Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “ЭГГ ” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М , Э.Ж  нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “ЭГГ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч Б.М, Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ЭГГ ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  , түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...”ЭГГ ” компанийг 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Монгол Гранд эйнжил инвест” ХХК-иас 323 636 363,64 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчилд 36 363 636,36 төгрөгийн нөхөн татвар, түүнд 10 909 090,91 төгрөгийн торгууль, 14 527 272,73 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж шийдвэрийг 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх болохыг дурдсан байсан.

Тухайн актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуульд зааснаар Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан.

Гэвч өнөөдрийг хүртэл татварын маргаан таслах зөвлөл хуралдаагүй. Манай гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байна. Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн хүрэхгүй байгаа тул гомдлын материалыг буцааж байна гэсэн.

Татварын улсын байцаагчдын гаргасан Шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн гэх боловч Зөрчлийн тухай хуулийн аль зүйл хэсэгт заасан зөрчил гаргасан болохыг дурдаагүй байна.

Шийтгэлийн хуудсанд манай байгууллагыг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг зөрчсөн гэж байгаа боловч энэ нь ямар зөрчил болох, ямар хариуцлага ногдуулах үндэслэлтэй болох, зөрчлийн тухай хуулийн аль зүйл хэсэгт зааснаар шийтгэж байгаа нь бичигдээгүй байна.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар Татварын улсын байцаагч нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зөрчих, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих, Монгол хэлний тухай хууль зөрчих, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль зөрчих, Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих, Татварын ерөнхий хууль зөрчих, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах, Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих зэрэгт Зөрчлийн тухай хуулийн зөрчсөн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй.

Шийтгэлийн хуудсыг татварын Улсын байцаагч нар гаргахдаа өөрт хуулиар харьяалаагүй буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалган шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх боловч энэ нь чухам зөрчлийн тухай хуульд заасан ямар зөрчилд хамаарах, ямар шийтгэл ногдуулахаар заасан талаар бичээгүй, ойлгох боломжгүй байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд урьд өмнө нь татвар төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол ногдох захиргааны хариуцлагын талаар заасан байсан боловч энэ заалтууд Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсныг анхаарч үзэх хэрэгтэй.

Харин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд татварын нөхөн төлөлтийн алдангийн хэмжээг 20 хувиас хэтрүүлэхгүй байна гэж заасан байхад 30 хувьтай

“Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийг эрүүгийн хэрэгт татаж байгаад хэрэгсэхгүй болгосон тогтоол эцсийн байдлаар тухайн компанийг гэм буруутай ч гэж нотлоогүй, гэм буруугүй ч гэж нотлоогүй. Шалгалт явагдсан, шалгалт дууссан үйл баримт харагддаг.

Нягтлан Х.Д  гэж хүнээс авсан мэдүүлэг  хууль зөрчсөн Х.Д  гэх нягтлангаас мэдүүлэг авахдаа холбогдогчоос мэдүүлэг авах тухай гээд мэдүүлэг авсан байгаа.

Компанийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Х.Д  гэж хүн “ЭГГ ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх байхгүй.

1102201814 дугаартай шийтгэлийн хуудас болон  тэмдэглэлээс үзэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн аль хэсэгт заасан нь хялбаршуулсан журмаар тухайн зөрчлийн хэргийг шийдэх гээд байгаа нь харагддаггүй...” гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М , Э.Ж  нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Б.М , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3616452 тоот  регистрийн дугаартай “ЭГГ ” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаа хугацааны хувьд 2015-2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал байсан бөгөөд уг хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 зүгээр зүйл “Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа”, 1.4 зүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалтад хамрагдаж байгаа юм.

Иймд тухайн үе буюу зөрчил үйлдэгдсэн он болох 2015-2016 онд дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн заалтаар татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн.

          Татвар төлөгч гаргасан гомдолдоо Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд татварын нөхөн төлөлтийн алдангийн хэмжээг 20 хувь байхад 30 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцсон нь буруу байна гэжээ.

           Энэ нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж 74.1 “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасан хэдий боловч энэхүү хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.4 зүгээр зүйл “Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа”, 1.4 зүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил’ үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу “ЭГГ ” ХХК-ийн гаргасан зөрчил нь 2015, 2016 онд гаргасан зөрчил байсан тул тухайн үед мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн татвар төлөгчид хоногоор нь тооцон хариуцлага хүлээлгэсэн.

          Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нягтлан бодогч Хайдав овогтой Х.Д  нь /РД:................./ 2018 оны 03 сарын 19-ний өдрийн холбогдогчоос авсан мэдүүлэг хэсэгт татварын улсын байцаагчийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу гэсэн асуултад хүлэн зөвшөөрч байна гэсэн байгааг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн, татвар төлөгч нь үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр юм.

Холбогдогч гэж Х.Д  гэдэг хүнээс тайлбар авсныг буруутгах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл хэргийн үйл баримтын талаар бүрэн мэдээллийг мэдэж байгаа. Энэ хүнээс тайлбар авсныг холбогдогч, эрх бүхий албан тушаалтнаас аваагүй гэх үндэслэл байхгүй ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“ЭГГ ” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М , Э.Ж  нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцээд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн  Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М , Э.Ж  нар нь /цаашид “татварын улсын байцаагч” гэх/ гомдол гаргагч “ЭГГ ” ХХК-ийг 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 363.636.363,64 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган, татвар оногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 36.363.636,36 төгрөгийн нөхөн татвар, түүнд 10.909.090,91 төгрөгийн торгууль, 14.527.272,73 төгрөгийн алданги оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол,” 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж...” гэж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуульчилсан байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.,”,  4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно.” 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

Хариуцагчаас дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад “ЭГГ ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, зөрчлийг шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ” гэж  заасантай нийцээгүй байна.

Учир нь Татварын ерөнхий газрын 2018 оны 003 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын  Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон гэсэн үндэслэлд хамаарахгүй, “ЭГГ ” ХХК-ийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, зөрчил үйлдсэнийг ил, тодорхой болгон нотолсон баримтууд биш, нэгэнт нотлогдсон үйл баримт гэж үзэхгүй.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй буюу тогтоолд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад зөрчил үйлдсэнийг нотлох баримт болгон шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Мөн татварын улсын байцаагчид нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасан  хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар, нотлох баримт гаргах зэрэг эрх, үүргийг холбогдогчид эдлүүлэх боломжоор хангаагүй болох нь зөрчил шалган шийдвэрлэсэн баримт, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... компанийн нягтлан бодогчоос  тайлбар, мэдүүлэг авсан...” гэх тайлбараар тогтоогдож байна.

Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчсөн, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй  байхад гаргасан “шийтгэлийн хуудас”-ыг хууль ёсны гэж үзэхгүй тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.5 дугаар зүйлийн 1,  4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ЭГГ ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М , Э.Ж  нарын тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №1102201814 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА