Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01839

 

ХМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00756 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1552 дугаар магадлалтай,

ХМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

РИ ХХК-д холбогдох,

Ажлын хөлс, алдангид 10.119.900 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гүйцэтгэсэн ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлсний зардал 8.170.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ХМ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...РИ ХХК-тай 2015 онд нийт 4-н удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр ХМ ХХК нь Рома таун хотхоны 5 дугаар блокийн хаалга, цонхны нугасыг сольж угсрах ажлыг ажлын 5 хоногийн дотор хийж гүйцэтгэх, РИ ХХК нь ажлын хөлс 1.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын жагсаалт, хөлсийг тохиролцсон байдаг. Манайх гэрээгээр тохиролцсон ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Хариуцагч ажлын хөлсөнд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг төлж, үлдэгдэл 500.000 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээнд хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоногт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох тул алданги 250.000 төгрөгийг нэмээд 750.000 төгрөгийг,

2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Рома хотхоны 1-4 дүгээр блок барилгын тагтны вакум хаалганд хуруу нугас сольж угсрах, татагч нугас угсрах ажлыг ажлын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, ажлын хөлс 3.168.000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын жагсаалт, ажлын төсөвт өртөгөө тодорхойлсон байгаа. Манайх гэрээгээр тохиролцсон ажлыг 100 хувь хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн. Хариуцагч РИ ХХК нь ажил дууссаны дараа 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл төлбөр 1.668.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 1.668.000 төгрөг, алданги 834.000 төгрөг нийт 2.502.000 төгрөгийг,

2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Рома таун хотхоны 1-4 блокийн барилгын вакум цонхны 2 онгойлттой нугасанд нэмэлт тоноглол угсрах, гүйцэтгэх хугацаа 2015 оны 8 дугаар сарын 10-наас ажлын 10 хоногт хийх байсан. Энэ ажлыг 3.872.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Хариуцагч гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 2.372.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 2.372.000 төгрөг, алданги 1.186.000 төгрөг нийт 3.558.000 төгрөгийг,

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр Рома хотхоны 5 дугаар блокийн Ц15-15-ийн салхивчны нугасыг булангаар нугасаар солих, салхивчны резин солих, тагтны хаалганы босоо дарагчийн резин солих, тагтны цонхны салхивчны нугасыг булангийн нугасаар солих ажлыг ажлын 10 хоногт багтаан хийж дуусгах, ажлын хөлс нь 3.306.600 төгрөг байсан. Ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.100.000 төгрөг төлсөн, үлдэгдэл болох 2.206.600 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна. РИ ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг дутуу өгч байгаа шалтгаанаа дандаа мөнгө байхгүй гэж тайлбарладаг. Гэрээний дагуу энэ ажлыг гүйцэтгэж байхад мөнгө орж ирэхээр өмнөх гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг өгнө гэдэг байсан. Иймд ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2.206.600 төгрөг, алдангид 1.103.300 төгрөг нийт 3.309.900 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Өмнө нь бид нар гэрээгээр ажил гүйцэтгэсний төлбөрт 5.365.000 төгрөг тус тус нэхэмжилж байсан. Хариуцагч РИ ХХК нь дээрх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөхгүй байх тул ажлын хөлс болох 6.746.600 төгрөг, алданги 337.300 төгрөг бүгд 10.119.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч РИ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 4 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнд заасан 1-5 блок барилгын цонхны нугас, цоож, резин солих, тохиргоо хийлгэх, ажлуудыг гүйцэтгүүлж байсан бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлж барагдуулсан. Эхний гэрээгээр Рома таун хотхоны 5 дугаар блокийн барилгын вакум цонхны 2 онгойлттой салхивчны нэмэлт нугас угсрах, тагтны хаалганы далд нугасыг ил даралттай нугасаар сольж угсрах, хоёр дахь гэрээ буюу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр 1-4 блокийн барилгын тагтны вакум хаалганд хуруу нугас солих, татагч нугас угсрах, гурав дах гэрээ 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр 1-4 блокийн вакум цонхны 2 онгойлттой нугасанд нэмэлт тоноглол угсрах, дөрөв 4 дэх гэрээгээр гэрээний хавсралт 1-д заагдсан 5 дугаар блокийн Ц15 15 цонхны нугас, резин солих, тохиргоо хийх, тагтны хаалганы резин солих ажлыг тус тус хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх байсан. Эдгээр гэрээ нь тус тусдаа бие даасан гэрээнүүд ба өөр өөр ажил гүйцэтгэж байгаа, гэрээний асуудал юм. Ажлын үр дүнгийн хувьд бол дулааны улиралд хийж гүйцэтгэсэн ажил учраас чанарын шаардлагыг шалгах боломжгүй байсан. Үүний дараа 2017 онд барилга ашиглалтад орж оршин суугчид тухайн байранд амьдарч эхэлснээр ХМ ХХК-ийн хийсэн ажлын доголдлууд илэрч эхэлсэн юм. Энэ тухай ХМ ХХК-д шаардлага хүргүүлж, доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлаа засварлахыг шаарддаг байсан. ХМ ХХК нь Барилгын тухай хууль болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй. Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авснаар, хөлс төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 343.2 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д барилгын ажил 4.1.12-д барилгын ажил гүйцэтгэгч 4.1.13-д барилгын ажлын захиалагчийг тус тус тодорхойлсон байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн заавар, хэмжээ захиалгын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж үүрэг болгоод заасан байгаа. Гэтэл гүйцэтгэгч буюу ХМ ХХК нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн удаа дараа шаардаж байсан боловч, үүргээ биелүүлээгүй. ХМ ХХК нь дээрх 4 удаагийн гэрээнд заасан ажил үүргийг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй доголдолтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч РИ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...ХМ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй байсныг шууд мэдэх боломжгүй байсан ба тухайн орон сууц ашиглалтад орж, оршин суугчид амьдарч эхэлснээр доголдол илэрч эхэлсэн. ХМ ХХК-ийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг Шайде Цонх ХХК болон иргэн Д.Баяр нараар дахин хийлгэж, гүйцэтгүүлсэн зардалд нийт 8.170.500 төгрөг болсон. Мөн цаашид гарах доголдлыг засварлах, түүнтэй холбоотой гарсан зардал болон нийт материалын зардлыг бие даан нэхэмжлэл гаргах замаар нэхэмжлэх юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХМ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлэд гаргасан тайлбарт: ...Гүйцэтгэсэн ажилд доголдол үнэхээр байдаг юм бол Үндэсний архивын газраас гаргуулсан баримт, Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт зэргээс харагдах байсан. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барилга угсралтын үе шатны ажлын явц, чанар байдалд хяналт хийж, дүгнэлт гаргасан байдаг. Барилгын угсралтын ажил 2012 оны 6 дугаар сараас 2016 оны 12 сарын хороонд байгаа. Рома таун хотхоны №1, 2, 3, 4, 5 дугаар сууцны барилга болон гараашийн барилгын ажил дууссан, зураг төсөл зохигчдоос өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн, барилга угсралтын ажлын явцад онц ноцтой зөрчил илрээгүй, тухай бүрд тавьсан шаардлагыг сайн биелүүлж байсан гэх дүгнэлт гарсан байгаа. Энэ актаар Түнтгэр нөөлөгт ХХК нь цонх суулгасан байх бөгөөд тус компанитай РИ ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ хийсэн байгаа. Түнтгэр нөөлөгт ХХК нь гүйцэтгэсэн ажилд 3-н жилийн баталгаат хугацаа олгосон байх ба уг хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуусаж байна. Хэрвээ ажлын дутагдал бол ХМ ХХК-тай холбож үзэхгүй юм. Гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор шаардлага гаргаж байгаагүй, ажлын хөлсөө нэхэхээр мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлдэг байсан. Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар шаардаж байсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00756 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч РИ ХХК-иас 5.246.600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХМ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.873.300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар ХМ ХХК-иас 8.170.500 төгрөг гаргуулах тухай РИ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.000 төгрөг, хариуцагч РИ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 160.666 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч РИ ХХК-иас 98.896 гаргуулж, нэхэмжлэгч ХМ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1552 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 98.900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалттай нийцэж байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй” гэж дүгнэсэн хирнээ “...хариуцагч РИ ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй бол түүний ажлыг хүлээн авсанд тооцох бөгөөд ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын талаархи 1 жилийн дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл нэхэмжлэгч талаас хариуцагч талд ажил хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргасан болон ажил хүлээн авахыг шаардаж байсан баримт, ажил хүлээлцсэн акт байдаггүй. Хариуцагч нэхэмжлэгчийг чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлаа засварлахыг удаа дараа амаар шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбарыг мөн л няцаадаггүй. Гэтэл шүүх юуг үндэслэн “...өөрөөр хэлбэл РИ ХХК нь тухайн ажлыг хүлээн авснаас хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.4-т заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй байгаа боловч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гомдлын шаардлага гаргаж байгаагүй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна” гэж дүгнээд байгаа нь тодорхойгүй юм. Хэдийгээр талуудын хооронд 4 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байсан боловч эдгээр 4 гэрээ нь өөр хоорондоо холбоогүй, 4-н аөр блок барилга дээр хийгдэх ажлын талаар байгуулагдсан гэрээ байсан тул анхны гэрээний ажил дуусгавар болсноор хариуцагч ажлыг хүлээн аваад, дараагийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ мөн боловч барилгын ажилтай холбоотой ажил гүйцэтгэх гэрээ тул нарийвчилсан харилцааг зохицуулсан Барилгын тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хугацааг 3 жил гэж тоолох ёстой байсан. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангадаггүй, доголдолтой байдаг тухайд хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хурлын явцад гаргасан тайлбартаа дурддаг ба ажлын онцлогоос хамааран нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг баримтжуулах боломжгүй тул хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор үзлэг хийлгэх хүсэлтийг 3 удаа, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар байдлыг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг 3 удаа тус бүр гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болгосон.

Гэтэл давж заалдах шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг анхааралгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ХМ ХХК, РИ ХХК-с ажлын хөлс, алдангид 10.119.900  төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, РИ ХХК, ХМ ХХК-с ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлсний зардалд 8.170.500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 04, 2015 оны 5 дугаар сарын 18, 2015 оны 8 дугаар сарын 10, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд байгуулагдсан 4 удаагийн гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд захиалагчийн эсхүл гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

РИ ХХК-ийн захиалгаар ХМ ХХК нь Рома таун хотхоны 1-5 дугаар блокийн барилгын вакуум цонх болон тагтны хаалганы нугас угсрах, солих, резин сольж тохиргоо хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, захиалагч ажлын хөлсөнд нийт 11.346.600 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Ажил гүйцэтгэгч ХМ ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, захиалагч РИ ХХК нь ажлын хөлсөнд нийт 6.100.000 төгрөг төлсөн нь тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч ажлын хөлсний төлөгдөөгүй хэсэг буюу 5.246.600 төгрөгийг шаардах эрхтэй тул энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн байна.

2. Алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Гэрээний 4.4-т “...захиалагч төлбөрөө хугацаандаа барагдуулаагүй нөхцөлд хоногт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно.”, гэрээний 2.4-т “батлагдсан ажлын төлбөр ...ийг гүйцэтгэл 100 хувь хүрсэн гэж талууд үзсэний дараа гүйцэтгэлийн актыг үндэслэн үлдэгдэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан дансаар шилжүүлнэ” гэж тус тус заасан хэдий ч ажлын үр дүнг хэзээ бүрэн хүлээлгэн өгсөн, ажлын хөлсний дутууг нэхэмжилж байсан цаг хугацаа тодорхой бусаас төлбөр төлөх үүргээ хэзээнээс эхлэн зөрчснийг тогтоох боломжгүй байна.

Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “...талууд гүйцэтгэлийн акт үйлдэх, үүний дараа ажлын 3 хоногт төлбөрийг төлнө” гэж тодорхой болзол заасан байх ба энэ нөхцөл хэрэгт буй баримтаар тодорхой тогтоогдоогүй байна.

3. Хариуцагч нь гүйцэтгэсэн ажил доголдолтойн улмаас ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэж нийт 8.170.500 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч, ажлын үр дүн доголдолтой болох нь нотлогдоогүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

Түүнчлэн гүйцэтгэсэн ажил доголдолтой бол захиалагч тухай бүр гүйцэтгэгч талд хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Шүүх энэ талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.4-т заасантай нийцсэн дүгнэлт хийсэн байна. 

4. Анхан шатны шүүх шинжээч томилуулах, үзлэг хийлгүүлэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхихдоо тодорхой үндэслэл заасныг буруутгах боломжгүй байна. Иймд шүүх, хариуцагчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хангалгүй, эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

ХМ ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар ажлыг гүйцэтгэснээс гадна хийсэн ажлын шинжээс үзвэл  ажлын доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг 3 жил гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00756 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1552 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 98.900 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Г.АЛТАНЧИМЭГ