Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/206

 

 

      

   2021             3            01                                        2021/ШЦТ/206

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч М.Э,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Гын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Гын О, Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа ачааны тээвэр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “...” банкны АТМ-д алдаатай гүйлгээний улмаас орхиж гээгдүүлсэн М.Эын бэлэн мөнгийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт: 

 

            Шүүгдэгч Г.Оаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

            Хохирогч М.Э мэдүүлэхдээ: Би “... банк”-ны хажуу талд байрлах “GMG” худалдааны төвд 2016 оноос хойш эхнэрийн хамт “архи, пиво, ус, ундаа”-ны бөөний төв ажиллуулж худалдаа эрхэлж байсан. Би өдөр бүр бэлэн мөнгөний орлогоо АТМ-ээс данс руугаа хийдэг. Хэрэг болох өдөр би мөн л өдрийн орлогоо АТМ-д хийгээд болчихлоо гэж бодоод хүргэлтийн ажилтай байсан тул яараад явсан. Тэгээд орой 22 цагаас 23 цагийн хооронд гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь утсаа шалгатал дансанд мөнгө орсон мэдээлэл ирээгүй байсан. Тэгээд ... банкны ажилтантай холбогдтол “таны гүйлгээ дутуу хийгдсэн байна, таны ард гүйлгээ хийж байсан хүн таны бэлэн мөнгийг аваад явсан байна” гэх тайлбар өгсөн. Энэ дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.  Мөнгөө бэлэн мөнгөний машинд хийхдээ тоолоогүй. ... банкны ажилтантай холбогдоход 1.760.000 төгрөг уншигдсан байна гэсэн. Хэрэг камерын бичлэг, дансны гүйлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Би өөрт учирсан 1.760.000 төгрөгийн хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон цугларсан бусад нотлох баримтууд. Үүнд:

1. Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “... банк”-ны бэлэн мөнгөний машинд тухайн өдрийн орлогын мөнгө болох 1.760.000 төгрөгийг өөрийн 5025849585 гэсэн данс руу хийхээр очсон. Тэгээд мөнгөө данс руу хийх үйлдлээ бүрэн гүйцэд дуусгалгүй карт болон мөнгөө үлдээгээд гарсан. Үүний дараа захиалга өгсөн газруудаар хүргэлт хийж явсаар байгаад орой 23 цагийн үед гэртээ харьсан. Тэр өдрөө мэдэлгүй байж байгаад маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр картаа мартсан байснаа болон орлогын мөнгө дансанд ороогүйг мэдээд ... банкны мэдээллийн ажилтай холбогдож асууж тодруулахад “та хийсэн гүйлгээний үйлдлээ бүрэн гүйцэд хийгээгүй байна, хажуу талын АТМ-д үйлчлүүлж байсан хүнтэй хамт явсан хүн нь таны 1.760.000 төгрөгийг аваад явсан байна” гэж хэлсэн учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

            -хохирогчоор дахин 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:“...2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цаг өнгөрч байхад өдрийн орлогоо АТМ-д хийхээр авч гараад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ... банкны АТМ-д хийгээд болчихлоо гэж бодоод, үйлдлээ гүйцээгээгүй гараад явсан. Зам дээр машинаа асаалттай орхисон байсан болохоор яараад гарсан. Тухайн өдрөө саналгүй, бараа түгээсэн. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед миний утсанд өчигдөр оройны орлого хийсэн мессеж ирээгүй байсан тул ... банкны лавлах руу би утасдаж асуусан чинь “таны мөнгө АТМ-д уншигдаад буцаад гарсан байна, таны хажуу талд гүйлгээ хийж байсан хүнтэй хамт явсан хүн тус мөнгийг авсан байна, камерын бичлэгээр харагдаж байна” гэж хэлсэн. Би хэдэн төгрөг уншигдсан байна гэж асуухад 1.760.000 төгрөг уншигдаад буцаад гарсан байна гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

            -хохирогчоор дахин 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өгсөн“...Би мөрдөн байцаалтын явцад өөрийн ... банкны 5025849585 гэсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон 89893380 гэсэн Юнителийн утасны дугаарын биллийг гаргаж өгсөн. Тус биллд миний ... банкны 18001917 гэсэн тусгай дугаар руу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 07 минутад ... банкны ажилтантай ярьсан тэмдэглэл байгаа. Тэгэхэд надтай ... банкны ажилтан Агилмаа гэдэг хүн холбогдсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар тал),

 

            2. Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

            “...Би хэрэг гарсан өдрийн орой 19 цагийн орчимд найз Гын Оын хамт явж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... банк”-ны Жанцан салбар дээр очиж бэлэн мөнгөний машинд өөрийн виза картыг уншуулж 20.000 төгрөг авсан. Энэ үед О намайг мөнгө авахыг хараад зогсож байсан. Тэгээд би мөнгөө авчихаад гартал нээх удалгүй 1-2 минутын дараа О миний араас гарч ирээд хүнээс түлшний 800.000 төгрөг орж ирсэн гээд мөнгө барьчихсан гарч ирсэн. О, түүний төрсөн ах Э, мөн Оь нартай гэрээс нь хамт гараад Харз нэртэй буудлын караокед орж ууж, дуу дуулж суусан. Тэгээд би архи их уусан байсан болохоор тасраад унтсан байсан. Маргааш өглөө нь Оын гэрт сэрсэн. Энэ үед О мөнгө алга болчихлоо гээд асуугаад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

            3. Гэрч З.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...Б, О нар АТМ рүү мөнгө авахаар явсан. Төд удалгүй эргээд ороод ирсэн. Б надад дансаар авсан 20.000 төгрөгийг өгсөн. О надад “түлшний мөнгө ороод ирсэн байна” гэж хэлсэн. Б, О, Э, Бгийн ангийн хоёр залуу бид хэд “Харз” нэртэй буудлын караокед орж дуу дуулж, 2 шил архи, пиво уусан. Тэндээс гараад Бгийн гэрт очсон. Оын мөнгө нь алга болсон байсан. Би тухайн үед согтуу байсан, хэдэн төгрөгийн тооцоо гарсныг мэдэхгүй. Тооцоог нь Г.О хийсэн. От юун түлшний мөнгө орж ирснийг мэдээгүй, тийм мөнгө орж ирэх ёсгүй. Тухайн үед гайхаад өнгөрсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

            4. Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оь, дүү О, Б бид хэд ганц шил архи авч уухаар болсон. Оь “Цэцэг” төвийн худалдагч Мөнхтуяа руу яриад 20.000 төгрөг шилжүүлээч гэсэн. Тэгээд мөнгөө авахаар О, Б хоёр яваад удалгүй ирсэн. Тэгснээ О “манай найзаас түлшний мөнгө шилжээд ороод ирлээ” гээд их хэмжээний мөнгөтэй байсан. Бид “Харз” буудлын караоке ороод хоёр шил архи, хүн тус бүр 1 шил пиво авсан. Тэнд хоёр цаг орчим сууж байгаад гэртээ ирээд унтсан. Маргааш өглөө нь би Оаас автобусны мөнгө асуусан чинь миний мөнгө байхгүй болсон байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

            5. Гэрч Б.А /... банкны харилцагчийн үйлчилгээний газрын гомдол удирдлагын албаны гомдол шийдвэрлэлтийн мэргэжилтэн/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

            “...Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 89893380 дугаарын утаснаас гомдол гаргагчтай утсаар ярьсан. Тухайн үед 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдлын хариуг өгсөн ярианы бичлэгийг сонсоод эргээд гомдол гаргагчтай холбогдсон. Утасны цаанаас манай байгууллагын ажилтан таны мөнгө 1.760.000 төгрөг байна, 20.000 төгрөгийн дэвсгэрт 62 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 46 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, нийтдээ 1.760.000 төгрөг хэлж байсан бичлэгийг би гомдол гаргагчид сонсоод хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дугаар тал),

 

            6. Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ... банкны АТМ дээр очиж Б АТМ-ээс 20.000 төгрөг авах гээд зогсож байсан, би ард талд нь зогсож байсан. Тэгсэн чинь Бгийн хажуу талын АТМ-ын мөнгө хийдэг хайрцагны таг онгойхоор нь харсан чинь дотор нь их хэмжээний мөнгө байсан. Би тус мөнгийг аваад эхлээд тоолж байгаад бүрэн тоолж амжилгүй куртикний халаасандаа хийсэн. Тэгээд би Бд надад түлшний мөнгө ирчихлээ гэж хэлээд Оь, ах Э, мөн Б, Чээгий гээд зүс таних залуу нарын хамт хоёр шил архи, хүн тус бүр нэг ширхэг пиво уусан. Тэндээ 100.000 орчим төгрөгийн төлбөр тооцоо хийгээд гэр рүүгээ гарч яваад согтсон байсан. Нэг мэдсэн чинь өглөө гэртээ сэрэхэд нөгөө мөнгөнүүд байхгүй болсон, миний халаасанд 3.000 төгрөг үлдсэн байсан. Би тухайн мөнгийг яасныг мэдэхгүй байгаа юм. Би хохирлоо барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),  

 

            7. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллаа явуулдаг ... банк”-ны “Жанцангийн салбарт байрлах АТМ-ын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

            “...Уг камерын бичлэг нь 3 минут 20 секундын турш үргэлжилж байх бөгөөд уг камерын бичлэгт 922 гэсэн хар өнгийн бичиглэлтэй бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийж байгаа саарал өнгийн ноосон малгайтай, хөх өнгийн өвлийн куртиктэй, хар өнгийн гуталтай, баруун гарын ядам хуруундаа бөгжтэй эрэгтэй хүн гаднаас орж ирээд уг бэлэн мөнгөний машинд хамгийн эхэнд карт хийгээд мөнгөний хайрцагны тагийг онгойлгон бэлэн мөнгө хийгээд, уг хайрцагны тагийг хааж АТМ-ын хажуу талын товчлуурыг дарж байгаа дүрс бичлэг байв. Хэсэг хугацааны дараа дэргэд нь байрлах бэлэн мөнгөний машины дэргэд хар ногоон өнгийн куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй, хар ногоон өнгийн үдээстэй гуталтай, царай нь харагдахгүй байх нэг хүн, мөн хар өнгийн үдээстэй цэнхэр өнгийн пүүзэн гуталтай, хар өнгийн куртиктэй, бордуу царайтай, хар өнгийн богино халимаг үстэй эрэгтэй хүмүүс хамт орж ирээд гүйлгээ хийж байгаа дүрс харагдах ба цэнхэр өнгийн пүүзэн гуталтай, бордуу царайтай эрэгтэй хүн уг бичлэгийн 3:09 секундэд 922 гэсэн АТМ-ын мөнгө хийх зориулалттай хайрцагнаас бэлэн мөнгө олж аваад гарч явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байлаа. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 5 дугаар тал),

 

            8. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29/807 дугаартай албан бичигт “Жанцан ... банкны АТМ-923 20:14-20-17 минутад орлого хийх үеийн хяналтын камерын бичлэг болон АТМ 922 дээр 20:16 минутад гүйлгээ хийсэн харилцагчийн мэдээлэл, хяналтын камерын бичлэгийг Си Ди-н дээр хуулбарлан авсан, мөн хохирогч М.Эын “Самсунг” маркийн гар утас дээр хурааж авсан ярианы бичлэгийг Си Ди-н дээр буулган авсныг эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 38-40 дүгээр тал),

 

            9. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

            10. ... банкнаас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29/870 дугаартай албан бичгээр ирүүлсэн сиди бичлэгийн хуурцагт байх 2 ширхэг фото зураг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

 

            11. Хохирогч М.Эын “... банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 114-151 дүгээр тал), түүний “Юнител”-ХХК-д эзэмшдэг 89893380 дугаарын ярианы лавлагаа (хавтаст хэргийн 152-159 дүгээр тал),

 

            12. “... банк”-ны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 50/12524 дугаартай “...89893380 дугаартай утаснаас харилцагчтай холбогдон мэдээлэл өгч байгаа бичлэг нь 18:33 цагт байна. 16:07 болон 17:57 цагийн бичлэгүүд нь автомат хариулагчтай холбогдсон болон ХМТ18001917 холбогдож байгаа бичлэгүүд байна. ...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 206 дугаар тал),

 

13. Шүүгдэгч Г.Оын хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), нэр дээр нь үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.От холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “...” банкны АТМ-д алдаатай гүйлгээний улмаас орхиж гээгдүүлсэн М.Эын бэлэн мөнгийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Оын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “...” банкны Жанцан салбарын АТМ-д хохирогч М.Эоос өөрийн данс руу бэлэн мөнгөний гүйлгээ хийж, уг гүйлгээг бүрэн гүйцэтгэж дуусгавар болсон гэж ойлгон орхиж гарч явсаны улмаас бэлэн мөнгөний машинд татагдалгүй орхигдсон 1.760.000 төгрөгийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний учруулсан үйл баримт нь:

-Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “... банк”-ны бэлэн мөнгөний машинд ...орлогын мөнгө болох 1.760.000 төгрөгийг өөрийн 5025849585 гэсэн данс руу хийхээр очсон. ...мөнгөө данс руу хийх үйлдлээ бүрэн гүйцэд дуусгалгүй карт болон мөнгөө үлдээгээд гарсан. ...орлогын мөнгө дансанд ороогүйг мэдээд ... банкны мэдээллийн ажилтай холбогдож асууж тодруулахад “та хийсэн гүйлгээний үйлдлээ бүрэн гүйцэд хийгээгүй байна, хажуу талын АТМ-д үйлчлүүлж байсан хүнтэй хамт явсан хүн нь таны 1.760.000 төгрөгийг аваад явсан байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

-Хохирогчоор дахин өгсөн“...... банкны АТМ-д орлогоо хийгээд болчихлоо гэж бодоод, үйлдлээ гүйцээгээгүй гараад явсан. ...орлого хийсэн мессеж ирээгүй байсан тул би ... банкны лавлах руу утасдаж асуусан чинь “таны мөнгө АТМ-д уншигдаад буцаад гарсан байна, таны хажуу талд гүйлгээ хийж байсан хүнтэй хамт явсан хүн тус мөнгийг авсан байна, камерын бичлэгээр харагдаж байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал) болон мөн дахин өгсөн мэдүүлэг “...надтай ... банкны ажилтан Агилмаа гэдэг хүн холбогдсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар тал),

            -Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Оын хамт явж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... ... банк”-ны “Жанцан салбар дээр очсон. ...би мөнгөө авчихаад гартал нээх удалгүй 1-2 минутын дараа О миний араас гарч ирээд хүнээс түлшний 800.000 төгрөг орж ирсэн гээд мөнгө барьчихсан гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

            -Гэрч З.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О нар АТМ рүү мөнгө авахаар явсан. ...удалгүй эргээд ороод ирсэн. ...О надад “түлшний мөнгө ороод ирсэн байна” гэж хэлсэн. ...От юун түлшний мөнгө орж ирснийг мэдээгүй, тийм мөнгө орж ирэх ёсгүй. Тухайн үед гайхаад өнгөрсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

            -Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “мөнгөө авахаар О, Б хоёр яваад удалгүй ирсэн. ...О “манай найзаас түлшний мөнгө шилжээд ороод ирлээ” гээд их хэмжээний мөнгөтэй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

            -Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 89893380 дугаарын утаснаас гомдол гаргагчтай утсаар ярьсан. Тухайн үед 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдлын хариуг өгсөн ярианы бичлэгийг сонсоод эргээд гомдол гаргагчтай холбогдсон. Утасны цаанаас манай байгууллагын ажилтан таны мөнгө 1.760.000 төгрөг байна, 20.000 төгрөгийн дэвсгэрт 62 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 46 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг, нийтдээ 1.760.000 төгрөг хэлж байсан бичлэгийг би гомдол гаргагчид сонсоод хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дугаар тал),

            -Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ... банкны АТМ дээр очсон. ...АТМ-ын мөнгө хийдэг хайрцагны таг онгойхоор нь харсан чинь дотор нь их хэмжээний мөнгө байсан. Би тус мөнгийг аваад эхлээд тоолж байгаад бүрэн тоолж амжилгүй куртикний халаасандаа хийсэн. Тэгээд би Бд надад түлшний мөнгө ирчихлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),  

            -2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллаа явуулдаг “Жанцангийн ... банк”-ны салбарт байрлах АТМ-ын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...922 гэсэн хар өнгийн бичиглэлтэй бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийж байгаа саарал өнгийн ноосон малгайтай, хөх өнгийн өвлийн куртиктэй, хар өнгийн гуталтай, баруун гарын ядам хуруундаа бөгжтэй эрэгтэй хүн гаднаас орж ирээд уг бэлэн мөнгөний машинд хамгийн эхэнд карт хийгээд мөнгөний хайрцагны тагийг онгойлгон бэлэн мөнгө хийгээд, уг хайрцагны тагийг хааж АТМ-ын хажуу талын товчлуурыг дарж байгаа дүрс бичлэг байв. Хэсэг хугацааны дараа дэргэд нь байрлах бэлэн мөнгөний машины дэргэд хар ногоон өнгийн куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй, хар ногоон өнгийн үдээстэй гуталтай, царай нь харагдахгүй байх нэг хүн, мөн хар өнгийн үдээстэй цэнхэр өнгийн пүүзэн гуталтай, хар өнгийн куртиктэй, бордуу царайтай, хар өнгийн богино халимаг үстэй эрэгтэй хүмүүс хамт орж ирээд гүйлгээ хийж байгаа дүрс харагдах ба цэнхэр өнгийн пүүзэн гуталтай, бордуу царайтай эрэгтэй хүн уг бичлэгийн 3:09 секундэнд 922 гэсэн АТМ-ын мөнгө хийх зориулалттай хайрцагнаас бэлэн мөнгө олж аваад гарч явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байлаа. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 5 дугаар тал),

            -2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29/807 дугаартай албан бичигт “Жанцан ... банкны АТМ-923 20:14-20-17 минутад орлого хийх үеийн хяналтын камерын бичлэг болон АТМ 922 дээр 20:16 минутад гүйлгээ хийсэн харилцагчийн мэдээлэл, хяналтын камерын бичлэгийг Си Ди-н дээр хуулбарлан авсан, мөн хохирогч М.Эын Самсунг маркийн гар утас дээр хурааж авсан ярианы бичлэгийг СД дээр буулган авсныг эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 38-40 дүгээр тал),

            -2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

            -... банкнаас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29/870 дугаартай албан бичгээр ирүүлсэн сиди бичлэгийн хуурцагт байх 2 ширхэг фото зураг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал)

            -Хохирогч М.Эын “... банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 114-151 дүгээр тал), М.Эын гар утасны ярианы лавлагаа (хавтаст хэргийн 152-159 дүгээр тал),

            -“... банк”-ны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 50/12524 дугаартай “...89893380 дугаартай утаснаас харилцагчтай холбогдон мэдээлэл өгч байгаа бичлэг нь 18:33 цагт байна. 16:07 болон 17:57 цагийн бичлэгүүд нь автомат хариулагчтай холбогдсон болон ХМТ18001917 холбогдож байгаа бичлэгүүд байна. ...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 206 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно.

Хохирогч М.Э нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Жанцан ... банк”-ны 923 дугаартай бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийсэн байх ба, улмаар бэлэн мөнгөний машинд орлого орсон гэж ойлгон, хайхрамжгүй байдлын улмаас орхиж явсан байна. Харин шүүгдэгч Г.О нь хохирогчийн гүйлгээ хийгээд орхисон 1.760.000 төгрөгийг бусдын хөрөнгө болохыг мэдсээр байж, гээгдэл хөрөнгийг авч завшсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Г.Оын энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.О нь 800.000 төгрөг байсныг авсан гэж хохирлын хэмжээнд маргаж байсан боловч шүүх хуралдаанд хохирлын хэмжээ 1.760.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, маргахгүй гэж мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талаас ... банкны ажилтан хохирогчийн дансны гүйлгээгээр 1.760.000 төгрөг уншигдсан талаар гэрчээр мэдүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө, ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун /300/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Оын үйлдсэн гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Эод 1.760.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Г.Оаас 1.760.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эод олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах тухай хүсэлт байгаа эсэхийг шүүгдэгчээс тодруулахад завсарлага авахгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг харьяа дүүргийн “Тохижилт үйлчилгээний газар”-т эдлүүлэх, мөн шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.О нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Г.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэлгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустсай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Мөн шүүгдэгч Г.Оын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгчид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 528 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Гын Оыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 (хорин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Г.От оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 528 (таван зуун хорин найм) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оаас 1.760.000 (нэг сая долоон зуун жаран мянга) төгрөг гаргуулж хохирогч М.Эод олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА