Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

     2021           02            05                                        2021/ШЦТ/162

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Яндаг

шүүгдэгч Д.Б...............аа, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2250) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Пүрэвжав овогт Д.................нгийн Б...............ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2008 0312 91594 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Пүрэвжав овогт Д.................нгийн Б...............аа, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эгч, дүү, охины хамт Сонгинохайрхан дүүргийн ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Б...............аа нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ............................... тоотод иргэн Б..М..............................ийн “Samsung” А51 загварын гар утсыг “гар утсанд симээ хийн, дэлгүүр орж мобайлдаад буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б...............аа мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б..М..............................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад урьд өмнө нь надтай хамт эмнэлэгт хэвтэж байсан Б...............аа гэх эмэгтэй над руу Facebook чатаар холбогдоод манай гэрт ирсэн юм. Тэгээд манайд байхдаа миний “Samsung” А51 маркийн гар утсыг гуйж аваад “дэлгүүр орж юм авах хэрэгтэй байна. Утсанд чинь сим картаа хийж байгаад мобайлаар мөнгийг нь төлчхөөд буцаад ирье” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь зөвшөөрөөд утсаа өгөөд явуултал ...удаад байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дугаар руу залгатал тэрээр “одоо сим картыг чинь солиод өөрийнхөө сим картыг хийх гэж байна” гэж хэлээд утсаа салгасан юм...би утсаа 2020 оны 8 сард 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- “...Б...............аа миний гар утсыг бол өгөөгүй зарчихсан гэж байсан. Харин өөр утас шинээр нь 950.000 төгрөгөөр авч өгсөн...надад одоо ямар нэг санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10)

2. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №20/152 дугаар тайланд “...Samsung А51” маркийн гар утсыг....1.100.000 төгрөгөөр үнэлсэн....” үнэлгээ (хавтаст хэргийн 17),

3. Шүүгдэгч Д.Б...............аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрт байж байсан чинь манай найз .М..............................ий над руу залгаад “хоёулаа цуг үсчин оръё” гэж хэлэхээр нь би “тэгье” гэсэн юм. Тэгээд гэрээс гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 9 дүгээр гудамжны 160 тоотод очсон юм. Тэгээд бид хоёр такси бариад усанд явж ирчхээд би “дэлгүүр явчхаад ирье” гэж хэлсэн чинь .М..............................ий “би бас чамд юм захиж авхуулах гэсэн юм” гэхээр нь би утсаа өгчих мөнгө мобайлаар шилжүүлчхээд аваад ирье гээд би түүний Samsung А-51 маркийн гар утсыг авч явсан. Тэгээд нөгөө утсыг нь авч яваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орж найзындаа хоноод маргааш би Хархорин зах явж утсыг 350.000 төгрөгөөр зарчихсан юм...тухай үед би хүнээс Samsung А-50 маркийн гар утас худалдаж аваад нөгөө утасны үлдэгдэл 150.000 төгрөг нэхэгдээд байхаар нь тухайн утасныхаа мөнгийг төлөх гээд би найзынхаа утсыг авч зараад утасныхаа өрийг төлсөн...би шинэ гар утас 950.000 төгрөгөөр худалдан авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-43),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 24, 27), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 21), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 25), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 47), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 26) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б...............аад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б...............аа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Д.Б...............аа нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамжны 160 тоотод иргэн Б..М..............................ийн гэрт очжээ. Улмаар Б..М..............................ийн гэрт байхдаа тэрээр “дэлгүүр орж юм авах хэрэгтэй байна. Утсанд чинь сим картаа хийж байгаад мөнгөө мобайлаар төлчхөөд буцаад ирье”  гэж хэлэн түүний “Samsung” A51 маркийн гар утсыг авч яван худалдан борлуулж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б..М..............................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад урьд өмнө нь надтай хамт эмнэлэгт хэвтэж байсан Б...............аа гэх эмэгтэй над руу Facebook чатаар холбогдоод манай гэрт ирсэн юм. Тэгээд манайд байхдаа миний “Samsung” А51 маркийн гар утсыг гуйж аваад “дэлгүүр орж юм авах хэрэгтэй байна. Утсанд чинь сим картаа хийж байгаад мобайлаар мөнгийг нь төлчхөөд буцаад ирье” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь зөвшөөрөөд утсаа өгөөд явуултал ...алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №20/152 дугаар тайланд “...Samsung А51” маркийн гар утсыг....1.100.000 төгрөгөөр үнэлсэн....” үнэлгээ (хавтаст хэргийн 17),

- Шүүгдэгч Д.Б...............аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...найз .М..............................ий ...Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 9 дүгээр гудамжны 160 тоотод очсон юм. ...би “дэлгүүр явчхаад ирье” гэж хэлсэн чинь .М..............................ий “би бас чамд юм захиж авхуулах гэсэн юм” гэхээр нь би утсаа өгчих мөнгө мобайлаар шилжүүлчхээд аваад ирье гээд би түүний Samsung А-51 маркийн гар утсыг авч явсан. Тэгээд утсыг нь авч яваад ...Хархорин зах дээр 350.000 төгрөгөөр зарчихсан... юм...тухай үед би хүнээс Samsung А-50 маркийн гар утас худалдаж аваад нөгөө утасны үлдэгдэл 150.000 төгрөг нэхэгдээд байхаар нь тухайн утасныхаа мөнгийг төлөх гээд ...найзынхаа утсыг авч зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-43) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Б...............аа нь хуурч, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олж өөрийн гар утасны үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор, эмнэлэгт цуг хэвтэн танилцсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж найз Б..М..............................ийн өмчлөлийн Samsung А-51 загварын 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Б...............ааг Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б..М..............................ийд 1.100.000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид ямар нэг эвдрэл гэмтэлгүй, ажиллагаа хэвийн адил төрлийн Samsung A51 маркийн гар утсыг...биет байдлаар өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б...............ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б...............аа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн байгааг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд улсын яллагчийн санал гаргасан нийтэд тустай ажил хийх ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б...............аа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн байгааг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс эрүүгийн хариуцлагын дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б...............ааг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Б...............ааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан түүнд оногдуулсан 240 цагийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар өдрийн 8 цагаад дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн 2008 0312 91594 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пүрэвжав овогт Д.................нгийн Б...............ааг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б...............ааг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Д.Б...............аад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б...............аа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МӨНХЗУЛ