул хугацаат цэргийн албыг биеэр хаах боломжгүй байна. 
Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана гэж заажээ. 
Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь хариуцагч О.Сансараас цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална гэж заажээ.
 Монгол улсын Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаар цэргийн дүйцүүлэх албыг 2007 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 950.000 төгрөг байхаар тогтоосон байна. 
Цэргийн албаны тухай хуулийн 31.6 дахь хэсэгт Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд О.Сансар нь цэрэг татлагын товчоогоор огт орж байгаагүй талаар тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан О.Сансарын 2002 оны Бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үндэслэн дээрх хугацаанд их дээд сургуульд суралцсан 4 жилд төлөх төлбөрийг чөлөөлөх боломжтой тул дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 46 хувь буюу 437.000 төгрөг төлүүлнэ гэж шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 437.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. 
Хариуцагч О.Сансар нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаа болох 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. 
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэнийг өөрийн биеэр гардан авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч О.Сансараас цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 437.000 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабад олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 437.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 13.760 төгрөгийг хариуцагч О.Сансараас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31.6 дахь хэсгүүд, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаар цэргийн дүйцүүлэх албаны төлбөр 437.000 төгрөгийг хариуцагч О.Сансараас гаргуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 437.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 13.760 төгрөгийг хариуцагч О.Сансараас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ