| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2010020191006 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12-129 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Боржигон овгийн *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” ХХК-нд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн түрээсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус байгууллагын “ThinkPap I5” маркийн зөөврийн компьютерыг хувьдаа завшиж 425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 10-аас тус байгууллагад ажилласан. 2020 оны 01 дүгээр сард цар тахлаас болоод карентилсан. 2020 оны 03 дугаар сараас эхлээд ажиллана гэсэн боловч цар тахлын улмаас ажиллах боломжгүй болсон учир гэрээсээ ажилла гээд манай байгууллагаас зөөврийн компьютер өгсөн. Манай найз зөөврийн компьютероо хэрэглүүлээч гэхээр нь өгсөн. Улсын яллагчийн дүгнэлтэд бичигдсэн үйл явдал болсон. Эргээд зөөврийн компьютероо олж авч чадаагүй. Манай найз миний буруутай үйлдлээс болсон учир хохирол мөнгийг хамтдаа барагдуулна гэж 5 дугаар сард хэлсэн. Түүнээс хойш би хайнга зан гаргаад орхисон байсан. Үнэлгээний байгууллагаас 420.000 төгрөг гэж үнэлсэн ч бүрэн ажиллагаатай зөөврийн компьютер биш байсан учир байгууллагадаа 270.000 төгрөгийн хохирлыг барагдуулаад хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө барагдуулсан талаар бичиг аваад хэрэгт хавсаргасан. Өөрийн хариуцлагагүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 2010020191006 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-13-р хуудас/
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/,
“Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Х-541 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-24-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” ХХК-нд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс түрээсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “ThinkPap I5” маркийн зөөврийн компьютерыг завшиж 425.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-13-р хуудас/
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллагад Б.******* түрээсийн мэргэжилтэн албан тушаалд томилогдсон. Манай байгууллагын хөрөнгө болох ThinkPap I5 брэндийн зөөврийн компьютерыг “ажилдаа хэрэглээрэй” гэж өгсөн. ... 2020 оны 03 дугаар сард Короно өвчин гарсан гээд ажилчдыг гэрээрээ ажлаа хий гээд өөрсдийнх нь хэрэглэж байсан зөөврийн компьютерыг өгч явуулсан. 2020 оны 05 дугаар сард ажил цуглахад Б.******* ажилдаа ирээгүй. Би Б.*******ын 99173815 дугаар руу удаа дараа залгасан боловч утсаа огт авахгүй байсан. Би өөрийнхөө гар утаснаас залгаад “чи ажилдаа ирээч хэрэв ажиллахгүй гарч байгаа бол тооцоогоо дуусгаад байгууллагын ThinkPap I5 брэндийн зөөврийн компьютерыг хүлээлгэж өгөөч” гэж хэлсэн. Б.******* “эхнэр эмнэлэгт хэвтсэн тул хоол цай зөөж байгаа очиж амжихгүй байна” гэж хэлсэн. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б.*******ын оршин суух ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 129 тоот гэрийн хаягаар “яаралтай байгууллагын эд хөрөнгийг авчирч өг” гэсэн утгатай мэдэгдэл хүргүүлсэн боловч авч ирээгүй. Тус зөөврийн компьютерыг 2019 онд хувь хүнээс 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай байгууллага хөрөнгөө 500.000 төгрөгөөр үнэлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/,
“Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Х-541 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Lenovo ThinkPap I-5 компьютерын зах зээлийн дундаж ханш 425.000 төгрөгийн үнэтэй” гэжээ. /хх-ийн 22-24-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолтой санал нийлж байна. Би үнэлгээгээр гарсан 425.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17:4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд байхыг ойлгох бөгөөд уг этгээд нь өмчлөгч буюу эзэмшигчид эд хөрөнгийг нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил захиран зарцуулах зэргээр хууль бус эзэмшил тогтоосон байдаг.
Энэ хэргийн тухайд: Шүүгдэгч Б.******* нь “******* *******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан түрээсийн мэргэжилтнээр ажиллаж байсан ба байгууллагаас түүнд хүлээлгэн өгсөн “ThinkPap I5” маркийн зөөврийн компьютерыг бусдад дамжуулан өгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр захиран зарцуулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас “******* *******” ХХК-д 425.000 төгрөгийн хохирол учирсан байна.
“******* *******” ХХК-ийн албан бичигт: “Б.******* нь тухайн компьютерын гэмтэл болох хард диск, CPU нарын үнийг хасаж өгөх хүсэлт гаргасны дагуу байгууллагаас гэмтлийн засварын дүн болох 145.000 төгрөгийг хасаж 275.000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр “******* *******” ХХК-ийн удирдлагын зүгээс шийдвэрлэсэн. Б.******* нь 275.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй болсон болно” /хх-ийн 70-р хуудас/ гэх тодорхойлолт хавтаст хэрэгт авагджээ. Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохдоо “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ам бүл 4-үүл, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзан хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын хэмжээ хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигин овогт *******ын *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР