Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

 

 

2021            02            23                                     2021/ШЦТ/122

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол дархан овогт Мишкагийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805041990046 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........ аймаг ... сум ...дугаар баг ... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол дархан овогт Мишкагийн Б-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б- нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла бааранд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө хохирогч Н.Ц-ийн эзэмшлийн Samsung S-8 /Самсунг Эс-8/ загварын гар утас, 100 юань, 10 доллар, флаш диск, түрийвч, банкны карт, үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, түүнд 1,032,500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч М.Б- нь Н.Ц-ийн Samsung S-8 /Самсунг Эс-8/ загварын гар утас, 100 юань, 10 доллар, флаш диск, түрийвч, банкны карт, үнэмлэх зэрэг эд зүйлийг хулгайлан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Н.Ц-ийн “2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би найз охин Мөнхзулын гэрт нь 22 цагийн үед очиж бид хоёр тус бүр хоёр шил пиво уучихаад 00 цаг өнгөрч байхад хажууд нь байх Стелла бааранд үйлчлүүлэхээр орсон. Уг бааранд ороод байж байхад суудал байхгүй байсан учир үл таних хоёр залуутай бид хоёрыг суулгасан. Ингээд сууж байтал Мөнхзул бүжиглээд явчихсан. Харин би ширээндээ суугаад цүнхтэй эд зүйлээ хараад байж байсан. Хамт шахаж суулгасан хоёр залуугийн нэг нь бүжиглээд явчихсан. Нөгөөх нь жоохон дурамжхан суугаад байсан ба би дотроо болвол өөр газар суучих юмсан гэж бодож байсан чинь Цолмонбаатар /тухайн үед бол танихгүй байсан/ гэх залуу хүрч ирээд манай ширээнд хамт суучих гэхээр нь би суухгүй гэж хэлээд явуулчхаад сууж байсан.

          ... удаагүй байж байтал нөгөө Цолмонбаатар хүрч ирээд хамт суучихъя гээд байхаар нь жоохон хүүхдүүд юм байна, эд нар яавал гэж бодоод хамт нэг ширээнд Мөнхзул бид хоёр суусан. Ширээнд нь суухад Цолмонбаатараас гадна хоёр хүн байсан ба нэг нь Б- байсан ба бас нэг хүн сууж байсныг манай ахын найз байгаа юм гэж танилцуулсан.

          ... Мөнхзулын жижиг цүнхийг өөрийнхөө хойноо үүрдэг хар үүргэвчинд хийчихсэн байсан ба Мөнхзулын цүнхэн дотор би өөрийнхөө түрийвч, гар утсаа хийчихсэн байсан юм. Тэгээд байж байсан чинь Мөнхзул бүжиглэж явж байгаад миний утас байхгүй байна, утас алга болчихлоо гээд миний цүнх, өөрийнхөө цүнх бүх юманд үзээд байхгүй байсан. Цүнхэн дотор өөрийнхөө утсыг үзэж байхдаа цүнхэн дотроосоо миний түрийвч, Samsung S-8 /Самсунг Эс-8/ гар утсыг гаргаж ирээд гартаа барьчихсан байж байсан. Тэгээд олдохгүй байсан ба удалгүй баар хааж бид нар явахаар болоод гарсан. Гарахад 03 цаг 20 минут орчим болж байсан ба Стелла баарнаас гараад үүднээс нь Буяхишиг, Цолмонбаатар, тэр хоёрын ах, Мөнхзул бид 5 такси бариад бид хоёрыг тэр гурав хүргэж өгнө гээд таксинд хамт суусан.

          ... Тэгээд Мөнхзул бид хоёр явах гэхэд Цолмонбаатар Мөнхзулыг явуулахгүй тэвэрчхээд зууралдаад байгаад байхаар нь би явъя гэж байсан ба Б- надтай хамт зогсож байгаад алга болчхоод эргээд 10 орчим минутын дараа эргэж ирэхээр нь хааччихаад ирэв гэхэд манай ах энд буудалд байгаа гэж Б- хэлсэн. Тэгээд байж байгаад явах гэхэд явуулахгүй байсан ба нэг харсан чинь бүгд байхгүй болчихсон байхаар нь би гайхаж зогсож байгаад таксинд суугаад би утас, түрийвчээ гаргаж ирэх гээд цүнхээ ухсан чинь цүнхэнд байсан түрийвч, Samsung S-8 /Самсунг Эс-8/ маркийн гар утас байхгүй болчихсон байсан.

          ... Би гар утсаа 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр надад төрсөн өдрөөр минь худалдаж авч өгч байсан. 1,999,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн ба би одоо гар утсаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас хар хөх өнгийн, гаднаа бөгжтэй, гялгар дуу гэртэй, баруун доод буланд билүү жоохон дээшхэн талд маш жижигхэн зураас болсон. 2 сим уншдаг, 355090/08/524779/1, 355091/08/524779/9 гэсэн сериал дугааруудтай гар утас байгаа. Түрийвчээ би 2007 онд Лондонгоос 30 фаундаар худалдаж авч байсан ба Монгол төгрөгөөр 70,000 төгрөгийн үнэтэй байсан ба одоо түрийвчээ үнэлж мэдэхгүй байна. 100 юань, 10 доллар, 8 гб флаш кар байсан ба 15,000 төгрөгийн үнэтэй. Төрөл бүрийн банкны төгрөгийн болон валютын картууд байсан.

          ... Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. Хохирлоо бүрэн гүйцэд барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 42-43 дугаар хуудас/

          “... Би баарнаас гарахад цүнхээ үүрээгүй. Харин Б- миний цүнхийг үүрсэн. Эд зүйлээ хаях тохиолдол гараагүй. Бичлэгээ ч харсан. Цүнхнээс эд зүйл унасан юм харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 44 дүгээр хуудас/

          “... Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 45 дугаар хуудас/

          “... Миний хохирлыг Б- бүрэн төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-48 дугаар хуудас/

         

          Гэрч С.Мөнхзулын “... Баарнаас гараад яг үүдний хэсэгт байхад миний гарт гар утас, түрийвч хоёр байсан. Цолмонбаатар гарч ирээд миний гараас эхлээд гар утсыг авч байгаа бичлэг байдаг. Харин түрийвчийг хаана авч байгаа нь тухайн бичлэг дээр харагддаггүй юм. Шатаар доош буугаад гадагш гарах хаалганы орчим л авсан байдаг юм.

          ... Миний гарт байсан түрийвч, гар утсыг Б-, Цолмонбаатар хоёр авсан байх гэж би боддог. Өөр авах хүн байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дугаар хуудас/

 

          Гэрч Ц.Эрхэмбаярын “... 88212322 гэх дугаарыг би өөрөө ашигладаг. Энэ дугаар миний нэр дээр байдаг. Би энэ дугаараа 4-5 жил барьж байна. Өөр хэн нэгэн миний дугаарыг ашигладаггүй.

          ... Манай найз Б- над руу нэг дугаараас залгаад Home плазагийн тэнд очоод нэг хүнээс S-8 маркийн гар утсыг авчих, би хөдөө байна, очихоороо авна гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь нөгөө хүнээс 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрийн үед очиж авсан ба авчихаад өөртөө байлгаж байсан юм. Тэгээд Б- Архангай аймгаас 10 дугаар сарын 08-ны өдөр хүрч ирээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төвийн автобусны буудал дээр уулзсан. Уулзсан шалтгаан нь би Б-ээс утсыг нь сонирхоод зарах уу гэж асууж байсан юм. Тэгээд уг өдөр уулзаад Б- надад зарахаар болсон учир би Б-ээс 550,000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52 дугаар хуудас/

 

          Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний “... 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,012,070 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан. /хэргийн 62-63 дугаар хуудас/

 

          Э.Цолмонбаатарын сэжигтнээр өгсөн “... Би баарнаас Мөнхзултай түрүүлж гарсан ба гарч явахдаа би эгчийг чинь хүргэж өгөөд хоёулаа цуг явах уу гэхэд Мөнхзул би чамд итгэхгүй байна гэж байсан юм. Тэгээд ажлынхаа үнэмлэхийг, түрийвч, утастайгаа өгөөд чи надад итгэхгүй байгаа бол энийг ав гээд өгсөн юм. Тэгээд баарнаас гарах гэж явахдаа баарны шатан дээр өөрийнхөө түрийвч, гар утсыг Мөнхзулаас буцааж авсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 82-83 дугаар хуудас/

 

          Юнител ХХК-ны албан бичиг, 88212322 дугаарын орсон гарсан дуудлагын лавлагаа. /хэргийн 91-98 дугаар хуудас/

 

М.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Намайг бааранд байхад би тамхины өрөө рүү орсон. Намайг гараад ирэхэд бид нарын сууж байсан ширээнд танихгүй хоёр эмэгтэй хүн сууж байсан. Цолмонбаатараас асуухад надад сая бааранд танилцчихлаа, хамт ширээндээ суулгая гэж хэлж байсан.

... Би ажил дээрээ 7 хоносон. Буцаад гэртээ ирээд Цолмонбаатар, Мөнхзул нартай уулзахдаа өмсөж байсан өмдний халааснаас Samsung S-8 /Самсунг Эс-8/ загварын гар утас гарч ирсэн. Тэгээд би Архангай аймаг руу явсан. Хөдөө явахдаа өөрийнхөө хувцсыг айлд үлдээсэн байсан. Архангай аймгт байхдаа Эрхэмбаярт би айлд гар утсаа үлдээсэн байгаа очоод авчих гэж хэлсэн. Хөдөө аймагт нэлээн удсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд Эрхэмбаяраас утсыг авах гэтэл Эрхэмбаяр сим карт хийчихсэн бариад байж байсан. Тэгээд надад зарчих гээд гуйгаад байхаар нь 550,000 төгрөгөөр зарахаар тохироод зарсан”

... Би Стелла баарнаас гарахдаа нэлээн согтуу байсан. Бараг тасарч байсан. Нэлээн согтолттой байсан учраас Ц-ийн хэтэвч, гар утсыг хэрхэн авснаа санахгүй байгаа юм ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б- нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла бааранд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө хохирогч Н.Ц-ийн эзэмшлийн Samsung S-8 /Самсунг Эс-8/ загварын гар утас, 100 юань, 10 доллар, флаш диск, түрийвч, банкны карт, үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, түүнд 1,032,500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Мөрдөн шалгах явцад хохирогч Н.Ц-ид 1,032,500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр “... Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 45 дугаар хуудас/ “... Миний хохирлыг Б- бүрэн төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-48 дугаар хуудас/ тус тус хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол дархан овогт Мишкагийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ