Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/277

 

 

     

   2021             3           17                                            2021/ШЦТ/277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,   

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ц овогт Нын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Нын Ц нь Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...” Олон улсын худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “...” үйлчилгээний газрын урд талын автомашины зогсоол дээр У.Чтой “машины толийг хойш нь гэдийлгэж дарлаа” гэх асуудлаас болж маргалдан, түүний нүүр тус газарт нь цохиж унагаан, нүүр, цээж хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч У.Чын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б, Дариймаа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ...ын урд талын автомашины зогсоол дээр явах гээд зогсож байх үед хажууд зогсож байсан Toyota Hilux маркийн машины жолооч найз бид хоёрыг машиныг нь налаад толь хугалчихлаа гээд загнасан. Бид хоёр шил 0.5 литрийн архи уусан байсан болохоор найз Б нь нэлээн согтуу, би бага зэргийн халамцуу байсан. Би найзыгаа машинд суулгах гэж байгаад үл таних залуугийн машиных нь толийг биеэрээ санамсаргүй шүргээд хойш нь нугалчихсан. Тэгээд тэр үл таних залууд би “чи яасан сүртэй юм бэ, хүнээс илүү юм уначихсан юм шиг” гээд хэлсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд миний зүүн шанаа тус газар гараараа цохисон. Газар унах үед миний нүүр, цээж рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед тэр залуугийн эхнэр нь гарч ирээд “чи хүн аллаа шүү дээ” гээд нөхрийгөө татаад салгасан. Над руу агсраад дахин зодох гээд байхаар нь би цагдаад дуудлага өгөөд, тэр залууг барьж зогсож байгаад цагдаа нарыг ирэхээр хүлээлгэн өгсөн. Миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Тухайн үед эмнэлэгт шинжилгээ өгөхөд нийт 534.090 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлаа намайг зодсон Н.Цаас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр хүлээн авсан учраас одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

 

2. Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз нартайгаа бааранд сууж архи ууж байгаад 23 цаг өнгөрч байхад Ч, Дариймаа хоёртой хамт гэртээ харих гээд 1 дүгээр хорооллын ...ын урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан найзынхаа машинаар хүргүүлэх гээд дуудлагын жолооч дуудаад хүлээж байсан. Тэгтэл бидний хажууд зогсож байсан “Toyota Hilux” маркийн машины толийг нь Ч намайг сугадаад, тухайн машины хажуугаар гарах гэж байгаад санамсаргүй хойшоо нугалчихсан юм шиг байна лээ. Тэрнээс болоод үл ойлголцол гараад, тэр машинд сууж байсан залуу гарч ирээд Чтой муудалцаад байж байтал тэр залуу Чын нүүр рүү гараараа цохиод унагаасан. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

3. Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед байх, найз Ц намайг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу 1 дүгээр хороололд байдаг ...ын гадна хүрээд гэхээр нь би очсон. Ц пиво уугаад бид ойр зуурын юм яриад сууж байтал хажуу талын машинд сууж байсан үл таних хоёр залуу гарч ирээд хоорондоо зууралдаж байгаад Цийн машины толийг нь хойш нугалаад дарчихсан. Ц тэр хоёр залууд хандан “та хоёр машины толь хугалчихлаа, ноцолдохоо болиоч” гэхэд тэр хоёр залуугийн нэг нь “чи юун сүртэй пизда вэ, хүнээс илүү юм уначихсан юм шиг, машин чинь зүгээр л байна шүү дээ” гэсэн чинь Ц машинаасаа буугаад тэр хоёр залуу дээр очиход нэг залуу нь Цийг цохиод авах шиг болсон. Гэтэл Ц тэр залууг нүүр рүү нь хоёр удаа цохисон чинь газар унасан. Тэгэхээр нь би машинаас буугаад Цийг салгаж болиулсан. Тэгээд эргээд машиндаа суутал тэр залуу утсаа гаргаж ирээд цагдаа дуудаад байх шиг байсан. Үл таних хоёр залуу нэлээн согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ын урд талын автомашины зогсоол дээр ...тэр залуу миний толгой буюу зүүн талын хөмсөгний дээд хэсэгт гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд тэр залуугийн толгой, нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Гэтэл нөгөө залуу миний куртикний захаас бариад намайг боохоор нь би эргэж хараад түлхсэн чинь тэр залуу газар унасан. Тэгэхээр нь тэр залуугийн ташаа хэсэгт хоёр удаа зөөлөн өшиглөсөн. Манай найз эмэгтэй машинаас бууж ирээд биднийг салгаад, намайг машин руу суулгасан. Би Ч гэх залуугийн зүүн талын дух болон хамар хэсэгт нь цохиж, газар унахаар нь ташаа хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн. Тэр залуугаас уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1345 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духанд 3х0.9 см улаан ягаан зулгаралттай, зүүн хацар, шанаагаар болон хамрын нуруугаар хаван хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй, цээжний дээд хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн ташаанд 8х7 см улаан ягаан зулгаралттай.

2021.02.05-ны өдрийн Толгойн КТГ-н шинжилгээнд: ...Хамар ясны бяцарсан хугаралтай. Хугарлын харалдаа зөөлөн эдэд хаван хавдартай. Тархины зүүн тал бөмбөлгийн дотор капсул орчим тархины эдэд 0.5х0.5 см хэмжээтэй гиперденс голомттой. ...гэжээ.

Дүгнэлтэд:

1. У.Чын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Нандинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

            6. Хохирогч У.Чоос хэрэгт ирүүлсэн хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

 

7. Хохирогч У.Ч,  яллагдагч Н.Ц нарын гаргасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 76-77 дугаар тал), хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр тогтоол, ял тохиролцсон талаарх прокурорын санал (хавтаст хэргийн 78-80 дугаар тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Н.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 38 дугаар тал), Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51-61 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ц нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “...” үйлчилгээний газрын урд талын автомашины зогсоол дээр У.Чтой “машины толийг хойш нь гэдийлгэж дарлаа” гэх асуудлаас болж маргалдан, түүний нүүр тус газарт нь цохиж унагаан, нүүр, цээж хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч Н.Ц нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Цийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “...” үйлчилгээний газрын урд талын автомашины зогсоол дээр иргэн У.Чтой “машины толийг хойш нь гэдийлгэж дарлаа” гэх асуудлаас болж маргалдан, түүний нүүр тус газарт нь цохиж унагаан, нүүр, цээж хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч У.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найзыгаа машинд суулгах гэж байгаад үл таних залуугийн машиных нь толийг биеэрээ санамсаргүй шүргээд хойш нь нугалчихсан. Тэгээд тэр үл таних залууд би “чи яасан сүртэй юм бэ, хүнээс илүү юм уначихсан юм шиг” гээд хэлсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд миний зүүн шанаа тус газар гараараа цохисон, газар унах үед миний нүүр болон цээж рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. ...эхнэр нь гарч ирээд чи хүн аллаа шүү дээ гээд нөхрийгөө татаад салгасан. ...Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

-гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бидний хажууд зогсож байсан Toyota Hilux маркийн машины толийг нь Ч намайг сугадаад, тухайн машины хажуугаар гарах гэж байгаад санамсаргүй хойшоо нугалчихсан юм шиг байна лээ. Тэрнээс болоод үл ойлголцол гараад, тэр машинд сууж байсан залуу гарч ирээд Чтой муудалцаад байж байтал тэр залуу Чын нүүр рүү гараараа цохиод унагаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц пиво уугаад бид ойр зуурын юм яриад сууж байтал ...үл таних хоёр залуу гарч ирээд хоорондоо зууралдаж байгаад Цийн машины толийг нь хойш нугалаад дарчихсан. Ц тэр хоёр залууд хандан “та хоёр машины толь хугалчихлаа, ноцолдохоо болиоч” гэхэд тэр хоёр залуугийн нэг нь “чи юун сүртэй пизда вэ, хүнээс илүү юм уначихсан юм шиг, машин чинь зүгээр л байна шүү дээ” гэсэн чинь Ц машинаасаа буусан. ...Ц тэр залууг нүүр рүү нь хоёр удаа цохисон чинь газар унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-шүүгдэгч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Ч гэх залуугийн зүүн талын дух болон хамар хэсэгт нь цохиж, газар унахаар нь ташаа хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1345 дугаартай “...У.Чын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд хохирогч У.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Н.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Цийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.Ц нь хохирогч У.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогч У.Чоос толгойн КТГ оношилгоо хийлгэсэн төлбөр 100.000 төгрөг, эм тарианы зардалд 24.800, 840, 1.700, 43.750 төгрөгийн, “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгоо хийлгэсэн төлбөр 320.000 төгрөг, чих, хамар, хоолойн үзлэгийн 35.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 534.090 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ц нь хохирогч У.Чд 700.000 төгрөг хүлээлгэн өгсөн талаарх хүсэлтийг хохирогч бичгээр хэрэгт ирүүлсэн /хх76/  байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Цтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон ба, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцож, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул дээрх саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба улсын яллагчийн дүгнэлттэй шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Н.Ц нар мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.

Шүүгдэгч Н.Ц нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан /хх78/ байх ба, шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрч байгааг илэрхийлж, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Н.Ц нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Н.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Н.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Нын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.00 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Чд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА