| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0078/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шажинхүүгийнхэн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2010022581048 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-3, аав, хүүгийн хамт, Улаанбаатар хот ******* дүүрэг 1 дүгээр хороо ******* 66 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Шажинхүүгийнхэн овогт *******ын ******* РД: /*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.******* нь “Эко *******” ХХК-д нярваар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “******* ” хотхоны барилга дээр өөрийн итгэмжлэн хариуцаж байсан барилгын материал 12 хайрцаг паркетан шал, 6 ширхэг плита, 6 боодол обой зэргийг завшиж, 1.522.290 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ................ гэв.
Эрүүгийн 2010022581048 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-27-р хуудас/,
Гэрч Ш.н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 79-р хуудас/,
Эко ******* ХХК-ийн захирлын тушаалууд, анкет, ******* тауэр 3-1 барилгын бараа материалын тооллогын тайлан, Эко ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 50-58-р хуудас/,
Эд мөрийн баримт сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 5-12-р хуудас/,
Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.*******ын мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69-71-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ц.******* нь “Эко *******” ХХК-д нярваар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “******* ” хотхоны барилга дээр өөрийн итгэмжлэн хариуцаж байсан барилгын материал 12 хайрцаг паркетан шал, 6 ширхэг плита, 6 боодол обой зэргийг завшиж, 1.522.290 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэгт: 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Эко Констракшн” ХХК-ийн Барилга-3 бригадын нярав ажилтай Ц.******* нь компанийн эзэмшлийн 147 тоо ширхгийн 1.522.290 төгрөгийн бараа материалыг ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах компанийн ******* ын 3/1 барилгын агуулахаас зөвшөөрөлгүй хулгай хийж авч явсан. Уг асуудлын дагуу компаниас нярав Ц.*******ийн хариуцдаг агуулахад комисс байгуулж тооллого хийж үзэхэд 216 нэр төрлийн 31.520 тоо ширхгийн 229.025.845 / хоёр зуун хорин есөн сая хорин таван мянга найман зуун дөчин таван/ төгрөгийн бараа материал дутсан. Уг тооллогод нярав Ц.*******ийг хамруулахаар удаа дараа дуудсан боловч ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй таг болчхоод байгаа юм. Манай компаниас уг тооллогоор дутагдсан бараа материалыг хулгайлсан байж болзошгүй гэж үзэж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. 2019 оны 08 дугаар сарын 06-нд анх ажилд орсон.Одоо бараг 2 жил орчим ажиллаж байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 22-нд хулгайлан авч явж байгаа тухай камерын бичлэгээр болон манай компанийн аюулгүй байдлын албаныхан олж тогтоосон байсан. Ц.******* нь нийт 1.522.290 төгрөгийн барааг өөрийн машиндаа агуулахаас ачиж явсан. Манай компаниас комисс гаргаж 2020 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдийн хооронд тооллого хийхэд нийт 216 нэр төрлийн 31.520 тоо ширхгийн 229.025.845 сая төгрөгийн бараа материал дутсан байгаа юм.Уг бараа дутсан гэх агуулахыг нярав Ц.******* гэх ажилтан ганцаараа хариуцдаг байсан. Ер нь бол ажиллаж байгаа.Гэвч 2020 оны 10 дугаар сарын 23-ны тооллого эхлэх өдөр байсан боловч маргаашаас нь ажилдаа ирэхгүй 80070764 дугаарын утас руу нь залгахад ирэхгүй худлаа яриад, шалтаг шалтгаан хэлээд яваад байгаа. Агуулахаас нь бараа дутагдаж байгаа талаар Ц.******* нь өөрөө мэдэж байгаа. ...*******ийг тухайн үед нярваар ажилд оруулахад барилгын бараа материалыг хүлээлгэж өгсөн. Тус баримтыг аудитын компани өгсөн байгаа. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******ийн зөвшөөрөлгүй авч авсан барилгын материалыг бүрэн хүлээж авсан. Тухайн үед ******* тус барилгын материалын өөрийн байшиндаа оруулаад тавьсан байсан. Одоогоор ******* өөрийн хариуцсан бичиг баримтыг бараа материалыг хүлээлгэн өгч гарын үсэг зурж албан ёсоор хүлээлцэж аваагүй байгаа. Дуудахаар ирэхгүй, завгүй байна гэдэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-27-р хуудас/,
Гэрч Ш.н мөрдөн байцаалтад өгсөн: “...54-52 УАК улсын дугаартай “HARRIER” маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дүү ******* над руу залгаад манай ажил дээр хүрч ирээд нэг барилгын материал зөөгөөд өгөөч гэж хэлсэн. Түүний дагуу Хан-Уул дүүргийн “Маршил таун” дээр өдөр очсон санагдаж байна. ******* Маршил-н нэг давхрын гарааш руу хамт орсон надад бол илүү дутуу юм яриагүй. Ажлаасаа худалдаж авч байгаа юм цалингаасаа хасуулаад хэдэн барилгын обой, пилта, пракетыг авч өөрийн байшиндаа засвар хийх гэж байгаа юм гэж хэлсэн. Ингээд тухайн үед тус хотхоны хамгаалагч хүртэл ирээд шалгаад явсан. Машины арын суудалд *******ийн аччих гэсэн барилгын материалыг ачаад ******* дүүргийн 1 дүгээр хороо *******ын 66-8 тоотод очиж *******ийн засвар хийж байгаа байшин дотор оруулж тавьсан. Ингээд сүүлд би ******* дүүг ажлаасаа зөвшөөрөлгүй барилгын материал авсан мэдсэн. ******* надад ажлаасаа хямд үнээр зээлээр авч байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1.522.290 төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 79-р хуудас/,
Эко ******* ХХК-ийн захирлын тушаалууд, анкет, ******* тауэр 3-1 барилгын бараа материалын тооллогын тайлан, Эко ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 50-58-р хуудас/,
Эд мөрийн баримт сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Ц.******* нь Маршал таун хотхоны нэг давхрын подвалын өрөөнөөс саарал өнгийн тээврийн хэрэгслийн арын багаж руу барилгын материал ачиж байв...”, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 5-12-р хуудас/,
Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би тус компанид 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нярваар ажиллаж ******* таур хотхоны 3, 4, 6 дугаар блокуудаа бараа материалын агуулахуудыг хариуцан ажилладаг. 2020 оны 10 дугаар сарын 22-нь өдөр ******* таур 3/1 барилгын агуулахын Б2 давхрын харанхуй өрөөнөөс 12 хайрцаг паркетан шал, 6 ширхэг плита, 6 боодол обой зэрэг эд зүйлсийг хүргэн ах н 54-51УАК улсын дугаартай Тоёота “харрер” маркийн машинд ачуулж явсан нь үнэн. Дансгүй болохоор нь авчихсан. ...Би хүргэн ах д ажлаасаа хямдхан худалдаж авч байгаа юм гэж хэлсэн. Манай хүргэн ах тус машиныг зарсан гэж хэлж байсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дур мэдэж авсан барааг буцаан өгсөн. өөр бараа бол авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.******* нь “Эко Констрашн” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан барилгын материалаас 12 хайрцаг паркетан шал, 6 ширхэг плита, 6 боодол обой зэрэг нийт 1.522.290 төгрөг завшсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь “Эко *******” ХХК-д 1.522.290 төгрөгийн хохирол учруулсан ба хувьдаа завшсан гэх бараа материалын бүрэн буцааж өгсөн байх тул шүүгдэгч Ц.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Ц.*******ийн ажлыг хүлээлцэхэд тооллогоор 10 сая төгрөгийн зөрүү гарсан тул нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Ц.******* нь “нярвын ажил хүлээж авахад агуулахад байсан цементийг нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгөөгүй мөн надад хүлээлгэж өгсөн гэх төмөр нь байгууллагын хашаанд байсан боловч инженер авч хэрэглэсэн байсан” гэсэн тайлбар бүхий мэдүүлэг гаргав. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.*******ийг 10.000.000 төгрөгийн бараа материал завшсан гэх баримт авагдаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нөгөөтээгүүр завших гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөгчид нь буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил захиран зарцуулж хууль бус эзэмшил тогтоосон байдаг. Харин эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд, өмчлөгчийн хооронд эд хөрөнгө хүлээлцэхэд гарсан тооллого, тооцооны зөрүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай хамааралгүй тул хамтатган шийдвэрлэхгүй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,
Шүүгдэгч Ц.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...2700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, тэрээр жирэмсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шажинхүүгийнхэн овогт *******ын *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.*******ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
6. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР