| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/00518/и |
| Дугаар | 1045 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 1045
МАГАДЛАЛ
2017.04.28 Дугаар 1045 Улаанбаатар хот
“Ариун Ээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00518 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Ариун Ээл” ХХК, Ж.Ариунбилэг нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.Дуламсүрэнд холбогдох,
Орон сууцны хөнгөлөлт 30 082 800 төгрөг, үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 2 500 000 төгрөг, нийт 37 582 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ариунаа,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ц.Давхарбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Л.Дуламсүрэн нь 2014 оны 12 сарын 12-ны өдөр байр хүссэн өргөдөл гаргасан ба түүний ажиллаж байгаа байдлыг харгалзан “Ариун Ээл” ХХК-иас шийдвэр гарган, улмаар “Цома” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, 59г байрны 48,58 м2 талбайтай 3 тоот орон сууцыг банкны зээлээр авсан юм. “Ариун Ээл” ХХК болон “Цома” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг захиралтай компаниуд юм. Манай компанийн дотоод журамд зааснаар компанид ороод тасралтгүй 3-5 жил үр бүтээлтэй ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах ажилтныг мөнгөн шагнал болон бусад хэлбэрээр урамшуулж болох ба бусад урамшуулал гэдэгт автомашин, орон сууц зэрэг бодит хөрөнгөөр урамшуулах, эсхүл тэдгээрийн үнийг тодорхой хувиар хөнгөлөх зэрэг туслалцааг багтаахаар заасны дагуу түүнд байрны хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан. Л.Дуламсүрэнгийн бичиж өгсөн өргөдлийг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Бусдад 1 м2-ыг нь 2 200 000 төгрөгөөр худалдаж байсан орон сууцыг 30% хөнгөлөлт үзүүлэн 1 650 000 төгрөгөөг худалдан авах боломжийг олгосон. Банкны зээл авахын тулд зайлшгүй төлөх шаардлагатай байдаг 30%-ийн урьдчилгаа болох 30 082 800 төгрөгийг компаниас төлж хөнгөлөлт үзүүлсэн. Мөн Л.Дуламсүрэн нь “Ариун Ээл” ХХК-ийн захирал Ж.Ариунбилэгээс 5 000 000 төгрөг зээлэн авч орон сууцны урьдчилгаанд өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Дуламсүрэнгийн гаргасан тайлбар тооцооноос 2015 оны 01 сард байрны зөрүү гэж төлсөн 193 000 төгрөг болон “Ариун Ээл” ХХК-д ажиллаж байх үеийн 2015 оны 9 сарын цалингийн үлдэгдэл болох 318 745 төгрөгийг тооцох үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх тооцоог хасч 29 570 000 төгрөг болон зээл, хүүгийн хамт 7 500 000 төгрөг, нийт 37 070 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оноос 2015 оны 9 сар хүртэлх хугацаанд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Хаан банкны ипотекийн 8%-ийн зээлд хамрагдаж компаниас байр авсан. Авсан байрны 1 м2-ын үнэ нь 45,58 хэмжээтэй. Төлбөр төлөлтийн тооцоны тухайд 2014 онд урьдчилгаа 1 000 000 төгрөг бэлнээр төлсөн, 2015 оны 01 сарын 23-ны өдөр 70 000 000 төгрөгийг Хаан банкны зээлээр төлсөн, 193 000 төгрөгийг дансаар төлсөн, 2015 оны сүүл сарын цалин 318 745 төгрөг, надаас худалдаж авсан 36 ширхэг хурганы арьсны мөнгийг өгөөгүй тул 36 х 25 000 төгрөг 144 000 = 756 000 төгрөг. Иймд миний төлсөн мөнгө 72 267 745 төгрөг болсон. Нэгэнт худалдсан миний өмчлөлд шилжсэн байрны хаалгыг 2015 оны 9 сарын 30-ны өдөр компаниас хаалгыг эвдэж орж суулгасан хаалгаа сугалж авсан. Иймд захирлын өөрийнх нь хэлснээр байрны төлбөрөөс хасаж төлөх нь шударга гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 2015 оны 10 сарын 04-ний өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ өгсөн байсан. 2015 оны 01 дүгээр сард Хаан банкаар дамжуулж Л.Дуламсүрэнд 5 000 000 төгрөгийн зээл олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Нөхөж хийсэн буюу дүр үзүүлж хийсэн гэдэг утгаараа хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Цома” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг 1 м2-ыг нь 2,2-2,6 сая төгрөгөөр худалдсан байдаг. “Ариун Ээл” ХХК-ийн ажиллагсдад хөнгөлөлттэй үнээр худалдахаар хоёр компанийн удирдлагын зүгээс шийдвэрлэсэн. Уг байрыг худалдах, худалдан авах гэрээг “Цома” ХХК-ийн нэрээр хийсэн, үүний учир нь тухайн барилгыг тусгай зөвшөөрөлтэй “Цома” ХХК барьж, борлуулалтыг нь “Ариун Ээл” ХХК хариуцсан юм. Улсын комисст тусгай зөвшөөрөлтэй “Цома” ХХК хүлээлгэн өгсөн нь улсын бүртгэлд бүртгүүлэхэд амар байх үүднээс дээрх гэрээг Л.Дуламсүрэнтэй “Цома” ХХК байгуулсан юм. Гэхдээ үнэ төлбөрийн асуудлыг шийдвэрлэх эрхийг “Ариун Ээл” ХХК-д шилжүүлж, компани хоорондын тооцоог тусад нь хийсэн. Л.Дуламсүрэнгийн худалдан авсан байр нь 2 200 000 х 45.58 = 100 276 000 төгрөг болдог. “Цома” ХХК нь байрыг худалдсан гэх утгаар шүүхээр маргаж байгаа маргаан хамааралтай байгаа боловч түүний үнийг “Ариун Ээл” ХХК-тай нийлж дуусгасан тул Л.Дуламсүрэнгийн худалдан авсан байрны үнийн хувьд манай компанийн эрх хөндөгдөхгүй болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар хариуцагч Л.Дуламсүрэнгээс 28 570 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ариун Ээл” ХХК-д, 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ариунбилэгт тус тус олгож, үлдэх 1 000 000 төгрөг болон 2 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 325 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Гэрээнээс татгалзаж байгаа тухай үндэслэл тайлбарладаг. Гэтэл ХХАГ хэдийнээ хэрэгжээд өмчлөх эрх үүссэнтэй холбогдуулж маргадаггүй атлаа түүнд нийцсэн татвар төлсөн ажиллагааг үгүйсгэж маргадаггүй атлаа 30 082 800 төгрөгийг Л.Дуламсүрэнд өгөөгүй болох нь бусдад Л.Дуламсүрэнгийн өмнөөс төлөөгүй болох нь банкны баримтаар нотлогдож байхад шүүх энэхүү мөнгийг буцаан олгуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх нэхэмжлэгчээс нотлох баримт болгож өгсөн 2015 оны 01 сарын 05-ны өдрийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ыг болон 11.5 дахь заалтанд үндэслэн үзүүлсэн хөнгөлөлтийг Л.Дуламсүрэн нь буцаан өгөх үүрэгтэй гэж, нэхэмжлэлийг хангаж үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн гэм буруугаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Л.Дуламсүрэнгийн хувьд энэ компаний хүмүүстэй уулзах, дахиж ажиллахыг хүсэхгүй байгаагаас ажлаас чөлөөлсөн тушаалтай маргахыг хүсээгүй. Энэ өдөр мөнгө өгч авсан асуудал байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмнэлэгийн баримтын талаар хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлаг хангаагүй нөхцөл байдал байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй юм гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.
Хэргийн оролцогчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч “Ариун Ээл” ХХК, Ж.Ариунбилэг нар, хариуцагч Л.Дуламсүрэнд холбогдуулан, орон сууцны хөнгөлөлт 30 082 800 төгрөг, үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...72 267 745 төгрөгийг төлсөн тул зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Л.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь харилцан тохиролцож, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчийн эвлэрлийн гэрээнд:
Нэг. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Дуламсүрэнгээс орон сууцны хөнгөлөлт болох 28 570 000 төгрөгийг шаардахгүй, шаардах эрхээсээ татгалзаж байна.
Хоёр. Хариуцагч Л.Дуламсүрэн нь зээлж авсан мөнгө 5 000 000 төгрөг, түүний хүү 2 500 000 төгрөг, нийтдээ 7 500 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 28-нд төлсөн байх үүрэг биелүүлнэ. “Төлбөр төлөх хугацаа нь нэг сар болно. Энэ үүргээ шударгаар биелүүлнэ.” гэж тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй болно.
Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч Л.Дуламсүрэнгээс орон сууцны хөнгөлөлт болох 28 570 000 төгрөгийг шаардахгүй, шаардах эрхээсээ татгалзаж, хариуцагч Л.Дуламсүрэн нь зээлж авсан мөнгө 5 000 000 төгрөг, түүний хүү 2 500 000 төгрөг, нийтдээ 7 500 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 28-нд төлсөн байх үүрэг биелүүлнэ. Төлбөр төлөх хугацаа нь нэг сар болно. Энэ үүргээ шударгаар биелүүлнэ гэж тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 325 800 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
М.НАРАНЦЭЦЭГ