Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/392

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Г.Мөнхболд,

Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Р.М-д холбогдох 2108 00000 0338 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артлерын командын офицер мэргэжилтэй, хувиараа зуух хийдэг, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Р-ын М /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Р.М нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Ханын материалын эцсийн ** байрны гадна байрлуулсан байсан иргэн Ц.А-гийн эзэмшлийн **** УНП улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын хоёр хаалганы шил, баруун талын хойд хаалганы шил, баруун талын банкны таг зэргийг чулуу, тоосгоор цохин хагалсан буюу хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Р.М нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Ханын материалын эцсийн ** байрны гадна байрлуулсан байсан иргэн Ц.А-гийн эзэмшлийн *** УНП улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын хоёр хаалганы шил, баруун талын хойд хаалганы шил, баруун талын банкны таг зэргийг чулуу, тоосгоор цохин хагалсан буюу хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь :           

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо *** байрны гадна байсан *** УНП улсын дугаартай улаан өнгийн Приүс-20 маркийн машины цонхнуудыг хагалсан...гэх тэмдэглэл /хх-01/,

                  - хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын эцэст *** байрны ертөнцийн зүгээр баруун хажууд ертөнцийн зүгээр байрлуулсан *** УНП улсын дугаартай улаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэлд үзлэгийг явуулахад зүүн талын урд хойд хаалганы салхины шил хагарсан мөн урд салхины шил хагарсан, жолооч талын баруун хойд хаалганы шил хагарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан...тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-02-06/,  

      - хохирогч Ц.А-гийн...Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо *** байранд байрлах хамаатны эгч Эрдэнэсүрэнгийн гэрт өөрийн эзэмшлийн *** УНП улсын дугаартай улаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 22 цаг 30 минутын орчимд ирсэн юм. Тухайн үед машинаа байрных нь баруун талд зүүн тийш харуулж байрлуулан орхисон, тэгээд хоол цай идэж уугаад байж байтал манай нөхөр С надтай 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 00 цаг 30 минутын үед утсаар ярьж гадаа машины чинь цонх хагарсан юм шиг байна. Миний дугаар луу цагдаагаас яриад байна гэж хэлэхээр нь 00 цаг 35 минутын үед гараад хартал миний машины урд салхины шил мөн зүүн талын хаалганы хоёр шил баруун хойд талын хойд хаалганы нэг шилийг чулуугаар хагалчихсан, хажууд нь эргүүлийн цагдаа зогсож байсан. Хагалсан чулуу, тоосго нь машины арын суудлын доор хэвтэж байсан...3 хаалгандаа тень наалгана, баруун талын банкны таг цуурч хагарсан байсан. Өөр эвдрэл гэмтэл учраагүй....гэх мэдүүлэг /хх-17, 20/,  

- гэрч Д.С-ийн...Р.М нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр над руу утсаар ярьж ээж хүү нь хүний машины цонхыг хагалж гэмтээгээд эрүүлжүүлэхэд орчихсон...согтуудаа чулуугаар хүний машины цонхыг У-ын машинтай андуураад хагалчихсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-28/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан...Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан нийт хохирлын дүн 420.000 төгрөг.../хх-31-32/,

            - шүүгдэгч Р.М-ийн...Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо ** байрны ** тоот гэртээ ганцаараа байж байгаад дэлгүүрээс 0,7 литрийн Эдэн, 0,33 литрийн Соёрхол нэртэй архи авч ганцаараа ууж дуусгаж нэлээн согтчихсон, 23 цаг нэлээн өнгөрч байхад гэрийнхээ цонхоор хартал манай гэрийн цонхны доод талд улаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь надтай урьд өмнө хамт амьдарч байгаад салсан У гэх эмэгтэйг ирчихсэн байна гэж бодчихоод тухайн машиныг хараад уур хүрч, гэрээсээ гарч уг улаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр явж очоод хажууханд нь байсан газраас тоосго, чулуу хоёрыг авч урд хоёр гараараа тухайн машины салхины урд шил, 3 хаалганых нь шилнүүдийг чулуу тоосгоор цохиж хагалчихаад чулуу тоосгоо уг машин дотор тал руу шидэж хаячихаад гэртээ буцаж орчихоод байж байтал хэсэг хугацааны дараа гэрийн хаалга хүн цохиод байхаар нь онгойлгосон чинь цагдаа орж ирээд намайг бариад авч явсан...гэх мэдүүлэг /хх-24, 60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.      

Иймд шүүгдэгч Р.М-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 420.000 төгрөг нэхэмжилж, 500.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн /хх-17, 20, 32, 76/ байх буюу шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, ганцаараа амьдардаг, хувиараа зуух хийдэг, хувийн орон сууц, газартай болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-41-42, 43, 45, 47, 50, 70, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.            

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг тоосго, 1 ширхэг чулуу хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :       

1. Шүүгдэгч Р.М-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тоосго, 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Р.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР