Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/275

 

 

 

 

 

 

     

   2021            3            16                                            2021/ШЦТ/275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч А.Тунгалагтуяа,  

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Гын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Гын Т нь Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Тав аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө ... тоот гэртээ иргэн В.Быг “дүүгээ өмөөрлөө” гэж уурлан, түүний нүүр рүү цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн, зовхи, эрүүний зүүн доод хэсэг, уруулын дотор салст, хүзүү, мөрөнд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Таас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч В.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад хүргэн Т намайг хүрээд ир, пиво ууя гэхээр нь би О, Б нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 7-5 тоот Тын гэрт очиж бид пиво уусан. Т согтчихоод хоёр том хүүгээ загнаад агсраад байхаар нь би өмөөрөөд болиулах гэсэн чинь Т гараараа миний нүүрний зүүн хэсэг рүү олон удаа цохисон. Тэр үед манай хоёр дүү цагдаа дуудна гээд гарсан, цагдаа ирж байна гэх үед Т гараад зугтсан. Ингэтлээ зодуулсанд маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

-хохирогчоор дахин 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн дүү Б манай гэрт ирсэн. Тэгээд байж байтал Бийн нөхөр Т над руу залгаад “пиво авчихсан байна, ууя, манай эхнэртэй  хамт манайд хүрээд ир” гээд дуудахаар нь би Б, О нарын хамт Тын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 7-5 тоотод очсон. Биднийг очиход Т өөрийн 4 хүүхдийн хамт байсан, нэлээн согтсон байсан. Тэгээд би тэднийд очих замдаа авсан байсан 6 шил пиво байсныг гаргаж ирээд бид дөрөв хувааж уугаад суусан. Тэгтэл Т О руу “чи яах гэж ирсэн юм” гээд дайраад байхаар нь О холдоод хүүхдүүдтэй нь тоглосон. Тэгээд Т том хүү Т руугаа “Бын хүүхдийн гэдэсний 6 булчин нь гараад байхад яагаад чинийх гардаггүй юм бэ” гэж хэлээд уурлаад байхаар нь би болиулсан чинь Т босож ирээд Оыг “чи яах ирсэн юм татангар минь” гэх мэтээр зодох гээд дайраад байсан. Б бид хоёр салгаад О тэдний гэрээс гараад явсан. Т “чи яасан гэж дүүгээ өмөөрөөд байгаа юм бэ” гээд над руу дайраад байхаар нь би “төрсөн дүүгээ өмөөрөхгүй яадаг юм, чи унтаж амар” гэж хэлсэн чинь миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Миний нүүр орчим, зүүн нүд, хацар, уруул хөхөрч хавдсан. Т надаас уучлалт гуйсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

2. Гэрч В.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би эгч Бын гэрт очоод байж байтал нөхөр Т эгч Б руу залгаад “Б та хоёр манайд хүрээд ир, хэдэн пиво авсан байгаа, ууя” гэж дуудахаар нь би Б, О нарын хамт өөрийн гэртээ ирсэн. Биднийг ирэхэд Т нэлээн согтсон байсан. Бид замдаа авсан 6 шил пивоо гаргаж ирээд ууж байтал Т О руу “чи яах гэж ирсэн юм” гэж дайрч байснаа хүү Т руу “Бын хүү нь дасгал хийгээд гэдэсний булчин нь гарсан байна, чи булчингүй таргалаад байна, дасгал хий” гэх мэтээр хэлсэн. Тэгтэл эгч Б “боль, хүүхдүүдийн хооронд яах гэж тэгж байдаг юм бэ” гэсэн. Т О руу яах гэж ирсэн юм гээд дайраад байсан учир О “би гараад жаахан байж байгаад ороод ирье, наадах чинь тайвширч байг” гээд гэрээс гарсан. Т Б руу уурлаад “чи дүүгээ яагаад өмөөрөөд байгаа юм бэ” гээд нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад цагдаа дуудсан. Цагдаа ирж байна гэхээр нь гэрээс гарчихаад ороод ирсэн чинь Б эгчийн нүүр рүү дахиж цохиод, нүүр нь хавдсан байдалтай болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

3. Гэрч В.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байтал Б ирээд Б эгч бид хоёрыг аваад гэр рүүгээ явсан. Тэдний гэрт очиход Бийн нөхөр Т нэлээн согтуу байж байсан. Бид гурав замдаа 6 шил пиво авсан байсныг уугаад суусан чинь Т над руу “чи яах гэж ирсэн юм бэ, чамайг хэн дуудсан юм” гээд агсраад байхаар нь би юм дуугараагүй. Хэсэг байж байснаа дахин над руу “чи яах гэж ирсэн юм бэ татангар минь” гээд цохих гээд дайраад байсан тул би уур нь гартал гадаа байж байя гэж бодоод тэдний гэрээс гарсан. Тэгээд би Баянхошууны тойрог орчихоод буцаад Тын гэрт ирэхэд Б эгчийн нүүр нь хавдаад хөхөрсөн байхаар нь яасан талаар асуухад Т намайг зодчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

4. Насанд хүрээгүй гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн“...Тэр өдөр аав О ахтай “чи яах гэж ирсэн юм” гээд маргалдаад байсан. Тэгээд аав Б эгчийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод байсан. Ээж аавыг салгаад, аав гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

5. Насанд хүрээгүй гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:“...Тэр өдөр аав ганцаараа нэг том пиво уусан. Тэгээд гарч яваад хоёр лааз пиво уугаад, хүрч ирээд унтах гэж байсан чинь ээж, Б эгч, О ах нар ирээд тэд 6 шил пиво уусан. Тэгээд ууж байсан чинь О ахыг аав “чи яах гэж ирсэн юм” гээд тэр хоёр муудалцаад байсан. Тэр хоёрыг зодолдох гэж байсан чинь Б эгч салгасан. Аав Т нь Б эгчийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

6. Шүүгдэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 7-5 тоотод байх гэртээ байж байхдаа эхнэр Б рүү ярьсан чинь Б эгчийн гэрт байна гэхээр нь би Б эгчийг хүрээд ир гэсэн. Тэгэхэд би 2 том пиво, хоёр лааз пиво аваад ганцаараа уугаад нэлээн согтсон. Тэгээд байж байтал эхнэр Б, эгч Б, ах О нарын хамт ирсэн. Би О ахыг “чи муу яах гэж ирсэн юм бэ, хэн чамайг дуудсан юм” гэж хэлээд маргалдаж байснаа санаж байна. Түүнээс өөр зүйл огт санахгүй байгаа. Б эгчийг цохисноо санахгүй байна. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул хохирлыг боломжоороо барагдуулж, Б эгчид нийт 450.000 төгрөг өгсөн. Манай эхнэр Бийн хэлж байгаагаар бол би Б эгчийн нүүрэнд нь гараараа цохисон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 647 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний дээд болон дотор зовхинд хөх ягаан цус хуралттай, хамрын нуруугаар хавдсан, бүдэг хөх цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун нүдний зүүн хацраар нэлэнхүйдээ овойж хавдсан, бүдэг хөх цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, 6х0.3 см, 2.5х0.2 см улаан хүрэн зулгаралттай, эрүүний зүүн булангийн доод хэсэгт 8х5.5 см хөх ягаан цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, дээд уруулын дотор салстын дунд хэсэгт 1х0.5 см хөх цус хуралттай, хүзүүний баруун урд доод хэсэгт 1х0.5 см, зүүн урд дунд хэсэгт 0.8х0.5 см хөх бүдэг цус хуралтуудтай, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн мөрний урд хэсэгт 2х0.8 см, 1.5х1 см хөх ягаан цус хуралтуудтай.

Дүгнэлтэд:

1. “...В.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн зовхи, эрүүний зүүн доод хэсэг, уруулын дотор салст, хүзүү, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Нандинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч Г.Тын хүсэлт (хавтаст хэргийн 68 дугаар тал), хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 40 дугаартай тогтоол, прокурорын ялын санал (хавтаст хэргийн 69-71 дүгээр тал), 

 

            9.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Г.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 56 дугаар тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-60 дугаар тал), Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 44-45 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 47 дугаар тал), “Голомт банк”-ны дансны хуулга (хавтаст хэргийн 61-63 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, хялбаршуулсан журмаар тус хэргийг хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө ... тоот гэртээ иргэн В.Быг “дүүгээ өмөөрлөө” гэж уурлан, түүний нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.Т нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө ... тоот гэртээ иргэн В.Быг “дүүгээ өмөөрлөө” гэж уурлан, түүний нүүр рүү цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн, зовхи, эрүүний зүүн доод хэсэг, уруулын дотор салст, хүзүү, мөрөнд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч В.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т согтчихоод хоёр том хүүгээ загнаад агсраад байхаар нь би өмөөрөөд болиулах гэсэн чинь Т гараараа миний нүүрний зүүн хэсэг рүү олон удаа цохисон. ...Ингэтлээ зодуулсанд маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн “...Т О руу “чи яах гэж ирсэн юм” гээд дайраад байсан. ...Тэгээд Т том хүү Т руугаа “Бын хүүхдийн гэдэсний 6 булчин нь гараад байхад яагаад чинийх гардаггүй юм бэ” гэж хэлээд уурлаад байхаар нь би болиулсан чинь Т босож ирээд Оыг “чи яах ирсэн юм татангар минь” гэх мэтээр зодох гээд дайраад байсан. ...Т “чи яасан гэж дүүгээ өмөөрөөд байгаа юм бэ” гээд над руу дайраад байхаар нь би “төрсөн дүүгээ өмөөрөхгүй яадаг юм, чи унтаж амар” гэж хэлсэн чинь миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Миний нүүр орчим, зүүн нүд, хацар, уруул хөхөрч хавдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Гэрч В.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Т О руу яах гэж ирсэн юм гээд дайраад байсан. ... Т Б руу уурлаад “чи дүүгээ яагаад өмөөрөөд байгаа юм бэ” гээд нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. ...гэрээс гарчхаад ороод ирсэн чинь Б эгчийн нүүр рүү дахиж цохиод, нүүр нь хавдсан байдалтай болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Гэрч В.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Т над руу “чи яах гэж ирсэн юм бэ, чамайг хэн дуудсан юм” гээд агсраад байхаар нь би юм дуугараагүй. ...дахин над руу “чи яах гэж ирсэн юм бэ татангар минь” гээд цохих гээд дайраад байсан. ... Тэгээд би Баянхошууны тойрог орчихоод буцаад Тын гэрт ирэхэд Б эгчийн нүүр нь хавдаад хөхөрсөн байхаар нь яасан талаар асуухад Т намайг зодчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Тэр өдөр аав О ахтай “чи яах гэж ирсэн юм” гээд маргалдаад байсан. Тэгээд аав Б эгчийн нүүр рүү гараараа 2-3 удаа  цохиод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аав Т нь Б эгчийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Шүүгдэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эхнэр Б, эгч Б, ах О нарын хамт ирсэн. Би О ахыг “чи муу яах гэж ирсэн юм бэ, хэн чамайг дуудсан юм” гэж хэлээд маргалдаж байснаа санаж байна. ...Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа.  ...Манай эхнэр Бийн хэлж байгаагаар бол би Б эгчийн нүүрэнд нь гараараа цохисон гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 647 дугаартай  “...В.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн зовхи, эрүүний зүүн доод хэсэг, уруулын дотор салст, хүзүү, мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хохирогч В.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Г.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч В.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т нь хохирогч В.Бд 450.000 төгрөгийг нөхөн төлсөн /хх64/ байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.Ттай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар санал гаргасныг яллагдагч зөвшөөрсөн тул дээрх саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.Таас улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2009 онд Эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдож, шүүхээс “Өршөөл үзүүлэх” тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байх ба, нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Г.Т нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувиараа ажил эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг прокурортой тохиролцсон 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Г.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Гын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Г.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч В.Бд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА