Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0038

 

 

 

 

 

 

 

     “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “К” ХХК  

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 771 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х, өмгөөлөгч Г.Х, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0370/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “К” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 771 дүгээр шийдвэрээр: 

“Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан “К” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх “нэхэмжлэгч “К” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болсон байна” гэж үзсэн нь хууль зөрчсөн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргаа нь үйл ажиллагаандаа дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг дарга 2012 оны А/344 дүгээр захирамжаар “К” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000 м.кв газар эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн. “К” ХХК нь тухайн газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасанчлан газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гардан аваагүй. Учир нь нийслэлийн Засаг дарга 2012 оны А/344 дүгээр захирамжийг гаргахдаа тухайн харилцаанд оролцогч тал буюу манай компанийн оролцоог хангаагүй, мөн сонсох ажиллагаа явуулаагүй болно.

Өөрөөр хэлбэл К” ХХК-д тухайн газрыг бодитоор эзэмших боломж байгаагүй. Гэтэл нийслэлийн Засаг дарга 2014 онд А/257 дугаар захирамжаар К” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй гэж үзэх нь бодит нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр хэмээн үзсэн нь учир дутагдалтай.

Түүнчлэн дээрх А/257 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасны дагуу ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах замаар “Кө” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000 м.кв газрын бодит нөхцөл байдалд эзэмших боломжтой байсан эсэхийг тодруулаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу “Кө" ХХК-д газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа талаар урьдчилан мэдэгдэж, түүнийг сонсож, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар тайлбар, мэдүүлэг авах ёстой байсан.

Иймд нийслэлийн Засаг даргын гаргасан 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/257 дугаар захирамжийн К ХХК-д холбогдох хэсэг нь эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримтлаагүй гаргасан, бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй захиргааны акт юм. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

    ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.“К” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2012 оны А/344 дүгээр захирамжаар 1 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалгүйгээр олгосон гэж үзэж, улмаар дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөх шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2 жилийн дараа буюу 2014 оны А/257 дугаар захирамжаар өмнөх захирамжаа хүчингүй болгосон, гэвч бодит байдалд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг огт мэдэгдээгүй байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2014 оны захирамжийг илт хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй, энэ талаар шийдвэрт зөв дүгнэжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “…газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх тус компанид газар эзэмшүүлэхдээ энэ зарчмыг баримтлаагүй, иймд уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, …зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө …хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, …” гэсний дагуу газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосныг илт хууль бус гэж үзэхгүй.

2.Өөрөөр хэлбэл дээрх үндэслэлээр гарсан захирамжийг зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, биелүүлэх боломжгүй, үндэслэлгүй гэж дүгнэх ямар ч боломжгүй бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 31-ний дотор дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцалж, газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг анхааруулсан мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлсэнд “К” ХХК хамаарчээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн татварын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэл явуулаагүй байсан тохиолдолд нэхэмжлэгчээс маргахгүй ч байсан байж болохоор нөхцөл байдал тогтоогдож байгаа энэ тохиолдолд 2012 онд яагаад анх газар эзэмшүүлэх шийдвэр гарсан талаар хариуцагчаас мэдэгдээгүйд, мөн газар эзэмших хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэж байгааг нэхэмжлэгчээс лавлаагүйд тус тус дүгнэлт өгөх нь цаг хугацааны хувьд ч, ач холбогдлын хувьд ч одоогийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

3.Харин 2014 онд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байхад шүүхийн шийдвэрт “…нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг 2017 онд дуусгавар болсон…” гэж дүгнэсэн нь буруу.

Мөн хууль хэрэглээний хувьд хариуцагчаас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргаагүй, гаргах ч шаардлагагүй, гагцхүү уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар өмнө хууль зөрчиж гаргасан захирамжаа хүчингүй болгосон байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаанд шууд хамаарал бүхий эдгээр заалтыг баримтлах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 771 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1…” гэснийг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Хын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ  

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН