Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01841

 

Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаар шийдвэртэй,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаар магадлалтай,

Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Э-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 48.630.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.Э- 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 28.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан. Б.Э- нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг огт төлөхгүй хохироосоор байна. Иймд хариуцагч Б.Э-ээс зээлд 28.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 17.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.430.000 төгрөг, бүгд 48.630.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр иргэн Батсайхантай хамтран 60.000.000 төгрөгийн зээл авсан. 60.000.000 төгрөгийн зээлээс шимтгэлийг хасаад 59.880.000 төгрөг Голомт банкны 2405101377 дансаар Б.Э-т шилжсэн. Б.Э- уг зээлийн гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг хүүнд 32.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Тухайн үед Б.Э- өөрөө хүсэлт гаргаж 60.000.000 төгрөгний зээлийн барьцаагаа чөлөөлүүлэхийн тулд үлдэгдэл 28.000.000 төгрөгөнд шинээр зээлийн гэрээ байгуулсан. 40.000.000 төгрөгнөөс 8.000.000 төгрөгийг хүүнд авсан талаар харилцан зөвшөөрч гарын үсгээ зурсан баримт хэрэгт байгаа. Өөрөө удаа дараа хүсэлт гаргаж байгаад 60.000.000 төгрөгийн зээлийнхээ үлдэгдэл 28.000.000 төгрөгөнд зээлийн гэрээ байгуулчихаад өнөөдөр огт мөнгө аваагүй юм шиг тайлбар гаргаж, өөрөө уулзахгүй шүүх хуралдаанд оролцохгүй байгааг гайхаж байна. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны 2014/Б-1 гэрээгээр 60.000.000 төгрөг, 40.000.000 төгрөг нийт 100.000.000 төгрөгийг зээлсэн. 60.000.000 төгрөгнөөс 40.000.000 төгрөгийг л төлсөн. Сая шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж өгч байгаа 4.520.000 төгрөгний баримт нь 40.000.000 төгрөгний зээлээс төлсөн баримт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энд 28.000.000 төгрөгний зээлийн асуудалтай холбоотой 60.000.000 төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа гэжээ.

Хариуцагч Б.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Анх 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ш ББСБ-тай 2014/1 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлээс 40.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Гэтэл үндсэн зээлийн 20.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөгийг нийлүүлээд 28.000.000 төгрөг болгоод шинээр гэрээ байгуулж надаар өргөдөл бичүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний хувьд шинээр гэрээ хийж 28.000.000 төгрөгийг огт хүлээн аваагүй өмнөх зээлийн төлбөрийг тухайн байгууллагын ажилтнуудын хувийн дансанд төлж байсан. Ш ББСБ-ын нэхэмжлэлд дурдагдсан 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх №2015/11 дугаартай зээлийн гэрээ нь бодитойгоор байгуулагдаж зээл олгосон гэрээ биш миний өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгож шинээр хийсэн мэтээр хийгдсэн гэрээ юм. Иймд энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ш ББСБ нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу 2015/11 дугаартай зээлийн гэрээний дагуу надад зээлийн данс үүсгэж зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй, энэхүү зээлийг би огт ашиглаагүй болно. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д зээлдэгчийн дансанд зээлийн гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан бөгөөд мөнгөн хөрөнгийг олгосон гүйлгээ хийгдээгүй тул зээлийг олгоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл Ш ББСБ нь 28.000.000 төгрөгийг надад шилжүүлээгүй тул хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Ш ББСБ нь мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул Ш ББСБ-д буцаан төлөх үүрэг үүсэхгүй. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх заалт болон дээр дурдсан хуулийн үндэслэлүүдээр Б.Э- миний бие 2015/11, 2015/31 дугаартай зээлийн гэрээний дагуу Ш ББСБ-д 28.000.000 төгрөгийн үндсэн зээл, 17.200.000 төгрөгийн хүү, 3.430.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 48.630.000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Э-ээс 48.630.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш банк бус санхүүгийн байгууллагад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 401.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш банк бус санхүүгийн байгууллагад олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие 2014 оны 11 сарын 06-ны өдөр Батсайханы хамтаар нэхэмжлэгч байгууллагаас 60.000.000 төгрөгийг зээл авсан ба зээлийн гэрээний үйлчлэлийн явцад нэхэмжлэгчээс тавьсан нөхцөлийн дагуу үндсэн зээлээс 40.000.000 төгрөг хүүгийн хамт төлж уг зээлийн гэрээний хугацааг сунгасан. Улмаар үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг хүү 8.000.000 төгрөг нийт 28.000.000 төгрөгийн хэмжээнд шинэ гэрээ хийж, зээлийн хүүгээс хүү тооцох болсон. Өөрөөр хэлбэл уг зээлийн гэрээний дагуу надад бодитоор хөрөнгө шилжүүлээгүй мөн 8.000.000 төгрөгийн хүүг үндсэн зээлд оруулан тооцож түүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй энэ хүрээнд дүгнэлт хийсэн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн 20.000.000 төгрөгнөөс хүү гэж тооцсон 8.000.000 төгрөгнөөс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 3.360.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зээлдэгчийн дансанд зээлийн гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дурьдагдсан зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлээгүй, дээрх мөнгийг миний бие ашиглаж захиран зарцуулаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Түүнчлэн нэхэмжлэгчийн олгосон зээлийн 40.000.000 төгрөгийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд биш иргэн шилжүүлсэн байхад банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэж төлбөр гаргуулсан нь иргэний хуулийн 56.1.8, 56.1.9-т заасантай нийцэхгүй болно. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 65 дугаар зүйлийг тус тус зөрчиж байна. Тухайлбал зээлийн гэрээний хугацаа 3 сараар хийгдсэн байх ба тус хугацаанд хүү авах байтал 17.200.000 төгрөгийг ямар үндэслэлээр гаргаж тооцсон хүү болох нь ойлгомжгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн тогтоолд дурьдсан ажиллагаа огт хийгдээгүй, тус тогтоолын биелэлт бүрэн хангагдаагүй байхад хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж шийдвэр гаргасан. Тодруулбал нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт хариуцагчид байхгүй тул нэхэмжлэгчээс гаргуулахаар болсон. Гэтэл тухайн баримт шүүхэд ирээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн, энэхүү зээлийн гэрээний үүрэг өмнөх зээлийн гэрээтэй холбоотой байхад өмнөх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтыг шүүх хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг гаргуулаагүйгээс нотлох баримтад үндэслэн тогтоох боломжгүй болгосон. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш ББСБ ХХК, Б.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28.000.000 төгрөг, зээлийн хүү 17.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.430.000 төгрөг,  нийт 48.630.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч, талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан, 28.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосныг, хариуцагч “...мөнгийг бодитоор шилжүүлээгүй, өмнөх зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг, 8.000.000 төгрөгийн хүүг нэгтгэж,  хүүгээс хүү тооцож байгаа нь үндэслэлгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн тайлбар, хэрэгт буй баримтаас үзвэл хариуцагч Б.Э- нь Ш ББСБ ХХК-с 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг зээлсэн, талууд уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Харин хариуцагч нь мөнгийг бодитоор шилжүүлээгүй, өмнөх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг атал, хүүг нэмж үндсэн  зээл 28.000.000 төгрөг мэтээр гэрээ байгуулсан гэж маргажээ.

Тухайн маргааны зүйлд ач холбогдол бүхий баримт буюу өмнөх 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, уг зээлийн төлөлттэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудаар хариуцагч 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 40.000.000 төгрөг төлснийг гэрээний хугацааны төлбөл зохих хүүд 8.000.000 төгрөг, 32.000.000 төгрөгийг үндсэн зээлд тооцон, улмаар үлдэх 28.000.000 төгрөгт шинээр  гэрээ байгуулсан  нь тогтоогдсон, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иймээс “үндсэн зээлд хүүг нэгтгэж, хүүгээс хүү бодсон гэх” хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

Гэрээний талууд анх байгуулсан гэрээний нөхцлийг өөрчлөн нэмэлт гэрээ байгуулах, гэрээний үүргийг сольж шинээр гэрээ байгуулах нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэх бөгөөд өмнөх төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулж шинээр гэрээ байгуулсан нөхцөлд “...мөнгийг бодитоор шилжүүлээгүй, гэрээ байгуулагдаагүй...” гэх боломжгүй юм.

Дээрх байдлаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хоёр шатны шүүх 48.630.000 төгрөг гаргуулахдаа 2015.06.25-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гэрээ болон хуульд нийцүүлэн тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаар шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 401.100 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАРСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                      Г.АЛТАНЧИМЭГ