| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0406/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/409 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/409
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
Улсын яллагч Ж.Отгончимэг,
Шүүгдэгч Н.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Cонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн З-д холбогдох 2008 00000 0589 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв .
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын машин механизмын засварчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мон-лаа ** гудамж *** тоотод оршин суух, Б овгийн Н-ийн З /РД:******/, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлэх 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Н.З нь 2020 оны 03 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруун баян уулын *** тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Ц-ийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн ***А тоотод оршин суух иргэн Э.Э-ийн эзэмшлийн *** УНВ улсын дугаартай приүс-20 маркийн автомашинаас бөгж 3 ширхэг, хос ээмэг гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
1. Шүүгдэгч Н.З нь 2020 оны 03 дугаар сарын 06-с 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруун баян уулын *** тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Ц-ийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Р.Ц нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Баруун баян уулын *** тоотод нөхөр Н.З-д зодуулсан...гэх тэмдэглэл /хх-49, 51/,
- хэргийн газрын үзлэг хийсэн...Хэрэг болсон гэх газар Сонгинохайрхан дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт Баруун баян уулын *** гудамжинд...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-52-56/,
- хохирогч Р.Ц-ийн...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед 1 дүгээр хороололд Г найз охинтойгоо уулзаад Г-ийн найзуудтай нь хамт 1 дүгээр хороололд 0,75 литрийн архи 2 шилийг гурвуулаа хувааж уучихаад орой 22 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баруун баян уулын **тоот гэртээ ганцаараа ороод унтаж байтал манай хамтран амьдрагч Н.З нь гаднаас согтуу орж ирээд “чи муу хэнтэйгээ идэж уусан бэ” гэж намайг хардаад намайг орон дээр хэвтэж байхад үсдэж, орноос унагаагаад гэдэс рүү нэг удаа өшиглөхөд нь би гэдсээ бариад эвхэрээд унасан. Тэгтэл Н.З миний хоёр гарыг хойш нь эргүүлж мушгиж татаж байгаад миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний зүүн гар тохой хэсэг нь эвгүй болчихсон ба З намайг “битгий худлаа баашлаад бай” гээд зүүн хацар луу хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгэхээр нь би “туслаарай аллаа, миний гар” гэж хэлтэл Зоригт дуугай бай битгий худлаа баашлаад бай” гэж хэлээд миний амыг дарсан. Тэгээд байж байтал манай нийтийн байрны эзэн ах хаалга тогшсон ба манай хамтран амьдрагч З хаалга онгойлгосон чинь нийтийн байрны ах “за юу болоод байгаа юм бэ, яагаад түжигнээд байгаа юм бэ” гэтэл З “зүгээр, манай эхнэр өөрөө согтуу унаад гараа эвгүй болгочихсон юм шиг байна” гэж хэлэхээр нь би “туслаарай ахаа, миний гар эвгүй болчихсон юм шиг байна. Наадах чинь намайг зодоод байна шүү дээ” гэж хэлтэл нийтийн байрны ах намайг авч гараад Зоригтын хамт машинаараа Гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Би толгойн зураг 100,000 төгрөгөөр авхуулсан. Мөн шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Өвчин намдаах лаа, эм авч уусан. Тухайн эмүүдийг 20,000 төгрөгөөр авч байсан. Эмийн баримтууд байхгүй...15,000 төгрөгөөр гараа гипсдүүлсэн, дахин 15,000 төгрөгөөр эм авч уусан. Би Н.З-оос 158,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-62, 65/,
- шинжээчийн дүгнэлт : Үзлэг, баримтаар тархи доргилт, зүүн тохойн үений мултрал, завьжинд шарх, баруун хөлийн тахимд зулгаралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.../хх-70-71/,
- шинжээчийн мэдүүлэг :...Тархи доргилт нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн тохойн үеийн мултрал нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхинд шарх, баруун хөлийн тахимд зулгаралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-74-75/,
- Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-78-80/, аюулын зэргийн үнэлгээ /хх-76/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-81-89/,
- шүүгдэгч Н.З-ын...Би 2020 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ зурагтаа үзээд байж байтал манай хамтран амьдрагч Р.Ц гаднаас согтуу орж ирэхээр нь би хүнтэй уулзсан уу гэж уурлаад би гэрээс гараад гэрийнхээ хойд талын дэлгүүр орж 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шил, ундаа, тамхи аваад буцаад гэртээ ороод архиа ганцаараа уугаад архи уусныхаа дараа эхнэрийнхээ хувцсыг тайлдаг юм уу гээд хувцсыг тайлах гээд оролдсон чинь Р.Ц нь овоо сэргээд ирэхээр нь би Р.Ц-аас чи хаана хэнтэй уулзсан бэ гээд асуутал Р.Ц надад хаана хэнтэй уулзсанаа хэлэхгүй байхаар нь миний уур хүрээд нуруу хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод, нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод куртикийг нь тайлах гэсэн чинь гар нь эвгүй болчихсон. Тэгтэл Р.Ц орилсон чинь хүн хаалга тогшихоор нь би хаалгаа онгойлготол байрны эзэн орж ирээд юу болсон бэ гэж асуухаар нь эхнэр согтуу ирээд гар хөлөө гэмтээчихсэн юм шиг байна гэж хэлсэн чинь Р.Ц цаанаас ахаа наадах чинь намайг зодоод байна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл тэр ах ямар ч байсан эмнэлэг явъя гэж хэлээд бид гурав эмнэлэг явж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-97/ зэрэг нотлох баримтуудаар, мөн
2. Шүүгдэгч Н.З 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн *** тоотод оршин суух иргэн Э.Э-гийн эзэмшлийн *** УНВ улсын дугаартай приүс-20 маркийн автомашинаас бөгж 3 ширхэг, хос ээмэг гинж зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн Э.Э-гээс 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн ** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл алдагдсан...гэх тэмдэглэл /хх-01, 02/,
- хохирогч Э.Э-ийн...2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн **** тоот өөрийн гэртээ 4 хүүхдийн хамт байж байтал өмнө нь нэг газар хамт ажилладаг байсан эхнэр нөхөр болох З, Ц хоёр залгаад “гэртээ байна уу бид хоёр очиж байна аа” гэсэн ба удалгүй 18 цагийн орчимд тэр хоёр манай гэрт ирсэн. Эхнэр Цэнд-Аюуш нь тасарчихсан байсан, харин нөхөр З нь их согтуу байсан. Би тэр хоёрт хоол цай хийж өгчихөөд гэртээ хүүхдүүдээ үлдээгээд машинаараа хүргэж өгөхөөр явсан. Тэр хоёрыг 19 цагийн орчимд хүргэж өгчихөөд гэртээ ирээд машины голын хайрцагт өдөр үлдээсэн түрүүвчээ авахад дотор нь байсан ээмэг, бөгж зэрэг эд зүйлс алга болсон байсан учир цагдаад хандсан. Би З-ыг сэжиглэж байна. Яагаад гэвэл би өдөр дэлгүүр явж ирээд түрүүвчээ машиныхаа голын хайрцагт үлдээгээд машинаа түгжилгүй гэртээ орсон...Орой З, Ц хоёр ирээд З нь гэрт сууж байгаад гарч ороод байсан. Мөн гэрт хүргэж өгч байх үед надаас гал асуугаад байхаар нь би гал өгсөн юм. Тэгсэн миний галыг машины голын хайрцагт хийчихсэн байсан. Түрийвчнээс юм алга болсныг мэдээд З-ынд очиход З өөрөө байхгүй байсан...1 ширхэг монетон бөгж, 1 хос 2 ширхэг ээмэг, 1 ширхэг гинж кулоноо нийтэд нь 1,800,000 төгрөгөөр 2012 онд худалдаж авч байсан...гэх мэдүүлэг /хх-08-09/...Намайг тэдний гэрийн гадаа ирээд зогсоход тэр 2 хэрэлдээд байхаар нь би Ц-ийг гэр рүү нь оруулсан, тэгэхэд машинд З үлдсэн ба машин руугаа ирэхэд З-ыг машинд сууж байхаар нь гэртээ ороод унт гэж хэлээд оруулсан..Гэртээ ирээд машины голын хайрцаг дотроос түрийвчээ авахад онгорхой байхаар нь гайхаад үзэхэд монетон эдлэл алдагдсан байсан.../12-13/,
- гэрч Ө.Н-ын...2020.04.05-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд Н.З /******/ гэсэн иргэн манай ломбарданд эхнэр төрөх гээд мөнгө хэрэгтэй байгаа тул эд зүйлээ тавьж байна гээд 3 ширхэг монетон бөгж, 1 хос 2 ширхэг ээмэг, мөн монетон кулон барьцаалж 670,000 төгрөг аваад явсан. Тэр хүн манайхаар үйлчлүүлэхдээ халамцуу байсан. Н.З нь өөрийнхөө бичиг баримтаар дээрх зүйлсийг барьцаалж зээл авсан. Тэгээд энэ хүн маргааш нь 13 цагийн орчимд 1 хүнтэй ирээд барьцаалж зээл авсан эд зүйлсээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-18/,
- гэрч Р.Ц-ийн...2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр З-ын төрсөн өдөр нь байж таарсан учир би З-д 0,75 литрийн Хараа архи нэг шилийг авч өгөөд бид хоёр хувааж уусан. Тэгээд би нэлээн согтсон байсан ба тухайн үед З Э рүү яриад очихоор болсон байсан, Э-ийн гэрт бид хоёр цуг очсон. Тэгээд хоол хийж өгөхөөр нь идчихээд байж байгаад би тасарчихсан байсан ба нэг мэдсэн чинь гэртээ ирчихсэн байсан. Тэгээд сэрээд харахад З байхгүй байсан ба удаагүй Э орж ирээд эд зүйлс нь алдагдсан талаар хэлсэн, би тухайн үед тасарчихсан байсан учир юу болсныг санахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-23/,
- Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан...Монетон бөгж, ээмэг, гинж кулоны хослол 1,000,000 төгрөг, монетон ээмэг 220,000 төгрөг, монетон бөгж 350,000 төгрөг, монетон бөгж 170,000 төгрөг нийт 1,740,000 төгрөг...гэх /хх-29-30/,
- “Арвин 2” барьцаат зээлийн гэрээ /хх-35/,
- шүүгдэгч Н.З-ын...2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр...Э хоёр жаахан хүүхдийн хамт байж байсан ба бид хоёрт хоол хийж өгөөд бид хоёр хоолыг нь идчихээд явахаар болоод 19 цагийн орчимд Э нь хүүхдүүдээ гэртээ үлдээгээд өөрийн автомашинтайгаа бид хоёрыг гэрт хүргэж өгөхөөр явсан. Ингээд бидний амьдарч байгаа газар болох Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баруун баян уулын ** дугаар гудамжны ** тоот хашааны гадаа ирээд зогссон. Э машин барьж явсан, би хажууд нь буюу машины урд талд жолоочийн хажууд сууж байсан. Тэгээд Ц нь нэлээн согтсон бараг тасарсан байсан тул Э нь Ц-ийг гэрт оруулж өгөхөөр аваад буусан. Би машины урд суугаад үлдсэн ба Э-ийг машинаас буусны дараа нэмж архи уумаар санагдаад мөнгө хэрэгтэй байсан тул машины голын хайрцаг дотор байгаа эд зүйлийг гаргаж харахад нэг түрүүвч байсан, нээж үзэхэд дотор нь жижиг гялгар уутанд хийчихсэн монетон ээмэг, гинж, бөгж зэрэг эд зүйлс байхаар нь монетон эдлэлийг нь аваад түрүүвчийг нь буцаагаад хийсэн юм. Тэгээд би машинаас буусан ба салхинд цохиулаад тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь би нэг таксинд бичиг баримтын лавлагааны хуудсаар 670,000 төгрөгөөр уг эд зүйлсийг барьцаанд тавьсан. Тэгээд уг мөнгөөр архи уугаад гадуур буудалд хоноод үрчихсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод үзэхэд надад ямар ч мөнгө үлдээгүй байсан учир мөнгөний хэрэг гараад уг монетон эдлэлийг аваад бусдад зарчихсан юм....гэх мэдүүлэг /хх-42-43/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.З-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Э.Э-т учирсан 1.740.000 төгрөг нотлох баримттай /хх-29-30/ тул хангаж шийдвэрлэх, харин хохирогч Р.Ц 158,000 төгрөг нэхэмжилсэн байх /хх-65/ боловч нотлох баримтын хүрээнд толгойн зураг ав хуулсан 100,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг нийт 108,000 төгрөг /хх-105/-ийг хангаж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Н.З нь 2018 онд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн /хх-112, 115-117/ байх боловч тухайн ял шийтгэлийг дууссанд хамаарх баримтууд байх тул /хх- 112, 121/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй зэрэг түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-42-43, 107-109, 123, 126, 128-32, 135-140, 141, 142, 156-182, шүүх хурлын тэмдэглэл/ судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 70 хоног буюу 2 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 10 хоногийн хорих ялаар тогтоов.
Харин шүүгдэгч нь хөрөнгө орлогогүй, мөн мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж байсан, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хүрээнд хамаарах холбогдох нотлох баримт цуглараагүй зэргийг харгалзахад түүний үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч 2021.03.16-ны өдрөөс /хх-243-244/ хойш 2021.05.11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон байх ба нийт 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Н.З-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 70 хоног буюу 2 сар 10 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Зоригтын биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 2 сар 10 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ын биечлэн эдлэх 1 жил 2 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ын цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-оос нийт 1.848.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Э-т 1.740.000 төгрөг, хохирогч Р.Ц-д 108.000 төгрөг тус тус олгосугай.
7. Хохирогч Р.Ц гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Н.З-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.05.11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР