Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2017/00329

                      Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баягнол дүүрэг, 17-р хороо, 66-5 тоотод оршин суух Готов овогт Батсүхийн Ашигжаргал /КН84031170/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 хороо, 1 хороолол, 1-204 тоотод оршин суух Тангууд овогт Нямын Мөнхбат /ДН75101114/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, 7 хэсэг, маршал таун, 114 байр 2 тоотод оршин суух Боржигон овогт Чагдарын Пүрэвзана /ТЗ62120577/ нарт холбогдох 30,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ашигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр, хариуцагч Ч.Пүрэвзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ашигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

“ ... Б.Ашигжаргал нь 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Л.Болормаатай зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авахаар тохиролцон гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар хүлээж авсан. Дээрх мөнгийг хүлээж авсан тэр өдрөө иргэн Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нартай аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ч.Пүрэвзана өөрийн өмчлөлийн Кадиллак маркийн машинаа барьцаанд тавихаар тохирч, мөн өдрөө уг машины эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Машины өмчлөх эрхийг шилжүүлж, бүртгэлийн газарт бүртгүүлсэний дагуу Б.Ашигжаргал миний данснаас 30 сая төгрөгийг Н.Мөнхбатын дансанд шилжүүлсэн. Зээлийг эгүүлэн өгөх хугацаа буюу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Ашигжаргал миний бие үүрэг гүйцэтгэгч нараас зээлээ төлөхийг шаардахад зээлээ төлөх боломжгүй болсон, барьцаанд тавьсан машинаа зарж байж зээлээ төлье гэсэн саналыг тавьсан. Ингээд машины техникийн гэрчилгээнд бичигдсэн өмчлөх эрхийг Ч.Пүрэвзана өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авсан. Зээлдэгч Ч.Пүрэвзана, Н.Мөнхбат нар нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, зээл, зээлийн хүүг өнөөг хүртэл төлөхгүй намайг хохироож байна. Хэрэв энэ хоёр хариуцагч анх тохирсоноороо зээлээ хугацаандаа төлчихсөн бол би шүүхийн шийдвэрээр Болормаад хүү, алданги төлж хохирохгүй байсан. 

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу 30 сая төгрөгийг сарын 6 хувийн хүү буюу нэг сарын 1,800,000 төгрөгөөр тооцож, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй 25,400,000 төгрөгийн үнийн дүнд тохирсон хүү нэхэмжилж байна. Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нар нь зээл төлөх хүсэл зоригоо илэрхийлж, 30 сая төгрөгийг шилжүүлэн авч, Л.Болормаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу 6 хувийн хүүг нэмж төлнө гэдгээ зөвшөөрч авсан. Мөнхбатад миний дансаар мөнгө шилжсэн талаар банкны баримт хэрэгт байгаа. Иргэний хуулийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу 25,200,000 төгрөгийг хариуцагч Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нараас нэхэмжилж байна.

Хариуцагч нар нь 2012 оны 11 сарын 14-ний өдөр Б.Ашинжаргалаас зээлж авсан үндсэн зээл 30 сая төгрөгөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.Мөнхбат нь 25,200,000 төгрөгийг төлсөн бөгөөд харин 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 256 дугаар шүүгчийн захирамжаар Н.Мөнхбатын Ч.Пүрэвзанад холбогдуулан гаргасан 30 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ч.Пүрэвзана нь 30 сая төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч баталсан байх тул үндсэн зээлийн үлдэгдэл зөрүү 5 сая төгрөгийг Н.Мөнхбатаас нэхэмжилж байна.” гэжээ.


            Хариуцагч Н.Мөнхбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа

“2012 онд Ч.Пүрэвзана мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлэх хүн байна уу гэж надад хандсан. Тухайн үед би хувиараа мөнгө зээлдэг Л.Болормаа гэдэг хүний танил Б.Ашигжаргалаар дамжуулан Ч.Пүрэвзаныг Болормаатай холбож өгсөн. Гэтэл Болормаа нь танихгүй хүнд мөнгө зээлдүүлэхгүй гээд зээлийн гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б.Ашигжаргалтай байгуулсан. Ингээд энэ өдөр Болормаа Ашигжаргалд 30 сая төгрөг зээлдүүлж гэрээ байгуулан мөнгийг Ашигжаргал руу шилжүүлсэн. Пүрэвзана Хадгаламж банкны данс байхгүй учраас миний Хадгаламж банкны дансаар дамжуулан мөнгийг авъяа гэхээр нь би зөвшөөрч зээл олгосны шимтгэл суутгасан гээд тухайн үед Ашигжаргалаас миний дансанд 29,850,000 төгрөг шилжүүлсэн байсныг би авч энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авалгүйгээр бүгдийг нь Ч.Пүрэвзанад өгсөн. Ч.Пүрэвзана зээлийн барьцаанд өөрийн кадиллак машинаа тавьсан гэж байсан. Мөнгийг би аваагүй  болохоор Пүрэвзана зээлээ эгүүлэн төлөөд Болормаа, Ашигжаргал нартай учраа олсон байх гэж бодож явтал 2014 оны зун Болормаа нь Ашигжаргал бид хоёрыг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 4248 дугаар шийдвэрээр Ашигжаргал бид хоёроос 50,400,000 төгрөг гаргуулан Болормаад олгох шийдвэр гаргасан. Ингээд бид Пүрэвзаны өмнөөс Болормаад шүүхийн шийдвэрээр мөнгө төлөх болсон тул Ч.Пүрэвзанаас 30 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхэд гаргахад Пүрэвзана нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлөөр баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй ч гэсэн Болормаад 26,795,000 төгрөг төлж барагдуулсан. Миний бие Ашигжаргалаас 30 сая төгрөг шилжүүлж авсан гэхдээ энэ мөнгийг өөртөө ашиглаагүй, бүгдийг Пүрэвзанад шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжлээд байгаа боловч Ашигжаргал, Мөнхбат, Пүрэвзана нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх юм бол Мөнхбат үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Мөнхбат 26,795,000 төгрөгийг төлөөд үүргээ хангалттай гүйцэтгэсэн, мөн Мөнхбатад Пүрэвзана 30 сая төгрөг төлөхөөр эвлэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байгуу учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

Хариуцагч Ч.Пүрэвзана шүүхэд гаргасан тайлбартаа

“2012 онд мөнгө хэрэг болоод өөрийн танил Н.Мөнхбатад хандахад Мөнхбат хувиараа мөнгө зээлдэг Болормаа гэдэг хүнээс 29,850,000 төгрөг зээлж өгсөн юм. Гэхдээ энэ мөнгийг Болормаагаас аваагүй Ашигжаргалаас авсан. Зээл төлөх хугацаа болоод би Болормаагийн дэлгүүр дээр очоод энэ асуудлыг шийдье гэхэд барьцаанд тавьсан миний кадиллак машины түлхүүрийг алга болгосон байсан. Дараа нь Болормаа миний машины түлхүүрийг олсон гэхээр нь очсон миний машины цонхны шилийг хагалсан, мөргөлдүүлсэн байсан. Болормаа Ашигжаргалд мөнгө шилжүүлсэн, Ашигжаргалаас Мөнхбатын дансруу мөнгө шилжсэн, Мөнхбат над руу шилжүүлсэн. Би мөнгийг хүлээж авсан гэхдээ би Мөнхбаттай 30 сая төгрөг төлөх гэрээ байгуулаад, би Мөнхбатаас мөнгө хүлээн авсанаа хүлээн зөвшөөрч бид эвлэрч, энэ асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Энэ асуудлаас болж Ашигжаргал хохирч байгаа нь үнэн. Гэхдээ Ашигжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн үүрэг, эрх зүйн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ашигжаргал нь хариуцагч Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нарт холбогдуулж нийт 30,200,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээг амаар байгуулж, 6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул хүүгийн төлбөр 25,200,000 төгрөгийг хариуцагч нараас, үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг мөн хариуцагч Н.Мөнхбатаас нэхэмжилнэ гэжээ. 

 

Нэхэмжлэгч нь анх хариуцагч нарт холбогдуулж Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үүргээ  хугацаандаа гүйцэтгээгүй учир хүүгийн төлбөр болон зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр шаардсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодруулбал,

 

Иргэн Л.Болормаа, нэхэмжлэгч Б.Ашигжаргал нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, Л.Болормаа нь нэхэмжлэгчид 30,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Болормаа нь Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нарт холбогдуулж нэхэмжлэл гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаар шийдвэрээр Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нараас 50,400,000 төгрөг гаргуулан Л.Болормаад олгохоор шийдвэрлэсэн. Мөн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаар шүүгчийн захирамжаар Н.Мөнхбатын Ч.Пүрэвзанад холбогдуулан гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ч.Пүрэвзана нь 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Л.Болормаа 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу Б.Ашигжаргалд шилжүүлсэн, Б.Ашигжаргал 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Н.Мөнхбатад 29,844,850 төгрөг шилжүүлсэн, Н.Мөнхбат нь уг мөнгийг Ч.Пүрэвзанад шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон.  Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Л.Болормаа Б.Ашигжаргал нарын, Н.Мөнхбат Ч.Пүрэвзана нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн үйл баримттай холбоотой харилцаа тус тус эцэслэн шийдвэрлэгджээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нар нь 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надаас 30,000,000 төгрөг зээлж, Л.Болормаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу 6 хувийн хүүг нэмж төлнө гэдгээ зөвшөөрч авсан ... иймд 30,000,000 төгрөгийн сарын 6 хувийн хүү буюу нэг сарын 1,800,000 төгрөгөөр тооцож, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй 25,400,000 төгрөгийн үнийн дүнд тохирсон хүүгийн төлбөрийг Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нараас, ... Б.Ашигжаргал надаас авсан үндсэн зээл 30,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт 5,000,000 төгрөгийг Н.Мөнхбатаас тус тус нэхэмжилнэ ... “ гэж, хариуцагч Н.Мөнхбат    “ ... бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учир хүү шаардах эрхгүй, ... энэ асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа ... “, хариуцагч Ч.Пүрэвзана “ ... Ашигжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй, би мөнгийг Мөнхбатаас авсан учир түүнд л өгнө ... “ гэж маргажээ.     

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Н.Мөнхбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар,

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно, хуулийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.”, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус заасны дагуу гэрээ байгуулсанд тооцох урьдчилсан нөхцөл нь гэрээний тал бүр нөгөөдөө хандсан хүсэл зоригийн илэрхийлэл, мөн тэдний илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хоорондоо харилцан тохирсон байх явдал юм.

 

Нэхэмжлэгчийн “ ... 30,000,000 төгрөгийг Н.Мөнхбат аман хэлбэрээр гэрээ байгуулж зээлж авсан ... “, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ ... Б.Ашигжаргал зээл олгосны шимжтгэл гэж суутгаад 29,844,850 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, бидний хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй ... “, хариуцагч Ч.Пүрэвзанын “ ... 30,000,000 төгрөгийг Ашигжаргалаас Мөнхбат авч, Мөнхбатаас би шилжүүлж авсан, зээлийн барьцаа болгож би өөрийн кадилак маркийн автомашины өмчлөх эрхийг Ашигжаргалын нэр дээр шилжүүлсэн, тэр хохирч байгаа нь үнэн ... “ гэх тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Ашигжаргалаас Н.Мөнхбатад 29,844,850 төгрөг шилжүүлсэн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн банкны баримт зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Ашигжаргал хариуцагч Н.Мөнхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шийдвэрээр Л.Болормаагийн нэхэмжлэлтэй, Б.Ашигжаргал, Н.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой үйл баримтыг шийдвэрлэсэн байх ба дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь Б.Ашигжаргалаас Н.Мөнхбатад холбогдуулж гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй гэж үзлээ.

 

Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчмын дагуу нэхэмжлэгч Б.Ашигжаргал Л.Болормаагаас зээлийн гэрээний дагуу шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг бусдад дамжуулан зээлдсэн үйлдэл нь бие даасан шинжтэйгээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх цаашлаад үүргийн харилцааны үндэслэл болно. 

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, түүний хүүг буцаан шаардах эрхтэй, хариуцагч Н.Мөнхбат нэхэмжлэгчээс баримтаар шилжүүлэн авсан 29,844,850 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Харин Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж зааснаар хариуцагч Н.Мөнхбат хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 25,200,000 төгрөг төлөхөөр болсныг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөнд тооцох нь зүйтэй тул хэлцлийн дагуу шилжүүлэн авсан 29,844,850 төгрөгөөс үлдэх 4,644,850 төгрөгийг хариуцагч Н.Мөнхбатаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, хуулийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Мөнхбаттай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүү шаардах эрхгүй.

 

Харин нэхэмжлэгчийн “ ... тохирсон хугацаандаа Мөнхбат мөнгөө төлөөгүй, 1 жил өнгөрсний дараа Ч.Пүрэвзана, Н.Мөнхбат, Мөнхзориг нарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн ... Мөнхбат, Пүрэвзана нар тохирсон ёсоор зээлээ хугацаандаа төлсөн бол миний бие шүүхийн шийдвэрээр Болормаад зээлийн хүү төлж хохирохгүй байсан ... “ гэх тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй бөгөөд хариуцагч Ч.Пүрэвзана “ ... Ашигжаргал хохирч байгаа нь үнэн ... “ гэжээ.

 

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол” үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, хуулийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4248 дугаартай шийдвэрээр Л.Болормаад олгохоор шийдвэрлэсэн 50,400,000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.Ашигжаргалын төлбөрт ногдох хэсэг 25,200,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролд тооцож, хариуцагч Н.Мөнхбатаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Хариуцагч Ч.Пүрэвзанад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар,

 

Нэхэмжлэгч Б.Ашигжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Ч.Пүрэвзана 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н.Мөнхбаттай хамтарч 30,000,000 төгрөг зээлж авсан, Л.Болормаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу 6 хувийн хүүг нэмж төлнө гэдгээ зөвшөөрч авсан тул төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй 25,400,000 төгрөгийн үнийн дүнд тохирсон хүүгийн төлбөрийг Н.Мөнхбаттай хамтарч хариуцах ёстой гэжээ.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасан ба Б.Ашигжаргал болон хариуцагч Ч.Пүрэвзана нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар зээлийн гэрээ харилцаа нь нэхэмжлэгч Б.Ашигжаргал, хариуцагч Н.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан нь тогтоогдож, мөнгийг Ч.Пүрэвзана хамтран зээлсэн гэх үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах үүрэгтэй нь хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдохгүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Нөгөө талаар 30,000,000 төгрөгийг Ч.Пүрэвзана Б.Ашигжаргалаас бус Н.Мөнхбатаас шилжүүлж авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаар захирамж гарч Н.Мөнхбатын Ч.Пүрэвзанад холбогдуулан гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ч.Пүрэвзана нь 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталжээ. 

 

Иймд нэхэмжлэгч Б.Ашигжаргалын гаргасан хариуцагч Ч.Пүрэвзанад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Тодруулбал шүүх хариуцагч Н.Мөнхбатаас нийт 29,844,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ашигжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Ч.Пүрэвзанад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нар гардан авч, танилцсан ба хуульд заасан хугацаа авахгүйгээр нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шинээр гаргах нотлох баримт болон санал, хүсэлт байхгүй, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тангууд овогт Нямын Мөнхбатаас 29,844,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Готов овогт Батсүхийн Ашигжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 355,150 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ч.Пүрэвзанад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжаас 308,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,000 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Н.Мөнхбатаас тэмдэгтийн хураамж 307,174 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Б.Ашигжаргалд олгосугай.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ЛХАГВАСҮРЭН