Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Л.Ц-,

Шүүгдэгч: Э.Н-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Н-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000099 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Н-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 байрны гадаа ил зогсоолд байрлуулсан хохирогч Л.Ц-гийн эзэмшлийн ... улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун, зүүн толь зэрэг эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Н- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлөхөө  илэрхийлж байна” гэв.

Хохирогч Л.Ц- шүүх хуралдаанд: “...Тухайн үед миний машины толийг яагаад хагалсан талаар би сайн ойлгоогүй. “Уулзъя” гэж намайг дуудсан, залгахдаа согтуу байсан. Би согтуу байхад чинь “уулзахгүй” гэсэн. Цонхоор харж байхад машины хажууд зогсоод байхаар нь би “цагдаа дуудна шүү машинаас холд” гэхэд 2  талын толийг хагалчхаад яваад өгсөн. Мөн машины 4 дугайны хийг гаргасан байсан. Тухайн үедээ би цагдаа дуудаагүй, маргааш нь өөрт нь учруулсан хохирлоо 2 хоногт барагдуулахгүй бол цагдаад өгнө шүү гэж хэлэхэд “за” гэсэн хэр нь 2 хоногийн дараа хохирлоо төл гэхэд “чадахгүй” гэсэн. Ер нь бол хувийн харилцаанаас болж ийм асуудал гарсан. Би одоо их айдастай байна. Энэ хүнийг надад дахин ийм зүйл битгий гаргаасай гэж хүсэж байна. Утасны цаанаас маш ихээр доромжилдог. Мөн хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

Хохирогч Л.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед салсан найз залуу болох Н- залгаад уулзъя гэсэн. Тэгэхээр нь би чи согтуу байна уулзахгүй гэж хэлэхэд би архи уугаагүй байна гэсэн. ...гэрийнхээ цонхоор харахад Н- байрны гадаа байсан миний эзэмшлийн ... улсын дугаартай приус 20 маркийн автомашины гадна сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Н- руу залгаад чи яваач нэг бол цагдаа дуудлаа шүү гэсэн чинь дууд гэж хэлснээ миний автомашины баруун талын толийг өшиглөж хугалж байгаа харагдсан. Тэгэхээр нь тоохгүй орхисон. Маргааш өглөө нь босож ирээд автомашин дээрээ ирэхэд хоёр талын толийг нь хугалсан байхаар нь би Н- руу залгаад яаж байгаа юм гэж хэлэхэд Н- битгий хуц солиор гээд утсаа таслаад удалгүй буцаж залгаад уучлаарай би толийг чинь янзлуулж өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Яллагдагчаар Э.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Ц-гийн гэрт нь очоод гэрийнх нь хаалгыг тогшсон. Хаалгаа тайлахгүй байхаар нь  Ц-гийн орцноос гараад автомашины хажууд зогсож байхад Ц- над руу залгаад машинаас хол бай гэхээр нь Ц-гийн приус 30 автомашины хоёр талын толийг гараараа цохиж хугалаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4-5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-26/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 29-30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-р байрны гадаа ил байрлуулсан хохирогч Л.Ц-гийн эзэмшлийн ... улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун, зүүн толийг  гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Ц-гийн: “...би Н- руу залгаад чи яваач нэг бол цагдаа дуудлаа шүү гэсэн чинь дууд гэж хэлснээ миний автомашины баруун талын толийг өшиглөж хугалж байгаа харагдсан. Тэгэхээр нь тоохгүй орхисон. Маргааш өглөө нь босож ирээд автомашин дээрээ ирэхэд хоёр талын толийг нь хугалсан байхаар нь би Н- руу залгаад яаж байгаа юм гэж хэлэхэд Н- битгий хуц солиор гээд утсаа таслаад удалгүй буцаж залгаад уучлаарай би толийг чинь янзлуулж өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-26/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 27-30/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Н- нь хохирогч Л.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хоёр толийг эвдэж гэмтээсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул эд зүйлийн үнэлгээгээр гарсан 540.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 30.000 төгрөг, нийт 570.000 төгрөгийг шүүгдэгч Э.Н-аас гаргуулж хохирогч Л.Ц-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Н-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Н-ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-аас 570.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ц-д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР