Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0799

 

 

 

 

 

 

 

 Р.Бгийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн МТ/28 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Р.Бгийн гаргасан гомдлоор, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн МТ/28 дугаар тогтоолоор:

“1.1.Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Р.Бг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, 14.1.12, “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 7.1, 16.1.3, 16.1.4-т заасныг тус тус зөрчсөнд тооцож,

1.2.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр 31.3.3-т заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хоёр. Өмгөөлөгч Р.Б дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1.“...Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын Үндэслэх нь хэсэгт “Маргаан шалгах ажиллагааны явцад цугларсан баримтууд, хуралдаанд гомдол гаргагчийн гаргаж өгсөн баримт, хариуцагчийн тайлбар зэргээр хариуцагч Р.Б нь ёс зүйн дүрэм зөрчсөн байна гэж үзлээ” гэж дүгнэсэн ч маргаан шалгах ажиллагааны явцад ямар баримтууд цугларсан, хуралдаанд гомдол гаргагч ямар баримт гаргаж өгсөн зэргийг тогтоолдоо тухайлан заагаагүй, материалд авагдсан баримтуудаас аль баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаагаа тухайлан заагаагүй, мөн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Энэ тохиолдолд уг тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн дээрх дүгнэлтдээ “хариуцагчийн тайлбар”-ийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх бөгөөд хариуцагч Р.Б миний ямар тайлбарыг үндэслэж намайг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.

Тогтоолын Үндэслэх нь хэсэгт “...анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд суугаагүй, шийтгэх тогтоолыг аваад гомдол гаргагч руу залгаагүй гэжээ. Гэтэл бодит байдал дээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Р.Б миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцоогүй, энэ талаарх баримтаа шүүхэд болон гомдол гаргагчид мэдэгдсэн, баримтыг хүргүүлсэн байдаг.

Тодруулбал анхан шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй талаараа үйлчлүүлэгчдээ мэдэгдэж, харилцан ойлголцож оролцоогүй, давж заалдах шатны шүүхэд арбитрт хурал давхацсан шалтгаанаар оролцоогүй бөгөөд баримтаа шүүхэд арбитраар дамжуулан хүргүүлсэн байдаг. Миний бие Монголын Олон Улсын Арбитрын гишүүн арбитрч бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр арбитрын бүрэлдэхүүнд ажилласан, мөн энэ талаараа арбитраар дамжуулан баримтаа анхан шатны шүүхэд хүргүүлж, хуралдаан давхцаж буй талаараа шүүгчийн туслахад утсаар холбогдож мэдэгдсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх шалтгаанаар оролцох боломжгүй гэдгээ гомдол гаргагчид мэдэгдсэн бөгөөд гомдол гаргагч миний энэхүү хүсэлтийг дэмжиж, хүлээн зөвшөөрсөн.

Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан маргааныг хянан шийдвэрлэхдээ авч хэрэгжүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг хангалттай авч хэрэгжүүлээгүй.

2.2.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 31.3-т хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид хүлээлгэх хариуцлага“-ыг заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд хуульд заасан олон нөхцөл байдлыг харгалзан үзэж тэдгээрээс оногдуулах шийтгэлийн хэмжээг сонгох тохиолдолд тэрхүү дүгнэлт нь нотлох баримтад тулгуурласан, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.

Гэтэл Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасан нөхцөл байдлуудад ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.3 дахь заалтыг баримтлан... хэмээн хуулийг буруу хэрэглэсэн. Нэгэнт Мэргэжлийн хариуцлагын хороо нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан тул энэхүү алдааг шүүх хууль хэрэглээний алдаа, эсхүл техникийн шинжтэй алдаа гэх байдлаар өөрөө бие даан дүгнэлт өгч өөрчлөлт оруулах ёсгүй, иймд тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаанд буцаах нь зүйтэй.

2.3.Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-д “...өмгөөлөгч Р.Б Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, 14.1.12, “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 7.1, 16.1.3, 16.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөнд тооцсугай” гэжээ.

Өмгөөллийн тухай хуулийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах" гэж заасан бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд дурдсан заалтуудыг хэрхэн, яаж зөрчсөн талаар огт дүгнэлт хийгээгүй, энэхүү зөрчлийг гаргасан нь нотлогдож тогтоогдоогүй атал тогтоолд шийдвэрийнхээ хуулийн үндэслэл болгож баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хариуцлагын хороо нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэхүү асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийснээр зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд үндэслэл бүхий хариуцлага ногдуулсан эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.

2.4.Өмгөөлөгч Р.Б миний бие өмгөөлөгч Б.Бтай хамтран 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр иргэн О.Гтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, анх гэрээг байгуулахдаа ч тэр, үйл ажиллагааны явцад ч тэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч өмгөөлөгчдөөс хэн оролцохоос үл хамаарч өмгөөлөгч нар хамтран өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан тул хэн аль нь өмгөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж тооцохоор харилцан тохиролцсон байдаг.

Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын Үндэслэх нь хэсэгт дурдсанөмгөөлөгч Б.Б өмгөөллийн үйл ажиллагааг хийж хэрэгжүүлсэн болох нь тогтоогдсон”, гэтэл миний бие тухайн өмгөөллийн үйл ажиллагаанд хамтран ажиллаж байсан бөгөөд дан ганц өмгөөлөгч Б.Б өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, энэ үйл баримтыг хариуцагч бүрэн тодруулаагүйд гомдолтой байна.

Гомдол гаргагчийн тухайд өмгөөлөгч Р.Б намайг зорьж ирж өмгөөллийн үйлчилгээ авахыг хүссэн учраас миний бие зөвшөөрсөн, ингэхдээ Б.Б өмгөөлөгчтэй хамтран өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд “өмгөөлөгчдийн хэн аль нь өмгөөллийн үйл ажиллагааг ёс зүйтэй хийж хэрэгжүүлж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж үзнэ шүү гэдгийг харилцан ойлголцож гэрээ байгуулж өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Гэтэл дээрх асуудалтай холбогдуулан гомдлыг шийдвэрлэхдээ хангалттай баримт, материал цуглуулах ажиллагаа хийгээгүй, гомдол гаргагчийн гаргасан гомдлыг шалгах явцдаа болон шалгаж дуусаад материалтай танилцах, санал хүсэлт гаргах эрхийг хангаагүй, тэр тусмаа Мэргэжлийн хариуцлагын хорооны хурлын үед баримт материал гарган өгөхийг хүссэн боловч хүлээн аваагүйд миний бие маш их гомдолтой байна.

2.5.Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдол шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт, материалыг Р.Б надад танилцуулаагүй, хүсэлт, гомдол, нотлох баримт гаргах боломжийг олгоогүйд гомдолтой байна.

Түүнчлэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгч Р.Б, Б.Б бидний тайлбар хэлэх эрхийг хязгаарлаж, тайлбарыг зориудаар таслан зогсоох, анхнаасаа буруутай мэтээр харилцах зэрэг зохисгүй үйлдлүүдийг Мэргэжлийн хариуцлагын хорооны зарим гишүүд гаргаж байсан, энэхүү гомдол гаргаж байгаа мөн оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны тэмдэглэл цаасан хэлбэрээр гараагүй, уг тэмдэглэлийг танилцаж гомдолд тухайлан дурдах боломжийг олгохгүй байсан зэрэг ноцтой зөрчлүүдийг Мэргэжлийн хариуцлагын хороо гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн МТ/28 тогтоолын хариуцагч Р.Б надад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, Р.Б надад холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1.Хариуцагч маргаан хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан, хоёр өмгөөлөгч авсан атлаа эрх ашгаа хамгаалуулж чадаагүй, хууль зүйн туслалцааг бүрэн гүйцэд авч чадаагүй талаар гомдол гаргасан байдаг.

          3.2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ хуралдаан товлохоос өмнө гаргаагүй, гаргаж өгсөн гэх Арбитрын албан бичиг тодорхой бус, шаардлага хангаагүй бөгөөд шүүгчийн туслахад шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй байгаагаа утсаар мэдэгдсэн нь нотлогддоггүй болно.

          3.3.Үйлчлүүлэгчдээ өмгөөллийн үйл ажиллагааныхаа талаар мэдэгдээгүй гэсэн талаар Р.Б үгүйсгэсэн баримтаа Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж өгөөгүй.

          3.4.Мэргэжлийн хариуцлагын хороо Өмгөөллийн тухай хуульд зааснаар чиг үүргээ Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлөөр баталсан журамд нийцүүлэн хамтын зарчмаар Р.Бд холбогдох маргааныг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

          3.5.Ёс зүйн асуудал нь шүүхээр хэрэг шийдвэрлэж байгаатай адилтгаж болохгүй бөгөөд зөвхөн хуулийн байгууллагын нэг болох Өмгөөлөгчдийн холбооны нэг гишүүний ёс зүйн асуудлыг шийдэж байгаа тул энэ мэтчилэн нэр нөлөөгөө ашиглан үйлчлүүлэгчээ төөрөгдүүлдэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөггүй, тууштай эрхийг нь хамгаалдаггүй асуудлыг шийдэх ёстой юм.

Энэ мэт өмгөөлөгчөөс Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөс гадна хуулийн байгууллага, хуульчдын нэр хүнд нийгэмд асар их унаж байх тул өмгөөлөгч Р.Бгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг дахин хэлэлцүүлэхээр тус хороонд буцаав.

1.“Б г” ББСБ-ын захирал О.Г Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан гомдолдоо “…Р.Б өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хурлын аль алинд суугаагүй…” гэх боловч өмгөөлөгч Р.Б, Б.Б нарын тайлбарт 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10.30 цагт товлогдсон Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө үйлчлүүлэгч О.Гээс “томилолтын прокурор орж байна, үндсэн прокурортой хуралд орох хүсэлтэй байна” гэж хурал тулгаж хандсан…” гэх, гэтэл гомдол гаргагч О.Г энэ талаар өмгөөлөгч Р.Бд хэлэхэд “…би хүсэлтээ явуулна, шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулна, чи санаа зовоод хэрэггүй…” гэсэн зөрүүтэй тайлбарууд гаргасан байхад энэ талаар тодруулах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

Учир нь  Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 158 дугаар шийдвэрт “…хариуцагчийн төлөөлөгч О.Г, өмгөөлөгч Б.Б нар нь нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжтой, өмгөөлөгч Р.Бгийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй…” гэсэн нь,

-мөн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны 25 дугаар тэмдэглэлд ирцтэй холбогдуулж О.Гээс “…Би Б өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тул  Р.Б өмгөөлөгчийг чөлөөлье” гэсэн нь тус тус тусгагджээ.

2.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.1-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан, Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд Р.Бгаас үйлчлүүлэгч О.Гтэй гэрээ байгуулснаас хойш цахимаар болон утсаар холбогдож удаа дараа зөвлөгөө өгч байсан талаар тайлбарласан, 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд зааснаар “А” тал гэдэгт өмгөөлөгч Б.Б, Р.Б нар байх бөгөөд өөрөөр хэлбэл тус тусдаа үүрэг хүлээх бус хамтарч ажиллаж байгаа энэ тохиолдолд энэхүү гэрээний хүрээнд үзүүлсэн үйлчилгээг өмгөөлөгч тус бүрээр нь зааглаж болох эсэхэд дүгнэлт өгөөгүй, түүнчлэн 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн гэх эрх зүйн маргаанд зөвхөн шүүх хуралдаанаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцоотой байсан талаарх нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, шалгаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.3-т заасныг баримтлан,

ТОГТООХ нь:

1.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн МТ/28 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Р.Бгийн гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ