Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 718

 

Ү.Мөнх-Ундраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00148 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ү.Мөнх-Ундраагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ганзоригт холбогдох

 

Гэм хорын хохиролд 5 309 500 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ү.Мөнх-Ундраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн барьсан Ногоон төгөл хотхоны 1-3 дүгээр блокын зоорийн давхрын бохирын шугам задарч тухайн үед шугамын гэмтлийг судалж шугам задарсан шалтгаан нь иргэн Д.Ганзоригийн бариулж буй барилгын ажилчид гадна инженерийн шугам сүлжээ хийх үедээ манай хорооллын бохирын шугамыг хагалж шороогоор дүүргэснээс үндсэн шугам бөглөрч түүнээс үүдэн манай барилгын шугам задарсныг тогтоож бид өөрсдийн хүн хүч, хөрөнгөөрөө тухайн үед шугам эвдэрсэн талаар барилгын ажилчдад мэдэгдэж ирж үзэхийг хүссэн.

Энэхүү бохирын шугамын бөглөрлөөс шалтгаалан зоорийн давхрын шугам задарснаас болж 3 дугаар блокын зоорийн давхарт байсан эд материалууд /хүүхдийн тоглоомнууд/ бохирт норж дахин ашиглах боломжгүй болсноос манай эхнэр М.Саранзул бид хоёрт нийт 5 309 500 төгрөгийн хохирол учирсан.

Эхлээд шүүхэд “Гангар инвест” ХХК нэхэмжлэгчээр явж байсан боловч уг тогломуудын эззн нь М.Саранзул бид хоёр тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдсон. Уг тоглоомуудыг “Гангар инвест” ХХК-нд хүлээлгэн өгсөн, дахин ашиглах боломжгүй болсон. Иймд Д.Ганзоригийн ажилчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирол 5 309 500 төгрөгийн хохирлыг Д.Ганзоригоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ганзориг шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганзориг 2013 оны 9 дүгээр сард “Нэвтрэх суваг” ХХК-тай №2013/09 тоот барилгын гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээ угсрах ажлын гэрээ байгуулсан болно.

Тус гэрээний 3.1-т Шугам угсралтын ажлыг гүйцэтгэгч нь ажлын зураг төсөв, техникийн норм, дүрмийн дагуу чанартай хийн гүйцэтгэж, ажлын явцад зөрчил буруу дутуу хийгдсэн зүйлийг нөхөн хийж энэ гэрээнд заагдсан хугацаанд ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн тусгагдсан ба “Гангар инвест” ХХК-ийн Ногоон төгөл хотхонд хохирол учруулсан гэдэг нь батлагдсан тохиолдолд энэхүү туслан гүйцэтгэгч нь хариуцлага хүлээх ёстой болохыг мэдэгдэж байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна, шинжээч нарын дүгнэлтээр Д.Ганзоригийн буруутай үйл ажиллагаанаас гэм хор учруулсан нь нотлогдоогүй мөн нэхэмжлэгч нарын хохирлын хэмжээ зөрүүтэй байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Д.Ганзоригоос эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 5 309 500 төгрөг гаргуулах тухай Ү.Мөнх-Ундраагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ү.Мөнх-Ундраагаас 114 632 төгрөг гаргуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Л.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00148 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарыын 10-ны өдрийн 101/ШШ2017/00148 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч Д.Ганзоригийн гэм буруутай эсэх талаар нилээдгүй зүйл бичсэн атлаа эцсийн дүндээ “буруутай, эсвэл буруугүй” эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхисон нь сонирхолтой санагдсан.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг тамга, тэмдэг дарагдаагүй, тоглоомнуудын нэрс, үнэ нь зөрүүтэй байх тул шаардлага хангаагүй, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна гэсэн дүгнэлт хийснийг бид зөвшөөрөхгүй байгаа юм.

Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу өөрт учирсан хохирлоо бичгээр үйлдсэн баримтаар жагсааж нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн болно. Жагсаалтад барааны нэрс, үнэлгээ, тоо ширхэгийг нарийн тусгаж, холбогдох хүмүүсийн гарын үсэг зурагдсан байдлаар өгсөн юм. Түүнчлэн тухайн тоглоомнуудыг зах ззэлийн ямар ханшаар борлуулж байсан байдлыг нотлох үүднээс “Номин Хайпермаркет” компаний санхүүгийн тамга, тэмдэг бүхий баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс яг ямар илүү нотлох баримтыг шүүх шаардаад байгааг ойлгоогүй. Бид шүүх нотлох браимтуудыг үнэлж дүгнэхдээ алдаа гаргасан гэж үзэж байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байна.

Анх энэ хэргийг шүүхээр хэлэлцсэн шүүх хуралдаанд шүүчийн “Норсон барааны үнийн дүнг нэмж үзсэн үү, маргах маргаан байна уу?” гэсэн асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Үзээгүй, гэхдээ үүнд маргах маргаан байхгүй” гэсэн байр суурь илэрхийлж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдааны тэмдэглэл хэмээх нотлох баримтаас үзэхэд хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг няцаагаагүй, үгүйсгээгүйгээр үл барам тоо ширхэг, үнийн дүнгийн талаар нэхэмжлэгчтэй маргаад байх зүйлгүй талаар тайлбараа өгсөн байсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан байна.

Хариуцагч тал учруулсан гэм хорыг хэмжээг нарийвчлан тогтоолгох, шинжээч томилуулах зэрэг хэд хэдэн хүсэлтийг шүүх хуралдааны эхэнд гаргасан боловч бүх хүсэлтээсээ татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Хариуцагч тал өөрийгөө нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй гэж маргадаг болохоос биш учруулсан хохирлыг тоо ширхэг, үнийн дүнгийн талаар маргадаггүй болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг, тэмдэглэлээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон байна гэж бид үзэж байна.

Мөн шинжээчийн зардлыг нэхэмжлэгч талаар төлүүлэх шийдвэр гаргасныг бид зөвшөөрөхгүй байгаа. Яг ямар үндэслэлээр нэхэмжлэгч талд хариуцуулснаа шүүх шийдвэртээ дурьдаагүй байгаа тул энэ хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5 309 500 төгрөгийг хариуцагч Д.Ганзоригоос гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ү.Мөнх-Ундраа гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ү.Мөнх-Ундраа нь хариуцагч Д.Ганзоригийн бариулж буй барилгын ажилчид гадна инженерийн шугам сүлжээ хийх үедээ манай хорооллын бохирын шугамыг хагалж шороогоор дүүргэснээс бохирын шугамын хоолой бөглөрч зоорийн давхрын шугам задарч 3 дугаар блокын зоорийн давхарт байсан эд материалууд /хүүхдийн тоглоомнууд/ бохирт норж дахин ашиглах боломжгүй болсноос эд хөрөнгөд 5 309 500 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэлээ үндэслэсэн ба хариуцагч эс зөвшөөрсөн.

 

Хариуцагчийн эзэмшиж буй газар дээрх барилгын шугамын ажлаас шалтгаалан бохирын шугам хагарч ус алдаж, үүний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн зоорийн хэсэгт хадгалагдаж байсан эд зүйлс норж гэмтсэн гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй боловч “2013 оны 9 дүгээр сард “Нэвтрэх суваг” ХХК-тай №2013/09 тоот барилгын гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээ угсрах ажлын гэрээ байгуулсан ба гэрээгээр шугам угсралтын ажлыг гүйцэтгэгч нь ажлын зураг төсөв, техникийн норм, дүрмийн дагуу чанартай хийж гүйцэтгэн, ажлын явцад зөрчил буруу дутуу хийгдсэн зүйлийг нөхөн хийж гэрээнд заагдсан хугацаанд ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн тусгагдсан ба “Гангар инвест” ХХК-ийн Ногоон төгөл хотхонд хохирол учруулсан гэдэг нь батлагдсан тохиолдолд энэхүү туслан гүйцэтгэгч хариуцлага хүлээх ёстой” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар үндэслэлийг нотлох үүрэгтэй хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хор хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас болсон, тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тохиолдолд тухайн эд хөрөнгөд ямар хэмжээний хохирол учирсан эсэх үйл баримт тодорхой байх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ү.Мөнх-Ундраагийн хичнээн нэр төрлийн, хэдэн төгрөгийн үнэ бүхий хүүхдийн тоглоом бохирын шугам хагарч ус алдсны улмаас гэмтэж бохирдсон, цаашид ашиглагдах боломжтой эсэх үйл баримт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Уг үйл баримт тодорхой бус байгаа тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй юм.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ү.Мөнх-Ундраагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ОЮУНХАНД

 

      ШҮҮГЧИД                         Т.ТУЯА

 

                                                      С.ЭНХТӨР