Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Б.Солонго,

           Шүүгдэгч: Ч.А- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.А-ад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005033520290 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.А- нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Их хархираа” ХХК-ний хашаанд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.Б-г зодож, түүний биед зүүн 6-р хавирганы зөрүүтэй ташуу хугарал, тархи доргилт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд очиход А- ирсэн байсан. Мөн манай засварчин П- 09 цаг 30 минутын орчимд ажлын байран дээр ирсэн. 11 цагийн ажил орж ирэхээр нь сэлбэг гаргаж өгөөд засварчин П-д өгчхөөд гадуур ажилтай байсан учир гараад явсан. Тэгээд 15 цагийн орчим ажил дээрээ ирэхэд өглөө өгсөн сэлбэг тавигдаагүй байсан ба ажил үйлчилгээ засвараас гарсан байхаар нь энэ юу болов, яагаад өглөө гаргаж өгсөн сэлбэг хэрэглээгүй гадаа байгаа юм гэж П-гээс асуухад “А-ах өөрийнхөө сэлбэгийг тавьж засвар хийсэн” гэхээр нь би А-тай уулзаж яагаад ингээд ажил төрөл хийлгэхгүй байгаа юм гэсэн чинь намайг янз янзаар доромжилж “хохь чинь, би чамайг дээрэлхэх ёстой, чи 3 хүүхэдтэйгээ гудамжинд гарч байхдаа таарсан амьтан, би танай компанид орлого оруулахгүй, намайг байгаа тохиолдолд” гэж хэлэхээр нь би уурлаж “чи энэ сэлбэгийг яагаад тавихгүй байгаа юм хүүхдийн төлбөр мөнгө гээд баахан асуудалтай байхад гэж хэлээд тухайн сэлбэгийг шидэхэд А- уурлаж намайг зодсоноо гараад явсан. Би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. ...Ер нь бол ажил дээр ирэхэд байнга хардаж үүнээсээ болоод зодох мөн хэл амаар доромжлох тохиолдол их байдаг. Толгойн ард дагз хэсэг рүү цохисон. Мөн хавирга руу цохисны улмаас хавирга хугарсан, бөөр, нуруу доргисон. Уруул хэсгээр хавдаж шархалсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч С.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн ажил болох “Их хархираа” ХХК-ний хашаанд 10 цаг өнгөрч байхад ирсэн. ...14 цагийн орчим захирал Бүрэн над дээр ирж ажил хэр орж байна гэснээ ажлын өрөө рүү орсон. Өрөөнд ороод А- ахтай маргалдаж эхэлсэн. Удалгүй А- өрөөнөөсөө гарч гадагшаа гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

Шинжээчийн 12831 тоот дүгнэлтэд: “...Л.Б-гийн биед зүүн 6-р хавирганы зөрүүтэй ташуу хугарал, тархи доргилт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтан нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 45-46/,

Яллагдагчаар Ч.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн гаргасан хэрэг зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй. ...Бүрэнгийн уруул руу цохиж, толгой хэсгийг дарах үед хавирга буюу хэвлий хэсэг рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогчийн өргөдөл /хх-н 8/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 9-11/, хохирлын баримтууд /хх-н 32/, компьютер томографийн оношилгоо /хх-н 33-38/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-67/, хохирогчийн хүсэлт /хх-н 68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ч.А- нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Их хархираа” ХХК-ний хашаанд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.Б-г зодож, түүний биед зүүн 6-р хавирганы зөрүүтэй ташуу хугарал, тархи доргилт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Б-гийн: “...би А-тай уулзаж яагаад ингээд ажил төрөл хийлгэхгүй байгаа юм гэсэн чинь намайг янз янзаар доромжилж “хохь чинь, би чамайг дээрэлхэх ёстой, чи 3 хүүхэдтэйгээ гудамжинд гарч байхдаа таарсан амьтан, би танай компанид орлого оруулахгүй, намайг байгаа тохиолдолд” гэж хэлэхээр нь би уурлаж “чи энэ сэлбэгийг яагаад тавихгүй байгаа юм хүүхдийн төлбөр мөнгө гээд баахан асуудалтай байхад гэж хэлээд тухайн сэлбэгийг шидэхэд А- уурлаж намайг зодсоноо гараад явсан.. ...Ер нь бол ажил дээр ирэхэд байнга хардаж үүнээсээ болоод зодох мөн хэл амаар доромжлох тохиолдол их байдаг. Толгойн ард дагз хэсэг рүү цохисон. Мөн хавирга руу цохисны улмаас хавирга хугарсан, бөөр нуруу доргисон. Уруул хэсгээр хавдаж шархалсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч С.П-гийн: “...14 цагийн орчим захирал Бүрэн над дээр ирж ажил хэр орж байна гэснээ ажлын өрөө рүү орсон. Өрөөнд ороод А- ахтай маргалдаж эхэлсэн. Удалгүй А- өрөөнөөсөө гарч гадагшаа гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 43/, шинжээчийн 12831 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь эхнэр Л.Б-г зодож хөнгөн хохирол санаатай учруулсан тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.А- нь хохирогчтой маргалдаж түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 68/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР