Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

   2017 оны 01 сарын 18 өдөр

  Дугаар 184/ШШ2017/00164

                              Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Батсүх, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Их тойруу 30-р байр, 134 тоотод оршин суух Насанбатын Уламбадрах /УГ81082214/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Шинэ цэргийн хотхон, 6-р байр, 2 тоотод оршин суух Боржигон овогт Жинхүүгийн Батаа /ЧК85050674/-д холбогдох гэм хорын хохиролд 10,496,429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Уламбадрах, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, хариуцагч Ж.Батаа, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Л.Сарангуа, иргэдийн төлөөлөгч С.Содцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Уламбадрах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

“Миний бие Тэрэлжийн төвд барилгын ажил гүйцэтгэж байгаад барилгын материал авах гэж яваад Налайх дүүргийн 6-р хороо, Тэрэлжийн Агуй хадны харалдаа зам дээр 2015 оны 09-р сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим Тоёота приус маркийн 83-82 УБС улсын дугаартай машинд мөргүүлж миний биед хөнгөн гэмтэл учирч, миний эзэмшлийн Тоёота Гаяа маркийн 07-90 улсын дугаартай машин дахин засварлах аргагүй болтлоо эвдэрч хэмхэрсэн. Ингээд цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Ж.Батаа нь миний эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүй болно. Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн уг зам тээврийн ослын улмаас унаж татдаг өвчтэй болсон. Энэ өвчнөө эмчлүүлэх үүднээс маш их эм тариа хэрэглэж байна. Сүүлийн үед сэтгэл санаанд нөлөөлөж түргэн ууртай, юм мартах шинж тэмдэг илэрч байгаа. Тиймээс цаашид хийгдэх эмчилгээ болон эм тарианы зардал, эмчилгээнд хэрэглэгдэх бусад зайлшгүй зардал болон эд хөрөнгөнд учирсан хохирол, олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байна. Эвдэрсэн машинаа засуулах гэсэн боловч засвар авах ямар ч боломжгүй гэсэн. Тэгээд машинаа зарах гэхээр 200,000 төгрөгөөс илүү үнээр авах газар олдохгүй байна. Миний машины зах зээлийн одоогийн үнэ 4,500,000 төгрөг бөгөөд автомашины хохиролд 3,020,000 төгрөгийг даатгалын байгууллагаас авсан. Иймд Ж.Батаагаас автомашины хохиролд даатгалаас авсан 3,020,000 төгрөгийг хасаад үлдэх 1,500,000 төгрөгийг, үнэлгээний ажлын хөлс 128,500 төгрөгийн хамт нэхэмжилнэ. Мөн энэ ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон, унах татах өвчтэй болсон тул эмчилгээ, оношилгоо, эм тариа, түүнтэй холбоотой бусад зардал нийтдээ 1,592,180 төгрөг, цаашид хэрэглэх эмчилгээ, эм тарианд зориулж зайлшгүй гарах зардалд 1,897,200 төгрөг нийт 3,489,380 төгрөг нэхэмжилж байна. Мөн эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн, бэртэл, гэмтэлтэй байх үедээ өөрийн гэсэн машингүй байсан ба байнга таксигаар үйлчлүүлж байсан тул такси, замын зардал 378,549 төгрөг гарсан. Тухайн үед би Цөлийн булаг ХХК-тай 2015 оны 09-р сарын 10-аас 2015 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл Тэрэлжийн төвд шалны халаалт, паркетан шал, төмөр хаалга, гадна хашааны өрлөг, гадна пасад, төмөр хашааны ажил хийхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлаа дөнгөж эхлээд байсан бөгөөд энэхүү ослын улмаас ажлаа хийж дуусгаж чадалгүй гэрээ цуцлагдсан. Энэ ажлуудаа хийж дуусгасан бол гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг авах байсан тул гэрээ цуцлагдаж мөнгөгүй хоцорсон учир гэрээний дагуу олох ёстой байсан ажлын хөлс 5,000,000 төгрөг нэхэмжилнэ. Хариуцагч Ж.Батаагаас гэм хорын хохиролд нийт 10,496,429 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ж.Батаа шүүхэд гаргасан тайлбартаа

“2015 оны 09-р сарын 15-ны өдөр миний бие өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 83-82 УБС улсын дугаартай машинтайгаа явж байгаад зам тээврийн осол гарч, Н.Уламбадрахын машинтай мөргөлдсөн. Энэ ослын талаар болон гэм буруутай үйлдлийнхээ талаар маргахгүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хохирлын хэмжээ нь бодит байдалд нийцэхгүй хэтэрхий шунахай сэтгэлийн үүднээс хуурамч нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилж байна. Автомашины эвдрэл хохирол үнэлгээгээр тогтоосон 3,020,000 төгрөгийг миний тээврийн хэрэгслээ даатгуулсан Ард даатгал ХХК-иас өгсөн. Тус даатгалын газраас автомашины хохирлын үнэлгээн дээр нэмж 2,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг олгох боломжтой гэж хэлж байсан. Даатгалын компаний зүгээс даатгуулагч намайг тухайн осол аваарыг гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд гарцаагүй байдлын улмаас осол гаргасан гэж үзээд Н.Уламбадрахын эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Үүний дагуу би Уламбадрахад эмчилгээний зардлын баримтаа цуглуулаад өгчих, 2,000,000 төгрөгийг даатгалаас олгож болох юм байна гэхэд ямар баримт өгөөгүй, материалаа цуглуулж өгөөгүй алга болсон. Уламбадрахыг толгойдоо хөнгөн зэргийн гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан боловч гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн үед эмнэлэгт хэвтээгүй байж 21 хоногийн дараа буюу 10-р сарын 06-ны өдөр гэмтэлд хэвтэж эмчлүүлсэн гэх баримт гаргасныг үнэн гэж үзэхгүй байна. Учир нь гэмтэл авсанаас хойш хэвтээгүй удсан олон хоносон хуучин гэмтлийг гэмтлийн эмнэлэг хүлээн авч, хэвтүүлдэггүй. Тийм болохоор хэвтсэн гэх 53,937 төгрөгийг зөвшөрөхгүй байна. Толгойн томографи оношилгооны 80,000 төгрөг, толгойны зураг авахуулсан 120,000 төгрөг, Гранд мед эмнэлэгт оношилгоо үзлэг хийлгэсний 30,000 төгрөг, шүүх шинжилгээний хураамжийн 3,000 төгрөг зэрэг нийт 261,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн хүзүүний бэхэлгээг осол болсноос хойш 24 хоногийн дараа авсан гэх баримт гаргажээ. Дээрх бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай байсан гэж үзэхгүй байна. Н.Уламбадрахын хувьд авсан гэмтэл нь зайлшгүй хүзүүний бэхэлгээ хийлгэх онош тавигдсан байж бэхэлгээг хийлгэх ёстой тул уг гэмтэл өөрт нь учраагүй байхад хүзүүний бэхэлгээ, өвдөгний чиг авч зүүсэн байх үндэслэлгүй болж байна. Нэхэмжлэгч уналт, таталт өвчтэй болсон гэж байгаа боловч энэ өвчин нь ослоос өмнө үүссэн гэж үзэж байна, учир нь дээрх ослоос нэхэмжлэгч ийм хэмжээний гэмтэл аваагүй, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байгаа. Мөн такси үйлчилгээ авсан гэдгийг нотлохгүй байх тул уг мөнгөн дүн болох 378,547 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Уламбадрах нь осолд орохоос өмнө 5,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байснаа цуцлахад хүрч 5,000,000 төгрөг олох байсан боломжоо алдсан гэж уг 5,000,000 төгрөгөө надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Уламбадрах нь осол болох үед надад тэрэлжид эхнэр хүүхдээ агаарт гаргасан бөгөөд оччихоод явж байсан юм, яаж эхнэр хүүхдээ суулгаж явсангүй вэ гэж хэлж байсан. Эхнэрийн талын ах нь Тэрэлж орчим байдаг гэж хэлж байсан. Автомашины үнэлгээг анх хийлгэхдээ Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээг 2,700,000 төгрөгийн хохирол гаргасан түүний үнэлгээний хураамж 40,000 төгрөг болсон. Гэтэл Уламбадрах нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин үнэлгээ хийлгэж 3,020,000 төгрөг болгон үнэлүүлсэн үүний хураамж 128,000 төгрөг нэхэмжилжээ. Миний хувьд баримттай үнэн зөв хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй. Гэвч Н.Уламбадрахын автомашины бодит эвдрэл хохирлын төлбөрийг даатгалын байгууллага төлж барагдуулсан байхад үндэслэлгүйгээр 1,500,000 төгрөгийг гарган ирж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Тоёат Гаяа маркийн автомашин нь 1999 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд Монгол улсад орж ирээд 6 жил унаж эдэлсэн, автомашины урд хэсэг нь эвдрэл ихтэй харин машины хойд хэсэг нь эвдрээгүй осолд өртөөгүй юм. Гэтэл Уламбадрах нь хуучин машиндаа 3,020,000 төгрөг гаргуулж учирсан хохирлоо бүрэн авсан атлаа бүтэн машины үнэ нэхэмжлээд байгааг зөвшөөрөх боломжгүй. Миний бие энэ ослын дараа дахин автомашины осолд өртөж, эд материал, эрүүл мэндээрээ их хохирсон, тэр асуудал маань бас шийдэгдэгдээгүй, хохирсоор явж байна. Уг нь Н.Уламбадрахтай эвлэрэх талаар санал гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд Н.Уламбадрахын нэхэмжлэлээс 361,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Уламбадрах нь хариуцагч Ж.Батаад холбогдуулан гэм хорын хохирол 10,564,380 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 10,496,429 төгрөг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой үйл баримтыг тодруулбал, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 6-р хороо, Тэрэлжийн агуй хадны харалдаа замд хариуцагч Ж.Батаа нь өөрийн эзэмшлийн 83-82УБС улсын дугаартай, тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч Н.Уламбадрахын жолоодож явсан 0790УБП улсын дугаартай тоёота Гаяа маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

 

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Н.Уламбадрахын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор үүссэн, энэ нь хариуцагч Ж.Батаагийн гэм буруутай үйлдлээс үүссэн болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон гэж үзэх ба уг зам тээврийн ослын улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учраагүй үндэслэлээр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/580 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Зохигчид зам тээврийн осол гарсан талаар, гэм буруугийн асуудлаар маргаагүй харин дээрх үйлдлийн улмаас учирсан хохирол, төлбөрийн хэмжээний талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан ба хариуцагч Ж.Батаа нь 8382 УБС улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины эзэмшигч болох нь Прокурорын хариу мэдэгдэх хуудас болон түүний “ ... уг машин миний эзэмшлийн машин, лизингээр аваад байсан ... “ гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан бөгөөд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно.

 

Эрүүл мэндэд учирсан хохирлын талаар,

 

Нэхэмжлэгч Н.Уламбадрах нь өөрийн бие махбодь, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулж нийт 3,489,380 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч нь толгойн томографи оношилгооны нийт 200,000 төгрөг, Гранд-Мед эмнэлэгт үзлэг хийлгэсэн 30,000 төгрөг, шүүх шинжилгээний байгууллагын хураамж 3,000 төгрөг нийт 233,000 төгрөгийг нөхөн төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөр шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан, зохигч талуудын гаргасан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт зэрэг бичгийн баримтуудад тухайн авто ослын улмаас буюу Ж.Батаагийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Н.Уламбадрахын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар тэмдэглэсэн.

 

Харин Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон холбогдох баримтуудаар Н.Уламбадрах нь уналт, таталт өвчтэй болсон нь тогтоогдож байх боловч түүний уналт, таталтын /эпилепси/ өвчин нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн авто ослын улмаас үүссэн гэх, цаашлаад хариуцагч Ж.Батаагийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал, шалтгаант холбоо тогтоогдохгүй, энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсонгүй.

 

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хор, хохирол нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой, түүний нөлөөллөөс үүдсэн байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн уналт, таталт өвчин хариуцагч Ж.Батаагийн гэм буруутай үйлдлээс үүссэн гэдэг нь тогтоогдоогүй учир уг өвчнийг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй юм.   

 

Иймд нэхэмжлэгч Н.Уламбадрахын нэхэмжлэлийн шаардлагаас уналт, таталт өвчинд зориулж худалдаж авсан эмийн үнэ 646,000 төгрөг, уг өвчнийг цаашид эмчлэхэд гарах зайлшгүй зардал 1,897,200 төгрөг нийт 2,543,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнээс гадна, баримтаар тогтоогдсон бодит зардал болох бэртэл, гэмтлийн улмаас хүзүүний бэхэлгээ авсан 30,000 төгрөг, Гэмтэл согогын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсний зардал 53,937 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт соронзон үелзүүрт томографийн /MRI/ шинжилгээний хийсэн зардал 125,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол нийт 441,937 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Эд хөрөнгөнд учирсан хохирлын талаар,

 

Нэхэмжлэгч нь автомашины зах зээлийн үнийн зөрүү 1,500,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 128,500 төгрөг, такси унаанд зарцуулсан зардал 378,549 төгрөг, олох ёстой байсан орлого 5,000,000 төгрөг нийт 7,007,049 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч нь үнэлгээний хөлс 128,500 төгрөгөөс бусад шаардлагыг зөвшөөрөхгүй, маргасан.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Ж.Батаагийн гэм буруутай үйлдлийн улмаас Н.Уламбадрахын унаж явсан автомашинд хохирол учруулсан, энэ талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Ослын улмаас автомашинд 3,020,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл шаардлагатай байгаа нь тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд уг хохирлыг хариуцагчийн өмнөөс “Ард даатгал” ХХК-аас бүрэн хэмжээгээр нэхэмжлэгчид нөхөн төлсөн нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч нь машины үнийн зөрүү төлбөрт 1,500,000 төгрөг, такси унаанд зарцуулсан зардал 378,549 төгрөг, олох ёстой байсан орлого 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эд хөрөнгийн хохирлын хувьд нэхэмжлэгч нь гэм буруутай үйлдлийн улмаас эвдэрч, устаж, гэмтсэн эд юмсыг өмнөх байдалд нь сэргээх эсвэл үнийг шаардах эрхтэй ба автомашины зах зээлийн үнийг тооцож, зөрүү гэж 1,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан такси дуудлага, унааны төлбөрийн баримтууд нь Н.Уламбадрах тухайн үйлчилгээ авсныг цаашлаад хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан шууд зардал, төлбөр гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх эрхтэй боловч үүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй. 

 

Нэхэмжлэгч нь “Цөлийн булаг” ХХК-тай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн компанийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, фото зураг зэргийг баримтаар гаргажээ.

 

Дээрх баримтууд нь талуудын хооронд гэрээ байгуулагдсаныг илэрхийлэх боловч 5,000,000 төгрөг олох ёстой байсан гэдгийг нотлохгүй юм. Нэхэмжлэгчид тухайн үед хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхүйц гэмтэл, бэртэл учирсан гэх нөхцөл байдал шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдоогүй ба тухайн ажлыг бусдаар гүйцэтгүүлэх, гэрээний хугацааг сунгах зэрэг аргуудыг хэрэглэх боломжтой байсан гэж үзнэ. 

 

Иймд шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирол буюу эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардал 441,937 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс 128,500 төгрөг нийт 570,437 төгрөгийг хариуцагч Ж.Батаагаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 198,931 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батаагаас нэхэмжлэлийн хангасан дүн болох 570,437 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Батаагаас 570,437 /таван зуун далан мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Уламбадрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,925,992 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 198,931 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батаагаас тэмдэгтийн хураамж 17,763 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Уламбадрахад олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ

                                                                                               

                                                                                                 Б.ХИШИГБААТАР