Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 113/ШШ2019/0021

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: “Ч” ХХК (РД:), Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт оршин байх;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш;

 “Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0173002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Л.С, түүний өмгөөлөгч П.Н, хариуцагч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          “Ч” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “... Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Н/40 тоот тушаалаар баталсан 2019 оны эхний хагас жилийн татварын хяналт шалгалтад хамрагдах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалт, аймгийн Татварын хэлтсийн даргын олгосон 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 32190400007 тоот томилолтын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл манай компанийн 2014 оноос 2018 он хүртэлх тайлан, санхүүгийн баримтанд хяналт шалгалт явуулсан. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж холбогдох материалыг гарган өгч шалгуулсан боловч татварын байцаагч Э.Ш нь энэхүү хяналт шалгалтыг ямар нэгэн удирдамжгүйгээр явуулсан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасныг зөрчсөн байна. Энэхүү хяналт шалгалтаар татварын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0173002 дугаартай шийтгэлийн хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн боловч “зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн бөгөөд зөрчлийн хэрэг нээлгүйгээр шийтгэл оногдуулсан. Энэхүү үйлдэл нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг зөрчсөн. Мөн тус шийтгэлийн үндэслэлд:

          - Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 тоот дүгнэлт,

          - Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 тоот дүгнэлт,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч Д.М-ийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлт зэргийг авч үзсэн.

          Дээрх дүгнэлтүүдийг гаргасан холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нь манай компанийг огт шалгаагүй, өөр байгууллагыг шалгаж гаргасан дүгнэлтийг манай компанийг буруутгах үндэслэл болгосон. Эдгээр дүгнэлтүүдэд манай компанийн талаар юу гэж тусгасан тухай өнөөг хүртэл мэдээгүй байна. Энэхүү шийтгэлийн хуудасны үндэслэл нь өөр байгууллагын алдаатай үйлдлийн хариуцлагыг манай компанид оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй. 

          Манай компанид татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 0173002 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 14.608.470,5 төгрөгийн торгууль, 48.694.901,6 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 87.650.822,1 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Иймээс маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Н/40 тоот тушаалаар баталсан 2019 оны эхний хагас жилийн татварын хяналт шалгалтад хамрагдах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалт, Татварын хэлтсийн даргын олгосон 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 32190400007 тоот томилолтын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно.

          Тус “Ч” ХХК-ийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл шалгаж, зөрчил илрүүлэн аймгийн Прокурорын газарт цахим хэлбэрээр бүртгүүлэн зөрчлийн хэргийн 1917000074 дугаар авсан болно. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шийтгэлийн хуудсыг бичиж гүйцэтгэх захирал Л.С-т эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэлийг өөрт нь биечлэн танилцуулсан болно. Мөн “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.С-т:

          - Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 тоот дүгнэлт,

          - Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 тоот дүгнэлт,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч Д.М-ийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлт болон бусад баримт материалтай танилцуулсан болно. Иймд “Ч” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлоор үүсгэсэн энэ хэрэг, түүнд хавсаргасан 1917000074 дугаартай зөрчлийн хэргээс хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дараах үндэслэлээр “Ч” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, 0173002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/ Э.Ш нь “Ч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.С-ыг холбогдогчоор татаж, 1917000074 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0173002 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу 14608470.50 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаас гадна 48694901.60 төгрөгийн нөхөн татвар, 24347450 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх шийтгэлийн хуудастай холбогдуулан гомдол гаргагчаас “хяналт шалгалтыг удирдамжгүй явуулж Татварын ерөнхий хуулийг зөрчсөн, зөрчлийг тогтоосон гэх дүүргийн татварын байцааагчийн болон шинжээчийн дүгнэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шийтгэл ногдуулахдаа зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг шалгаагүй, нөхцөл бүрдээгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, хариуцагчаас “нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой зөрчил нь Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Татварын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт болон прокурорын дүгнэлтээр тогтоогдсон” гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргана.

I. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдогчоор татагдсан субъектын тухайд;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийн субъектыг “татвар төлөгч хүн, татвар төлөгч хуулийн этгээд” гэсэн агуулгаар тодорхойлсон.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн “Ч” ХХК-д шийтгэл ногдуулсан, Гүйцэтгэх захирал Л.С нь хууль ёсны төлөөлөгч тул холбогдогчийн мэдүүлэг авсан” гэх тайлбар, 1917000074 дугаартай зөрчлийн хэрэг зэргээс үзэхэд зөрчлийг “Ч” гэдэг хуулийн этгээд үйлдсэн гэж буруутган, 0173002 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан атлаа 32/04/2019-07 дугаар тогтоолоор “Гүйцэтгэх захирал ажилтай Л-ийн С” гэдэг хүнд холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг татварын хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгасан атлаа хүнийг холбогдогчоор татаж шалгасан, улмаар хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан зэрэг нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй ба энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэл бүхий байна. 

Л.С нь татвар төлөгч хувь хүнийхээ хувьд бус, татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын хувиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх тул зөрчлийг хэргийн хуулийн этгээдэд холбогдуулж нээх нь хуульд нийцнэ.

“Ч” ХХК-ийн 0000083061 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Гүйцэтгэх захирал: Л.С” гэж бүртгэгдсэн[1] боловч 1917000074 дугаартай зөрчлийн хэрэгт уг гэрчилгээний нотлох баримтын шаардлага хангасан хувь, эсхүл гүйцэтгэх удирдлагыг тодорхойлох бусад баримт бичгийг хавсаргаагүй болохыг дурдав.

II. Зөрчлийг шалган шийдвэрлэсэн журмын тухайд;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх болон зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах журамтай.

Харин тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж (а) зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бөгөөд хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, (б) үйлдсэн зөрчил нь баримтаар тогтоогдож, холбогдогч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл (в) зөрчил үйлдэгдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тохиолдлуудад, зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл ногдуулахыг ойлгоно.

Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Ч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.С-аас авсан холбогдогчийн мэдүүлэг зэрэгт “зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” тухай дурдсан боловч зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж прокурорт бүртгүүлсэн, шийтгэлийн хуудас бичихдээ Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан загвар (маягт 1)[2]-ыг ашигласан зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар[3] тогтоогдсон үйл баримтуудаас гадна шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн “зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй гэж үзэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэсэн ч холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй тул хэрэг бүртгэлт явуулсан” гэх тайлбараас үзэхэд эрх бүхий албан тушаалтны хувьд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх”, эсхүл “зөрчлийн хэрэг нээх” шийдвэрийн аль нэгийг гаргана.

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хийгээд зөрчлийн хэрэг нээх /хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах/ нь хамтдаа буюу шат дараалан хэрэгжүүлбэл зохих процесс биш бөгөөд хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсончлон зөрчлийг илрүүлсэн өдрөө холбогдогчоос мэдүүлэг авахдаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай дурдсан, 1 өдрийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдсэн атлаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр дурдсан зэргээс үзэхэд хариуцагчийн гаргасан “хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хариуцагч зөвшөөрөөгүй тул хэрэг нээсэн” гэх тайлбар үндэслэлгүй юм.

III. Гомдол гаргагчийн “зөрчлийг баримтаар шалган тогтоогоогүй” гэх агуулга бүхий шаардлагын үндэслэлийн тухайд;

Эрх бүхий албан тушаалтан нь нэгэнт зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, 3-т “... мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан, ... /нь/ хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно”, 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан зохицуулалтууд үйлчлэх ёстой.

Энэ агуулгаар тайлбарлавал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын хувьд хуулиар тогтоосон журамд нийцэхээс гадна эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг хуульд заасан журмын дагуу, нотлох баримтаар шалган тогтоох нь шийтгэлийн хуудас хууль ёсны байх үндэслэл болно.

“Зөрчлийн хэрэг нээх тухай” 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 32/04/2019-07 дугаар тогтоол болон 0173002 дугаар шийтгэлийн хуудсанд “(а) 2015 он 221,000,000.00 төгрөг, 2016 онд 265,742,800 төгрөг, нийт 486,742,800 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй, (б) татвар ногдуулан төсөвт төлөөгүй[4] гэх Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

“Борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй” гэх зөрчлийг нотолсон гэж 0173002 дугаар шийтгэлийн хуудсанд тодорхойлон заасан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 тоот дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 тоот дүгнэлтүүд нь 1917000074 дугаартай зөрчлийн хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч Д.М-ийн үйлдсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтууд авагдаагүй байна.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолд ““М” ХХК, “Д” ХХК-иудаас худалдан авалт хийсэн гэх нийт 2590 гаруй аж ахуйн нэгж байгууллагауудын зарим нь тайландаа засвар оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөө илэрхийлсэн, заримыг нь нөхөн төлүүлэхээр татварын улсын байцаагчийн болон шинжээчийн дүгнэлтэд заасан, зарим аж ахуй нэгжид нь Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авахаар тогтсон” талаар дурдсан ба тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын аль нь ямар жагсаалтад хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтуудаар тодорхойлогдож байжээ[5].

Хариуцагч “Татварын байцаагч нарын дүгнэлтийг 2018 онд цаасан болон файл хэлбэрээр холбогдох дүүргийн Татварын хэлтсээс авч байсан, шинжээчийн дүгнэлтийн хавсралтыг сүүлд Татварын ерөнхий газраас хуулбарлаж ирүүлсэн” гэж тайлбарлах боловч шийтгэлийн хуудаст “зөрчлийг нотолсон” гэж тодорхойлсон дээрх дүүргүүдийн татварын улсын байцаагчийн болон шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтүүдийг шийтгэлийн хуудас бичсэн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зөрчлийн хэрэгт цуглуулсан[6], тэдгээр нь хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нотлох” зарчимд нийцэхгүй.

Тодруулбал, гомдлоор үүсгэсэн энэ хэрэг, түүнд хавсаргасан 1917000074 дугаартай зөрчлийн хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судлахад

- 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр: татварын улсын байцаагч Э.Ш татварын хяналт шалгалтын явцад зөрчлийг илрүүлж тэмдэглэл үйлдсэн, мөн “Ч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.С-т эрх үүрэг тайлбарлаж, холбогдогчоор мэдүүлэг авсан;

- 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр: зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэн, мөн Л.С-ыг “Ч” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тэмдэглэлд тусгасан. Нийслэлийн Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн. 0173002 дугаартай шийтгэлийн хуудас бичиж үйлдсэн;

- 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр: шийтгэлийн хуудсыг холбогдогчид гардуулсан;

- 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр: Нийслэлийн Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг ирсэн; болох нь тогтоогдоно.

Эрх бүхий албан тушаалтан нь “Эрүүгийн цагдаагийн газраас хүргүүлсэн бичгийн дагуу Татварын ерөнхий газраас нууцын зэрэглэлтэй тушаал ирсэн. “Ч” ХХК-ийн гаргасан зөрчил тэдгээр баримтуудаар нотлогдсон” гэж тайлбарлах боловч цуглуулсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.

“Татвар ногдуулан төсөвт төлөөгүй” гэх 206216 төгрөгийн зөрчлийг хариуцагч “2018 онд ийм дүн бүхий борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутгөн төлөгчийн тайланд тусгаагүй, татвар ногдуулан төсөв төлөөлөгүй. Үүнийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьцуулж гаргасан” гэж тайлбарлах боловч энэ нь (а) зөрчилд хамаарах дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Уг зөрчилд хамаарах хугацааны “Ч” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зөрчлийн хэрэгт нотлох баримтаар аваагүй, харин зөрчлийн хэрэгт хавсаргасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг зөрчлийг эрх бүхий албан тушаалтан нотлоогүй гэж үзнэ.

Мөн 0173002 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-иар нөхөн төлүүлэхээр тогтоосон 48694901.60 төгрөгийн татвараас аль хуульд заасан ямар үндэслэлээр 24347450 төгрөгийн алданги тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь татвар төлөгчөөр нөхөн төлүүлэх татварт алданги тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг шийтгэлийн хуудсанд хэрэглээгүй бөгөөд торгууль ногдуулах үндэслэлийг тодорхойлсон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т “алданги ногдуулах” зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

IV. Шаардлага ба татгалзлын бусад үндэслэлийн тухайд

1/ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг улсын байцаагчид хориглосон боловч шүүхээс 0173002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохдоо гомдол гаргагчийн гаргасан уг тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Учир нь татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.2-т заасан татварын албаны чиг үүрэг, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасан татварын албаны бүрэн эрх болон 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу татварын хяналт, шалгалтын дүнд үйлдэх баримт бичигт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эрх бүхий албан тушаалтны үйлдсэн “шийтгэлийн хуудас” хамаарахгүй.

Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр “зөрчил” гэж тодорхойлсон татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу шийтгэл ногдуулна. Ингэхдээ тус хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ба татварын харилцаанд хэрэгжүүлж буй төрийн хяналтын шалгалт /татварын хяналт шалгалт/-ын чиг үүрэгт бус татварын хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд шийтгэл ногдуулж буй акт нь шийтгэлийн хуудас юм.

Татварын хууль тогтоомжийн зөрчлийг шалгаж, шийтгэл ногдуулах харилцаа нь татварын хяналт шалгалтаас тусдаа, эрх зүйн өөр хэм хэмжээгээр зохицуулагдсан тул “татварын хяналт шалгалтын удирдамж, томилолтгүйгээр явуулсан” гэх үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хийсэн шалган шийдвэрлэх ажиллагаа, түүний хүрээнд гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг тодорхойлох шалгуур болохгүй гэж үзлээ.

2/ Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасныг Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх ...” гэж зохицуулсантай харьцуулан тайлбарлавал Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан “Татварын ерөнхий хуульд заасан зөрчил”-ийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хуулиар (Зөрчлийн тухай хуулиас өөрөөр) тогтоосон тул “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдол гаргагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл, хуулийн этгээдэд холбогдуулж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан зөрчлийн хэрэгт хүнийг холбогдогчоор татсан, зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдэхээс өмнө холбогдогчоос мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэх зэргээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдсэн өдрөө шийтгэлийн хуудас бичсэн, шийтгэлийн хуудас үйлдсэнээс хойш зөрчлийн нотлох баримтыг цуглуулсан, цуглуулсан баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй, эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг олон үндэслэлээр 0173002 дугаартай шийтгэлийн хуудас хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0173002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж “Ч” ХХК (РД:)-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн 4 дэх тал /арын нүүр/-д

[2] Энэ нь зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан тохиолдолд хэрэглэх маягтын загвар юм. Хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн тохиолдолд ашиглах шийтгэлийн хуудас (Маягт-2)-ны загвар өөр байхаар журамласан.

[3] 1917000074 дугаартай зөрчлийн хэргийн 1-2, 8-16 дахь талд

[4] Хэрэгт хавсаргасан 1917000074 дугаартай зөрчлийн хэргийн 1-2 дахь талд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 32/04/2019-07 дугаартай тогтоол авагдсан.

[5] 1917000074 дугаартай зөрчлийн хэргийн 31-41 дэх талд

[6] Зөрчлийг хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нээж, 0173002 дугаар шийтгэлийн хуудсыг тус өдөр үйлдсэн атлаа түүний үндэслэл болгосон Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлтүүдийг зөрчлийн хэрэгт хавсаргахаар аймгийн Татварын хэлтсийн даргаас 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/108, 04/109 дүгээр албан бичгийг хүргүүлж, 2019 оны 5 дугаар сарын 13-өдөр хариу ирсэн болох нь хэргийн 24-28, зөрчлийн хэргийн 19-20 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.