Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

 

 

      2021         3              01                                          2021/ШЦТ/209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,  

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Бийн М нь Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “...” ХХК-д усалгаачин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2001 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд ялд багтаан бүгд 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тус шүүхийн шүүгчийн 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            -2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 134/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн  2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;

-2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 63 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын автобусны хуучин эцсийн буудал дээр иргэн Б.Атай “машинаасаа хөөж буулгалаа” гэх шалтгаанаар түүний нүүр тус газар нь духаараа мөргөж, цохиж зодон, хүний эрүүл мэндэд “хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед харих гэхэд Тахилтын автобусны буудал дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөсөн. Тухайн үед автобус зогссон байсан тул зам дөхүүлээд өгье гэж бодоод машиндаа суулгаж, хаана очих талаар асуухад Толгойт орно гэж хэлсэн. Дахин хоёр хүн сууна гэхээр нь би нэгэнт суу гээд хэлчихсэн болохоор бүгдийг нь суулгаад явах замд согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад, чи миний толгойг хагалсан гээд, нөгөө эмэгтэй нь чи миний гарыг гэмтээсэн гээд хэрэлдээд байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын автобусны эцсийн буудал дээр хүргэж иртэл эрэгтэй нь “намайг шууд гэмтлийн эмнэлэг хүргээд өг” гэхээр нь “ах нь та нараас мөнгө авахгүй, би таксинд явдаггүй” гэж хэлээд машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод буу гэж шаардсан. Гэтэл согтуу эрэгтэй нь намайг хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би “та нарыг машин явахгүй хол газраас хүргэж ирсэн, одоо та нар эндээс өөр такси бариад яв” гэж хэлээд зогсож байхад эмэгтэй нь буусан. Би машиныхаа хаалгыг бариад зогсож байхад согтуу эрэгтэй хүн нь шууд миний нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би түүнийг барьж аваад газар унагаж, хөдөлгөөнгүй дарсан. Тэгээд эрүүл залуу нь машинаас цааш гүйгээд явсан бөгөөд удалгүй такси бариад ирчихсэн, хүмүүсээ аваад явах гээд байхаар нь эхнэр цагдаа дуудсан байсан тул нөгөө таксиг явуулсан. Би машинаас буулгах гэтэл буухгүй байсан ба намайг мөнгийг чинь өгнө гээд байхад таксинд явсангүй гээд хэл амаар доромжлоод шууд мөргөсөн. Миний хамар хавдаж, цус их гарсан. Хамар ясанд учирсан гэмтлийг согтуу залуу духаараа нэг удаа мөргөж учруулсан. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн 128.000 төгрөгийн баримт байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-хохирогчоор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн “...Надад томографын зураг авахуулсан 120.000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн баримт байсан, намайг мөргөсөн залуу болох М надад бүрэн барагдуулсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа тул гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дүгээр тал),

 

2. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“...Би нөхөр Аын хамт 22 цаг өнгөрч байхад харихаар явж байхад Тахилтын автобусны эцсийн буудал дээр 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр гар өргөөд зогсож байсан. Тухайн үед ойр орчимд нь машин байхгүй байсан тул нөхөр зам дагуу дөхүүлээд өгье гээд зогсоод хаана очих вэ гээд асуухад дахиад хоёр хүн хамт явж байгаа гэж дуудсан чинь нэлээн согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд суусан. Тэгээд Толгойт хүргүүлнэ гэхээр нь явж байхад согтуу эмэгтэй зам зуур ажлынхаа газрын хүний айлд очсон бололтой согтуу эрэгтэйд хандан “чи миний гарыг хугалсан шүү” гэж хэлсэн чинь согтуу эрэгтэй “чи миний толгой руу аяга шидээд хагалсан, гэмтэл явж үзүүлнэ” гээд байсан. Аыг цааш гэмтлийн эмнэлэг оруулаад өгөөч гэхэд А “би цааш явахгүй” гэхэд “мөнгийг чинь өгнө шүү дээ” гэхээр нь “би та нараас мөнгө авахгүй, Толгойт гэсэн биз дээ” гээд Толгойтын хуучин эцэс дээр ирээд зогссон чинь тухайн хүмүүс буухгүй байсан. Тэгтэл А машинаасаа буугаад хойд хаалга онгойлгон захад сууж байсан согтуу эмэгтэйг буулгаад, залууг буу гээд шаардлага тавихад согтуу залуу Аын нүүр рүү мөргөсөн. А түүнийг газар дарж унагаагаад хөдөлгөөнгүй болгохоор нь би өөрийн гар утаснаас дуудлага өгсөн. Аыг гэмтлийн эмнэлэг оруулж өг гуйлгачин минь гээд орилж хашхираад, хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Аын хамраас нь цус гараад, нүүр нь хавдсан, хамар нь зулгарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 

3. Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө хамт ажиллаж байсан Солонго нөхрийн хамт, Э нөхрийн хамт, М бид хэд Эмээлт орж ажил хийхээр явсан боловч постоор хүн гаргахгүй байсан. Хамт явсан хүмүүс өнөөдөртөө амрах юм чинь ганц шил архи уугаад гэр гэртээ харья гэж ярилцаад дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво гурвыг худалдаж аваад 17 цагийн үед Солонгын гэрт очсон. ...22 цаг өнгөрч байхад бид харих болсон тул Тахилтын автобусны эцсийн буудлаас такси барихаар зогсож байсан ба Э нөхөртэйгээ хамт таксинд суугаад бид хоёрыг дуудахаар нь дөрвүүлээ суугаад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хойно манай гэр рүү очихоор явсан. Тэгээд явж байх үедээ М надаас дахин пиво нэхээд, бид хоёр ялихгүй зүйлээс болоод маргалдаж эхэлсэн. Таксины жолооч ах “битгий хэл ам хийгээд бай пизда нар минь” гээд бидэнтэй зохисгүй харьцсан ба Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин автобусны эцсийн буудал дээр ирж зогсоод биднийг буулгах гээд байсан. Тэгэхээр нь тухайн ахад хандан “бид мөнгийг нь нэмээд өгсөн ч болно, та биднийг гэмтлийн эмнэлэг эсвэл гэрт хүргэж өг” гэж хэлсэн чинь жолооч ах машинаасаа бууж ирээд хойд хаалга онгойлгож намайг татаж буулгаад Мг хувцаснаас нь чирж буулгах үед М түүнийг мөргөх шиг болсон. Нөгөө ах уурлаад чи хамраас цус гаргадаг ямар овоо пизда вэ гээд Мг барьж аваад газар унагасан. Би очоод салгах гэхэд эхнэр нь биднийг загнаад, цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

 

4. Гэрч Б.Хн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамт ажилладаг хүмүүстэй ...пиво ууж сууж байгаад согтоод унтсан байсан. Ямар нэгэн зүйл санахгүй байгаа бөгөөд миний санаж байгаагаар ганцаараа такситай гэртээ ирж байсан. Би эхнэрээс юу болсон талаар асуугаад “хаана байгаа юм” гэхэд “цагдаа дээр байна, чи хаашаа явчихдаг юм, М ах таксины жолоочтой маргаан үүсгээд цагдаа дээр байна” гэж хэлсэн. Эхнэр орой нь гэртээ орж ирээд “М ах мөргөсөн чинь нөгөө хүний хамраас цус гарсан” гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

 

5. Гэрч Ц.Эы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамт ажилладаг хүмүүсийн хамт ...уусан. М ахын эхнэр нь Солонго эгчтэй ажлаас болоод мэтгэлцээд байсан учир согтуудаа хэрүүл болж магадгүй гэж бодоод Хг дуудаж сэрээгээд гарах гэхэд М ах эхнэрийн хамт гэр рүүгээ дөхье гэхээр нь бид дөрөв гэрээс гарч явж байх зуур М ахын гэрт очихоор болсон. Тахилтын автобусны эцсийн буудал дээрээс такси барих гээд зогсож байхад М ах эхнэрийн хамт бид хоёроос зайтай зогсоод хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд би Хг сугадаад замын хажууд зогсож байхад нэг машин ирж зогсоод хаана очих вэ гэхээр нь Толгойт орох гэсэн юм гэхэд суу гээд Х бид хоёрыг суулгахаар нь дахиад хоёр хүн байгаа гэж хэлээд суулгасан. М ах эхнэртэйгээ маргалдаад яваад байсан чинь жолооч ах уурлаад дуугүй яв гээд байсан ба Толгойтын автобусны хуучин эцэс дээр ирж зогсоод машинаас буу гэхэд М ахын эхнэр цаашаа хүргээд өгчих, би мөнгийг нь нэмээд өгнө гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь нөхөр Х машинаас гараад явчихсан. Түүнээс хойш удалгүй жолооч ах машинаасаа өөрөө буугаад М ахыг эхнэрийн хамт татаж буулгах үед М ах түүнийг мөргөсөн бололтой, жолооч ахын хамраас цус гараад “чи миний хамраас цус гаргалаа” гэж орилоод М ахыг газар унагаад дарж суугаад байсан. Эхнэр нь биднийг загнаад, орилж хашхираад, цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

 

6. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эмээлт зах орж ажиллахаар эхнэр О, хамт ажилладаг Нараа, түүний эхнэр Солонго, мөн Э, түүний нөхөр Шагай нарын хамтаар явсан боловч биднийг хотоос гаргахгүй байсан болохоор Тахилтын эцэст байдаг Нараагийн гэрт очиж хоол, цай идэж уух зуураа хэдэн пиво уугаад салцгаахаар болсон. ...ууж байхад хүүхнүүд хоорондоо таарамжгүй байдал үүсгэх гээд байхаар нь эхнэр бид хоёр явах гэхэд Хг орон дээр унтаж байхад эхнэр нь босгоод бид харих гээд гэрээс нь гарсан. Би эхнэрээс дахиад нэг пиво аваад өгчих гээд гуйсан чинь үгүй гээд уурлаад байхаар нь бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгээд нөгөө хоёр такси барьсан байхаар нь хамт суугаад гэртээ хүргүүлэх гээд явж байхдаа би Огаас дахин пиво нэхээд эхнэрийн уурыг хүргээд явсан чинь жолооч ах уурлаад бидэнтэй хүндэтгэлгүй харьцаж, машинаас чирч буулгахаар нь уурандаа нэг удаа мөргөхөд намайг дарж унагаад, чи хамраас цус гаргалаа, намайг зодлоо гээд орилоод байсан. Эхнэр намайг өмөөрөөд босох гэхэд жолоочийн эхнэр нь бололтой хамт явсан эмэгтэй орилж хашхираад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-125 дугаар тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13117 тоот дүгнэлтэд:

                 Хэсэг газрын үзлэгт: Хамрын хянганы дунд хэсэгт 0.4х0.2 см, 0.3х0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, орчны эд болон дээд хэсгээр 2.5х2.5 см талбайд хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдаж овойсон, тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй.

                 Дүгнэлтэд: “...Б.Аын биед хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Бадрал/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

 

             Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            8. Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 96-97 дугаар тал), түүний ял шийтгэгдэж байсан талаарх таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 99-117 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 80 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 82 дугаар тал),  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 86-88 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 89-95 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын автобусны хуучин эцсийн буудал дээр иргэн Б.Атай “машинаасаа хөөж буулгалаа” гэх шалтгаанаар түүний нүүр тус газар нь духаараа мөргөж, цохиж зодон, хүний эрүүл мэндэд “хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч Б.М нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын автобусны хуучин эцсийн буудал дээр иргэн Б.Атай “машинаасаа хөөж буулгалаа” гэх шалтгаанаар түүний нүүр тус газар нь духаараа мөргөж, цохиж зодон, хүний эрүүл мэндэд “хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөсөн. ...Толгойт орно гэж хэлсэн. ...Толгойтын автобусны эцсийн буудал дээр хүргэж иртэл эрэгтэй нь “намайг шууд гэмтлийн эмнэлэг хүргээд өг” гэхээр нь ... “би таксинд явдаггүй” гэж хэлээд машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод буу гэж шаардсан. ...Би машиныхаа хаалгыг бариад зогсож байхад согтуу эрэгтэй хүн нь шууд миний нүүр рүү мөргөсөн. ...Миний хамар хавдаж, цус их гарсан. Хамар ясанд учирсан гэмтлийг согтуу залуу духаараа нэг удаа мөргөж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дүгээр тал),

-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрэгтэй, эмэгтэй хоёр гар өргөөд зогсож байсан. Толгойт хүргүүлнэ гэсэн. ...Толгойтын хуучин эцэс дээр ирээд зогссон чинь тухайн хүмүүс буухгүй байсан. ...А машинаасаа буугаад ...согтуу эмэгтэйг буулгаад, залууг буу гээд шаардлага тавихад согтуу залуу Аын нүүр рүү мөргөсөн. ...Аын хамраас нь цус гараад, нүүр нь хавдсан, хамар нь зулгарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Толгойтын хуучин автобусны эцсийн буудал дээр ирж зогсоод та нар буу гээд биднийг буулгах гээд байсан. ...Мг хувцаснаас нь чирч буулгах үед М түүнийг мөргөх шиг болсон. Нөгөө ах уурлаад чи хамраас цус гаргадаг ямар овоо пизда вэ гээд Мг барьж аваад газар унагасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),

-Гэрч Б.Хн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... М ах таксины жолоочтой маргаан үүсгээд цагдаа дээр байна гэж хэлсэн. Эхнэр орой нь гэртээ орж ирээд “М ах мөргөсөн чинь нөгөө хүний хамраас цус гарсан” гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-Гэрч Ц.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...нэг машин ирж зогсоод хаана очих вэ гэхээр нь Толгойт орох гэсэн юм гэхэд суу гэсэн. ...Толгойтын автобусны хуучин эцэс дээр ирж зогсоод машинаас буу гэсэн. ...жолооч ах машинаасаа өөрөө буугаад М ахыг эхнэрийн хамт татаж буулгах үед М ах түүнийг мөргөсөн бололтой, жолооч ахын хамраас цус гараад “чи миний хамраас цус гаргалаа” гэж орилоод М ахыг газар унагаад дарж суугаад байсан. Эхнэр нь биднийг загнаад, орилж хашхираад, цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...Такси барьсан.  ...жолооч ах уурлаад бидэнтэй хүндэтгэлгүй харьцаж, машинаас чирч буулгахаар нь уурандаа нэг удаа мөргөхөд намайг дарж унагаад, чи хамраас цус гаргалаа, намайг зодлоо гээд орилоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-125 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13117 тоот “...Б.Аын биед хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогч Б.Ааас хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М нь урьд гурван удаагийн ял шийтгэлтэй, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу дүгнэлтдээ “Улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг бууруулах саналтай байна. Миний үйлчлүүлэгч хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан Б.Мд 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд гурван удаа ял шийтгүүлж байсан байх ба сүүлд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 63 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан байх ба, уг ялын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал буюу шүүгдэгч нь 2019 онд ял шийтгэгдэж уг ялыг эдэлж дууссанаас хойш 27 хоногийн дараа дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналыг багасгах үндэслэл тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, сард 1.350.000 төгрөгийн цалин хөлстэй гэх байдал, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА