Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0036

 

 

 

 

 

 

 

   Н.Аын нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Д

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А

Хариуцагч Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: 

-Иргэн Н.Аын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Зийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 05/3369 дүгээр албан тоот хариуг хүчингүй болгох, иргэн Н.Аын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээлэл өгөхийг даалгах,

-Иргэн Н.Аоос 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагааг Н.А надад гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг шийдвэрлэж, шаардагдах лавлагаа мэдээлэл өгөхгүй байгаа Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 05/3763 дугаар албан тоотыг хүчингүй болгох, иргэн Н.Аоос Улсын дээд шүүх буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл лавлагаа авахаар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу “Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа”-г гаргаж өгөхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 884 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0859/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Аоос Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан:

“-Иргэн Н.Аын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Зийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 05/3369 дүгээр албан тоот хариуг хүчингүй болгох, иргэн Н.Аын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээлэл өгөхийг даалгах,

-Иргэн Н.Аоос 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагааг Н.А надад гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг шийдвэрлэж, шаардагдах лавлагаа мэдээлэл өгөхгүй байгаа Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 05/3763 дугаар албан тоотыг хүчингүй болгох, иргэн Н.Аоос Улсын дээд шүүх буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл лавлагаа авахаар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу “Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа”-г гаргаж өгөхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр: 

“...Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 8 дугаар зүйлийн 8.1, Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.6, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.14, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан иргэн Н.Аоос Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 05/3763 дугаар албан тоотыг хүчингүй болгож, иргэн Н.Аоос Улсын дээд шүүх буюу Ерөнхий шүүгчид хандан мэдээлэл, лавлагаа авахаар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу “Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа”-г гаргаж өгөхийг даалгаж, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д Улсын дээд шүүх нь “улс төрийн намын бүртгэл хөтлөх”-өөр заасан, өөрөөр хэлбэл Улс төрийн намын тухай хуульд Улсын дээд шүүх нь улс төрийн намын талаарх дараах асуудлаар бүртгэл хөтлөхөөр нарийвчлан зохицуулжээ.

Тухайлбал дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “...улс төрийн нам үүсгэн байгуулсныг бүртгэж, гэрчилгээ олгох”, 10 дугаар зүйлд “бүртгэхээс татгалзах”, 15 дуугаар зүйлийн 15.1-д “...намыг нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулсныг бүртгэх”, 15.7-д “...өөрчлөн байгуулагдах замаар үйл ажиллагаагаа зогсоосон намын гэрчилгээг хүчингүйд тооцож, уг нам улсын бүртгэлээс хасагдсаныг нийтэд мэдээлэх”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх”, 23 дугаар зүйлийн 23.1-д “нам үйл ажиллагаагаа зогсоосны дагуу бүртгэлээс хасах”, 23.2-т “намыг тараах тухай шийдвэр гаргах”, түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахаар тус тус заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн, улмаар дээрх хуралдаанаас гарсан тогтоолын хүрээнд лавлагаа, мэдээлэл өгөх боломжтой болохоос бус хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар лавлагаа, мэдээлэл өгөх эрхгүй болно.

Захиргааны эрх зүйд “зөвшөөрснөөс бусдыг хориглодог” зарчим үйлчилдэг. Хууль болон шүүхийн тогтоолд заагаагүй асуудлаар Улсын дээд шүүхийн Тамгын газар нь дур мэдэн үйл ажиллагаа явуулдаггүй, харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэг, мөн шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй болно.  

Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн Тамгын газар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн аливаа асуудал, тэр дундаа улс төрийн намын бүртгэл хийсэн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх асуудлыг хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулдаг.

3.2.Шийдвэрийн 3.14-т “...Н.Аоос гаргуулахыг хүссэн мэдээлэл, лавлагаанууд нь нээлттэй, хязгаарлалттай, эсхүл хаалттай мэдээллийн аль нь болох асуудал байна”, 3.15-д “...Шүүхээс иргэн Н.Аын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээллүүд нь хязгаарлалттай мэдээлэлд, харин мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан мэдээлэл нь “нээлттэй мэдээлэл”-д хамаарахаар байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуульд заасан нээлттэй мэдээлэл байх зохицуулалттай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д хуулийн этгээдийн нэрийн сан, хаягийн сан, хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр олгохоор заасан бөгөөд Н.Аын хүсэлтэд дурдсан мэдээлэл нь хуулийн дээрх зохицуулалтад заасан нээлттэй мэдээлэлд хамаарахгүй байх тул үндэслэлгүй гэж үзэж байна.

3.3.Шийдвэрийн 3.21-д “...хуулийн дээрх заалтын дагуу Улсын дээд шүүх нь улс төрийн намыг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг болохын хувьд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4-т зааснаар хуулийн этгээдийн хувийн хэргээс хуульд заасан лавлагааг журмын дагуу олгох боломжтой” гэсэн нь хуульд төдийлөн нийцээгүй дүгнэлт болно.

Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Улсын бүртгэлийн байгууллага” гэж энэ хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтныг” ойлгохоор заасан бөгөөд Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хөтлөхдөө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 25.7.3, 25.7.4, 25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасны дагуу бүртгэлийн үйл ажиллагааг тогтоолын хүрээнд хэрэгжүүлдэг.

Гэтэл шүүхийн шийдвэрт дурдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийг хамааруулж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талын барьсан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 884 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн энэ хэсэгт дүгнэлт өгөлгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянаж, дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Хуульд ил тод нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “…хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана”, 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “хүсэлт гаргагч мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл …шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Аын авахыг хүссэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх мэдээллийг /нэрс/ нээлттэй мэдээлэлд хамруулж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

2.Давж заалдах гомдолд “…улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гарсан тогтоолын хүрээнд л зохих лавлагаа, мэдээлэл өгөх боломжтой, хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар мэдээлэл өгөх эрхгүй…” гэх боловч хуулийн дээрх зохицуулалттай энэ нь хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Ардчилсан намын хувийн хэрэгт буй Үндэсний бодлогын хорооны гишүүдийн мэдээлэл уг намын хувьд хаалттай, эсхүл хязгаарлагдмал мэдээлэлд хамаарах талаар Улс төрийн намын тухай хуулиар зохицуулаагүй, харин ч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасан аливаа хуулийн этгээдтэй холбоотой нээлттэй мэдээлэлд хамаарах “…үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэр…”  гэдэгт улс төрийн намын хувьд Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороог хамруулан ойлгож болохоор байна.

Учир нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэснээр дүрмийн 5.13.1-д заасны дагуу “намын төлөөллийн төв байгууллага буюу хуульд зааснаар намын эрх бүхий байгууллага нь “Үндэсний бодлогын хороо” юм. 

Иймд Ардчилсан намын хувийн хэрэгт буй уг хорооны гишүүдийн талаарх мэдээллийг хязгаарлалттай, эсхүл хаалттай гэж үзэхгүй бөгөөд гишүүдийн нэрс нь зөвхөн эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр олгох мэдээлэлд хамаарахгүй.

3.Энэхүү маргааны хариуцагчаар Улсын дээд шүүх бус харин Тамгын газрыг тодорхойлсон, тухайлбал Тамгын газраас дурдсан мэдээллийг хүсэлтийн дагуу өгөхөөс татгалзсан нь хууль ёсны эсэх, хууль бус байвал тэрхүү мэдээллийг гаргаж өгөхийг даалгах үндэслэлтэй эсэхийг тус тус шийдвэрлэж байгаагаас бус улс төрийн намын бүртгэлтэй холбоотой Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, хуралдааны тогтоолтой холбогдуулан дүгнэлт өгөх эрхгүй.

4.Хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн нэг шаардлага болох Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Хариу өгөх тухай” 05/3763 дугаар албан бичигт “Таны 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ардчилсан намын хувийн хэргээс Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагаа авах тухай хүсэлтийг хүлээн авч танилцаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.9-д заасны дагуу дараах мэдээллийг хүргүүлж байна. Улсын дээд шүүх улс төрийн намыг үүсгэн байгуулсан ...зэрэг хууль тогтоомжид заасан бүртгэлийг хөтөлдөг ба улс төрийн нам тодорхой төрлийн бүртгэлийг хийлгэхэд бүрдүүлэн өгсөн баримтын хувь тухайн намд өөрт нь хадгалагддаг. Иймд намын архив, холбогдох этгээдээс гаргуулан авна уу” гэснээс үзэхэд үүнийг даалгах шаардлагын хүрээнд бие даасан захиргааны акт гэж үзэх боломжгүй.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “даалгах” шийдвэрийн төрлийн урьдач нөхцөл буюу холбогдох лавлагаа өгөхөөс татгалзаж буй “шийдвэр”-т хамаарна.

Учир нь уг зохицуулалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, …” гэж заасан тул татгалзал нь хууль бус эсэхэд дүгнэлт хийх байдлаар даалгах эсэхийг шийдвэрлэхээс бус “хууль бус” татгалзлыг хүчингүй болгох байдлаар даалгах шаардлагагүй.

5.Хуульд заасны дагуу энэхүү маргаан нь тусгай журмаар буюу гомдлоор үүсэх захиргааны хэрэгт хамаарахгүй, мөн шүүгчийн 2022 оны 8156, 8716 дугаар захирамжаар тус тус Н.Аын нэхэмжлэлээр Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн атлаа шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт “гомдол” гэж тодорхойлсныг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…тус тус заасныг баримтлан...” гэснээс хойшхыг “Н.Аын Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Хариу өгөх тухай” 05/3763 дугаар албан бичиг хууль бус байх тул түүний 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн мэдээлэл лавлагаа авах хүсэлтийн дагуу Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн талаарх лавлагааг гаргаж өгөхийг Улсын дээд шүүхийн Тамгын газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ  

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН