Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Батнасан,

            Шүүгдэгч: Т.Е- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Т.Е-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036560274 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Е-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Е- нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмүүн констракшн” ХХК-н байрнаас иргэн Н.Б-ын өмчлөлийн Canon 200D маркийн дурантай зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Е- шүүх хуралдаанд: “...Би Н.Б- дээр очиж уулзаад эхнэрийн гэр бүлийн зургийг засварлаад хэвлээд өгөөч гэж тохиролцсон байсан юм. Тэгсэн чинь зургийг нь янзалж өгч чадахгүй болсны улмаас хадмын талын хүмүүс уурлаж, авгай бид хоёр муудалцаж салсан. Тэгээд би тэрнээс болоод Н.Б-т уурлаад очиж агсам тавья гэж бодсон юм. Тэгээд очиход эхнэр, хүүхэд нь бол байгаагүй. Н.Б- халамцуу байсан. Өрөөндөө орж ирэхгүй үйлчлэгч эмэгтэйг хоргоогоод шатан дээр байж байхад нь би аппаратыг нь авч гараад уурандаа газар савахад 3 хэсэг болсон. Тэгэхээр нь баригдаж байсан барилгын хашаа давуулж шидчихээд яваад өгсөн. Хохирлын мөнгийг бэлнээр төлсөн” гэв.

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 30 минутын орчим ажил дээрээ эхнэр хүүхэдтэйгээ сууж байсан чинь гаднаас Е- орж ирсэн. Тухайн үед би халамцуу байсан. Е- гаднаас орж ирэхдээ 0.5 литрийн цэвэр усны саванд архи хийчихсэн орж ирсэн. Тэгсэн эхнэр хүүхдээ дагуулаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд Е- бид хоёр архиа хуваагаад ууж сууж байгаад би бие засаад ирье гээд нойл орж бие засчихаад эргээд ороод ирсэн чинь Е- явчихсан байсан. Тэгэхээр нь би согтуу байгаа юм чинь гэр рүүгээ харилгүй ажил дээрээ хоночихъё гэж бодоод хаалгаа түгжээд ажил дээрээ унтсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд миний гэрэл зургийн аппарат байхгүй болохоор нь би эхнэр рүү залгаад “чи камер аваад явчихсан юм уу” гэж асуухад “би камерыг чинь авч яваагүй” гэсэн. Тэгэхээр нь би Е-ыг авчихлаа гэж мэдсэн. Угаасаа Е-аас өөр орж гарсан хүн байхгүй. ...Гэрэл зургийн аппаратын их биенээс гадна Canon EOS 50 мм-н дуран байсан. ...Камераа дурантай нь хамт 2018 оны 8 дугаар сард Амазоноос 2000 ам.доллараар захиалж авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч А.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс нь аваад өөрийн нөхөр Н.Б-ын ажил болох 3, 4 дүгээр хорооллын Москва рестораны замын урд талд байдаг гэрэл зургийн газар ирсэн. Тэгээд бид гурав харих гээд ажил дээр нь байж байхад Н.Б-ын найз Е- гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо юм яриад үлдсэн. Тэгээд маргааш нь манай нөхөр зургийн аппарат алга болсон талаар хэлсэн. ...Тухайн үед урд талын шилэн лангуун дотор мэргэжлийн зургийн аппарат байсан. ...Тухайн үед Е- ганцаараа ирж байсан. Тэгээд намайг явахад Н.Б-, Е- нар үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Яллагдагчаар Т.Е-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Б-т өмнөх найз эмэгтэйгээс болж агсам тавих гээд сууж байхад Н.Б- үйлчлэгч эмэгтэйг хоргоогоод дээшээ гардаг шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь би Н.Б-ыг дуудахад байж бай гээд ирэхгүй байхаар нь дургүй хүрээд ширээн дээр байсан гэрэл зургийн аппаратыг аваад гарах гэхэд Н.Б- “хаачих гэж байгаа юм” гэхээр нь гарчихаад ирье гэж хэлээд гараад хүнсний захын урд талд уг  аппаратыг газар савахад дуран, батерей хэсгээр 3 хэсэг хуваагдсан. Тэгээд уг 3 хэсэг аппаратыг захын урд талд байдаг хоосон барилгын хашаа давуулж шидчихээд гэр рүүгээ явсан. ...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12/, хохирогчийн өргөдөл /хх-н 13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 32-36/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 38-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 58-76, 91-104/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Е- нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэлмүүн констракшн” ХХК-н байрнаас иргэн Н.Б-ын өмчлөлийн Canon 200D маркийн дурантай зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Б-ын: “...2019 оны 9 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 30 минутын орчим ажил дээрээ эхнэр хүүхэдтэйгээ сууж байсан чинь гаднаас Е- орж ирсэн. ...маргааш өглөө нь сэрэхэд миний гэрэл зургийн аппарат байхгүй болохоор нь би эхнэр рүү залгаад “чи камер аваад явчихсан юм уу” гэж асуухад “би камерыг чинь авч яваагүй” гэсэн. Тэгэхээр нь би Е-ыг авчихлаа гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч А.Л-гийн: “...Н.Б-ын найз Е- гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо юм яриад үлдсэн. Тэгээд маргааш нь манай нөхөр зургийн аппарат алга болсон талаар хэлсэн. ...Тухайн үед урд талын шилэн лангуун дотор мэргэжлийн зургийн аппарат байсан. ...Тухайн үед Е- ганцаараа ирж байсан. Тэгээд намайг явахад Н.Б-, Е- нар үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг авч гараад уурандаа эвдэлж хаясан гэсэн мэдүүлэг өгч байгаа хэдий ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Харин шүүгдэгч нь хохирогчид мэдэгдэлгүйгээр түүний эд хөрөнгийг авч гаран өөрийн эзэмшилд оруулсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч нь нэгэнт өөрийн эзэмшилд бусдын эд хөрөнгийг оруулан худалдах, эвдэх, бусдад өгөх зэргээр өөрийн захиран зарцуулах эрхтэй болсон тул түүнийг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль  зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.Е-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Е- нь хохирогчийн зургийн аппаратыг авч, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо барагдуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Е-ыг үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Е-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн оногдуулсан ялаас доогуур нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Е-ыгбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е- нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Е-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР