Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1203

 

 

Д.Ганбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00659 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ганбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Батцоожид холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Э.Батцоожийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Э.Батцоож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Батцоожид 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Э.Батцоож нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ төлж чадаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг гаргасан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сунгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Э.Батцоожид гэрээний дагуу 8 900 000 төгрөгийг дансаар, 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн, 800 000 төгрөгийг нэг сарын хүүгээ урьдчилаад төлж байна гэж хэлээд авсан. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж талууд гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийтдээ 5 600 000 төгрөгийг төлсөн, энэ асуудлаар маргахгүй. Харин зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй хохироож байна. Зээлээ төлөх талаар удаа дараа шаардлага тавьдаг боловч янз бүрийн шалтаг тоочиж өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч Э.Батцоожоос үндсэн зээл 10 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги гэрээнд заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 279 хоногийн өдрийн 10 000 000 төгрөгийн 0.5 хувиар тооцож 13 950 000 төгрөг нэхэмжлэхээс иргэний хуульд заасны дагуу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Ганбаттай ярилцаж тохироод 10 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлхээр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж зээлж авсан нь үнэн болно. Тухайн үед миний бие 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба гэрээний дагуу сар бүрийн 1-нд 800 000 төгрөгийн хүүг хугацаанд төлж байгаад дахин 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл гэрээний хугацааг сунгасан. Гэтэл миний бизнест асуудал гарч 8 нэрийн зөвшөөрлөө хураалган, цаашид 8 нэрийн дэлгүүр ажиллуулах боломжгүй болсоноор дэлгүүрийн үйл ажиллагаа доголдон, дахин зөвшөөрөл хөөцөлдөж 6 нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл авч ажиллуулж байтал 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цахилгааны улмаас гал гарч дэлгүүрийн үйл ажиллагаа бүрэн зогссоноор банкны болон Д.Ганбатын зээлийг төлөх боломжгүй болсон. Д.Ганбатад 1 800 000 төгрөгийг өгсөн бөгөөд нийт 5 600 000 төгрөгийг төлсөн болно. Миний бие эхлээд эхнэрээ эмчлүүлээд дараа нь өр төлбөрөө барагдуулах болно. ...Д.Ганбатаас 10 сая төгрөг зээлэх талаар зээлийн гэрээ байгуулагдсан боловч дансаар 8 900 000 төгрөгийг шилжүүлж, дараа нь 300 000 төгрөг бэлнээр өгсөн, нийт 9 200 000 төгрөг өгсөн. Яагаад ингэж дутуу өгч байгаа талаар асуухад 7 дугаар сарын хүүгээ урьдчилж авсан гэж тайлбарласан. Би 2015 оны 7 дугаар сарын хүүгийн төлбөрт 800 000 төгрөг өгсөн ба нэг сард хоёр удаа хүү төлсөн. Д.Ганбат өөрөө зээлийн гэрээгээ ийнхүү зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэрээ байгуулагдсан гэж үзэх тул алданги тооцох ёсгүй гэж үзэж байна. Тиймээс үндсэн зээл 8 900 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тайж овогт Энхбатын Батцоожоос 13 128 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогт Долгорын Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 872 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батцоожоос тэмдэгтийн хураамж 223 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ганбатад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Батцоож давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Ганбаттай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлэн авч өөрийн бизнестээ хэрэглэхээр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд мөнгөн дүн, хүү, хугацаа, алданги зэргийг тодорхой бичгээр болон тоогоор тэмдэглэж талуудын үүрэг болоод гэрээ хүчин төгөлдөр болох талаар заасан байдаг.

Д.Ганбат нь гэрээнд тохиролцсон үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн гэрээний 6 дахь заалтыг зөрчсөнөөр уг зээлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэл үүссэн гэж үзэж байна. Хэрэв энэхүү зээлийн гэрээний дагуу миний бие 10 000 000 төгрөгийг бодитоор авсан бол уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж гэрээнд зааснаар алданги төлөхөд бэлэн байна.

Гэтэл зээлдүүлэгч Д.Ганбат нь бэлнээр 300 000 төгрөгийг, дансаар 8 900 000 төгрөг шилжүүлсэнээр нийт 9 200 000 төгрөгийг миний бие хүлээн авсан бөгөөд тухайн үед хийх гэж байсан наймаанд өөрчлөлт орж бүх төлөвлөсөн ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Зээлдүүлэгч Д.Ганбатын энэхүү үйлдэл нь тодорхой хэмжээний заль хэрэглэсэн гэж миний бие үзэж байна.

Учир нь гэрээ хийхдээ 10 000 000 төгрөгөөр хийчихээд дараа нь өгөхдөө дутуу мөнгө өгөөд cap болгон албан тушаал эрх мэдлээрээ далайлгаж байгаад хүү гэж авчихаад зээлдэгчийн үйл ажиллагааг доголдоод байгааг мэдсэн хирнээ өөрийн үндсэн мөнгөө гаргуулахаар шүүхэд хандахгүй байж байгаад хугацааг санаатайгаар сунжруулж, улмаар шүүхийн тусламжтайгаар алданги тооцуулж өөрийн мөнгийг ямарч хөдөлмөр хийхгүйгээр бусдын хөлс хүчийг шавхан ашиг олох аргаар өсгөж байгаа нь энэхүү үйлдлээс нь тодорхой харагдаж байна. Иймд гомдлыг хүлээн авч, уг хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ганбат нь хариуцагч Э.Батцоожид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Ганбат нь хариуцагч Э.Батцоожид 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх үйл баримтын талаар зохигчид маргасангүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл, зээлийн хүүд 5 600 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч хариуцагчид зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг 9 200 000 төгрөг шилжүүлэн өгсөн гэж зөрүүтэй тайлбарлан, гэрээгээр тохиролцсон зээлийн хүү, алдангийн тооцооны талаар маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зохигчид зээлийн гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сунгажээ.

 

Хэргийн 3, 52 дугаар талд авагдсан зээлийн гэрээ, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу 9 200 000 төгрөг шилжүүлэн өгсөн тухай үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 9 200 000 төгрөг, 6 сарын хүү 4 416 000 төгрөг төлөхөөс 5 600 000 төгрөг төлснийг зээлийн хүүг бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт буруу болжээ. Иймд хариуцагч нь үндсэн зээлд 1 184 000 төгрөг, зээлийн хүүд 4 416 000 төгрөг, нийт 5 600 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгчид хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8 016 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.             

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дахь хэсэгт “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр” тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Зээлийн гэрээгээр тохиролцсон 10 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлээгүй нь бичгээр байгуулсан гэрээнд дэх анзын тохиролцоог үгүйсгэх алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох ба зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж хүү төлж байсан нөхцөл байдал, хүүгийн хэмжээ өндөр байгааг харгалзан анзын хэмжээг бууруулж 2 004 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг дараах байдлаар залруулж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримталсныг хасч мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг нэмж өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Э.Батцоожоос 10 020 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбатад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00659 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Батцоожоос 10 020 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 980 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “223 590 төгрөг” гэснийг “175 270 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Батцоожийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                       

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ