Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/233

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч: Э.Ш-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ш-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005031690195 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ш-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Ш- нь 2020 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 50 дугаар байрны гадна 60-59 УНН улсын дугаартай автомашин дотор байсан хохирогч Э.О-ы эзэмшлийн Самсунг нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ш- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...дуудлагын жолоочоо хүлээж байгаад надад дугаараа өгсөн 80802974 гэсэн дугаартай залуугийн утас руу залгаад жолоочоор явах уу гээд дуудсан. ...зогсоол руу ордог хэсгийн гинжийг тайлах гээд автомашинаас буутал жолооч залуу зөрөөд машинаас буугаад гүйсэн. Буцаад машин дээрээ ирээд голын хайрцаг дээр байсан гар утсаа хартал алга болсон байсан. Би 2019 оны 11 дүгээр сард Солонгос Улсаас шинээр нь авч байсан. Би гар утсаа 450.000 төгрөгөөр үнэлж байна. ...тэр залуу машиныг байрлуулж өгөөд буугаад явсных нь дараа утсаа авах гээд голын хайрцагт үзтэл байхгүй байсан. Тэгээд тэр залууг авсан гэдгийг мэдээд араас нь яваад тэр хавиар хайгаад олоогүй. ...утас алга болчхоод сандарсандаа тэгж тэмдэглүүлсэн байна лээ. ...дуудлагын жолооч явсаны дараа би утсаа алдсан гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүнсний 4 дүгээр дэлгүүрийн арын “Ruby” нэртэй ломбардад ажилладаг. ...Би ломбардны онлайн сүлжээнээс хайж үзэхэд манайд тавьсан байна. ...Уг гар утсыг эргээд авсан. Манай байгууллагад ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Ломбардны сүлжээн дээр харагдаж байна. Цаасан баримт одоогоор байхгүй. 3 сар болгоод бөөгнүүлээд устгадаг юм” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Э.О- нь 4 дугаартай зурган дээр байгаа залууг зааж байна. Энэ хүн миний гар утсыг авч зугтсан эрэгтэй хүн мөн байна” гэснээр ажиллагааг дуусгав” гэжээ. /хх-н 12-13/,

Яллагдагчаар Э.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн эмэгтэй машин ордог хэсгийн гинжийг тайлаадахъя гээд надаас түрүүлж машинаасаа буусан тэр хооронд нь би машиных нь голын хайрцагт байсан Самсунг нөүт 8 загварын гар утсыг авсан. Тэгээд би тухайн эмэгтэйн машиныг нь зогсоолд байрлуулж өгөөд буугаад явсан. ...2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүнсний 4 дэлгүүрийн тэр хавьд байдаг ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 170.000 төгрөгөнд тавьсан. 3-4 хоногийн дараа буцаж очоод тавьсан ломбардаасаа аваад тухайн ломбардын ойр хавьд утас зардаг хүмүүст 180.000 төгрөгөнд зарсан. ...Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 46-48/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 34-36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-68, 71-79/, хохирогчийн хүсэлт /хх-н 84/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Э.Ш- нь 2020 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 50 дугаар байрны гадна 60-59 УНН улсын дугаартай автомашин дотор байсан хохирогч Э.О-ы эзэмшлийн Самсунг нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.О-ы: “...тэр залуу машиныг байрлуулж өгөөд буугаад явсных нь дараа утсаа авах гээд голын хайрцагт үзтэл байхгүй байсан. Тэгээд тэр залууг авсан гэдгийг мэдээд араас нь яваад тэр хавиар хайгаад олоогүй. Дуудлагын жолооч явсаны дараа би утсаа алдсан гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, гэрч Б.Д-гийн: “...Би хүнсний 4 дүгээр дэлгүүрийн арын “Ruby” нэртэй ломбардад ажилладаг. ...Би ломбардны онлайн сүлжээнээс хайж үзэхэд манайд тавьсан байна. ...Уг гар утсыг эргээд авсан. Манай байгууллагад ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Ломбардны сүлжээн дээр харагдаж байна. Цаасан баримт одоогоор байхгүй. 3 сар болгоод бөөгнүүлээд устгадаг юм” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ш- нь дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлж хохирогч Э.О-ы автомашиныг жолоодон явахдаа түүний Самсунг нөүт-8 маркийн гар утсыг хулгайлан авч 450.000  төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 84/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Ш-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш- нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР