Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 736

 

Г.Батдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00277 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Батдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Дэлгэр, Э.Туул нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 270 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Батдорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төгөлдөрсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Дэлгэр 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 23 500 000 төгрөгийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Би мөнгөө хийх гэхэд би төрийн албанд ажилладаг учраас миний дансаар их хэмжээний мөнгө орж болохгүй. Авилгатай тэмцэх газраас шалгалт ирдэг. Би Э.Туул гэж хүнтэй хамтарч ажилладаг, миний найз гэж хэлээд түүний данс руу мөнгийг хийлгэсэн. Э.Туул өөрийнхөө данс руу хийлгэсэн мөнгийг бэлнээр авч Н.Дэлгэрт өгсөн. Хугацаандаа зээлээ өгөхгүй удаа дараа шаардуулсны эцэст Н.Дэлгэрийн нөхөртэй ярьсан. Түүний гарааш нь надад барьцаанд байсан. Ингээд гараашийг зарж өөрийнхөө авах ёстой мөнгийг авах гэтэл 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү 700 000 төгрөг, 02 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 02 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус төлсөн. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 9 500 000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг гэрийнхээ гадаа намайг дуудаж өгсөн. Нийт үндсэн төлбөрт 20 800 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2 700 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу төгрөг нийт 17 514 300 төгрөгийг хариуцагч Н.Дэлгэр, Э.Туул нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Дэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Дэлгэр 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй. Учир нь Н.Дэлгэр тухайн мөнгийг захиран зарцуулаагүй. Анхнаасаа Г.Батдоржоос зээл авах зорилго байгаагүй. Э.Туул зээл авах талаар нэхэмжлэгчтэй очиж уулзахад барьцаа хөрөнгө шаардлагатай гэсэн. Үүний дагуу Э.Туул, Н.Дэлгэртэй очиж уулзсаны үндсэн дээр Э.Туулын авах зээлийн барьцаа болгож зээлийн гэрээ хийсэн болохоос биш тухайн мөнгөнөөс нэг ч төгрөгийг захиран зарцуулсан зүйл байхгүй. Эргэн төлөлтийн хувьд Н.Дэлгэр нэг ч төгрөг төлөөгүй. Тоног төхөөрөмж болон тухайн үед Э.Туулын ажиллуулж байсан рестораны үйл ажиллагаа доголдсоны улмаас тоног төхөөрөмжөө зарж Г.Батдоржийн өрийг Н.Дэлгэрээр дамжуулж төлсөн. Буцаан төлөх асуудлыг Н.Дэлгэр Э.Туулаас мөнгө авч төлбөрийг төлж байсан болохоос биш Н.Дэлгэрээс мөнгө гараагүй. Хэрэгт авагдсан баримтанд зээлийн гэрээгээр эд хөрөнгө бодитой шилжигдсэн үеэс зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Мөн хууль болон 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан. Н.Дэлгэр, Г.Батдоржоос 23 500 000 төгрөгийг зээлсэн талаар ямар нэг баримт байхгүй. Харин Э.Туулын дансаар мөнгө орж гарснаар Н.Дэлгэр зээл аваагүй гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй бөгөөд энэ хэрэгт хамааралгүй нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Н.Дэлгэр зээл аваагүй учраас зээлийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Батдоржоос 2 удаа мөнгө зээлж байсан. Эхний удаа 2 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 10 000 000 төгрөгийг Н.Дэлгэр, 3 000 000 төгрөгийг би авсан. Тухайн үед төлбөрийг төлж барагдуулсан. Дараа нь 23 500 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай эгчид мөнгөний асуудал гарч эгчийнхээ гуйлтын дагуу Г.Батдоржтой холбогдож зээл авах гэсэн юм гэж хэлэхэд үл хөдлөх хөрөнгө байвал зээлнэ гэсэн. Надад үл хөдлөх хөрөнгө байхгүй байсан учраас Н.Дэлгэрээс үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад надад мөнгө зээлээд өгөөч гэж гуйсан. Ингээд Н.Дэлгэрийг дагуулж очоод 23 500 000 төгрөгийг зээлж авсан. 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 700 000 төгрөг, 02 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 02 дугаар сарын 02-ны өдөр 400 000 төгрөгийн төлөлтийг төлж, бусад төлөлтийг хүнээр дамжуулж төлсөн. Мөнгө төлөлтийн асуудлаас болж бидний хооронд маргаан гарсан. 5 дугаар сарын 26-ны өдөр 9 500 000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг Н.Дэлгэрээр дамжуулж Г.Батдоржид өгсөн. Уг мөнгө миний ресторан түрээсэлж олсон орлого байсан. Түүнээс биш Н.Дэлгэрээр төлбөр төлүүлээгүй. Г.Батдоржоос зээлсэн 23 500 000 төгрөгөөс 20 800 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 2 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Дэлгэрээс 6 870 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Батдоржид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10 400 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Э.Туулд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Батдоржоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 244 300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжинд 124 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Батдоржид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Г.Батдорж болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Н.Дэлгэрт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 23 500 000 төгрөгийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн тул үндсэн төлбөр, түүний хүү, алданги нийт 17 514 300 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн боловч уг гэрээний дагуу Н.Дэлгэрт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 23 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлагын дагуу бодитоор түүний өмчлөлд шилжүүлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй.

Мөн хариуцагч Н.Дэлгэр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй уг зээлийг бодит байдал дээр аваагүй, зээлийн гэрээ хийх хүсэл зориг анхнаасаа байгаагүй, нэг ч төгрөг захиран зарцуулаагүй, хамтран хариуцагч Э.Туулын гуйлт болон Г.Батдоржийн шаардлагын дагуу өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Г.Батдоржоос нэг ч төгрөг аваагүй атлаа бичгээр гэрээ хийн Э.Туул мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулга, хамтран хариуцагч Э.Туулын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч Н.Дэлгэр 23 500 000 төгрөгийг Э.Туулын данс руу шилжүүлэх үүргийг нэхэмжлэгчид өгч, нэхэмжлэгч Г.Батдорж нь түүний зааж өгсөн хүний данс руу мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн боловч уг үйл баримт нь ямар баримтаар тогтоогдож байгааг дурьдаагүй, хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нотлогдоогүй байхад шүүх Н.Дэлгэрээс 6 870 000 төгрөг гаргуулж Г.Батдоржид олгож, хамтран хариуцагч Э.Туулд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00277 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.Дэлгэрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Г.Батдорж нь хариуцагч Н.Дэлгэр, Э.Туул нарт холбогдуулан гаргасныг хариуцагч Н.Дэлгэр эс зөвшөөрч, зээлийг бодитойгоор хүлээж аваагүй гэж, хариуцагч Э.Туул 23 500 000 төгрөгөөс 20 800 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2 700 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н.Дэлгэр нь нэхэмжлэгч Г.Батдоржоос 23 500 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр тохирч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, мөн өдөр нэхэмжлэгч нь 23 500 000 төгрөгийг хариуцагч Э.Туулын Хас банкны 5000435761 тоот дансанд шилжүүлсэнийг шүүх хариуцагч Н.Дэлгэрийн зөвшөөрлөөр шилжүүлсэн гэж дүгнэж түүнээс гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэж, хариуцагч Н.Дэлгэрийн төлсөн 20 800 000 төгрөгөөс 2 сарын хүү 1 880 000 төгрөгийг хасч, үлдсэн 18 920 000 төгрөгийг үндсэн зээл 23 500 000 төгрөгөөс хасч, үлдэгдэл зээл 4 580 000 төгрөг, алданги 2 290 000 төгрөг, нийт 6 870 000 төгрөгийг хариуцагч Н.Дэлгэрээс гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

/хэргийн 3-8, 28 дугаар тал/

 

Хариуцагч Н.Дэлгэр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Уг зээлийг Э.Туул авсан, барьцаа хөрөнгө шаардлагатай гэсний дагуу Э.Туулын авах зээлийн барьцаа болгож зээлийн гэрээ хийсэн болохоос тухайн мөнгөнөөс нэг ч төгрөгийг захиран зарцуулсан зүйл байхгүй. Э.Туулаас мөнгө авч төлбөрийг төлж байсан болохоос биш надаас Н.Дэлгэрээс мөнгө гараагүй” гэж тайлбарлан маргаж байх боловч зээлийн гэрээнд бичигдсэн 99058465 гэсэн үүрэн телефоны дугаараас өөрийн нэрээр зээл, хүүгийн төлбөрт 20 800 000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлж байснаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 3, 39 дүгээр тал/

 

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20 800 000 төгрөгийг хариуцагч Н.Дэлгэр төлсөн талаар талууд маргаагүй тул хариуцагч Э.Туул зээлийг би авч, төлбөрийг төлж байсан гэх түүний тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймээс хариуцагч Н.Дэлгэр нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгийг хүлээн авсанд тооцож тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч татан оролцуулах эрх олгоогүй шүүх өмгөөлөгчийн хүсэлтээр Э.Туулыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь буруу байх боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Батдорж нь Э.Туулыг хамтран хариуцагчаар оролцуулахыг зөвшөөрсөн хэдий ч түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардаагүй гэж тайлбарлаж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО   

 

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ   

                   

                                                                                       С.ЭНХТӨР