Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

 

     

    2021            3            09                                            2021/ШЦТ/243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч Э.О,

шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Нийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Нийн Х нь Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, ... сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, хамтран амьдрагч, 02 насны хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж, бие махбодид нь “уруулд няцарсан шарх, дух, баруун нүдний зовхи, хамар, зүүн шанаа, эрүү, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт: 

Шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр О над руу нэг охины зураг чатаар явуулаад “чамаас хөөрхөн, туранхай байгаа биз” гээд байсан. Би ажлаа тараад пиво авч хариад Отэй хувааж уугаад бид хоёр өдрийн чатаас болж маргалдсан. Би шургуулгаас юм идэх гээд хутга автал О буруугаар ойлгоод хутгыг булаагаад өөрийгөө хутгалсан. Тэгээд түүний биеэс цус гарч байсан тул гэрээс гарахаар нь айгаад явуулахгүй гээд гадаа дарж байгаад нэг удаа цохисон гэсэн;

            Хохирогч Э.О мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө Хайлааст руу эцэг эхийнх рүүгээ явсан. Гэтэл Х залгаад “юу хийж байна, яаж байна” гэхээр нь “эцэг, эхийндээ байна, хийсэн юмгүй” гэж хэлсэн. Тэгээд 16 цагаас 17 цагийн үед Хгээс “юу хийж байна” гэсэн чат ирсэн. Тухайн үед намайг Баянхошуунд очиход Х уусан байсан. Тэгээд бид Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 32 дугаар гудамжны 32 тоотод очсон. Дараа нь Х над руу хутга аваад дайрсан. Хутгыг нь булаацалдаж байгаад би өөрөө зүүн гуяндаа зүссэн. Уруул, нүүрний сорвийг Х учруулсан гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

           

Хоёр. Эрүүгийн ... дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газарт буюу ... тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар тал),         

 

2. Хохирогч Э.Огийн биед 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: “...зүүн гуяны ард дотор хэсэгт 1 см урттай зүсэгдсэн шархтай. …” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-57 дугаар тал),

 

3. Хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:

“...Х над руу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17-18 цагийн үед залгаад “хүрээд ир, царайг чинь ганц харъя” гэхээр нь би Баянхошууны эцэс дээр ирэхэд Х дэлгүүрийн үүдэнд пиво уусан байдалтай байсан. Тэгээд бид хоёр гэр рүү явж байхад Х намайг “чи өөр хүнтэй болсон гэл үү” гээд хэрүүл хийсэн. Гэртээ ороод хоорондоо юм яриад сууж байтал Х намайг пиво уух уу гэхээр нь би уусан. Пиво ууж дуусаад байж байхад Х өөр пиво авч ирнэ гээд байхаар нь би гэрээс гаргаагүй. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан. Х намайг хий хардаад, тэр хүнтэйгээ сайхан амьдраарай гээд байхаар нь би явлаа гээд үүд рүү алхтал Х гал тогооны шургуулгаас цахилгааны лентээр ороосон хутга аваад чамайг явуулахгүй гээд над руу дайрсан. Би гарна гэтэл Х намайг ор руу түлхэж унагахаар нь би Хгээс хутгыг нь аваад хутгаараа зүүн гуяны ар хэсэг рүү хатгаад, орны ар хэсэг рүү шидсэн чинь Х миний нүүр болон дух, хацар, эрүү, цээж хэсгийг маажсан. Тэгээд ах, эгчийгээ дуудна гээд өөрийн төрсөн эгч Ц руу залгаад “О өөрийгөө хутгалчихлаа, та дүүтэйгээ хамт хүрээд ир” гэж хэлсэн. ...Эгч нь болох Ц, мөн Х нар намайг явуулахгүй, гэр рүү ор гээд Х миний дээр дарж суучхаад, харин Ц эгч “манай дүүгийн нөхөр нь өөрийгөө хутгалчихлаа” гэж дуудлага өгсөн. Миний биед учирсан зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шархыг би өөрөө хутгаар хатгаж учруулсан. Харин бусад гэмтлүүдийг Х гараараа маажиж учруулсан. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

-хохирогчоор 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн “...Н.Х нь миний хамтран амьдрагч байгаа юм. Бид 2015 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй. Би Хтэй эвлэрээд одоо хамт амьдарч байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний биеийн байдал одоо зүгээр болсон. Би тухайн үед Хг айлгах гээд мэдүүлэг өгсөн. Х намайг хутгалаагүй. Би өөртөө уг гэмтлийг үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-22 дугаар тал),

 

4. Гэрч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

  “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ог гэртээ байж байхад утас нь өдөржингөө дуугараад байсан. Тэгэхээр нь би хэн залгаад байгаа юм гэж асуухад Х залгаад байна гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ утсаа аваад ярьж байх шиг байсан. 18 цагийн үед О Хтэй уулзчихаад ирье гэж хэлээд гараад явсан, шөнө 02 цагийн үед манай ээж Даваажавын утас руу Ог хутгалуулсан талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

5. Гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал төрсөн дүү Х над руу залгаад “би зодуулчихлаа” гээд байхаар нь би ганцаараа яваад очтол Х, О нар согтууруулах ундаа хэрэглэсэн, ноцолдсон байдалтай байсан. О явна гээд, Х явуулахгүй гээд байж байсан. Огийн уруулаас цус гарсан байсан. Х надад “энэ О өөрийгөө хутгалчихлаа, ахад чинь гай болно, чамд гай болно” гээд орилоод байна гэхээр нь би цагдаад “манай дүүгийн нөхөр өөрийгөө хутгалчхаад дүүг хутгалсан гээд байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд Огийн шархыг хартал гуянаас нь цус гарсан байсан, эмч нар ирээд хөлийг нь боож өгөөд Ог аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

6. Шүүгдэгч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө О над руу нэг охины зургийг явуулаад “манай найз охин чамаас туранхай, хөөрхөн” гээд байсан. Тэгээд үдээс хойш нь над руу “одоо 6 буудлаас гарах гэж байна” гэхээр нь би “Бөмбөгөрөөс наашаа такси барьчих” гэж хэлсэн. Орой 20 цагийн үед ээжийн утсыг сунгуулах гээд Баянхошууны эцэст байрлах дэлгүүр орох замдаа өөр дэлгүүр орж 2.5 литрийн пиво авч дэлгүүртээ үлдээгээд, ээжийн гар утсыг сунгуулчхаад гараад иртэл О ирчихлээ гээд залгасан. Бид хоёр гэр рүү алхаж байхдаа дэлгүүрт үлдээсэн пивоо авсан ба, замдаа өглөөний явуулсан зургаас болж маргалдаад, би Ог гэр рүүгээ яв гэж хэлэхэд О явахгүй байсан. Гэртээ ороод Ог уулгахгүй гээд хориглосон чинь О миний авч ирсэн пивоноос өөрөө уусан. Ог дахиад гэр рүүгээ яв гэж хэлтэл явахгүй байхаар нь бид маргалдсан. Би юм идэх гээд гал тогооны шургуулгаас хар өнгийн лентээр ороосон хутга авсан чинь О надаас хутга булааж аваад өөрийнхөө зүүн гуяны ар хэсэгт хутгаар хатгачихаар нь би хутгыг нь булааж авах гэж байгаад нүүр, хүзүү, цээж орчимд нь маажиж, уруул руу нь цохисон. Би хутгыг нь булааж аваад орны ар хэсэг рүү шидээд эргээд хартал Огийн зүүн гуянаас цус гарч байхаар нь айгаад эгч Ц руу “О өөрийгөө хутгалчихлаа” гэж хэлээд уйлаад ярьсан. Эгч ирэх хооронд О намайг ор руу түлхэж унагаагаад гэрээс гарахаар нь би Отэй хашаан дотор ноцолдож, дээрээс нь дараад, эгч Ц цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 616 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны ар дунд хэсэгт босоо байрлалтай 1.5 см мэс заслын 2 ширхэг оёдол бүхий шархтай. Дээд уруулын зүүн хэсэгт 0.8х0.5 см зах ирмэг тэгш бус бага зэрэг ангайсан хүрэн улаан өнгийн шархтай. Нүүрний духны баруун хажуу хэсэгт 1.5х0.1 см 3 ширхэг, зүүн хажуу хэсэгт 3х0.2 см хүртэл хэмжээний 7-8 ширхэг, баруун нүдний доод зовхины дотор буланд 0.2х0.2 см, хамрын хянганы баруун хажуу хэсэгт 1х0.2 см, зүүн хажуу хэсэгт 1.3х0.1 см, 1х0.2 см, 0.5х0х1 см, зүүн шанаанд 1.8х0.2 см, 1х0.1 см, эрүүний зүүн хажуу хэсэгт 1.3х0.4 см 5 ширхэг, цээжний баруун дээд хэсэгт 1.2х0.2 см 2 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай.

Дүгнэлтэд:

1.“...Э.Огийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, уруулд няцарсан шарх, дух, баруун нүдний зовхи, хамар, зүүн шанаа, эрүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй  нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Бадрал/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

8. Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...Э.Огийн биед үүссэн зүүн гуяны хатгагдсан шарх, мөн уруулд няцарсан шарх гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт, харин бусад гэмтлүүд нь тус бүр дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн гуяны хатгагдсан шарх нь ир үзүүртэй, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хүн өөртөө үүсгэх, бусад хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Мэс заслын оёдол тавьж цэгцлэлт хийсэн учир шархны чиглэлийг тогтоох боломжгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 266 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй. /Шинжээч Э.Сүхболд/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-44 дүгээр тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 580 дугаартай:

 “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 26 см урттай хутган дээр цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” /Шинжээч Б.Дэлгэрмаа/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-50 дугаар тал),

           

            11. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...26 см урт, ажлын хэсгийн урт 11.5 см, ажлын хэсгийн өргөн 2 см хэмжээтэй хар өнгийн наалдамхай туузаар ороосон иштэй хутга байлаа. ...” гэсэн хэсэг, гэрэл зураг, уг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 58-60 дугаар тал),

            12. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 99-100 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 101-105 дугаар тал),

            13. Хохирогч Э.О, яллагдагч Н.Х нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 106-107 дугаар тал), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (108-110 дугаар тал),

            14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Н.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 62 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71 дүгээр тал), “Хаан банк”-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 72-79 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Х нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, хялбаршуулсан журмаар тус хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж, бие махбодид нь “уруулд няцарсан шарх, дух, баруун нүдний зовхи, хамар, зүүн шанаа, эрүү, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Н.Х нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Хгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Х, хохирогч Э.О нар нь 2015 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Шүүгдэгч Н.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Отэй тухайн үед үүссэн эр эмийн хардалтын улмаас маргалдан, түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь “уруулд няцарсан шарх, дух, баруун нүдний зовхи, хамар, зүүн шанаа, эрүү, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар тал),

-Хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Х намайг хий хардаад “тэр хүнтэйгээ сайхан амьдраарай” гээд байхаар нь би явлаа гээд үүд рүү алхтал Х гал тогооны шургуулгаас цахилгааны лентээр ороосон хутга аваад чамайг явуулахгүй гээд над руу дайрсан. ...Х намайг ор руу түлхэж унагасан. ...Миний нүүр болон дух, хацар, эрүү, цээж хэсгийг маажсан. ...гэмтлүүдийг Х гараараа маажиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-22 дугаар тал), мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Гэрч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...18 цагийн үед О Хтэй уулзчихаад ирье гэж хэлээд гараад явсан, шөнө 02 цагийн үед манай ээж Даваажавын утас руу Ог хутгалуулсан талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-Гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Х, О нар согтууруулах ундаа хэрэглэсэн, ноцолдсон байдалтай байсан. О явна гээд, Х явуулахгүй гээд байж байсан. Огийн уруулаас цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...бид маргалдсан, би юм идэх гээд гал тогооны шургуулгаас хар өнгийн лентээр ороосон хутга авсан чинь О надаас хутга булааж аваад өөрийнхөө зүүн гуяны ар хэсэгт хутгаараа хатгачихаар нь би хутгыг нь булааж авах гэж байгаад нүүр, хүзүү, цээж орчимд нь маажиж, уруул руу нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 616 дугаартай “...Э.Огийн биед ...уруулд няцарсан шарх, дух, баруун нүдний зовхи, хамар, зүүн шанаа, эрүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Огийн биед ...уруулд няцарсан шарх гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт, харин бусад гэмтлүүд нь тус бүр дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

            -2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...26 см урт, ажлын хэсгийн урт 11.5 см, ажлын хэсгийн өргөн 2 см хэмжээтэй хар өнгийн наалдамхай туузаар ороосон иштэй хутга байлаа. ...” гэсэн хэсэг, гэрэл зураг, уг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 58-60 дугаар тал),

            -Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 99-100 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 101-105 дугаар тал) болон бусад  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Н.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Огийн бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. Тус гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдал болон эр, эмийн хардалтын улмаас гарсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч Э.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд хохирогч Э.О нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Н.Хтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Н.Х нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Х нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял түүнд оногдуулах саналыг танилцуулахад, яллагдагч нь зөвшөөрч гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Хортиця” гэсэн бичигтэй, хутганы ишийг хан өнгийн лентээр ороосон, 26 см урттай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж; хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Н.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Н.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Хортиця” гэсэн бичигтэй, хутганы ишийг хан өнгийн лентээр ороосон,  26 см урттай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА