| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2021/0162/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/172 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/172
2021 02 09 2021/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Ц.Э................р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Ц..............жийн Э................рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0289 20046 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
- Баянзүрх дүүргийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан, Баянгол дүүргийн шүүхийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг багтааж, эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.Э................р нь 2020 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Авто сургуулийн орчимд байрлах автобусны буудал дээр иргэн Л.Б...................рыг “чанга дуугаар ярилаа” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны зүүн өнцөг хэсгийн далд хугарал, зүүн доод агт араа шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э................р мэдүүлэхдээ: “..Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Б...................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед би ажил дээрээ...0.75 литрийн “Хараа” архи хоёр шилийг хувааж ууж байгаад 2020 оны 8 дугаар сарын 14-ний 01 цагийн үед манай ажлын залуу болох Алтаншагай намайг Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21-р хорооллын автобусны буудал дээр буулгасан. ...Их наран руу явах замдаа авто сургуулийн хойд талын автобусны буудал дээр Олонбаяр, Анхаа ах хоёр буудал дээр зогсож байхаар нь бид гурав ойр зуурын юм яриад зогсож байтал машин дотор сууж байсан үл таних Төрөө гэх залуу чи дугуй байлдаа гэж хэлээд машинаасаа бууж ирэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ? чи хэн юм би гэж хэлтэл баруун гараараа миний зүүн талын эрүү орчим 1 удаа цохисон. ...Миний зүүн талын шанаа хацар хавдсан байна. Өөрөөр миний биед харагдах шарх сорив гэмтэл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),
- “...Ц.Э................р нь миний эрүүний хагалгаа болон эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, бусад эм тарианы мөнгө болох нийт 1.890.000 төгрөгийг надад өгсөн. Одоо 3 сарын 1-нд эмнэлэгт хадаасаа авхуулах хагалгаанд ороход яг хэдэн төгрөг болохыг сайн мэдэхгүй байна. Хадаас авхуулах хагалгаанд ороход яг хэдэн төгрөг болох баримт байхгүй байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12672 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэлгүй. Ам ангайлд хязгаарлагдмал.
2020-08-19-ний энгийн эмийн жорын бичигт: Онош: Доод эрүүний зүүн өнцгийн хугарал байж болзошгүй.
- Иргэний эрүүл мэндийн дэвтэрт: 2020-09-08-ны Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасгийн гарах үеийн эпикризд: 2020-9-02-нд онош: Доод эрүүний зүүн өнцгийн далд хугарал оноштойгоор 6 хоног хэвтэн ясыг хадаж бэхлэх хагалгаа хийж эмийн эмчилгээ хийлгэв. Биеийн байдал сайжирч хаван хавдар өвдөлт зовиур багассан тул эмнэлгээс гаргав.
- 2020.08.21-ний эрүүний дэлгэмэл рентген: “СД 1ш/ баруун дээд 1 шүд, зүүн дээд 1, 2-р шүднүүд тодорхойлогдохгүй, буйланд шүдний оромгүй. Эрүүний зүүн өнцөг хэсгээр хугарсан, хугарлын шугам 38-р шүдний бэхлэгдэх хэсгийг дайрсан...ДҮГНЭЛТ
1. Л.Б...................рын биед эрүү ясны зүүн өнцөг хэсгийн далд хугарал, зүүн доод агт араа шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. 3. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67),
3. Шинжээчийн Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эрүүний дэлгэмэл зураг авхуулсан байна. 2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд үед буюу тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл гэж үзсэн. ...тухайн цаг хугацаанд гэж бичигдсэн нь гэмт хэрэг гарсан буюу шинжээч томилсон тогтоолын хугацааг тодорхойлж байгаа юм. Тухайн үед үзүүлэгч хагалгааны тэмдэглэл, рентген зураг зэргээр тухайн үед үүссэн шинэ гэмтэл гэж үзсэн. ...нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Эрүү ясны зүүн өнцөг хэсгийн далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн доод агт араа шүдний булгарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65)
4. Шүүгдэгч Ц.Э................рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 1 цагийн үед хувиараа таксинд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто сургуулийн хойд талын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн 18-03 УБГ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл дотроо сууж байтал буудал дээр зүс таних дүү Л.Б...................р архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орилж, хашгираад байхаар нь машинаасаа буугаад ахын дүү битгий орилоод бай гэж хэлчихээд буцаад автомашиндаа суугаад байж байтал буудал дээр Л.Б...................р үл таних залуутай муудалцаад юм яриад байхаар нь би дахин автомашинаасаа бууж ирээд Л.Б...................рт хандаж чи болиочээ яагаад чанга орилж хашгираад байгаа юм бэ гэж хэлэхэд урдаас чи хэн байсан гээд орилоод байхаар нь зүүн талын эрүү шанаа орчим баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд би Л.Б...................рыг машиндаа суугаал гэрт нь хүргэж өгсөн...би эмчилгээний зардал гэж Л.Б...................рт нийт 1.800.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-110),
- Хохирогч Г.Б...................рын өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 73-77) хохирлын талаарх баримтын хуулбар (хавтаст хэргийн 78)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 94), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 100, 102), Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 82-92), “хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 115-145) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Э................рд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Э................р нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Авто сургуулийн орчимд байрлах автобусны буудал дээр 2020 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, шууд санаатай үйлдлээр, иргэн Л.Б...................рыг “чанга дуугаар ярилаа” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны зүүн өнцөг хэсгийн далд хугарал, зүүн доод агт араа шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Л.Б...................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний 01 цагийн үед... Их наран руу явах замдаа авто сургуулийн хойд талын автобусны буудал дээр Олонбаяр, Анхаа ах хоёр буудал дээр зогсож байхаар нь бид гурав ойр зуурын юм яриад зогсож байтал машин дотор сууж байсан үл таних Төрөө гэх залуу “чи дугуй байлдаа” гэж хэлээд машинаасаа бууж ирэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ? чи хэн юм” гэж хэлтэл баруун гараараа миний зүүн талын эрүү орчим 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12672 дугаар дүгнэлт “...1. Л.Б...................рын биед эрүү ясны зүүн өнцөг хэсгийн далд хугарал, зүүн доод агт араа шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. ...6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67),
- Шүүгдэгч Ц.Э................рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 1 цагийн үед хувиараа таксинд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто сургуулийн хойд талын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн 18-03 УБГ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл дотроо сууж байтал буудал дээр зүс таних дүү Л.Б...................р архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орилж, хашхираад байхаар нь машинаасаа буугаад “ахын дүү битгий орилоод бай” гэж хэлчхээд буцаад автомашиндаа суугаад байж байтал буудал дээр Л.Б...................р үл таних залуутай муудалцаад юм яриад байхаар нь би дахин автомашинаасаа бууж ирээд Л.Б...................рт хандаж “чи болиоч ээ, яагаад чанга орилж хашхираад байгаа юм бэ” гэж хэлэхэд урдаас чи хэн байсан гээд орилоод байхаар нь зүүн талын эрүү шанаа орчим баруун гараараа нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-110) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.Э................р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч С.Э................рийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б...................р нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ц.Э................р нь хохирогчид 1.800.000 төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэх үндэслэлтэй. Харин хохирогч нь Л.Б...................р нь мөрдөн шалгах ажиллагаанд “...3 сарын 1-нд эмнэлэгт хадаасаа авхуулах хагалгаанд орно. ...Хадаас авхуулах хагалгаанд ороход яг хэдэн төгрөг болох баримт байхгүй байна...” гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгсөн байна. Иймд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э................р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Э................р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Э................р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал тогтоосон баримт буюу ХААН банкны депозит дансны хуулгаар хувиараа такси үйлчилгээнд явдаг нь тогтоогдож байх тул улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Э................рд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2008 0289 20046 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Цэнддоржийн Э................рийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э................рийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э................р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ