Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 188/2021/0227/Э |
Дугаар | 2021/ШЦТ/234 |
Огноо | 2021-03-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/234
2021 3 04 2021/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Н овогт Бн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н овогт Бн Н нь Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... тоотод байх гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “намайг өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Бийг газарт түлхэж унаган, толгой, хөл, гуя, шилбэ, уруул, зүүн нүд тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 1-76б тоотод нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 22 цагаас 17-ны шөнийн 05 цаг хүртэл нөхөр Б.Н нь найз Нн хамт архи, пиво уусан. Ингээд тус өдрийн өглөө нөхөр Н найз Нтэйгээ машин ярилцаж байгаад маргалдаад байхаар нь би боль гээд салгасан чинь Н уурлаад “чамд хамаагүй” гээд түлхэхээр нь би холдсон. Дахиад маргалдаад байхаар нь би “хүүхэд унтаж байна, та хоёр болиоч” гэж хэлсэн чинь Н миний зүүн шанаа руу зүүн гараараа 1 удаа хүчтэй цохиод, газарт түлхэж унагасан. Н ирээд Нод “чи эхнэрээ яаж байгаа юм” гэсэн чинь Н “чи манай эхнэрийг яагаад өмөөрөөд байгаа юм” гэж хэлээд байж байсан чинь Нийн төрсөн ах Н орж ирээд Нийг “чи яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ” гээд 2-3 удаа алгадсан. Ингээд Н ах руугаа “чи яагаад намайг зодоод байгаа юм” гээд дайраад байхаар нь би Ныг салгаад гэрээс гаргасан. Буцаад орсон чинь Н намайг “чи яагаад дундуур орж ирээд гай болоод байгаа юм, би Ныг зодох гэж байсан” гэж хэлээд миний толгой, хөл, гуя, шилбэ, уруул, зүүн нүд рүү гараараа цохиж гэмтэл учруулсан. Би Нтой албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Надад 120.000 төгрөгөөр томографын оношилгоо хийлгэсэн баримт байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),
-хохирогчоор 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн“...Манай нөхөр намайг өмнө нь зодож байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй. Би аюулын зэргийн маягтын 10 дугаарын асуултыг буруу ойлгоод 1 гэж тэмдэглүүлснээс бусдаар үнэн зөв бөглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),
2. Гэрч Ц.Нн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 78-б тоотод Нийн хамт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн үед очиж архи, пиво хувааж уугаад гэрт нь хоносон. Ингээд өглөөний 05 цагийн үед машин ярьж байгаад Нтой маргалдсан. Эхнэр Б нь бид хоёрыг “битгий хэрэлдээд бай, хүүхдүүд сэрэх гээд байна” гэсэн чинь Н эхнэрийнхээ зүүн талын чихний дээд хэсэгт гараараа цохиод, түлхэж унагасан. Тэгээд Нийн ах Н орж ирээд “та нар яагаад шуугилдаад байгаа юм, чи яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ” гэсэн чинь Н “чамд хамаагүй, би гэртээ байна” гэж хэлсэн чинь ах нь Нийн хацар руу нь алгадсан. Тэгтэл эхнэр Б нь салгаад, ахыг нь гэрээсээ гаргахаар нь би хамт гараад гэр рүүгээ харьсан. Өдөр нь Нийн гэрт ирэхэд гэртээ байгаагүй, ээжээс нь Нийг хаачсан талаар асуухад эхнэрээ зодоод цагдаа аваад явсан, чи яагаад хүн уруу татаж архи уудаг юм бэ гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
3. Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 1-76-б тоотод дүү Нийн хашаанд амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 06 цагийн үед хүмүүс шуугилдаад байхаар нь дүү Нийн гэрт ороход Н найз Нтэйгээ хэрэлдэж байсан. Би Нг явуулчхаад гэртээ орсон. 20 гаруй минутын дараа Нийн гэрт дахиад хүмүүс шуугилдаад байхаар нь ороход Н эхнэрээ зодсон, нүүр рүү нь гараараа цохисон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
4. Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Эгч Г.Б 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр Нод зодуулснаас өөр зүйл хэлж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),
5. Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:
“...Бэр Б 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нод зодуулсан гэж хэлсэн. Миний хүү Н өмнө нь эхнэр Г.Бийг зодож, бие эрх чөлөөнд нь халдаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),
6. Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Г.Бийг зодож, биед нь гэмтэл учруулсан буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дугаар тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 775 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 6.5х3 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан, 0.5х0.5 см, 0.2х0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, духны зүүн хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар хамарсан 8х4 см хөх ягаан цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Баруун нүдний дээд зовхинд 2х1 см, доод зовхинд 1х1 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Дээд уруулын зүүн хэсэгт 2х1.2 см, дотор хэсэгт 2х1.2 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан, дотор салст 0.4х0.2 см, 0.3х0.3 см цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон язралтай. Доод уруулын баруун хэсэгт 2х1.8 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Зулайн орой хэсэгт 2х1.5 см үс халцарч унасан, хуйханд улаан ягаан өнгийн цус хуралттай. Баруун чамархайн хуйханд 3х2 см улаан ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Зүүн гарын ядам хурууны 1-р үенд 0.4х0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн гуяны ар хэсэгт 13х12 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шилбэний гадна дээд хэсэгт 1.2х1 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
Дүгнэлт: “...Г.Бийн биед духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, баруун нүдний дээд, доод зовхи, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),
8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 60-64 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
9. Хохирогч Г.Бээс хэрэгт ирүүлсэн томографын оношилгоо, хавсаргасан зураг, бэлэн мөнгөний орлогын баримт (хавтаст хэргийн 72-75 дугаар тал),
10. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Б.Нийн хүсэлт (хавтаст хэргийн 132 дугаар тал), прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай тогтоол, ял тохиролцсон талаарх прокурорын санал (хавтаст хэргийн 133-136 дугаар тал),
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 29 дүгээр тал), мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 78-79 дүгээр тал), хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 88-90 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 98-113 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, хялбаршуулсан журмаар тус хэргийг хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... тоотод байх гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “намайг өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Бийг газарт түлхэж унаган, толгой, хөл, гуя, шилбэ, уруул, зүүн нүд тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Нийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 76-б тоотод байх гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “намайг өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Бийг газарт түлхэж унаган, толгой, хөл, гуя, шилбэ, уруул, зүүн нүд тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Н миний зүүн шанаа руу зүүн гараараа 1 удаа хүчтэй цохиод, газарт түлхэж унагасан. ...Н “чи манай эхнэрийг яагаад өмөөрөөд байгаа юм” гэж хэлсэн. Н намайг “чи яагаад дундуур орж ирээд гай болоод байгаа юм” ...гэж хэлээд миний толгой, хөл, гуя, шилбэ, уруул, зүүн нүд рүү гараараа цохиж гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),
-Гэрч Ц.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н эхнэрийнхээ зүүн талын чихний дээд хэсэгт гараараа цохиод, түлхэж унагасан. ...Өдөр нь Нийн гэрт ирэхэд гэртээ байгаагүй, ээжээс нь Нийг хаачсан талаар асуухад эхнэрээ зодоод цагдаа аваад явсан... гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нийн гэрт ороход Н найз Нтэйгээ хэрэлдээд байж байсан. ...20 гаруй минутын дараа Нийн гэрт дахиад хүмүүс шуугилдаад байхаар нь ороход Н эхнэрээ зодсон, нүүр рүү нь гараараа цохисон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Бэр Б 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нод зодуулсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 76-б тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Г.Бийг зодож, биед нь гэмтэл учруулсан буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 775 дугаартай “...Бийн биед духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, баруун нүдний дээд, доод зовхи, доод уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 60-64 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 67-68 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч Б.Н, хохирогч Г.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх боловч шүүгдэгч нь урьд хохирогчийн эрүүл мэндэд халдаж байгаагүй талаар хохирогч, гэрч нараас мэдүүлэх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Нийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба, хохирогч Г.Б нь толгойн компьютер томографын оношилгоо хийлгэхэд 120.000 төгрөг төлсөн орлогын баримтыг хэрэгт ирүүлсэн хэдий боловч хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Б.Нтой тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн энэхүү саналаа дэмжиж байна...” гэсэн ба, шүүгдэгч Б.Н нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан /хх132/ байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч Б.Н нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Бн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА