Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

Хохирогч: С.А-,

           Шүүгдэгч: Б.Н- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005029440299 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Н-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчимд иргэн С.А-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.А- шүүх хуралдаанд: “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 23 цаг 30 минутын үед хорооллын шөлөндөө явах замд автобусны буудал дээр зогсож байх үед хэдэн залуучууд тамхи асуусан. Тамхийг өгөөд байж байтал хажуу талаас нэг залуу орж ирээд мөргөөд цохисон. Би тухайн үед юу болсон гэдгийг анзаараагүй. Тэгээд тэд нар цүнхээ үлдээгээд зугтаасан. Шөнө болсон байсан тул маргааш нь цагдаад мэдүүлэг өгье гэсэн. Тэр орой нь унтаж чадаагүй маргааш нь мэдүүлэг өгсөн. Тэдний орхиод явсан цүнхэн дотор нь бичиг баримт нь байсан. Уг цүнх нь одоо манайд байгаа. Баримттай хохирлыг авсан. Ажилгүй байсан хугацааны цалин баримтгүй тул нэхэмжлэхгүй” гэв.

Хохирогч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 09-нд ажлын газрын дүү Мөнхцолмонтой хамт ажлаа тараад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө орж хоол идэх гээд явж байхад замд нэг залуу тамхи асуусан. Тэгээд би тамхи өгсөн, тэгээд ямар нэгэн маргаан болоогүй зүгээр зогсож байхад өндөр туранхай саарал цамцтай залуу миний баруун нүд орчим мөргөөд хоёр, гурав удаа гараараа цохиод уг залуучууд цаашаа зугтаасан. Тэгээд манай танил дүү Мөнхцолмон араас нь хөөгөөд намайг цохисон залууг барьж авч чадаагүй, намайг цохисон залуугийн найз гэх залууг барьж авсан. Тэгээд би “намайг яасан гэж цохиж байгаа юм бэ” гэхэд уг залуу “уучлаарай” гэсэн. Тэгээд манай танил дүү Мөнхцолмон уг залууг сугдаад барьчихсан зогсож байгаад цагдаа дуудна гээд дуудахад одоо зугтахгүй гэж байгаад уг залуу цүнхээ үлдээгээд зугтаасан. Тэгэхэд Мөнхцолмон араас нь дахин хөөгөөд барьж авч чадаагүй. Тэгээд цагдаа нар ирэхгүй удаад байхаар нь гэртээ харьсан. Тэгээд маргааш нь толгой өвдөөд босч чадаагүй, цагдаагийн газар ирж өргөдөл гаргасан. ...Өндөр туранхайвтар саарал цамцтай залуу байсан уг залуу ямар ч шалтгаангүй хажуунаас ирээд намайг мөргөөд хоёр, гурав цохиод бүгд шууд зугтаасан. ...томографикт үзүүлсэн толгойгоо бариулсан зардал нийт 128.000 төгрөг шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгний баримт байна. ...Би нүдний шил зүүдэг тухайн үед миний нүдний шилний рам яажийсан, нэг шил нь унаж алга болсон байгаа. Ажил 6 хоног хийж чадаагүй. Би 100 айл дээр хувиараа ажилдаг, ажиллаагүй 6 хоногийн зардлаа гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12, 106/,

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 09-нд найз Н- бид хоёр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “SEA” нэртэй бааранд ороод хүний хоёр, хоёр пиво уусан. Өмнө нь бид хоёр “Цэ” нэртэй пабад орж Н- танилуудтайгаа нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан, би хоёр шил пиво уусан. Тэгээд Н- бид хоёр уг бааранд ороод бүжиглэж байгаад 00:00 цагийн орчим гарсан. Тэгээд баарны хажууд байсан ТҮЦ-д очоод тамхи авчхаад ирэхэд Н- танихгүй намхандуу махлаг жижиг үстэй, бид нараас ах залуутай маргалдаад заамдалцаад байж байсан. ...Н-тай маргаж байсан ахын дүү нь гэх өндөр залуутай хамт араас ирээд намайг бариад авсан. ...тэгээд цагдаа дуудна гээд байхаар нь би цүнхээ хаяад зугтаасан. ...Н- саарал цамцтай байсан би хар куртиктэй байсан уг Н-тай маргасан ах хар бараан хувцастай байсан хамт байсан дүү нь гэх өндөр залуу эрээн хувцастай байсан. ...Тухайн үед би Н-г үлдээгээд ТҮЦ орж тамхи аваад ирсэн. ...Н- уг ахтай ямар шалтгааны улмаас маргасан талаар мэдэхгүй байна. ...Би салгасан надад ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч А.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 09-нд танил ах А- намайг хүрээд ир гэсэн. ...10 дугаар хороололд очиход ах пиво уусан ажил яриад байж байсан. Тэгээд намайг очиход А- ах бид хоёр хамт гараад такси бариад хороололд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газар орох гээд Шөлөндөөгийн замын урд буугаад Шөлөндөө рүү алхаж байсан. ...А- ах ямар нэгэн хүнтэй маргаагүй ...А- ахаас нэг залуу тамхи асуухад А- ах тамхи өгсөн. Тэгээд А- ах “ёооё” гээд орилсон би харахад саарал цамцтай шардуу царайтай өндөр биетэй залуу гараараа хоёр удаа нүүр хэсэгт нь цохиод зугтаасан. Тэгээд би араас нь хөөгөөд А- ахыг цохисон залууг барьж чадаагүй хамт явж байсан найзыг нь барьсан. ...цагдаа дуудна гэхэд цүнхээ миний гарт орооцолдуулан үлдээгээд зугтаагаад явсан би хөөгөөд гүйцээгүй. ...Би тухайн үед эрүүл байсан. ...А- ахыг цохисон залуу нь саарал цамцтай саарал өмдтэй байсан, пүүзтэй байсан өмд нь цус дусалсан байх шиг байсан, харин найз нь гэх залуу нь хар пудболктой жинсэн өмдтэй, пүүзтэй хоёр үүргэвчтэй цүнх үүрсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37-39/,

Шинжээчийн 10611 тоот дүгнэлтэд: “...С.А-ын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн цус хуралт няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 47-48/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 10/, хохирлын баримтууд /хх-н 53-54/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 67-102/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 113/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Н- нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газрын орчимд иргэн С.А-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.А-ын: “...Тэгээд би тамхи өгсөн, тэгээд ямар нэгэн маргаан болоогүй зүгээр зогсож байхад өндөр туранхай саарал цамцтай залуу миний баруун нүд орчим мөргөөд хоёр, гурав удаа гараараа цохиод уг залуучууд цаашаа зугтаасан. ...Өндөр туранхайвтар саарал цамцтай залуу байсан уг залуу ямар ч шалтгаангүй хажуунаас ирээд намайг мөргөөд хоёр, гурав цохиод бүгд шууд зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12, 106/, гэрч Б.А-ын: “...ТҮЦ-д очоод тамхи авчхаад ирэхэд Н- танихгүй намхандуу махлаг жижиг үстэй, бид нараас ах залуутай маргалдаад заамдалцаад байж байсан. ...Н-тай маргаж байсан ах, дүү нь гэх өндөр залуутай хамт араас ирээд намайг бариад авсан. ...тэгээд цагдаа дуудна гээд байхаар нь би цүнхээ хаяад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч А.М-гийн: “...А- ах ямар нэгэн хүнтэй маргаагүй ...А- ахаас нэг залуу тамхи асуухад А- ах тамхи өгсөн. Тэгээд А- ах “ёооё” гээд орилсон би харахад саарал цамцтай шар дуу царайтай өндөр биетэй залуу гараараа хоёр удаа нүүр хэсэгт нь цохиод зугтаасан. Тэгээд би араас нь хөөгөөд А- ахыг цохисон залууг барьж чадаагүй хамт явж байсан найзыг нь барьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37-39/, шинжээчийн 10611 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Н-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н- нь согтуурсан үедээ хохирогч С.А-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн баримтаар учирсан хохирлыг барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР