Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Т.Ц-, Т.П-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ц-, Т.П- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000157 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Ц-, .... тоот регистртэй,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.П-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Ц- нь өөрийн төрсөн дүү Т.П-тэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 3 тоотод мэдээллийн технологи ашиглан “Tamus Tamus Tamus” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн ашиг олсон,

Шүүгдэгч Т.П-нь өөрийн төрсөн ах Т.Ц-тай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 3 тоотод мэдээллийн технологи ашиглан “Tamus Tamus Tamus” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Т.Ц-ын нар дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.Ц- шүүх хуралдаанд: “...Би өмнө нь ийм тоглоом зохион байгуулбал гэмт хэрэг болно гэж мэдээгүй байсан. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үеэс цагдаагийн байгууллагаас сануулга гаргасныг мэдээд дахин ийм тоглоом зохион байгуулаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Т.П-шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Гэрч А.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байр 3 тоотод нөхөр, хүүхэд, хадам ээж, дүүгийн хамт оршин суудаг. 2020 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр Ц- фэйсбүүкээр покер тоглуулж байгаа бичлэг үзээд “ийм тоглоом фэсбүүкээр хийж болох юм байна, хийж үздэг юм уу” гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр хажуу өрөөнд фэйсбүүкээр лайв хийгээд покер тоглоомоо тоглуулж байсан. Би өөрөө цахимаар хичээлээ хүүхдүүддээ гэрээсээ заагаад завгүй байдаг болохоор нөхрөө ерөөсөө анзаараагүй. Ямартай ч фэйсбүүк дээр лайв хийж покер хийж тоглуулж байсныг нь мэдэж байна. Энэ тоглоомоо гэртээ 2021 оны 01 дүгээр сар хүртэл тоглуулсан. ...Би хаан банкны 5016420521 дугаарын данс ашигладаг. Манай нөхөр тоглогч нарын мөнгөө өөрөө дансаараа аваад ашгаа цуглуулаад миний энэ данс руу шилжүүлдэг байсан... Манай нөхөр олсон ашгийн мөнгөө хадгалж байгаад машин авна гээд ярьсан байсан. Тэгээд миний данс руу олсон ашгаа явуулаад би хадгалдаг байсан... 2020 оны 12 дугаар сарын эхэн үеэс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл манай нөхрийн фэйсбүүкээр лайв хийж покер тоглуулсан ашгийн 7 сая гаруй төгрөг миний дансанд цугласан. Нөхөр 2021 оны 01 дүгээр сарын дунд үед приус-30 маркийн машин лизингээр авч урьдчилгаанд миний дансанд цуглуулсан покер тоглоомоос олсон ашгийн 6.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн ашгийн мөнгөөрөө машиндаа хэрэгцээтэй зүйлс аваад дуусгасан. ...Хажуу өрөөнд өөрийн дүү Пүрэвсүрэнгийн хамт энэ тоглоомоо зохион байгуулаад байсан. Дүү нь дансыг нь хөтлөөд баталгаажуулаад, манай нөхөр лайваа хийгээд хөзрөө тоглуулдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 151-152/,

            Гэрч О.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хаан банкны 5024626751 дугаартай данс эзэмшдэг... Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр фэйсбүүк цахим орчинд өөрийн Davhra Oyunbat гэсэн хаягаар Техас покер шууд лайваар оруулж байгаа лайв руу орж 10.000 төгрөгөөр цэнэглэж 35.000 төгрөг хожиж байсан юм. Тухайн Төмөрхүүгийн Ц- гэсэн данс нь уг тоглоомыг тоглуулж байсан залуугийн данс байгаа юм. Тухайн залуу нь нүүр царайгаа харуулаагүй Tamus Tamus хаягнаас лайв хийж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 156/,

            Яллагдагчаар Т.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би фэйсбүүкээр покер тоглуулж нийт ойролцоогоор 7.050.000 төгрөгийн ашиг олсон. Би приус 30 маркийн машин лизингээр авч түүний урьдчилгаанд фэйсбүүкээр тоглуулж олсон ашгийн 6.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл ашгийн 1.050.000 гаруй төгрөгөөр машиндаа дугуй, хучлага, бусад өрийн хэрэглээний зүйл аваад дууссан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 172/,

            Яллагдагчаар Т.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхны лайвыг эхлүүлж ах лайваа явуулж покероо цахимаар тоглуулж, би тоглогч нараас шилжүүлсэн мөнгийг тооцож дэвтэр дээр бүртгэл хөтөлдөг байсан. Энэ маягаараа 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл өдөр бүр тасралтгүй 6-7 цаг фэйсбүүк дээр ах лайв хийж покер тоглуулж, би хажууд нь тусалж бүртгэлийг хөтөлж, дансыг нь шалгадаг байсан... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 176/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 10-13/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19-35/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай тэмдэглэл /хх-н 36/, шүүгдэгч Т.П-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-51, 194-201/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 52-134/, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 135-136/, олсон ашгийн тооцоо гаргасан тэмдэглэл /хх-н 138/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 140-142/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-н 160-167/, шүүгдэгч Т.Ц-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 179-193/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч Т.Ц- нь өөрийн төрсөн дүү Т.П-тэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 3 тоотод мэдээллийн технологи ашиглан “Tamus Tamus Tamus” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн ашиг олсон,

Шүүгдэгч Т.П-нь өөрийн төрсөн ах Т.Ц-тай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 3 тоотод мэдээллийн технологи ашиглан “Tamus Tamus Tamus” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Т.Ц-ын нар дээр Хаан банкинд бүртгэлтэй ... дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн ашиг олсон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.П-гийн: “...2020 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр Ц- фэйсбүүкээр покер тоглуулж байгаа бичлэг үзээд “ийм тоглоом фэсбүүкээр хийж болох юм байна, хийж үздэг юм уу” гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр хажуу өрөөнд фэйсбүүкээр лайв хийгээд покер тоглоомоо тоглуулж байсан. ...Ямартай ч фэйсбүүк дээр лайв хийж покер хийж тоглуулж байсныг нь мэдэж байна. Энэ тоглоомоо гэртээ 2021 оны 01 дүгээр сар хүртэл тоглуулсан. ...Би хаан банкны 5016420521 дугаарын данс ашигладаг. Манай нөхөр тоглогч нарын мөнгөө өөрөө дансаараа аваад ашгаа цуглуулаад миний энэ данс руу шилжүүлдэг байсан... Манай нөхөр олсон ашгийн мөнгөө хадгалж байгаад машин авна гээд ярьсан байсан. Тэгээд миний данс руу олсон ашгаа явуулаад би хадгалдаг байсан... 2020 оны 12 дугаар сарын эхэн үеэс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл манай нөхрийн фэйсбүүкээр лайв хийж покер тоглуулсан ашгийн 7 сая гаруй төгрөг миний дансанд цугласан. Нөхөр 2021 оны 01 дүгээр сарын дунд үед приус-30 маркийн машин лизингээр авч урьдчилгаанд миний дансанд цуглуулсан покер тоглоомоос олсон ашгийн 6.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн ашгийн мөнгөөрөө машиндаа хэрэгцээтэй зүйлс аваад дуусгасан. ...Хажуу өрөөнд өөрийн дүү Пүрэвсүрэнгийн хамт энэ тоглоомоо зохион байгуулаад байсан. Дүү нь дансыг нь хөтлөөд баталгаажуулаад, манай нөхөр лайваа хийгээд хөзрөө тоглуулдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 151-152/, гэрч О.Д-ын: “...Би хаан банкны 5024626751 дугаартай данс эзэмшдэг... Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр фэйсбүүк цахим орчинд өөрийн Davhra Oyunbat гэсэн хаягаар Техас покер шууд лайваар оруулж байгаа лайв руу орж 10.000 төгрөгөөр цэнэглэж 35.000 төгрөг хожиж байсан юм. Тухайн Төмөрхүүгийн Ц- гэсэн данс нь уг тоглоомыг тоглуулж байсан залуугийн данс байгаа юм. Тухайн залуу нь нүүр царайгаа харуулаагүй Tamus Tamus хаягнаас лайв хийж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 156/, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай тэмдэглэл, Т.Ц-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Ц-, Т.П-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-, Т.П-нар нь фэйсбүүк цахим хуудсаар шууд дамжуулалт /лайв/ хийж ашиг олох зорилгоор покер тоглоом зохион байгуулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-, Т.П-нар нь мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор покер тоглоом зохион байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчаас тэдгээрийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ц-, Т.П-нар нь санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж буюу “бүлэглэн” гэж яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Ц-, Т.П-нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ц-, Т.П-нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх бодит хохиролгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цэнхэр өнгийн 1 ширхэг Redmi /xiaomi 10/ маркийн гар утас, 1 ширхэг Redmi Note 8 маркийн гар утаснуудыг тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон тул улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

Хар өнгийн кейс, цэнхэр өнгийн гар утасны хайрцаг, цагаан өнгийн цэнэглэгч, ногоон өнгийн 4380545179519943 дугаартай хаан банкны карт зэргийг шүүгдэгч Т.Ц-т буцаан олгохоор шийдвэрлэв.

           Хар өнгийн цүнх, цэнхэр өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, хавтасгүй тэмдэглэлийн дэвтэр, улаан өнгийн 54 ширхэг хөзөр, саарал өнгийн 99 ширхэг хөзөр, цэнхэр өнгийн 80 ширхэг хөзөр, А4 цаасыг голоор нь нугалж хатуу цаас дунд нь хийж 30к-220к, 50к-370к суудал 8 хүнтэй гэж бичсэн цаас, 30к-220к, 50к-370к, суудал 8 хүнтэй гэж бичсэн цаас А4 хэмжээтэй цаас, тоглолтын хуваарь гаргаж хүснэгт хийсэн А4 хэмжээтэй 16 ширхэг цаас, хүмүүсийн нэрс, тоо бичсэн цаас 2 ширхэг, 10 ширхэг А4 хэмжээтэй цаасыг хооронд нь нааж FIOP CARD TURN CARD RIVER CARD гэж латин үсгээр бичиж 11, 22, 33, 44, 55, 66, 77, 88 гэж бичсэн покерын ширээн дээр тавьдаг цаас зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.    

Шүүгдэгч Т.Ц-, Т.П-нар нь тухайн гар утаснуудыг ашиглан фэйсбүүкээр лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулсан бөгөөд гар утас ашиглахгүйгээр мэдээлэл технологиор мөрийтэй тоглоом зохион байгуулах боломжгүй, гэмт хэрэг үйлдэхэд гар утас ашигласан тул тухайн утаснуудыг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нар нь мэдээлэл технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж 7.050.000 төгрөгийн ашиг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-, Т.П-нараас тус бүр 3.525.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо Тоёота Приус 30 маркийн автомашин худалдаж авах урьдчилгааг төлсөн болох нь тогтоогдсон байна.

Иймд Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаар зөвшөөрлөөр 36-80 УАР улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байх ба уг автомашиныг улсын орлогод оруулах орлогыг төлүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Ц-, Т.П- нарыг “мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-, Т.П-нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цэнхэр өнгийн 1 ширхэг Redmi /xiaomi 10/ маркийн гар утас, 1 ширхэг Redmi Note 8 маркийн гар утас зэргийг Улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

- Хар өнгийн кейс, цэнхэр өнгийн гар утасны хайрцаг, цагаан өнгийн цэнэглэгч, ногоон өнгийн 4380545179519943 дугаартай хаан банкны карт зэргийг шүүгдэгч Т.Ц-т буцаан олгож,

           - Хар өнгийн цүнх, цэнхэр өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, хавтасгүй тэмдэглэлийн дэвтэр, улаан өнгийн 54 ширхэг хөзөр, саарал өнгийн 99 ширхэг хөзөр, цэнхэр өнгийн 80 ширхэг хөзөр, А4 цаасыг голоор нь нугалж хатуу цаас дунд нь хийж 30к-220к, 50к-370к суудал 8 хүнтэй гэж бичсэн цаас, 30к-220к, 50к-370к, суудал 8 хүнтэй гэж бичсэн цаас А4 хэмжээтэй цаас, тоглолтын хуваарь гаргаж хүснэгт хийсэн А4 хэмжээтэй 16 ширхэг цаас, хүмүүсийн нэрс, тоо бичсэн цаас 2 ширхэг, 10 ширхэг А4 хэмжээтэй цаасыг хооронд нь нааж FIOP CARD TURN CARD RIVER CARD гэж латин үсгээр бичиж 11, 22, 33, 44, 55, 66, 77, 88 гэж бичсэн покерын ширээн дээр тавьдаг цаас зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.    

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-, Т.П-нараас тус бүр 3.525.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаар зөвшөөрлөөр 36-80 УАР улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг улсын орлогод оруулах орлогыг хангах зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-, Т.П-нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР