Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000121 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.О- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 16 дугаар гудамжны 179А тоот хашаанд байрлах нийтийн байрны 14 тоотод төрсөн эгч Б.Н-тэй “зээлсэн мөнгөний асуудлаар” маргалдан толгойн тус газар нь шилэн аяга /стакан/ шидэж оносны улмаас түүний эрүүл мэндэд дух, хуйханд шарх, баруун зовхи, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Эгчийн эмчилгээний зардлыг төлсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө манай ах Архангай аймгаас залгаад мах очиж байгаа, очихоор нь хүлээж аваарай гэдгийг хэлсэн юм. Тэгээд би гадуур найзуудтайгаа уулзаж явж байгаад 12 цагийн орчимд өөрийн доод талын дүү болох Б.О- руу залгаад “миний дүү манайд хүрч ирээд хөдөөнөөс ирж байгаа махыг авчих” гэдгийг хэлсэн. Тэгээд 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 16-179 тоот нийтийн байранд байх гэртээ нөхөр П-ийн хамт байж байхад гаднаас дүү Б.О- халамцуу орж ирсэн бөгөөд бид 3 сайхан хоол хийж идээд байж байсан. Б.О- нь мөн дэлгүүр ороод дэлгүүрээс архи авч ирээд манай нөхөр П-той хувааж ууцгаасан бөгөөд мөнгөнөөс болж маргалдахдаа миний толгой руу шилэн стакан аваад шидээд миний толгойг хагалсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Гэрч Т.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний бие ажлаасаа тараад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 16-179 тоот нийтийн байранд эхнэр Н-ийн хамт байж байхад түүний дүү болох Б.О- нь орж ирсэн. Тэгээд Б.О- “Хараа” нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч ирээд бид 3 хувааж уусан, эхнэр Н- нь их уугаагүй юм. Улмаар хоол унд хийж идээд би хэсэг унтчихсан байсан бөгөөд нэг сэрэхэд өрөө цус болчихсон, эхнэр Н-ийн толгой хагарчихсан байсан. Болсон асуудлын талаар асуухад “Б.О- миний толгой руу юм аваад шидчихлээ” гэж хэлж байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд Б.О-ыг аваад явсан юм. Эхнэр бид хоёр гэмтлийн эмнэлэг хамт орж 2 оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Гэрч С.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд хүмүүс хэрэлдээд дуу чимээ гараад байсан. Улмаар тухайн байр руу 19 цагийн орчимд юу болж байгааг харахаар ортол 14 тоот айлын эмэгтэйгийн толгойноос цус гарсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “манай дүү цохичихлоо” гэж хэлж байсан. Тухайн дүү гэх эрэгтэй, мөн эмэгтэйн нөхөр нь хамт байсан. Улмаар 19 цаг өнгөрөөд өөрийн 89190115 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Шинжээчийн 713 тоот дүгнэлтэд: “...Б.Н-ийн биед дух, хуйханд шарх, баруун зовхи, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Яллагдагчаар Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эгч Н-тэй зээлсэн мөнгөний асуудлаас болж маргалдан түүний толгой руу шилэн стакан шидэж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-41, 44/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.О- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 16 дугаар гудамжны 179А тоот хашаанд байрлах нийтийн байрны 14 тоотод төрсөн эгч Б.Н-тэй “зээлсэн мөнгөний асуудлаар” маргалдан толгойн тус газар нь шилэн аяга /стакан/ шидэж оносны улмаас түүний эрүүл мэндэд дух, хуйханд шарх, баруун зовхи, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Н-ийн: “...Б.О- нь мөн дэлгүүр ороод дэлгүүрээс архи авч ирээд манай нөхөр П-той хувааж ууцгаасан бөгөөд мөнгөнөөс болж маргалдахдаа миний толгой руу шилэн стакан аваад шидээд миний толгойг хагалсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч Т.П-ийн: “....Б.О- “Хараа” нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч ирээд бид 3 хувааж уусан, эхнэр Н- нь их уугаагүй юм. Улмаар хоол унд хийж идээд би хэсэг унтчихсан байсан бөгөөд нэг сэрэхэд өрөө цус болчихсон, эхнэр Н-ийн толгой хагарчихсан байсан. Болсон асуудлын талаар асуухад “Б.О- миний толгой руу юм аваад шидчихлээ” гэж хэлж байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд Б.О-ыг аваад явсан юм. Эхнэр бид хоёр гэмтлийн эмнэлэг хамт орж 2 оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, гэрч С.С-гийн: “...19 цагийн орчимд юу болж байгааг харахаар ортол 14 тоот айлын эмэгтэйгийн толгойноос цус гарсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “манай дүү цохичихлоо” гэж хэлж байсан. Тухайн дүү гэх эрэгтэй, мөн эмэгтэйн нөхөр нь хамт байсан. Улмаар 19 цаг өнгөрөөд өөрийн 89190115 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, шинжээчийн 713 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь өөрийн төрсөн эгч Б.Н-тэй урьд зээлсэн мөнгөний асуудлаас болж маргалдан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилэн стакан шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, заалт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О- нь согтуурсан үедээ хохирогч Б.Н-тэй зээлсэн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар шилэн стакан авч шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.О-т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР